Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0280

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,         

            улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц овогт П-н Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908064570159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт П-н Г, Монгол Улсын иргэн, өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ( регистрийн дугаар:),

Шүүгдэгч П.Г нь 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн З.А-н эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч түүний өмчлөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй савхин дээл, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  421.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 13-нд хохирогч Аынд очиход хүнгүй байсан, би цонхыг нь түлхтэл онгойсон. Тэгээд тэндээ хоноод өглөө нь явахдаа 1 ширхэг мөнгөн аяга аваад цонхоор нь гарч явсан. Хохирогч З.Ад 600.000 төгрөг төлж өгсөн. Ломбардын 64.000 төгрөгний хохирлыг төлсөн. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Миний урьд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв, тухайн мэдүүлэг дээр нэг эд зүйлээ нэмж бичүүлмээр байна, юу гэвэл манай гэрийн хувцасны шкафанд байсан миний савхин дээлийг маань тухайн манайд орсон хулгайч нар аваад явчихсан. Би тухайн дээлийг 2013 онд Гоёл салонд 320.000 төгрөгөөр хийлгэж байсан, бараг өмсөж байгаагүй шинээрээ шахуу дээл юм. Би гомдолтой байна. ...Г миний гэрээс ямар ч зөвшөөрөлгүй хулгай хийсэн байна...” гэжээ. /хх-28-33/

Яллагдагч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Тэгээд байшингийнх нь цонхыг түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд би маргааш өглөө босоход А гэртээ ирээгүй байсан. Би гэрээс нь ширээн дээр байсан мөнгөн аяга, гал тогооны текэн дээр байсан мөнгөн аяга, шкабанд байсан савхин дээл зэрэг эд зүйлсийг аваад цонхоор нь гараад явсан...” гэжээ. /хх-67-68/

Шүүгдэгч П.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-10/, “Дамно” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн СХЗ-19-979 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-53-54/, “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХЗ-20-072 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-58-59/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-78/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-79/, П.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/, хохирол төлсөн тухай баримт /хх-15,81,82/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн З.Аын эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч түүний өмчлөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй савхин дээл, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  421.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.А өгсөн “...өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв, тухайн мэдүүлэг дээр нэг эд зүйлээ нэмж бичүүлмээр байна, юу гэвэл манай гэрийн хувцасны шкабанд байсан миний савхин дээлийг маань тухайн манайд орсон хулгайч нар аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-28-33/,

шүүгдэгч П.Гын өгсөн “...Би гэрээс нь ширээн дээр байсан мөнгөн аяга, гал тогооны текэн дээр байсан мөнгөн аяга, шкабанд байсан савхин дээл зэрэг эд зүйлсийг нь аваад цонхоор нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-67-68/ болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г нь хохирогчийн гэрээс нэг л мөнгөн аяга авсан гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч П.Г, хохирогч З.А нар хамтран амьдрагч байсан, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр өөрчлөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргалаа.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч З.Аын  “…Г миний гэрээс ямар ч зөвшөөрөлгүй хулгай хийсэн байна...Гтай 2019 оны 03 дугаар сард танилцаад...1 сарын хугацаанд цуг амьдарч байгаад салсан, бид хоёрын хооронд одоо ямар нэг холбоо хамаарал байхгүй...” гэх, шүүгдэгч П.Гын “...Би гэрээс нь ширээн дээр байсан мөнгөн аяга, гал тогооны текэн дээр байсан мөнгөн аяга, шкабанд байсан савхин дээл зэрэг эд зүйлсийг аваад цонхоор нь гараад явсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч П.Г хохирогчийн байшингийн цонхоор нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж буцаад цонхоор нь гараад явсан үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч З.Аын эзгүйд гэрт нь орох, эд хөрөнгийг нь захиран зарцуулах эрхгүй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын хооронд гэр бүлийн харьцаа байгаагүй байсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Гын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.Ад 421.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөгийг, мөн ломбардад учирсан хохирол болох 64.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүгдэгч П.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт П-н Гыг бусдын 421.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гыг  2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Г-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч З.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг, П.Гын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Гт урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНЧИМЭГ