Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 563

 

 

 

 

 

 

  2020             5               5                                          2020/ДШМ/563

 

 

П.Г-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч П.Г-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1908064570159 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цэцэн овгийн П.Г, 19..... оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

П.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-59 тоотод оршин суух иргэн З.А-ын эзэмшлийн хувийн байшинд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэвтэрч, түүний өмчлөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй савхин дээл, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 421.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Г-ыг бусдын 421.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Г-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, П.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч З.А- нэхэмжлэх зүйлгүй гэснийг, П.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Г- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.А-д учруулсан хохирол болох 421.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан хохирол гомдолгүй болгож гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-ын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харахад шүүгдэгч П.Г- нь хохирогч З.А-тай дотно харьцаатай байсан. Тухайн хэрэг гарах үед хохирогч З.А-тай уулзах зорилгоор гэрт нь очсон байдаг. Тэгээд гэрт нь хоноод маргааш өглөө нь эд зүйлсийг аваад гарсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Гэм буруу дээрээ маргаагүй. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн болон иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г- болон түүний өмгөөлөгч Б.Баттулгаас гэм буруу дээрээ маргаж байсан. Шүүгдэгч П.Г- мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн атлаа анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

П.Г- нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 2-59 тоотод оршин суух иргэн З.А-ын эзэмшлийн хувийн байшинд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэвтэрч, түүний өмчлөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй савхин дээл, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 421.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч З.А-ын “... гэртээ хоносон үед машин байдаг болохоор машин байхгүйг мэдээд хулгайч манайд орсон байна. Энэ манайхыг мэддэг хүн байх шиг байна. ...Том гарын 1 ширхэг шинэ мөнгөн аяга, дунд гарын 1 ширхэг хуучин мөнгөн аяга байсан. Нийт манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна...” /хх41/,

“...хувцасны шкафанд байсан миний савхин дээлийг маань тухайн манайд орсон хулгайч нар аваад явчихсан. Тухайн дээлийг 2013 онд “Гоёл” салонд 320.000 төгрөгөөр хийлгэж байсан ба бараг өмсөж байгаагүй шинээрээ шахуу дээл юм. ...” /хх 32/,

“... эд зүйлээ хайгаад явж байтал миний хулгайд алдсан мөнгөн аяга хорооллын “Эв” плазагийн В1 давхарт байрлах “Начин заан” ломбарданд найз болох П.Г- гэгч нь тухайн ломбарданд миний зөвшөөрөлгүйгээр 60.000 төгрөгөөр тавьсныг би олж харж зургийг нь дарж авсан. ...Ганбаатар миний гэрээс зөвшөөрөлгүй хулгай хийсэн байна...” /хх 33/,

иргэний нэхэмжлэгч Г.Уранбайгалийн “... 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай Баянгол дүүргийн нутагт байрлах Хороололд байх салбарт иргэн П.Г- нь 6-ын хэмжээтэй орчин цагийн хэрэглээний 1 ширхэг мөнгөн аяга барьцаалан 60.000 төгрөгийн зээл авсан байсан. ...” /хх 38/,

П.Г-ын яллагдагчаар өгсөн “...Ариунжаргал гэртээ байхгүй байсан... Тэгээд би байшингийнх нь цонхыг түлхсэн чинь онгойчихсон... Би гэрээс нь ширээн дээр байсан мөнгөн аяга, гар тогооны текэн дээр байсан мөнгөн аяга, шкафанд байсан савхин дээл зэрэг эд зүйлсийг нь аваад цонхоор нь гараад явсан...” /хх 67/ гэх мэдүүлгүүд болон,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/ 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн СХДЗ-19-979 дугаартай 2 ширхэг мөнгөн аягийг нийт 320.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 52/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн СХДЗ-20-072 дугаартай савхин дээлийг 101.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 58/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

П.Г-ын бусдын орон байранд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч П.Г- “...гэм буруугаа хүлээсэн, хохирогч З.А-ын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд заасны дагуу П.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Г-ыг 1 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “... шүүгдэгч П.Г-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ