Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 9

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Гэрч С.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа,

Шүүгдэгч Э.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1815004000038 дугаартай, 163/2019/0089/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрүүгийн мөрдөгч, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Э.Э .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э  нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ...ын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э аас гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э , У.Ц  нараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  өгсөн мэдүүлэгтээ: Миний бие ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 1995 онд 10 дугаар ангиа төгсөж тэрнээс хойш цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж байна. Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ажиллаж байгаад Булган аймгийн ...анд шилжин ажиллаж байсан. Би ажиллах хугацаандаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 40 гаран хэрэг, 60-70 иргэний өргөдөл гомдол дээр ганцаараа ажиллаж байсан. Би С.Э  гэх хүний адуугаа алдсан талаар мэдээллийг хүлээн авч шалгаж байгаа. Өмнө С.Э  гэх хүнтэй би уулзаж учирч байгаагүй. Адуугаа алдсан С.Э аас гэрчээр авсан мэдүүлгийг харахаар миний бичиг мөн байна. С.Э  адуу малаа алдсан, цагдаад мэдэгдсэн талаар нь тэр хүнээс мэдүүлэг авч байсан. 2019 оны 8-9 сард хулгайд алдагдсан эмээлийн асуудал яригдаж байсан. Энэ асуудалд хувийн болон албаны ашиг сонирхол байгаагүй. Би 25 жил цагдаагийн байгууллагад ажиллахдаа албандаа үнэнч сэтгэлээр ажиллаж байсан. 2019 оны ажил дүгнэсэн байдлаар миний бие 53 гэмт хэргийг илрүүлж Цагдаагийн газрын ажил мэргэжлийн аварга болсон. Эрүүгийн цагдаагийн албаны дэд аварга болсон. Миний эрүүл мэндийн байдал муу, улаан хоолойн хорт хавдартай, энэ өвчний улмаас олон удаа норкозтой хагалгаанд орж байсан болохоор мартаж санах нь их, ой муудаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Э  өгсөн мэдүүлэгтээ: Би хөдөө гэрээсээ мөнгөн эмээл, хазаараа алдаад Цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж 2018 оны 7 дугаар сарын 20-ны орой дуудлага өгч байсан. Намайг цагдаагийн байгууллагаас нэг ч дуудаж байгаагүй, би 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э тай уулзаж мэдүүлэг өгч байгаагүй. Харин наадмаар нэг удаа ...ын наадам дээр тааралдаад “би Э  гэдэг хүн байна, манай гэрээс эмээл, хазаар алга болсон, би тантай утсаар ярьсан” гэж хэлсэн. Тэр үед надад “дараа болъё, би даага уралдуулаад айрагдчихлаа” гэж байсан ба 8 дугаар сард хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярихад би танайхаар очиж амжихгүй байна гээд миний биеийн байцаалтыг авч байсан гэв.

Эрүүгийн 1815004000038 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э  нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Булган аймаг дахь Цагдаагийн газрын ... дахь хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан байх ба энэ хугацаанд иргэн С.Э аас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч шалгах явцдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан /С.Э , У.Ц  нараас/ тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж,  2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорт хүргүүлснээр иргэн С.Э ын “12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар алдагдсан“ гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/56 дугаартай тогтоол гарсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь Цагдаагийн  ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дугаартай тушаалаар цагдаагийн ахмад Э.Э ыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт ... дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон мэдэгдэл болон түүнийг танилцуулсан тухай тэмдэгдэл /хх1-134 тал/,

иргэн С.Э ын “2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Гэсгүү мааньт” гэх газар 2018 оны 07дугаар сарын 20-ны өдөр 19-21 цагийн хооронд малдаа яваад ирэх хооронд мөнгөн эмээл, хазаар зэрэг алдагдсан” гэх гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...ын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Э д шилжүүлсэн тухай Булган аймаг дахь Цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлийн хуулбар /хх1-243 тал/,

иргэн С.Э ын “12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар алдагдсан“ гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/56 дугаартай тогтоолын хуулбар /хх-200 тал/ болон Булган аймгийн Прокурорын газраас иргэн С.Э ад хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5/150 дугаартай мэдэгдэх хуудас /хх1-192 тал/, гомдол мэдээллийг шалгах хугацааг 37 хоногоор хэтрүүлсэн зөрчлийг арилгуулах тухай прокурорын шаардлага /хх2-50 тал/,

иргэн С.Э ын прокурорын мэдэгдэх хуудас хүлээж аваад Булган аймгийн Прокурорын газарт гаргасан “...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Прокурорын газраас мэдэгдэл ирсэн. Тэр мэдэгдэлд ...Э ын 12 завхай цагаантай эмээл, хазаарыг өөрийн хамаатан  болох У.Цацрал авч яваад буцааж өгсөн гэсэн байна, ...миний талд хамаатан болох Цацрал гэж хүн огт байхгүй, танихгүй.  Иймд би эмээл хазаараа олоогүй байгаа тул шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх1-11 тал/,

иргэн С.Э ын гэрчээр өгсөн: “...2018 оны 07 сарын 20-ны өдөр орой 19, 20 цагийн үед би малдаа яваад орой 22 цагийн үед гэртээ ирсэн юм. Манайх “Булган аймгийн ...ын 4 дүгээр багийн нутагт хөдөө “Гэсгүү мааньт” гэдэг газарт байсан юм. Тухайн үед манай эхнэр хүүхэд Эрдэнэт хот руу явчихсан байсан. Ингээд бороо намдаад 22 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрт байсан эмээл, хазаартайгаа алга болчихсон байсан. Эмээл, хазаар маань манай гэрийн баруун талд ил байдаг. Манай гэр цоожгүй онгорхой, би малдаа яваад удахгүй юм чинь гэж бодоод гэрээ түгжээгүй юм. Тэгээд би эхнэртэйгээ утсаар яриад “эмээл, хазаар алга болсон байна цагдаад мэдэгд” гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр цагдаад хэлсэн байсан ба Булганы цагдаагаас над руу утсаар яриад дуудлага хүлээж авсан, бүртгэж авсан, тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид чинь хэллээ гэж байсан. Тэр шөнөдөө манай сумын хэсгийн төлөөлөгч Э  гэдэг хүн надтай утсаар яриад “за ямар хэрэг болсон, би маргааш очно” гэж хэлж байсан. Түүнээс хойш одоог хүртэл нэг ч удаа нүүр тулж уулзаагүй. Харин наадмаар ...ын наадам дээр нэг удаа тааралдаад “би Э  гэдэг хүн байна, манай гэрээс эмээл, хазаар алга болсон, би тантай утсаар ярьсан” гэж хэлсэн. Тэр үед надад “дараа болъё, би даага уралдуулаад айрагдчихлаа” гэж байсан. Түүнээс хойш 2018 оны 08 дугаар сард хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярихад би танайхаар очиж амжихгүй байна, ажилтай яваад байна гэж байсан. Одоо болтол манайд ирээгүй. Үүнээс хойш 2018 оны 10 дугаар сарын эхээр надад Прокурорын газраас бичиг ирсэн. Тэр бичиг дээр нь Э  нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмээл хазаараа алдсан, өөрийн хамаатан болох Ц  гэдэг хүн нь адуу тууж яваад Э ынхаар ороход өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй байхаар нь 12 цагаантай эмээл, хазаарыг нь аваад явсан. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эмээл, хазаар аваад явсан талаараа мэдэгдсэн байна гэсэн утгатай хяналтын прокурор Сувдаа гэдэг хүний гарын үсэгтэй бичиг байсан. Ингээд би аймгийн Прокурорын газарт очоод Сувдаа гэдэг хүнтэй уулзаад “би одоо болтол эмээл хазаараа олоогүй байгаа, Цацрал гэдэг хүн танихгүй, мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Тэгэхэд намайг гомдол гаргаж болно гэж байсан. Тэгэхээр нь би прокурорт гомдол гаргасан. Ингээд намайг прокуророос дуудаад тайлбар авсан, би хэсгийн төлөөлөгчтэй уулзаагүй гэдгээ хэлсэн.  Прокурор нь надад таны ийм мэдүүлэг байна гэж үзүүлж байсан, тэр мэдүүлэг дээр нь Э  гэж бичсэн байгаа боловч миний гарын үсэг биш байсан, угаасаа би хэсгийн төлөөлөгчтэй биечлэн уулзаагүй, мэдүүлэг өгөөгүй байсан. Одоо болтол эмээл хазаараа олоогүй байгаа. Миний ойлгосноор цагдаагаас хуурамч бичиг бүрдүүлж прокурорт өгсөн байна гэж ойлгосон ...гэх мэдүүлэг /хх1-16-17/,

иргэн У.Ц ын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны зун 7 сард улсын баяр наадмын үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 13, 14-ний үед л байх. Булган аймгийн ...анд байх “М” гэх газарт очих гээд Б.Г , Б.Б , У , Х , С   нарын хамт явсан. ...тай ойрхон, хөдөө майхнаа босгож орхиод ... орж хоол идэхээр явцгаасан. Тэгээд сумын төвийн зүүн хэсэгт байх цайны газарт орж хоолоо захиалчихаад цайны газрын урд талд байх жорлонд бие засаж байхад У  машин асааж, машиныг урагш хөдөлгөөд цайны газрыг мөргөсөн. ...Тэгээд сумын Ш  гэсэн байх нэрийг нь мэдэхгүй, Ш  гэж байсан нэг цагдаа ирээд бид нарыг ...ын цагдаагийн хэсэг рүү авч яваад тэр өдрөө байцаалт аваагүй маргааш нь ...мөргөсөн У г, машины эзэн Г ийн хамт дуудаж уулзсан. Тэгээд мөргөсөн байшингийн хохирлыг барагдуулахаар болсон нийт 1 сая гаран төгрөгний хохирол учирсан гэхээр нь би өөртөө байсан 900,000 төгрөгөө өгөөд хохиролгүй болгосон. У , Г  нарыг Ш  гэх цагдаа торгосон. ...Тухайн үед Э  гэх хүн мэдүүлэг аваагүй. Ш  гэх цагдаа тухайн зөрчлийг шийдсэн. Э  гэх хүн нь сүүлд ирээд зөрчлийн материалыг уншиж танилцсан  байх би энэ талаар сайн  мэдэхгүй  байна.   Би Э  гэх хүнд мэдүүлэг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх1-55 тал/,

...ын цагдаагийн хэсгийн цагдаа Б.Ш ын гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сараас эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын 80 жилийн ойн арга хэмжээний концертын бэлтгэлд оролцохоор болоод ажлаас чөлөөлөгдөж аймгийн төвийн цагдаагийн амралтын газарт байрлан бэлтгэж байсан. 2018 оны 07 дугаар сард наадмын урт амралтын үеэр би ...андаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байх үед нэлээн орой 23 цаг өнгөрч байхад хоолны газрын хаалгыг машинаар хүн мөргөчихлөө гэх дуудлага ирсэн учраас дуудлагын дагуу очиход У  гэх охин машинаар хоолны газрын хаалгыг мөргөчихсөн байсан учраас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э д мэдэгдсэн. Тэр үед манай сумын хэсгийн төлөөлөгч хөдөөгүүр ажилтай явж байсан. ...Зөрчилд холбогдсон У  болон түүний найз нарыг цагдаагийн хэсгийн байранд дагуулан ирээд юу болсон талаар нь лавлаж асуусан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчийг ирэхээр нь нөгөө хүүхдүүдийг уулзуулсан. ...2018 оны 07 дугаар сард С.Э ын гэрээс эмээл, хазаар алга болох үед би сумандаа байгаагүй учраас тухайн гомдол мэдээллийг шалгах ажиллагаанд огт оролцоогүй” гэх мэдүүлэг /хх1-76 тал/,

эд мөрийн баримтаар хурааж хх1-46-49 дүгээр талд хавсаргасан шүүгдэгч Э.Э ын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн материалд хуурамчаар үйлдсэн гэрч С.Э ын “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ...ын Гэсгүй мааньтад гэрийнхээ хаалгыг онгорхой орхиод хонь малдаа яваад буцаад ирэхэд гэрийн хоймор талд байсан 12 завхай мөнгөн эмээл, таван тогоруутай мөгөн хазаар хоёр байхгүй байхаар нь цагдаагийн 102 дугаар луу залгаж мэдэгдсэн юмаа. Манай гэрийн хаалга онгорхой, гэр доторх эд зүйлс бүрэн бүтэн, ямар нэгэн хөдөлгөсөн зүйл мэдэгдээгүй. Тухайн үед манай эхнэр, хүү охин хоёр Орхон аймагт байсан ба 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагт манай хамаатан болох У.Ц  над руу утсаар залгаж “ахаа дүү нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Архангай аймгаас Улаанбаатар хот руу мал тууж явах замдаа танайхаар ортол хаалга чинь онгорхой хүнгүй байсан ба гэрийн хойморт 12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар хоёр байхаар нь тууварт мал тууж байсан мориндоо эмээлийг тохож авч явсан. Тань руу утсаар хэлэх гэсэн боловч таны утас огт холбогдохгүй байсан юм гээд мөн өдрийн орой 18 цагийн үед Улаанбаатар хотоос миний 12 завхай мөнгөн эмээл, хазаарыг авчирч өгсөн. Тухайн үед алга байхаар нь цагдаад мэдэгдсэн болно. Одоо цагдаагаар ямар нэгэн шалгуулах асуудал байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх мэдүүлэг,

Гэрч У.Ц ын “...Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумаас 50 гаруй тооны адууг худалдаж аваад Улаанбаатар хотын мах комбинатад борлуулахаар гарсан. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед Булган аймгийн ...ын Гэсгүй Мааньтад хамаатны ах болох С.Э ын гэрт ирэхэд гэрийнх нь хаалга онгорхой цоожгүй, хүн байхгүй байсан ба гар утас руу нь залгатал холбогдохгүй байхаар нь гэрийн хойморт байсан 12 завхай мөнгөн эмээл, мөнгөн хазаар хоёрыг авч Архангай аймгийн Өлзийтөөс худалдан авсан адуунуудыг тууж явсан морины тохошийг авч 12 завхай мөнгөн эмээлийг тохож, мөнгөн хазаарыг тууж явсан хүрэн мориндоо хийж малаа тууж явсан болно. Тухайн үед моринд тохож явсан тохош нь муудаж, бие нухаад мал туухад хэцүү болохоор нь хамаатны ах С.Э ын эмээл, хазаарыг аваад явсан болно. С.Э  ахтай уулзах гэхэд байхгүй, мөн утсаар мэдэгдэх гэсэн хэдий ч холбогдохгүй байсан учир дараа нь хэлье гээд л аваад явсан юм. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 08 цагт С.Э ын ******** гэх утас нь холбогдсон тул хэлсэн чинь ах нь байхгүй болохоор нь сандраад цагдаад мэдэгдсэн гэж хэлж байсан. Орой 18 цагт 12 завхай эмээл, мөнгөн хазаар хоёрыг өгөөд би Улаанбаатар хот руу харьсан. С.Э  ахад болсон асуудлын талаар хэлэхэд цагдаад ойлгуулаад хэлье гэж байсан.” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Э.Э ын иргэн С.Э ын хулгайн гэмт хэргийн талаарх Г-236 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн материалын хуулбарууд /хх1-190-202 тал/,

Шинжилгээнд ирүүлсэн “2018.07.23” гэсэн огноотой С.Э аас авсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл" гэсэн баримт, "2018.07.23" гэсэн огноотой У.Ц аас авсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл" гэсэн баримтууд дээрх шинжилж буй гарын үсгүүдийг хэвлэн олшруулах төхөөрөмж болон механик арга ашиглан хуулбарласан, хэвлэсэн шинжүүд илрээгүй тул шинжилгээнд тэнцэнэ. ...

Шинжилгээнд ирүүлсэн "2018.07.23" гэсэн огноотой С.Э аас авсан "Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл" гэсэн баримт дээрх шинжилж буй гарын үсгүүд нь С.Э ын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна... гэх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх1-ийн 81-90 тал/,

Шинжлэгдэж байгаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх гарын үсэг нь Ц ын гарын үсэгнүүд биш байна. ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх гарын үсэг нь эх хувиараа зурагдсан, хуулбарлагдсан ба дахин хэвлэгдсэн гарын үсэгнүүд биш байна гэх Дархан-уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /хх1-93-97 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  болон түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал гарган мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Э.Э ын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, уг нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр прокурорт гаргаж өгсөн  идэвхтэй үйлдэл тус тус нотлогдсон, шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэнээр хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Хэрэгт цугларсан төрийн албан хаагчийн анкет /хх-28-29 тал/, шүүгдэгч Э.Э ын ажлын байрны тодорхойлолт /хх-31-33 тал/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дугаартай тушаал /хх-134 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э  нь энэ хэргийг Булган аймаг дахь Цагдаагийн газрын ... дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа үйлдсэн нь тусгай субъекттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Э ыг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Э  нь нотлох баримтын дагуу 36500 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Э.Э  нь зардлыг хүлээн зөвшөөрч 39000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Э  нь цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон эзэнгүй гэмт хэргийг илрүүлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх болон эрүүл мэндийн хувьд улаан хоолойн хорт хавдартай, энэ өвчний улмаас олон удаа норкозтой хагалгаанд орж эмчийн хяналтад байгаа зэрэг хавтаст хэргийн 24-27, 110, 244-245 дугаар талуудад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаар түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн болон хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар У.Ц , С.Э  нарын 4 хуудас мэдүүлгийг хэргийн 46-49 дүгээр талд хавсарган ирүүлснийг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э д оногдуулсан 6000000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э д сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар У.Ц , С.Э  нарын 4 хуудас мэдүүлэг хавтаст хэргийн 46-49 дүгээр талд хавсаргагдсан байгааг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД