Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0205

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Бүжинлхам,  

шүүгдэгч Ч.Ун....аа, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2714) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Тугтан овогт Ч.....нгийн У....мааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0400 40299 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тугтан овогт Ч.....нгийн У....маа, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1992 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежмент, төрийн захиргааны мэргэжилтэй, .....тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ......, урьд

- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ч.У....маа нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгт нийт 67.8 кг жинтэй 8 шуудай байгалийн ховор ургамал болох Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.У....маа мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, зохицуулагч...би хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед ....... улсын дугаартай “HYUNDAI UNIVERSE” маркийн автобусыг зогсоон шалгахад ...тээврийн хэрэгслийн ачаа, тээш багажаас 8 шуудай 50-10 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ...илрүүлэн ...хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 3),

2. Гэрч М.Д......мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед би “Hyundai Universe” маркийн ....... улсын дугаартай автобусанд Дархан-Уул аймгийн авто вокзалаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн хүмүүсээ суулгаж байсан. Тэгтэл над дээр “Land Cruiser-470” барьсан эрэгтэй хүн ирээд “8 шуудай борц дайвраар өгч явуулна. Улаанбаатар хотод хүн тосоод авчихна” гэж хэлсэн. Тэгэхээр би 8 шуудай ачааг 30.000 төгрөгөөр тооцоод мөнгөө аваад ачааг автобусандаа хийгээ аваад явсан. Уг шуудайтай зүйлийг тосож авах хүний утасны дугаар бичээстэй байсан. Тэгээд ачааг аваад Улаанбаатар хот руу явж байтал 8913...48 гэх дугаараас над руу нэг хүн залгаад Дарханаас өгч явуулсан 8 шуудай ачааг тосож авах хүн байна гэхээр нь “би Улаанбаатар хот руу очоод хэлье, 1 цаг 30 минутын дараа орно” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд явж байхад замын цагдаа зогсоогоод автобусаа шалгуулахад миний дайвраар авч явсан 8 шуудайтай ачааг үзээд хориотой ургамал байна гэсэн.... Тэгээд би Драгон дээр очоод 8913...48 дугаарын утас руу залгаад ...ирсэн талаараа хэлэхэд “Subaru Forester” маркийн машинтай залуу ирж ачааг авч байхад намайг зогсоосон цагдаа ирээд тухайн залууг саатуулсан...над дээр анх 50 орчим насны эрэгтэй хүн ирж ачааг ачуулж Улаанбаатар хот руу явуулна гэж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

3. Гэрч Н.Б.....жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Д......м Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн тээвэрт  автобусаар хүн зөөдөг. Би 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр найздаа хань болоод хамт явсан. Дарханд очоод хүмүүсээ буулгаад автобус доторхоо цэвэрлэж... хогийн цэг дээр хог хаячхаад эргээд иртэл “Land Cruiser-470” маркийн тээвэр хэрэгсэл ирээд зогсчихсон нэг ах шуудайтай юм автобус руу зөөж байсан. Тэгэхээр нь би Д......мд “энэ юу юм бэ” гэсэн чинь манай найз “дайвар, 6 шуудай гэсэн аччих” гэж хэлээд тэр ах өөрөө зөөж өгөөд би автобусны багааж руу 7 шуудай 1 тал шуудайтай зүйлийг хурааж ачсан. Нэг шуудайны ёроол дээр нь Улаанбаатар хотод очоод авах хүний дугаар гээд 8999..37 гэсэн утасны дугаар бичээд энэ рүү ярьж байгаад өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

4. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн гэрэл зургийн 2 дугаарт авагдсан шуудайны доод ёроолын хэсэгт 8999..37 гэсэн дугаар тавигдсан баримт (хавтаст хэргийн 6 дахь нүүрний ар хэсэг),

5. “Юнител” ХХК-ийн албан бичигт “ОЮ92040529 регистрийн дугаартай иргэний нэр дээр 8999..37 дугаар бүртгэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 133)

6. Гэрч Б.О.....лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 22 цагийн орчим манай бэр дүү У....маа 8999...37 дугаарын утсаар над руу залгаад “Дархан-Уул аймгаас 7 шуудайтай бараа автобусаар ирж байгаа. Би нялх хүүхэдтэй байна. Та тосоод аваач” гээд надад автобусны жолоочийн 8011...33 дугаарыг өгсөн. ...би тус шуудайнд юу байгааг мэдэхгүй байна. Манай дүү захисан ургамал гэж байсан. У....маа нь манай эгчийн төрсөн хүү Э.....лтой 5-6 жилийн өмнө гэрлэсэн. Одоо нялх хүүхэдтэй байгаа тул ажил хийхгүй байгаа. 8999..37 дугаарын гар утас барьдаг. Буянт-Ухаа 2 цогцолборт амьдардаг. Манай дүү Э.....л хувиараа таксинд явдаг. У....маа надад хэлэхдээ 7 шуудай 1 тал шуудай барааг Дархан-Уул аймгаас хүн автобусаар явуулж байгаа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- “...Би 00 цагийн үед жолоочийн 8011..33 гэсэн дугаар луу залгахад “Урьхан” өнгөрөөд явж байна 01 цаг 30 минутын дараа очих байх” гэсэн. Тэгээд би Драгон дээр хүлээгээд байж байтал ...автобусны жолооч 02 цагийн орчим ирчихлээ гээд утсаар ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),    

7. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...нийлэг материалтай шуудайнуудад хатсан бага зэргийн чийгтэй модлог ургамал мэд зүйл байх ба гэрэл зургаар бэхжүүлэн жинлэж үзэхэд 1, 2, 4 гэж дугаарласан шуудай тус бүрд... 10кг, ...3 гэж дугаарласан шуудай 8кг, ...5 гэж дугаарласан шуудай 8.7кг, ...6 гэж дугаарласан шуудай 8.1кг, ...7 гэж дугаарласан шуудай 9.9кг, ...8 гэж дугаарласан шуудай 3кг болж байв. ..Уг 7 бүтэн, 1 тал шуудайтай дэрэвгэр, жиргэрүү гэх нэртэй байгалийн ургамал нь нийт 67.8 кг болж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-10),

8. Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт

“..2. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн.

3. Тухайн ургамал нь Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.

4. Тухайн зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 өдрийн А-282 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр 1кг нь 50.000 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу хохирлыг 5 нэмэгдүүлэн тооцоход хураагдсан 67.8кг уг ургамал нь 16.950.000 төгрөг болно.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл түүж бэлтгэн хилээр гадагш нэвтрүүлэхийг хориглосон байдаг.

6. Тухайн дээжид ирүүлсэн уг зүйл ургамал нь олон наст бөгөөд энэхүү шинжилгээгээр насыг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Эмийн түүхий эдийн зориулалтаар гадагш нь гаргаж ашигладаг болно.

7. Уг дээж ургамлыг эмийн түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50),

 

9. Хохирогч Г.О....лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолоор Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамал юм. Уг ургамлыг түүж бэлтгэхэд Байгалийн ургамлын тухай хуулийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл олгодог юм. ...Тус ургамлын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны ...А/43 дугаар тушаалаар 2023 он хүртэл байгалиас түүж бэлтгэхийг хориглосон.. Дэрэвгэр жиргэрүү ургамал нь хээрийн бүсэд буюу Дорнод, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар ихэнхдээ ургадаг. ...Уг ургамал нь Дархан-Уул аймгийн хойд хэсгээр ургадаг. Хамгийн сүүлд 2017 оны байдлаар 22 аж ахуй нэгжид дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл олгосон үүнээс хойш зөвшөөрөл олгогдоогүй. ...Хэрэгт 67.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамал хураагдсан байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу Экологи-Эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилнэ. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар 1 килограммыг 50.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 16.950.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107),

10. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 47-48),

11. Шүүгдэгч Ч.У....маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоогоос 2 жилийн өмнө яг тодорхой сар, өдрөө санахгүй байна БНХАУ-ын Эрээн хотод үзэсгэлэн худалдаанд оролцож яваад Алтай гэдэг Өвөр монгол залуутай танилцаж байсан. Тухайн үед Алтай “Монголд ургадаг Дэрэвгэр Жиргэрүү гээд эмийн ургамлыг манай эмийн үйлдвэрүүд их хэмжээгээр авдаг юм, зөвшөөрөлтэй хилээр оруулж ирдэг юм байна лээ, ийм ургамал зардаг хүн таних уу мэдэж байгаарай” гээд захиж байсан. Ингэж би энэ ургамлын талаар мэдэх болсон. Тэгтэл 2019 оны 01 сард манай хадам ээж Уртнасангаас “Дарханд байдаг хүн 2-3 жилийн өмнө түүсэн Дэрэвгэр жиргэр рүү ургамлын үлдэгдлээ зарах гэж байгаа юм авах хүн байна уу” гэж таньдаг хүн нь асууж байна гээд надад хэлсэн. Тэгээд би Алтайтай WeChat-аар нь холбогдож яриад “нөгөө захиж байсан эмийн ургамлыг авах уу” гэж асуугаад 1 кг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлыг 45.000 төгрөгөөр бодож түүнд худалдаж Монголд байгаа танилд нь өгөхөөр тохирсон. ..2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тэр хүнтэй ярихад “өөрийгөө Дархан-Уул аймагт оршин суудаг, хэдэн жилийн өмнө түүж бэлтгээд граашдаа хадгалсан жоохон дэрэвгэр жиргэрүү ургамлын үлдэгдэл байгаа хямдхан зарна” гэсэн. Ингээд би түүнтэй 70 кг дэрэвгэр жиргэрүү гэх эмийн ургамлыг 1 килограммыг нь 40.000 төгрөгөөр тооцож 2.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр өдрөө хот хоорондын автобусанд дайж явуулчихлаа гэхээр нь мөнгийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд тэр орой нь би хадам ах О.....л рүү утсаар залгаад “Дарханы хот хоорондын автобусаар шуудайтай юм ирж байгаа би охинтойгоо гарч чадахгүй байна, та тосоод авчхаарай” гэж хэлчхээд унтаад өгсөн. ...Би тэр эмийн ургамал авсан хүнтэй 9832..23, 8686..33 гэсэн дугаараар холбогдож ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113),

- “...Дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлыг худалдаж авахдаа ...өөрийнхөө ХААН банкны 501717..76 дугаарын данснаас ...уг эмийн ургамал авсан хүний ХААН банкны 504640..24 дугаарын данс руу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, ...7 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг эмийн ургамлаа хүлээж авсныхаа дараа шилжүүлж өгөхөөр тохирсон... 2019 оны 11 сарын 09-ний өдөр эмийн ургамал зарсан хүний 8686..33 утас руу залгахад аваагүй бөгөөд тэр орой “манай хүн өнгөрчихсөн, ярих боломжгүй байна” гэсэн мессеж явуулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115),

12. Ч.У....маагийн “ХААН” банкны 501717..76 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...гүйлгээний огноо, цаг гэх хэсэгт 07/19/2019, 23:17, ...07/24/2019, 15:17, харьцсан данс гэх хэсэгт ...504640..24, ...зарлага гэх хэсэгт тус бүр ... 1.000.000” гэх баримт (хавтаст хэргийн 163, 164),

13. ХААН банкны албан бичигт “...504640..24 тоот дансыг ...А.З.....оо эзэмшдэг байна.” гэх баримт (хавтаст хэргийн 166),

14. Гэрч А.З.....оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У....маа гэх хүнийг танихгүй. Манай нөхөр Б.....он гэх хүн эмийн ургамал хүнээс авсан гэж байсан. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хот руу хүнд өгч явууллаа гэж хэлж байсан. Би У....маад зарсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хүнд өгнө гэж хэлж байсан болохоор У....маа гэх хүнд өгөх ёстой байсан байх. Манай нөхөр нас барсан учир би мэдэхгүй байна. 8686..33 дугаарын утас миний нэр дээр байдаг. Гэхдээ энэ дугаар манай талийгаач нөхөр бид хоёрын дундын эзэмшлийн дугаар. ...Манай талийгаач нөхөр болох Ж.Б.....он нь дансгүй бөгөөд У....маа гэх хүнээс 2 удаа тус бүр 1.000.000 төгрөгөөр миний данс руу мөнгө шилжүүлж авсан байх манай нөхөр дансанд мөнгө орж ирвэл хэлээрэй гэж байсан би ямар учиртай талаар нь асууж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 223-224),

15. Нас барсны гэрчилгээнд “...Ж.Б.....он нь...1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн...34 настайдаа...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр...ослоор нас барсныг ...бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 225),

16. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны ...А/43 дугаар тушаалын хуулбар (хавтаст хэргийн 67),

17. Шүүгдэгч Ч.У....маагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн  203, 201), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 193), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 196-199), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа, тодорхойлолт (хавтаст хэргийн 57, 59, 204), эдийн бус эд хөрөнгийн талаарх лавлагаа (69, 70, 73-78, 82-88), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 202, 205), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 206, 207) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.У....маад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.У....мааг байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ч.У....маа нь Дархан-Уул аймгийн иргэн Ж.Б.....онгоос 2019 оны 7 дугаар сарын 19, 24-ний өдрүүдэд Байгалийн ургамлын тухай хуулийн ховор ургамлын жагсаалтад багтсан Майлзтан овгийн Жиргэрүү төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох 67.8кг үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч улмаар 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод оруулж ирэн ургамлын аймагт 16.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст “...цагдаа, зохицуулагч...би хуваарийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх 4 дүгээр постод үүрэг гүйцэтгэх хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед ....... улсын дугаартай “HYUNDAI UNIVERSE” маркийн автобусыг зогсоон шалгахад ...тээврийн хэрэгслийн ачаа, тээш багажаас 8 шуудай 50-10 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ...илрүүлэн ...хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 3),

- Гэрч М.Д......мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн үед би “Hyundai Universe” маркийн ....... улсын дугаартай автобусанд Дархан-Уул аймгийн авто вокзалаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн хүмүүсээ суулгаж байсан. Тэгтэл над дээр “Land Cruiser-470” барьсан эрэгтэй хүн ирээд “8 шуудай борц дайвраар өгч явуулна. Улаанбаатар хотод хүн тосоод авчихна” гэж хэлсэн. ...Тэгээд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлтэд явж байхад замын цагдаа зогсоогоод автобусаа шалгуулахад миний дайвраар авч явсан 8 шуудайтай ачааг үзээд хориотой ургамал байна гэсэн. ...над дээр анх 50 орчим насны эрэгтэй хүн ирж ачааг ачуулж Улаанбаатар хот руу явуулна гэж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

- Гэрч Н.Б.....жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...Дарханд очоод хүмүүсээ буулгаад автобус доторхоо цэвэрлэж... хогийн цэг дээр хог хаячхаад эргээд иртэл “Land Cruiser-470” маркийн тээвэр хэрэгсэл ирээд зогсчихсон нэг ах шуудайтай юм автобус руу зөөж байсан. ...би автобусны багааж руу 7 шуудай 1 тал шуудайтай зүйлийг хурааж ачсан. Нэг шуудайны ёроол дээр нь Улаанбаатар хотод очоод авах хүний дугаар гээд 8999..37 гэсэн утасны дугаар бичээд энэ рүү ярьж байгаад өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн гэрэл зургийн 2 дугаарт авагдсан шуудайны доод ёроолын хэсэгт 8999..37 гэсэн дугаар тавигдсан баримт (хавтаст хэргийн 6 дахь нүүрний ар хэсэг),

- “Юнител” ХХК-ийн албан бичигт “ОЮ92040529 регистрийн дугаартай иргэний нэр дээр 8999..37 дугаар бүртгэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 133)

- Гэрч Б.О.....лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...манай бэр дүү У....маа 8999...37 дугаарын утсаар над руу залгаад “Дархан-Уул аймгаас 7 шуудайтай бараа автобусаар ирж байгаа. Би нялх хүүхэдтэй байна. Та тосоод аваач” гээд надад автобусны жолоочийн 8011...33 дугаарыг өгсөн. У....маа ...8999..37 дугаарын гар утас барьдаг. Буянт-Ухаа 2 цогцолборт амьдардаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...нийлэг материалтай шуудайнуудад хатсан бага зэргийн чийгтэй модлог ургамал мэд зүйл байх ба гэрэл зургаар бэхжүүлэн жинлэж үзэхэд 1, 2, 4 гэж дугаарласан шуудай тус бүрд... 10кг, ...3 гэж дугаарласан шуудай 8кг, ...5 гэж дугаарласан шуудай 8.7кг, ...6 гэж дугаарласан шуудай 8.1кг, ...7 гэж дугаарласан шуудай 9.9кг, ...8 гэж дугаарласан шуудай 3кг болж байв. ..Уг 7 бүтэн, 1 тал шуудайтай дэрэвгэр, жиргэрүү гэх нэртэй байгалийн ургамал нь нийт 67.8 кг болж байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-10),

- Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт

“..2. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн.

3. Тухайн ургамал нь Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.

4. Тухайн зүйл нь ургамлын экологи-эдийн засгийн (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 өдрийн А-282 тушаалын хавсралтаар) одоогийн үнэлгээгээр 1кг нь 50.000 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу хохирлыг 5 нэмэгдүүлэн тооцоход хураагдсан 67.8кг уг ургамал нь 16.950.000 төгрөг болно.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл түүж бэлтгэн хилээр гадагш нэвтрүүлэхийг хориглосон байдаг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50),

- Хохирогч Г.О....лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолоор Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамал юм. ...Тус ургамлын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны ...А/43 дугаар тушаалаар 2023 он хүртэл байгалиас түүж бэлтгэхийг хориглосон. ...Хэрэгт 67.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамал хураагдсан байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасны дагуу Экологи-Эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилнэ. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны А/282 дугаар тушаалаар 1 килограммыг 50.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Иймд байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу 16.950.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107),

- Шүүгдэгч Ч.У....маагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тэр хүнтэй ярихад “өөрийгөө Дархан-Уул аймагт оршин суудаг, хэдэн жилийн өмнө түүж бэлтгээд граашдаа хадгалсан жоохон дэрэвгэр жиргэрүү ургамлын үлдэгдэл байгаа хямдхан зарна” гэсэн. Ингээд би түүнтэй 70 кг дэрэвгэр жиргэрүү гэх эмийн ургамлыг 1 килограммыг нь 40.000 төгрөгөөр тооцож 2.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тэр өдрөө хот хоорондын автобусанд дайж явуулчихлаа гэхээр нь мөнгийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд тэр орой нь би хадам ах О.....л рүү утсаар залгаад “Дарханы хот хоорондын автобусаар шуудайтай юм ирж байгаа би охинтойгоо гарч чадахгүй байна, та тосоод авчхаарай” гэж хэлчхээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113),

- “...Дэрэвгэр жиргэрүү эмийн ургамлыг худалдаж авахдаа ...өөрийнхөө ХААН банкны 501717..76 дугаарын данснаас ...уг эмийн ургамал авсан хүний ХААН банкны 504640..24 дугаарын данс руу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, ...7 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг эмийн ургамлаа хүлээж авсныхаа дараа шилжүүлж өгөхөөр тохирсон... 2019 оны 11 сарын 09-ний өдөр эмийн ургамал зарсан хүний 8686..33 утас руу залгахад аваагүй бөгөөд тэр орой “манай хүн өнгөрчихсөн, ярих боломжгүй байна” гэсэн мессеж явуулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115),

- Ч.У....маагийн “ХААН” банкны 501717..76 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...гүйлгээний огноо, цаг гэх хэсэгт 07/19/2019, 23:17, ...07/24/2019, 15:17, харьцсан данс гэх хэсэгт ...504640..24, ...зарлага гэх хэсэгт тус бүр ... 1.000.000” гэх баримт (хавтаст хэргийн 163, 164),

- Гэрч А.З.....оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У....маа гэх хүнийг танихгүй. Манай нөхөр Б.....он гэх хүн эмийн ургамал хүнээс авсан гэж байсан. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хот руу хүнд өгч явууллаа гэж хэлж байсан. Би У....маад зарсан талаар мэдэхгүй байна. ...Манай нөхөр нас барсан учир би мэдэхгүй байна. 8686..33 дугаарын утас миний нэр дээр байдаг. Гэхдээ энэ дугаар манай талийгаач нөхөр бид хоёрын дундын эзэмшлийн дугаар. ...Манай талийгаач нөхөр болох Ж.Б.....он нь дансгүй бөгөөд У....маа гэх хүнээс 2 удаа тус бүр 1.000.000 төгрөгөөр миний данс руу мөнгө шилжүүлж авсан байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 223-224),

- Нас барсны гэрчилгээнд “...Ж.Б.....он нь...1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн...34 настайдаа...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр...ослоор нас барсныг ...бүртгэж гэрчилгээ олгов...” гэх баримт (хавтаст хэргийн 225) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.У....маа нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т заасан ховор ургамал буюу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалтын дэс дугаар 350-д эрэмблэгдсэн Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata) ургамлын үндэс буюу эрхтэнийг худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ...ховор ургамлыг ...худалдан авсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар ховор ургамлын төрөлд багтах Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

 

Энэ гэмт хэргийн улмаас ургамлын аймагт 16.950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Тодруулбал шүүгдэгч нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг бусад этгээдээс хууль бусаар аргаар худалдан авсан гэм буруутай үйлдлээс ургамлын аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “ байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ”, 21.3 “ ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамал экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно ” гэж тус тус заасны дагуу хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй болно.

Учир нь дээрх ургамал нь ердийн эд зүйлээс ялгагдах онцлогтой буюу Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 153 дугаартай тогтоолын хавсралтаар ховор ургамалын жагсаалтад орсон, Байгалийн ургамалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ховор ургамалын /байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал / ангилалд багтсан байх тул ургамал экологи-эдийн засгийн үнэлгээгээр хохирол, нөхөн төлбөрийг тооцох нь зөв юм. Экологи-эдийн засгийн үнэлгээг” Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ тухайн ургамал, амьтны оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээ ” гэж тус тус томьёолжээ. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 399 дугаарт Дэрэвгэр жиргэрүүг 1 кг-ыг 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн хийгээд хохирогчоос энэхүү ургамалын экологи-эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс 67.8кг-ыг 16.950.000 төгрөгийг хохиролд тооцуулан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Ч.У....маагаас хохирол болох 16.950.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Ч.У....маа нь байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг өөрөө түүж, бэлтгэж байгальд хохирол, хор уршиг учруулаагүй гэж мэтгэлцэх нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх” үүрэг хүлээхээр нийтлэг хуульчилсан болохоос бус түүсэн, бэлтгэсэн этгээд нь нөхөн төлбөр төлнө гэж тусгайлан хуульчлаагүй болно.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.У....мааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хоёр хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.            

Шүүгдэгч Ч.У....маад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх Ч.У....маад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг... цээрлүүлэх, ...хохирлыг нөхөн төлүүлэх..д оршино.” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...ыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж  тус тус хуульчилсны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулсан болно.

Түүнчлэн шүүгдэгч Ч.У....маа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг оногдуулах, мөн түүний өмгөөлөгчийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.У....маа нь урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэх шинжийг хангахгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 1908 0400 40299 дугаар хэрэгт 67.8 кг жинтэй 8 шуудай байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хурааж авсан байна.

Тиймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 67.8 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Төрийн зохих байгууллагад хэрэгцээний дагуу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Ч.У....маад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тугтан овогт Ч.....нгийн У....мааг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын эрхтнийг худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.У....мааг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У....маад оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.У....маагаас 16.950.000 (арван зургаан сая есөн зуун тавин мянга) төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 67.8 кг жинтэй “8” шуудай Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin) ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих Төрийн байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.У....маад авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ