Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00116

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Завхан аймаг дахь ПТК-ид холбогдох,                            

Завхан аймаг дахь ПТК-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,                                   

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь ПТК-ид нягтлан бодогчоор 2001 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж, ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын сарын 08-ны өдрийн А/30 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 тоот тушаалын аль алинд нь миний орон тоо байсаар байтал намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь ПТК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/30 дугаар тушаал хүчингүй болж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Шинээр бүтэц орон тоо хасагдаж ирсэн 2 нягтлан бодогчид захирлын зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №03 хурлаар мэдэгдэх хуудас өгөх шийдвэр гарсан.

Захирлын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №04 хурлаар 2 нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт мэргэжил, мэргэшил, боловсролын бичиг баримт, ажлын ур чадварыг харгалзан сонгон шалгаруулах шийдвэр гарч нягтлан бодогчийг шалгаруулах ажлын хэсэг захирлын тушаалаар томилогдож сонгон шалгаруулалтыг 2017 оны 3 дугаар сарын 13-нд явуулсан. Ажлын хэсгийн шалгуур үнэлгээгээр одоо нягтлан бодогчоор ажиллаж байгаа Ж.Буянтогтох 33 оноо, Б.Ц- 26 оноо авч нягтлан бодогчийн ажлын байран дээр Ж.Буянтогтох ажиллахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу Б.Ц-эд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохоор болсон.

Иймд, тус ажлын байрны орон тоо хасагдсан Б.Ц-ийг ажиллуулах боломжгүй болсон тул хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэжээ.

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар шийдвэрээр, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Завхан аймаг дахь ПТК-ид холбогдуулан гаргасан тус коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалаар, Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Жавран овогт Бэлэгийн Цэрэнчимэдийг Завхан аймгийн Политехникийн коллежийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 2.608.032 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-эд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 2.608.032 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Политехникийн коллежид үүрэг болгож, Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг шударгаар, нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч магадлалд нэхэмжлэгчийн цалин хөлсний олговрыг буруу тооцоолон олгож шийдвэрлэсэн байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Үүнд,

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт 2017 оны 01 сард 924.162 төгрөг, 02 сард 824.402 төгрөг, 03 сард 1.331.284 төгрөг байх бөгөөд 2005 оны хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын сарын дундаж цалин хөлс бодох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй болохоос өмнөх сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нь 3.079.848, үүнийг 3 сард хуваахад нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс нь 1.026.616 төгрөг, үүнийг ажлын 21.5 -р хуваахад нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс нь 47.749 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 15-наас давж заалдах шатны шүүх хурал хүртэлх буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт ажлын 134 хоног байна. Үүнийг нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 47.749 төгрөгийг 134 хоногоор үржүүлэхэд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь 6.398.366 болж байна.

Иймд, шийдвэрийн 1 дэх заалтын ажилгүй байсан хугацааны олговор хэсэгт болон давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Рэнчинванжил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд,

Ажилтантай   байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч тал орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж энэ талаар харьяалах дээд газрын шийдвэрийг шүүхэд баримтаар ирүүлжээ. Хэргийн 66-67 дугаар хуудсанд Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар тус сургуулийн бүтэц орон тоог шинэчлэн баталж ирүүлснийг судалбал нягтлан бодогчийн орон тоо 1 байхаар тогтоожээ. Хавтаст хэрэгт байгаа тушаал шийдвэрийг хольж, хүчингүй болсон тушаалыг магадлалын үндэслэх хэсэгт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус магадлалд анхан шатны шүүх маргааны үйл явдлыг зөв дүгнээгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 нь ажлын орон тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлд хамаарах бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.2-т орон тоог цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллага зохион байгуулалт бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарласан. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тушаалаар байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын буюу ахлах нягтлан бодогч Ж.Буянтогтох, тооцооны нягтлан бодогч Б.Ц- нараас сонгон шалгаруулалт явуулж ажлын хэсгийн үнэлгээгээр хамгийн их оноо авсан Ж.Буянтогтохыг нягтлан бодогчоор ажиллуулахаар болсон. Нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ц-ийг ажлаас чөлөөлж, ерөнхий нягтлан бодогч Ж.Буянтогтохыг нягтлан бодогч болгон албан тушаалын нэрийг өөрчилсөн байдал тогтоогдож байгаа нь ажил олгогч нь шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан байна гэжээ.

Б.Ц-ийг нягтлан бодогч гэдгийг юугаар нотлож байгаа нь тодорхойгүй байна. Б.Ц- нь няравын ажил хийж байгаад 2011 оны 01 дүгээр сарын 07-ны 01 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогч болсон ажил албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй, нэршил өөрчлөгдсөн шийдвэр гараагүй, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нь тооцооны нягтлан бодогчоор байгаа. Харин хавтас хэрэгт өгсөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны нэрийг өөрчилж тооцооны гэсэн үгийг хасч нягтлан бодогч болгосон бөгөөд тус тодорхойлолтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулсан байдаг. Энэ үед Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/126 тоот тушаал мөрдөгдөж байсан.

Хэрэгт холбоотой бусад хууль тогтоомжид заасан асуудлуудыг харгалзаж үзээгүй байна. Тухайлбал,

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-т 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч, шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогч, нягтлан бодогчтой байна гэж заасан бөгөөд Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот тушаалаар Төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмыг баталсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий /ахлах/ нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ”. Мөн хуулийн 20 дугаар зүйлд “... ерөнхий нягтлан бодогчийн эрх үүргийг тодорхой” заасан. Тооцооны нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг, төсөв санхүүтэй холбоотой хариуцлагыг харьцуулан шийдвэрийг гаргаагүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэн нягтлан бодогчийн орон тоо хасагдсан мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдлын дагуу хэргийг дахин хяналтын шатандаа шалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Ц- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Завхан аймаг дахь ПТК-ид холбогдуулан тус коллежийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,  давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт  өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрөхдөө,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  “...ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорыг  алдаатай тооцсон...” , хариуцагчийн төлөөлөгч “...нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” үндэслэлийг  тус тус заажээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаархи хариуцагчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй  байна.

Хариуцагч Завхан аймаг дахь ПТК-ийн бүтэц, орон тоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/21 тоот тушаалаар өөрчлөхдөө,  нягтлан бодогчийн 1 ажлын байрны орон тоо байхаар шийдвэрлэжээ.

Тус байгууллагад өмнө нь ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч гэсэн 2 ажлын байр байсан бөгөөд ажил олгогч тогтоосон бүтэц, орон тооны хүрээнд сонгон шалгаруулалтын журмаар тухайн мэргэжлийн хувьд илүү мэргэшсэн, ерөнхий нягтлан бодогчоор  байсан Ж.Буянтогтохыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, нягтлан бодогч Б.Ц-эд орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас халах мэдэгдлийг хуульд заасан хугацаанд  өгч, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлсэн, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-ийн ажлын байрны орон тоо буюу нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй, ерөнхий нягтлан бодогчийн орон тоо хасагдсан атал түүнд давуу байдлыг бий болгосон гэсэн дүгнэлт хийж Б.Ц-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Ажилтны орон тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрээс хасахыг хэлэх  бөгөөд тухайн байгууллагад нягтлан бодогчийн 2 орон тоо байснаас нэгийг цөөрүүлснээс бус ерөнхий нягтлангийн бодогчийн орон тоог хасч, нягтлангийн орон тоог хэвээр үлдээсэн гэж үзэх боломжгүй юм.

Ийм нөхцөлд ажил олгогч ур чадварын хувьд илүү гэж үзсэн  Ж.Буянтогтохыг цаашид ажиллуулахаар үлдээснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Рэнчинванжилын  гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д  зааснаар зохигч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ