Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 19

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

           шүүх хуралдаанд:

         прокурор                                        Ц.Сувдаа    

         шүүгдэгчийн өмгөөлөгч                 Х.Оюунбат, Ц.Энхтуяа

         нарийн бичгийн дарга                   Б.Энхзул нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолтой Э.Э.д холбогдох 1815004000038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Э.Э

Шүүгдэгч Э.Э нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э.с гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э, У.Ц нараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Э.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.г 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.д оногдуулсан 6000000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э.д сануулж,

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар У.Ц, С.Э нарын 4 хуудас мэдүүлэг хавтаст хэргийн 46-49 дүгээр талд хавсаргагдсан байгааг тус тус дурьдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Энхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нь давж заалдах гомдолдоо: “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн С.Э.с Ерөнхий прокурор тайлбар мэдүүлэг авснаа үндэслэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /13 хх/-ыг гаргасан гэх ба уг ажиллагааг үндэслэп хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18154000 тоот тогтоол үйлдэгдэн гарсан гэх боловч уг тогтоол хэрэгт хуулбараар /1хх/ авагдсан ба прокурорыг гарын үсэг зурах хэсэгт дугаар олгоё гэх гарын үсэг бүхий тогтоолын хуулбар байх ба 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан тогтоол нь хяналтын прокурорын гарын үсэггүй дугаар олгоё гэх бичвэргүй хоёр зөрүүтэй тогтоол хэрэгт авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1, 2-р заалтыг зөрчсөн. Дээрх хуулбар нотлох баримтыг шаардлага хангуулахаар мөрдөн байцаалтад буцаасан боловч хэвээр дахин ирүүлсэн. 1-р хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байгаа баримт нь Булган аймгийн Цагдаагийн газрын хуулбараар баталгаажиж хэрэгт ирсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн. Уг заалгад ...Албан тушаалтны баталсан... баримт бичиг ...тухайн төрийн байгууллага баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж заасан. Прокурорын байгууллага өөрөө баталгаажуулсан бол нотлох баримт гэж үзэхийг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар нотлох баримт гэж үзэх боломжгүй баримтууд хавтаст хэргийн 1, 13, 188 дугаар талд авагдсан. Эдгээр баримтыг нотлох баримтын шаардлага хангуулахаар буцаасан атлаа дахин хэвээр ирүүлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримт гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хэрэг прокурорын шатанд хянагдаж байхад өмгөөлөгч ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан бөгөөд прокурор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэлээр энэхүү эрхийг хангуулахаар шүүхээс хэрийг мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү гомдлын хариуг өмгөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд уг хариуг хүлээн аваагүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байсан ба 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргахад яллах дүгнэлт үйлдсэн гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулсан. Гаргасан гомдлын хариуг хүлээн аваагүй. Мөн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргахад яллах дүгнэлт үйлдсэн гэх байдлаар хүсэлтийн үндэслэлийг тал бүрээс нь хянаж үзээгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1.2 дугаар заалтыг зөрчсөн. Яллах дүгнэлт үйлдсэн гэдгээр хүсэлтийг хянахгүй байх эрх зүйн зохицуулалтыг хуульчлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шипдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ...оролцогч бусад оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн эсвэл хэсэгчлэн хангахгүй байхаар заасан байгааг анхаарч хүсэлтийг шийдвэрлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэхь заалтанд нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна гэж заасан. Гэтэл гомдолд ямар хариу ирснийг оролцогчид танилцуулаагүй байж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Энэ нь хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.1-т заасан буюу оролцогчоос гаргасан хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэхийг хянавал зохих асуудлыг хяналгүй шүүхэд хэргийг шилжүүлж оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт авагдсан Гэрчийн гэх мэдүүлгэн баримтуудад зөвхөн гарын үсгийн шинжилгээ хийгдсэн баримтууд бөгөөд уг баримт Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 105 тоот /81 хх/ дүгнэлт, 2019 оын 05 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот дүгнэлтээр Э.Энхжаргалын бичвэр болон хэрэгт хамааралтай гэх Э, Ц нарын бичвэртэй тохироогүй. Гэтэл анхан шатны шүүх уг баримтуудыг Э.Э хуурамчаар үйлдсэн гэж дүгнэсэн. Э.Э нь буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэргийг нотлох ач холбогдол бүхий баримт биш бөгөөд гарын үсэг нь түүний бичвэртэй тохироогүй гэх шинжээчийн дүгнэлтүүдийг яллах үндэслэл бүхий баримт гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 зүйлийн 2 дахь заалт, 16.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Тухайн гарын үсгийн бичвэр дээрх гарын үсгийг Э, Ц, Э нарын гарын үсэг биш гэж дүгнэсэн дүгнэлтүүд хуурамч нотлох баримт үйлдсэн гэдгийг бүрэн нотолсон баримт биш бөгөөд Э.Э үйлдсэн гэдгийг бүрэн нотлоогүй атал уг баримтыг Э.Э үйлдсэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй.

Анхан шатны шүүх хуралдаанаар гэрчийн мэдүүлгийг авч дууссаны дараа гэрч С.Э.с Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан эсэх, гарсан бол анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгөхийг хүссэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 9, 15 дахь заалтыг зөрчсөн. Гэрч С.Э.н гаргаж өгсөн баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 зүйлийн 1.3-т заасан зардал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтоож шүүхийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш хавтаст хэрэгт  тусгагдаагүй бичгэн нотлох баримтыг /үнэн зөв эсэх тодорхойгүй/ гаргуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо: ”...Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаа хяналт тавьж Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5/150 тоот мэдэгдэх хуудсаар татгалзсан материалд иргэн С.Э.с гаргасан гомдлийн дагуу Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Г.Лхагвасүрэн нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.Э гэх хүнээс тайлбар авч /хх-5 хуудас/ Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр 07-ны өдрийн №5/560 тоотоор Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Э.Идэрцогтод иргэн С.Э.с гаргасан гомдлын дагуу Булган аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Э.Э.н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлд заасан “Нотлох баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар харъяалалын дагуу шилжүүлсэн байдаг. /хх-3 хуудас/ Ингээд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э Оюунболд нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сугарын Э.г гэрчээр асуусан байдаг. Гэтэл хавтас хэрэгт Сугарын Э., С.Э гэх хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан. Э.Э нь У.Ц.с гэрчээр мэдүүлэг авч, иргэний үнэмлэхний хуулбарыг /хх-10/ хуурамчаар бүрдүүлсэн гэх үйлдлийг шалгаж тогтоохдоо Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын ерөнхий прокурор Ц.Бямбадорж нь Булган аймгийн хяналтын прокурор М.Сайнзаяагийн мөрдөн байцаалтын 1854000038 дугаартай хэрэгт бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5/101 дугаартай прокурорын даалгаврын биелэлтийг хангуулж хүргүүлсэн. Ингэхдээ Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасгийн Гашуун сухайт хилийн боомт хариуцсан хэсгийн төлөөлөгч Б Пүрэвсүрэн нь У.Ц.г гэрчээр мэдүүлэг /хх-54 хуудас/ авахдаа У.Ц гэх гарын үсэг нь мөн эсэх нь тогтоогдохгүй мэдүүлэг авсан. Гэтэл яллагдагчаар Э.Э.г татаж иргэний бичиг баримтыг /хх-108,109 хуудас/ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Бусад этгээдийн баримт бичиг баталгаажаагүй. Өнөөдөр иргэн Э.н мөнгөн эмээл хазаар алдагдсан хэрэг шийдэгдээгүй шалгагдаж байгаа гэх материалаас ирүүлсэн гэх хохирогч гэх С.Э нь С.Э юм уу? Сугарын Э юм уу? гэдэг нь мэдүүлгэн баримтаас харахад эргэлзээтэй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь зүйлд зааснаар хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж ззасныг зөрчжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 заасан хэргийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иргэн С.Э.н гомдлыг Булган аймгийн хэсгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Э.Э шалгаж, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаа хяналт тавьж Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5/150 тоот мэдэгдэх хуудсаар С.Э гэх хүнд мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №5/180 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004000038 дугаартай, 163/2019/0089/Э индекстэй эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар Ц.Сувдаа прокурор яллаж орж ирж байгаа нь хууль зөрчсөн. Э.Э.г хуурамч нотлох баримтыг хяналтын прокурор Сувдаад гаргаж өгсөн гэдгээр буруутгагдаж байгаа. Гэтэл уг хэрэгт хяналтын прокуророор ажиллаж байгаа прокурор яллаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Э.Э.н буруутгагдаж буй тухайн хэрэгт хяналт тавьж буй прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл байхад прокурор өөрөө татгалзах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хуулийн хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/09 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: ”...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн Э.Э.д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Э.Э нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Э.с гаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э, У.Ц нараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тухайлбал хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд хууль ёсны байхаас гадна тэдгээрт тулгуурлан хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох боломжтой эсэх нь учир дутагдалтай байна. 

   Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-1-2/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-13/ тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 239 дугаартай захирамжаар дээрх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх боловч  “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоолыг хуулбарлан Булган аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдгийг дарсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн байна.  

Түүнчлэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт авагдсан хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх гэрчийн мэдүүлэгт зурагдсан С.Э, У.Ц нарын гарын үсэг Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 105 тоот, 2019 оын 05 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот дүгнэлтүүдээр шүүгдэгч Э.Э болон С.Э, У.Ц шинжилгээнд явуулсан гарын үсгийн болон бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй, нэг хүний гараар үйлдээгүй гэж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхэд эргэлзээтэй, хэний гарын үсэг болох нь тодорхойгүй, шүүгдэгч Э.Э.н үйлдсэн хэрэгжүүлсэн зорилго, арга хэлбэр, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэл зорилго зэргийг тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. 

Мөн иргэн С.Э.н гомдлыг шүүгдэгч Э.Э шалгаж, Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаа хяналт тавьж байсан талаархи баримт хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Э.д холбогдох уг хэрэгт улсын яллагчаар Ц.Сувдаа оролцож яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Э.Э.д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 9 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ХҮРЭЛБААТАР                                   

                                        ШҮҮГЧИД                             С.ЦЭЦЭГМАА                                                  

                                                                                      Ё.БЯМБАЦЭРЭН