Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2116

 

          “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “У" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “З” ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр 168 988 651 төгрөг, ашиглалтын зардал 16 746 501,77 төгрөг, алданги 4 486 053,5 төгрөг нийт 190 221 206,27 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчингүйд тооцуулж, 388 033 210,51 төгрөг, түрээсийн төлбөрт илүү авсан 20 261 812,64 төгрөг нийт 442 295 023,15 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Р.М 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч "У" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр "З" ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, гэрээ байгуулагдсанаас хойш 15 хоногийн дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулсан. Тус гэрээгээр "У" ХХК-ийн Тэнгис кино театрын Г блокын 660 м.кв талбайг 2008 оны 8 дугаар сарын 20-ноос 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 15 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөрийн хэмжээг талууд гэрээний 3.1-т зааснаар 1 м.кв талбайг 5 ам.доллар буюу сарын төлбөр 4 455 000 төгрөг байхаар тохиролцсон. Энэ гэрээнд 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэмэлт гэрээгээр 1 м.кв талбайг 7 ам.доллар буюу сарын төлбөр 4620 ам.доллараар төлбөр шилжүүлэх үеийн Монголбанкны ханшаар тооцохоор тохиролцсон.

Нэмэлт гэрээг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцож, түрээсийн төлбөрийг cap бүрийн 20-нд төлнө гэж заасан. Гэвч хариуцагч төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд түрээс төлөгдөөгүй. Байгууллагын удирдлагууд 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 88 565 124 төгрөг, мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 101 120 675 төгрөгөөр тооцоо нийлж баталгаажуулсан. Энэхүү гэрээг анх байгуулахад Э.Зоригт "У" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түрээсийн гэрээг өөрийн нэгдмэл сонирхол бүхий "З" ХХК-тай байгуулсан. Улмаар Тэнгис кино театрыг өөрийн эзэмшилд авах сонирхолтой байсан тул гэрээг зөвхөн "З" ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан, талуудын тэгш байдлыг хангаагүй гэрээ байгуулсан. Тухайлбал, 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан боловч 15 хоногийн дараа дахин байгуулахдаа нэхэмжлэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нөхцөлд 500 000 000 төгрөг нэхэмжилэх заалт шинээр оруулсан. Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхгүй байхаар түрээслүүлэгчийн ашиг сонирхлыг гэрээгээр хамгаалаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 30-нд 1 давхрын 220 м.кв талбайг буцаан авсан.

Түрээсийн төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээслэгчийн төлбөр төлөх байдлыг харгалзан үзэж, 6 ам.доллараар тооцож, түрээсийн төлбөрт 168 988 651 төгрөг, мөн гэрээний 4.1.4-т зааснаар бид "З" ХХК-ийн өмнөөс ашиглалтын зардал төлсөн тул 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцож, 16 746 501,77 төгрөг, гэрээний 5.1-т зааснаар дээрх ашиглалтын зардлаас 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл алдангийг 0,1 хувиар тооцож 4 486 053,5 төгрөг нийт 190 221 206,27 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч "З" ХХК-ийн төлөөлөгч Г.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани "У" ХХК-тай 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 15 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, “Г" блокийн 1-3 давхар, гадна талбайд их засвар, тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн нь баримтаар харагдана. Компани түрээсийн талбайгаа 2009 оны 3 дугаар сараас ашиглаж эхэлсэн ба түрээсийн төлбөрөө хэвийн төлж байгаад, эдийн засгийн хямралын улмаас орлого багасч, түрээсийн төлбөрөа хугацаандаа төлөхөд хүндрэлтэй болсон. Манай компани 2015 оны 11 дүгээр сард “У” ХХК-д 220 м.кв талбайтай 1 давхарын бүх тавилга, сандал, ширээ, гал тогооны тоног төхөөрөмж, аяга. таваг, сав, суулга, эд хогшилтой нь өгсөн ба тэдгээр эд зүйлсийн үнийг түрээсийн төлбөрөөс хасах санал гаргасан ч талууд энэ асуудлаар тохиролцоогүй, тооцоо нийлээгүй. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн 1 давхрын 220 м.кв обьектыг буцаан хүлээлгэж өгсөн. Ашиглалтын зардалд 5 280 445 төгрөг төлсөн, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 3 дугаар cap хүртэл хугацаанд ашиглалтын зардал 12 573 879,4 төгрөг болж байна. Халуун, хүйтэн ус огт төлөхгүй. Харин ч бидний төлсөн мөнгийг уг төлбөрөөс хасч тооцох ёстой. Хэрэв алданги тооцох бол 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш албан бичиг ирүүлснээс эхлэн тооцох ёстой.

Мөн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг 7 ам.доллараар тооцсон нь үндэслэлгүй тул 17 390 420 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж байна. Иймд түрээсийн төлбөрт 72 059 386.8 төгрөг, ашиглалтын зардалд 14 996 050 төгрөг, алдангид 3 216 985,5 төгрөг нийт 90 272 422,3 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусдыг нь төлөхгүй гэжээ.

Хариуцагч "З" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн талбай Тэнгис кино театр байгуулагдснаас хойш 5 жил ашиглаагүй хоосон байсан, дулаан, цахилгаан, ус болон холболтыг нь тасалсан, шууд бизнес эрхлэх боломжгүй, түрээслэгч олдохгүй байсан үед өөрийн хөрөнгөөр их засвар, тохижилт хийж 666 482 926,3 төгрөгийн анхны хөрөнгө оруулалтаар удаан хугацаагаар түрээсэлсэн. Бид түрээсийн обьектыг тохижуулсан зардлаа 15 жилийн хугацаанд буцаан олохоор төлөвлөж түрээсийн гэрээ байгуулсан. Тиймээс талууд харилцан тохиролцож түрээсийн гэрээний 2.7-д зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээ цуцалсан тохиолдолд “Г” блокт зарцуулсан хөрөнгө оруулалт, их засварын зардал 500 000 000 төгрөг болон бизнесийн алдагдлыг тооцон түрээслэгчид бүрэн буцааж өгөх ёстой. Гэрээний 6 дугаар зүйлд машины зогсоолын ашиглалт гэж газар зааж өгч, ашигтай санал хэлсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд заасан дулааны хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй зэрэг гэрээг удаа дараа зөрчсөн тул манай компаниас түрээсийн гэрээг цуцалсан тул 500 000 000 төгрөгийг гаргуулна.

Бид 2015 оны 11 дүгээр сард 220 м.кв 1 давхрыг буцаан өгөхдөө 68 231 900 төгрөгийн үнэ бүхий эд хогшлыг “У” ХХК хүлээн авч, цайны газрын үйл ажиллагаа явуулж байна. Эд хөрөнгийн тооллого гэх баримтын 3,4,6,8,9,11,14,15,16,17,18, 19,21,22,107 дугаарт заасан 8 480 000 төгрөгийн эд хөрөнгийг буцаан нэхэмжилж байна. Гэрээний 4.1.4-т заасан зардлыг түрээслүүлэгч 2014 оноос хойш авсан тул 1 862 190 төгрөг гаргуулна. Тухайн үед "У" ХХК түрээсийн төлбөрт 92 750 788 төгрөг, цахилгаанд 9 044 000 төгрөг, алдангид 2 003 363,7 төгрөг нийт 103 124 038 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг сөрөг шаардлага 500 000 000 төгрөгөөс хасч, 384 344 200 төгрөг гарсныг тухайн үед нэхэмжилж байсан. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 17 188 055 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг 7 ам.доллар болгож, төлөхийг шаардсан. Үүнтэй холбогдуулан илүү төлсөн төлбөр 17 188 055,42 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 459 583 078 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь гэрээний 2.7 байгаа ба хөрөнгө оруулалт, их засварын зардал, бизнесийн алдагдлыг тооцно гэж томьёолсон. Иргэний хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол хариуцлагын шинжтэй заалт буюу 500 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага хангагдахгүй. Гэрээний 2.7-д заасан зохицуулалт нь түрээслүүлэгч тал гэрээг ямар нэг шалтгаангүйгээр буюу түрээслэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлсээр байхад гэрээг цуцлах тохиолдолд хэрэглэх, түрээслэгч талыг хамгаалах үүрэгтэй зохицуулалт болохоос түрээслэгчийн буруутай үйл ажиллгаанаас үүдэн гэрээг цуцлах тохиолдолд үйлчлэхгүй юм. Өнөөдрийг хүртэл түрээсийн обьектыг ашиглаж байгаа боловч төлбөр төлөөгүй.

Мөн 2015 оны 12 дугаар сард түрээсийн обьектын 1 давхрыг хүлээлгэж өгөхөд хамт өгсөн эд хогшлын үнэ 8 480 000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг талбайг одоо "З" ХХК-д ажиллаж байсан тогооч түрээслэн ажиллуулж байгаа, түүнээс нэхэмжилэх нь зүйтэй.

“Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Анхны гэрээг  5 ам.доллараар, сүүлд 7 ам.доллар болгосон. Талуудын хоорондын гэрээний чөлөөт байдлыг анхаарах хэрэгтэй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн үзэл баримтлал нь тухайн үед үүссэн эдийн засгийн хямралыг үндэслэн валютыг эх орондоо тогтоох, үлдээх зорилготой. Энэ байдлыг харгалзаж нэмэлт гэрээг байгуулсан. Төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийж, ам.доллараар нэг ч төлбөр төлөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "З" ХХК-иас 189 464 396,27 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 756 810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.2-т зааснаар "У" ХХК-иас 501 862 190 төгрөг, 8 180 000 төгрөгийн үнэ бүхий /450 000 төгрөгийн 2 ширэмтэй газан зуух, 800 000 төгрөгийн 4 ширэмтэй газан зуух, 1 950 000 төгрөгийн пицца шарагч, 1 100 000 төгрөгийн донер шарагч-тог, 1 270 000 төгрөгийн донер шарагч, 180 000 төгрөгийн ус буцалгагч, 350 000 төгрөгийн печь, 120 000 төгрөгийн төмөр тавиур /5 секц/, 250 000 төгрөгийн угаалгын тавиур /4 секц/, 480 000 төгрөгийн 3 тосгууртай, 2 цорготой угаалтуур, 180 000 төгрөгийн 2 тосгууртай, 1 цорготой утаалтуур, 300 000 төгрөгийн тос шүүрэгч, 350 000 төгрөгийн полиур, 250 000 төгрегийн их тосонд шарагч, 150 000 төгрөгийн камер зэрэг, тус бүр 1 ширхэг/ эд хөрөнгийг гаргуулж, "З" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 300 000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 553 058 төгрөг, хариуцагчаас төлсөн 2 771 766 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч "У" ХХК-иас 2 708 161 төгрөг гаргуулж, хариуцагч "З" ХХК-д, хариуцагч "З" ХХК-иас 1 105 272 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "У" ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ гэрээний 2.7 дахь заалт, хариуцагч гэрээгээ цуцлах болсон шалтгааныг нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаатай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 288 дугаар зүйлийн 288.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Гэрээний 2.7-д заасан нөхцөл байдал энэ маргаанд үүсээгүй. "Улаанбаатар синема" ХХК хугацаанаас өмнө гэрээг цуцлаагүй, түрээсийн төлбөр шаардсан. "З" ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 2 жил бусдын хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан, цахилгаан, дулааны бүх төлбөрийг төлүүлж, одоо ч ашиглан өөрийн санаачилгаар гэрээг цуцлах атлаа уг гэрээний 2.7-г буруу тайлбарлан 500 000 000 төгрөг нэхэмжилж, шүүх хангасан нь хууль хэрэглээ болон хэргийг тал бүрээс нь бодитой шинжлэн судлах, нотлох баримтыг зөв үнэлэх, түүний уялдаа холбоог анхаараагүй ноцтой алдаа гаргасан гэж үзнэ.

"У" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас "З" ХХК гэрээг цуцалсан гэж үзэхдээ авто машины зогсоол, дулааныг зориуд тасалдуулж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон гэж тайлбарласан. Гэрээний 6.1-т авто машины зогсоолыг ашиглаж, хариуцаарай гэсэн заалт "У" ХХК-ийн гэм буруугийн хооронд ямар шалтгаант холбоо байгаа, яагаад буруутгах үндэслэл болсон, ямар нотлох баримтыг үндэслэн гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэх нөхцөл байсан гэж үзсэн нь ойлгомжгүй.

"З" ХХК н.Жанцан гэж хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч гэрчийн мэдүүлэг Т.Жанцандорж гэж хүн өгсөн байна. Тэрээр "У" ХХК нь "З" ХХК-ийн дулааныг зориудаар алдагдуулж байсныг нүдээр үзээгүй гэсэн. Хэн, хэзээ дулааныг тасалдуулсан, түүний улмаас ямар хохирол учирсан, яагаад "З" ХХК өнөөг хүртэл ажилласан зэрэг асуултуудад гэрч, бусад нотлох баримт хариулт өгөөгүйг анхаарах нь зүйтэй. "У" ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ компанитай гэрээтэй нөхцөлд "У" ХХК-д хамааралгүй юм. Нэг барилга, байгууламж болохын хувьд дулааны нэгдсэн системтэй, байгууламжийн хувьд дулаан заримдаа муу ирдэг учир "У" ХХК өөрөө нэмж бойлуур тавьсан байдаг. Санаатайгаар халаалт доголдуулсан нь "З" ХХК-ийн хувьд "гомдмоор", шүүхийн хувьд "харалган", гэрчийн хувьд "гүтгэлгийн шинжтэй" үйл ажиллагаа болж байна. "ЗМН" ХХК түрээсийн төлбөрийг бүтнээр огт төлж байгаагүй бөгөөд байнгын түрээсийн төлбөрийн өртэй явж ирсэн. 2008 оноос хойш одоог хүртэл 9 жилийн хугацаанд энэ хоёр асуудлыг хөндсөн нэг ч шаардлага "У" ХХК-д ирээгүй, нотлох баримт авагдаагүй. Энэ нь "З" ХХК гэрээний нөхцөл, хэрэгжилтийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж ирсэн, эрх ашиг нь хөндөгдөөгүй. Бизнесийн ашиг олж, үр шимийг үртсэн атлаа гэрээг цуцалж үндэслэлгүй төлбөр нэхэмжлэх болохоороо "та нараас болсон" гэх нь бизнесийн зарчимд үл нийцнэ.

Шүүх "З" ХХК-ийн гэрээг цуцлах үндэслэлд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны 16/1102 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 16-ны 17/06/16 дугаартай "З" ХХК-ийн гэрээг цуцлах мэдэгдлийг үндэс болгосон ба бичигт автомашины зогсоол, дулааны талаар ер дурдаагүй харин эдийн засгийн хямралын тухай дурдсан. Эдгээр бичгүүд огнооны хувьд шүүх хуралдааны өмнө гарсан юм. Учир нь: "З" ХХК гэрээний 2.7-д заасан нэг талын санаачилгаар гэсний дагуу өөрөө гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа байдлаар гэрээг цуцлах мэдэгдэл гаргаж улмаар 500 000 000 төгрөг нэхэмжилэх эрх үүснэ гэж ойлгосон. Гэтэл энд логикийн алдаанууд гарч байгаа. "З" ХХК шүүх хурлын өмнө цуцлах мэдэгдэл өгч байгаа учраас түүнээс хойш 500 000 000 төгрөгөө "нэхэмжилэх" ёстой. Гэтэл "З" ХХК 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн буруугаас гэрээг цуцлахад хүргэсэн гэж үзэж байгаа бол 2017 оны 6 дугаар сарын 16-ны үед зөрчил гарсан байх ёстой. Эсхүл хэзээ гарсан зөрчлийг энэхүү мэдэгдэлтэй уялдуулж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Гэрээнээс татгалзах, цуцлах аль ч үед "У" ХХК гэм буруутай, гэрээний үүргээ зөрчсөн байхыг шаардана. Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэж үзсэн бол гэрээ цуцалснаас үүдэх хохирлыг тодорхойлох шаардлагатай. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу "У" ХХК үүргээ зөрчсөн бол түүний улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч үүргээ зөрчсөн талаар нотлогдохгүй байх ба хариуцагч үйл ажиллагаагаа явуулж байгаа, тэд цуцлах мэдэгдэл өгсөн ч талбайгаа чөлөөлөөгүй. "З" ХХК нь "У" ХХК-иас шалтгаалахгүйгээр гэрээгээ цуцалсан байхад хохирол, гэрээнд заасан нөхөн төлбөр төлөх нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах ойлголт энэ тохиолдолд хамаарахгүй юм. Гэрээнээс татгалзах гэж үзвэл "З" ХХК-ийн төлсөн төлбөрийг "У" ХХК буцааж өгөх ба хариуд нь "З" ХХК талбайг хүлээлгэн өгнө.

Иймд "З" ХХК гэрээг шалтгаангүйгээр цуцалсан бөгөөд үр дагаврын хувьд "У" ХХК-ийн өмнө гэрээг цуцалж, талбайг хүлээлгэн өгөх хүртэлх үүргээ биелүүлэх шаардлагатай. Харин "У" ХХК-ийн хувьд "З" ХХК гэрээг цуцалсан, түүнчлэн гэрээгээ ноцтой зөрчсөн тул талбайгаа хүлээн авах эрхтэй. Мөн "З" ХХК-ийн хуульд заасан салгаж үл болох, зайлшгүй хийх засан сайжруулалтын асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ маргааны тухайд гэрээний 2.7-д заасан нөхөн төлбөр, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол яригдахгүй харин шүүхийн шийдвэрт заасан Иргэнй хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д заасны дагуу шаардах боломжтой.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6 дахь заалт нь урьдах нөхцөлтэй. Хөлслүүлэгч талд мэдэгдсэний үндсэн дээр зайлшгүй засвар хийх ёстой байсан. Гэтэл баталгаажуулалт хийлгүйгээр засвар хийсэн. Гэрээний 2.7-д хөрөнгө оруулалт, их засварын зардал, бизнесийн алдагдалд 500 000 000 төгрөг гэж зааснаас зайлшгүй гарах засварын зардлыг салгаж, түүнийгээ нотлох ёстой юм. "З" ХХК гэрээ цуцлах санал гаргасан, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн атлаа зайлшгүй гаргасан зардлаа нотлоогүй. "З" ХХК нэгэнт гэрээ цуцалж байгаа учраас "У" ХХК-д түрээсийн төлбөр, зайлшгүй гаргасан, салгаж үл болох эд хөрөнгийн үнийг харьцуулж, жишин энэхүү маргааныг эцэслэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлд 500 000 000  төгрөг нэхэмжилсэн байхад 501 862 190 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаас давуулж хангасан нь ойлгомжгүй. Сөрөг нэхэмжлэлд 8 180 000 төгрөгийн нэхэмжлэл хангасныг зөвшөөрөхгүй. Тухайн үед 1 давхарыг хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгө бүртгэсэн болохоос нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлд аваагүй. Анх "З" ХХК тайлбартаа эдгээр эд хөрөнгийг хэрхэх талаар талууд харилцан шийдвэрлээгүй гэсэн атлаа шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүлээн авсан гэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэг, үндсэн нэхэмжлэлээс 756 810 төгрөг хангаагүй хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулсан буюу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж байна.

Нэхэмжлэгч “У” ХХК хариуцагч “З” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 168 988 651 төгрөг, ашиглалтын зардал 16 746 501,77 төгрөг, алданги 4 486 053,5 төгрөг нийт 190 221 206,27 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчингүйд тооцуулж, 388 033 210,51 төгрөг, түрээсийн төлбөрт илүү авсан 20 261 812,64 төгрөг нийт 442 295 023,15 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.  

          Талуудын хооронд 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдсан ба дахин мөн оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-г 15 жилийн хугацаатай хариуцагч “З” ХХК нь 660 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөрт сар бүр 4 445 000 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч “У” ХХК-тай тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот нэмэлт гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 4 620  ам.доллар болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна. /1 х.х-ийн 9-18, 51-59/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн бөгөөд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

   Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангийг шаардах эрхийн үндэслэлийн талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль зүйн зөв дүгнэлт өгч, талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, түрээсийн төлбөр төлөх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон, хариуцагчаас түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, ашиглалтын зардлын алдангид  нийт 189 464 396.2 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

         Хариуцагч “З” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 01 тоот “Нэмэлт гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

       Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 501 862 190 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

         Эд хөрөнгө эзэмшил ашиглалтанд шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн тухайн бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилэх талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар түрээслэгч нь хөлсөлж авсан эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зардлыг гэрээ дуусгавар болсны дараа түрээслүүлэгчээс шаардах эрхтэй.

     Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хөрөнгө оруулалтыг 500 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, эд хөрөнгийн засан сайжруулалттай холбоотой засварын баримт бичгүүдийг хооронд нь харьцуулан дүгнэвэл талуудын хооронд хариуцагчаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд түрээслүүлж байсан эд хөрөнгөнд 500 000 000 төгрөгийн засан сайжруулалтыг хийсэн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

         Хариуцагчийн хувьд түрээсийн зүйлийг 8 жил 11 сарын хугацаанд ашигласан нь хэргийн баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зохигч талуудаас энэ талаар гомдол гаргаагүй. Иймд 2009 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 14 жилийн хугацаанд ашиглахаар тооцож, 500 000 000 төгрөгийн салгаж болохгүй засан сайжруулалт хийсэн гэж үзнэ. Үүнээс хариуцагч 8 жил 11 сарын хугацаанд засан сайжруулалт бүхий хөрөнгийг ашигласан нь тогтоогдсон энэ хугацаанд засан сайжруулалт хийж ашигласан байх тул 217 261 900 /1 сарын ашиглалтын зардал 2 976 190 төгрөг* 8 жил 11 сар/ төгрөгийг түрээсийн зүйлийг үлдэх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашиглах хэмжээгээр тооцон, гаргуулах нь зүйтэй байна.

         Хариуцагч “З” ХХК-иас 8 180 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хүлээн авч, нэг бүрчлэн үнийн дүнг нь бичиж тооллого хийж, хүлээн авсан баримтыг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар өөрийнхөө шаардлагыг хангуулахын тулд нөгөө талын буюу хөлслүүлэгчийн эд хөрөнгийг саатуулан барьсан гэж үзнэ. /1 х.х-ийн 103-105/

         Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт зааснаар энэхүү саатуулан барих эрх үндсэн үүрэгт хамаарах шаардлагыг нөгөө тал хангаснаар дуусгавар болно. Нэхэмжлэгчийн саатуулан барьсан хөрөнгө нь хариуцагч талын аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэгдэх хөрөнгө байх бөгөөд шүүхийн шийдвэрийн хүрээнд нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх түрээсийн төлбөрийн тооцоо, хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгөх засан сайжруулалтын үнэ хоёрын зөрүүг харьцуулан үзвэл нэхэмжлэгч талын саатуулан барих эрх нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзэх тул эдгээр хөрөнгүүдийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

        Анхан шатны шүүх зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч тухайн маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас 217 261 904 төгрөг болон 8 180 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг гаргуулан хариуцагчид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн үлдэх хэсэг болон хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 300 000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

 “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-иас 217 261 904 төгрөг, 8 180 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг /450 000 төгрөгийн 2 ширэмтэй газан зуух, 800 000 төгрөгийн 4 ширэмтэй газан зуух, 1 950 000 төгрөгийн пицца шарагч, 1 100 000 төгрөгийн донер шарагч-тог, 1 270 000 төгрөгийн донер шарагч, 180 000 төгрөгийн ус буцалгагч, 350 000 төгрөгийн печь, 120 000 төгрөгийн төмөр тавиур /5 секц/, 250 000 төгрөгийн угаалгын тавиур /4 секц/, 480 000 төгрөгийн 3 тосгууртай, 2 цорготой угаалтуур, 180 000 төгрөгийн 2 тосгууртай, 1 цорготой утаалтуур, 300 000 төгрөгийн тос шүүрэгч, 350 000 төгрөгийн полиур, 250 000 төгрөгийн их тосонд шарагч, 150 000 төгрөгийн камер зэрэг, тус бүр 1 ширхэг/ гаргуулж хариуцагч "З" ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 300 000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

          3 дахь заалтад “2 708 161” гэснийг “1 285 160” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 711 945 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА