Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0536/З |
Дугаар | 12 |
Огноо | 2018-01-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 12
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З” ОНӨААТҮГ /РД:*****/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээ: “И” ХХК /РД:*****/
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И”ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн З ОНӨААТҮГ холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
“З” ОНӨААТҮГ-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“З ОНӨААТҮГ-ын 3 дугаар бааз буюу хуучнаар Автобус-3 ОНӨААТҮГ-т Нийслэлийн Засаг даргын 1998 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/64 тоот захирамжийг үндэслэн нийтийн зорчигч тээврийн зориулалтаар 36777 мкв газрыг зохих хууль, журмын дагуу олгосон байдаг. Манай байгууллага уг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж уг хэмжээгээр хашаалж шударгаар эзэмшиж ашиглаж ирсэн.
Гэтэл манай эзэмшиж байсан газарт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулиар өөрт эрх олгогдоогүй байтал эрх хэмжээгээ хэтрүүлж Автобус-3 ОНӨААТҮГ-ын 1998 оноос одоог хүртэл анхны байгууламжаараа байгаа бетон хашаан дотор И ХХК-д 1500 м2 газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, мөн хуулийн 21.5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан нь дүүргийн Засаг дарга уг газарт газар эзэмшүүлэх эрх хэмжээгүй гэдэг нь харагдаж байгаа юм.
Энэ хугацаанаас хойш хууль зөрчиж олгосон газрын эзэмших хугацаа дуусч үйл ажиллагаа явуулаагүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, мөн хууль бус газар олголтыг судлаж үзэлгүй 2016 оны А/524 тоот Нийслэлийн Засаг даргын захирамж болгож шийдвэрлэсэн үйлдэл нь Монгол улсын газрын тухай хуульд заасан манай байгууллагын газар эзэмших эрхийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4- дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан байх ба манай байгууллагын эзэмшиж ашиглаж байсан газрыг судлан үзэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад бусдад эзэмшүүлж ашиглуулсан нь алдаатай шийдвэр болсон байна.
Ийнхүү удаа дараагийн хууль бус газар олголтууд хийгдсэнээр нийтийн тээврийн стандартын парклах, маневарлах тооцоолол бүхий талбай төлөвлөлт, зохион байгуулалтанд өөрчлөлт орж орц гарцыг хааж хөдөлгөөнд хязгаарлагдмал байдал үүсгэсэнээр зорчигч тээврийн онцгой обьектын үйл ажиллагааны горим, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээд байна.
Нийслэлийн Засаг даргын зүгээс болон Нийслэлийн Газрын албанаас манайд газар эзэмших эрхийн талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй ба өөрийн газар эзэмшлийн талаар мэдээлэл авах явцад манай газар эзэмших эрхийг 2004 оны 30 дугаар захирамжаар 32120 м.кв, 2015 оны А/829 дүгээр захирамжаар 25000 м.кв болгон үндэслэлгүйгээр багасгасан талаар олж мэдлээ. Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр явагддаг ажиллагаа байтал манайх огт хүсэлт гаргаагүй байхад талбайн хэмжээг багасгасан шийдвэр гаргаж манай байгууллагын эрх ашгийг хохироож байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/524 тоот захирамжийн И ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжийн А, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн Зд холбогдох хэсгүүдийг илт хууль бус захиргааны актад тооцуулж, уг газрыг З ОНӨААТҮГ-т буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.“ гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар “А” ХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд тээврийн үйлчилгээний зориулалтаар 32120 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх авсан. Дараа нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар Нийслэлийн З ОНӨААТҮГ-т тээврийн үйлчилгээний зориулалтаар 25000 м.кв газрыг 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн өмчийн харилцааны 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ бичигдсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар А компанийн урд 1500 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус компани нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Газрын мэдээллийн санд байгаа “И” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “А” ХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар тээврийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 25000 м.кв газрын кадастрын зургын хил заагтай ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэж үзэж байна.
Харин “И” ХХК-ийн эзэмшил газарт “Алхана трейд” ХХК-иар шатахуун түгээх станцыг “А” компани бариулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан З ОНӨААТҮГ-т газрын буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн 03 дугаар хороонд “И” ХХК-д дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 захирамжаар үйлчилгээтэй, орон сууц барих зориулалтаар 1500 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ.
Иймд бодит байдал дээр маргаан бүхий газарт хяналтын цэг тогтоолгож, шүүхээс газрын үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болон хүлээн зөвшөөрөх, талууд эвлэрэх боломжтой эсэх хариу тайлбарыг өгнө.
Маргаан бүхий дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт энэ хуулийн 21.2.3-т “зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийг Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасныг үндэслэн И ХХК-д үйлчилгээний барилга барих зориулалтаар 0.05 га газар эзэмшүүлж улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжэнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... “И ХХК нь Сүхбаатар дүүргийн 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжаар 1500 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрх авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/43 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж 15 жилийн хугацаатай эзэмших болсон юм.
Эдгээр захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/78 тоот албан бичгээр хандаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07-227 тоот албан бичгээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг өгч байсан.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар 30 хоногийн дотор буюу 2016 оны 02 дугаар сард гаргах байжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 54.1.8-д “энэ хуулийн 14.1, 14.4-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүэлэн авахаас татгалзана.” гэсний дагуу захиргааны хэргийг хүлээн авч шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.
Нийслэлийн засаг даргын 2016 оны А/524 тоот захирамжийг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн тухайд:
Манай компани нь газар эзэмших эрхээ Нийслэлийн Засаг даргын захирамж болгуулахаар хүсэлт гарган, холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх авч, 000318658 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. Тус газар эзэмших эрхийг авахдаа Газрын тухай хууль болон холбогдох захирамжуудын дагуу дуудлага худалдааны үнэнд 23.760.000 төгрөгийг төлсөн юм.
Манай компаниас Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсон 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “З” ОНӨААТҮГ-т , 2016 оны 07 дугаар сарын 07-ний “Алхана трейд” ХХК-д мэдэгдэж байсан юм.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлтэй байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГазарт 25000 м.кв газрыг 10 жилийн хугацаатай тээврийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм.
Үүний дараагаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, НӨХК-ын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобусны буудлыг барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Нээлттэй дуудлага худалдаагаар 2 удаа зарлагдсан бөгөөд /2015 оны 12 дугаар сарыг 28-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр/ нийт 8 барилга байгууламжтай Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2.5 га эзэмшил газартай гэж дуудагдаж байсан.
Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон 2.5 га газарт манай компанийн 1500 м.кв газар давхцалгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй юм.
Харин нэхэмжлэгч байгууллага нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд “Зорчигч тэврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И”ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн З ОНӨААТҮГ холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
“З” ОНӨААТҮГ-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар хууль зүйн дүгнэлт өгч, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч “З”-ийн “А” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 356 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт хуучнаар “30 дугаар авто бааз”-ын суурин дээр “Автобус-3” компани нэртэйгээр байгууллагдсан бөгөөд 1997 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Автобус нэг” компанийн хуучин байранд шилжин байрлаж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна .
Анх нэхэмжлэгчид олгосон газрын нийт хэмжээ 36777 м.кв байхаар тогтоосоныг Нийслэлийн Засаг даргын 1998 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар баталгаажуулсан.
Нэхэмжлэгчийн анх эзэмшиж байсан 36777 м.кв газраас “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж , 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “И” ХХК-д 1500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж байсан бол Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Магнай трейд” ХХК-д ШТС-ын зориулалтаар 1565 м.кв, “Шинэ барилга” ХХК-д 984 м.кв, “Капитрон” банкинд 5750 м.кв, “Ганням ойл” ХХК-д 948 м.кв, “Гавьжийн шандын төмөрлөг” ХХК-д 1200 м.кв, тус хэргийн гуравдагч этгээд “И” ХХК-д 1500 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Одоогоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжид заасны дагуу нэхэмжлэгчийн нийт эзэмшил талбайн хэмжээ 25000 м.кв байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна .
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс “И” ХХК-д эзэмшүүлсэн 1500 м.кв газрыг “...Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар өөрт эрх олгогдоогүй байтал эрх хэмжээгээ хэтрүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсгийг зөрчин газар эзэмших эрхийг олгосон. “И” ХХК-д 2008 онд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байхад 2007 онд тус компанид газар олгосон...мөн Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг судлан үзэлгүйгээр бусдад эзэмшүүлж ашиглуулсан нь алдаатай шийдвэр болсон...“ гэж тайлбарлан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6 гэсэн 3 үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.
Нэг: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж , 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт...илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-ийг тодорхой заахаар тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн нөлөөлөлтэй захиргааны үйл ажиллагаа, тухайлбал захиргааны акт байхаар байна.
Учир нь, захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах зэргээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй бөгөөд нэгэнт дуусгавар болсон актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох тухай ойлголт байхгүй юм.
Гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасанчлан захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох боломжтой.
Харин энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах үед түүний маргаж буй “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсэг нь тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамжаар, уг А/435 дугаар захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болжээ.
Өөрөөр хэлбэл эдгээр актуудын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна.
Нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үндэслэлгүй байхад шүүх хүчингүй болсон актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байх тул энэхүү шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон талаар дүгнэсэн тул нэхэмжлэгчээс “...гуравдагч этгээд “И” ХХК нь 2008 онд хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн байгуулагдсан. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 377 дугаар захирамж гарах үед байгуулагдаагүй байсан...” гэх тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хоёр: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн З ОНӨААТҮГ”-т холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,
“Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн хувьд хугацаа хамаарахгүйгээр зохицуулсан тул нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-н энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах, илт хууль бусад тооцох зэргээр захиргааны актын үйлчлэлийг дуусгавар болгох талаар зохицуулжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох талаар мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан бол захиргааны актыг илт хууль бусад тооцох талаар тус хуулийн 47 дугаар зүйлд заасан байх бөгөөд захиргааны актыг илт хууль бусад тооцсоны үр дагаврыг мөн хуульчилсан байна.
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг эс зөвшөөрч, маргахдаа илт хууль бус болон маргаан бүхий захиргааны акт гэсэн хоёр хэлбэрийн аль нэгийг сонгож маргах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин газрыг хэмжээг өөрчилсөн, бусдад олгосон, гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах болон нийтийн тээврийн MNS502012 стандартыг зөрчсөн...” гэх үндэслэлүүд нь хууль бус захиргааны актын шинжид хамаарахаар байна.
Харин нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул эдгээр үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ”Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “...дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, Нийслэлийн Засаг дарга,...хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...; 21.2.4-д “ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ:, 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” гэж заасан байгаагаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргад дээрх хуулийн зохицуулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг олгох, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулах, газартай холбогдсон захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэх эрх олгогджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дээрх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар захирамжаар “А” ХК-д 32120 м.кв, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар “З” ОНӨААТҮГ-н 25000 м.кв болгон өөрчлөн эзэмшүүлсэн.
2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжаар “И” ХХК-д 1500 м.кв газрыг олгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д заасан “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх боломжгүй юм.
Учир нь дээрх маргаан бүхий актуудыг хэн ч харсан хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх болон хариуцагчийг өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлүүд тогтоогдсонгүй.
Түүнчлэн “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа захиргааны акт гаргах эрхийг хуулиар олгоогүй байхыг ойлгохоор байна.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан маргаан бүхий актууд нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан, тэдгээрт захиргааны актын илт хууль бус болох шинж тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гурав: “З” ОНӨААТҮГ-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн хоёрт дурьдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 30 дугаар захирамжаар “А” ХК-д, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “З” ОНӨААТҮГ-т, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцох боломжгүй талаар дүгнэсэн тул нэхэмжлэгчээс гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Цаашид нэхэмжлэгчээс хуульд заасан шаардлага хангаж байвал дээрх маргаан бүхий актуудыг “...холбогдох хууль зөрчин гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн...“гэж Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан “хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 377 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/435 дугаар захирамж “И” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн “И”ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн “Нийслэлийн З ОНӨААТҮГ холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, “З” ОНӨААТҮГ-ийн газрыг буцаан олгож, газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР