Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 335

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.Б,  түүний өмгөөлөгч Д.Очирдорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2020/

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Гантулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1163/

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар  /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 Х овогт М-ийн Б,

 Б овогт А-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;

 

Х овогт Н-н Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэгт;

 

Ш овогт О-ын Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0389 71164 дугаартай, 4 хавтаст хэргийг тус шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь:

1.2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр О.Г, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-37б тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө А.Н-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө А.Н, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Н-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадна иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жимобайл гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А.Н-той гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Н нь:

1.2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө М.Б-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн торхиролцон, бүлэглэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжин шөнө М.Б, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болон “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр М.Б-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадаа иргэн Г.Баатарсүмбэр-Уулын  эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жимобайл гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг зүйлүүдийг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр М.Б-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг халуун усны газрын гадаа байрлуулсан байсан Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь

1.2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр М.Б, О.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-37б тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө М.Б, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг “Тоёота королла” маркийн 89-21 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” баарны орчим гудамжинд илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Л.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг Ж-7” маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 547.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Г нь:

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр М.Б, Н.Г нартай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-37б тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг “Хьюндэй аксент” маркийн  27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г,  О.Г нараас: Мөрдөн байцаалтад бүх зүйлээ үнэнээр нь ярьж мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1808 0389 71164 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч М.Б, О.Г, Н.Г нар нь:

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж иргэн Н.Гантулгын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

1.1 Хохирогч Н.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 31-нд өгсөн:

“Би өөрийн гэр бүлийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Улаанбаатар хотоос 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ өглөө 07 цагийн үед гарч яваад хөдөө Тосонцэнгэлд байхад манай дүү Саран 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр утсаар яриад “танай гэрт чинь хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Танай гэрийн хажуугаар явж байгаад харсан чинь хашааны хаалга чинь онгорхой, хашаанд ороод хартал монгол гэрийн чинь хаалга үүд дэлгэгдсэн байдалтай, хүн байхгүй байхаар нь таныг ирсэн юм болов уу гэсэн чинь алга байна, гэрийг чинь харахад зурагт чинь байхгүй болсон байна гэж хэлсэн. Манай дүү Саран нь цагдаад дуудлага өгсөн. Би 2018 оны 08 дугаар сарын 18-19-ны орчим хотод ирээд  ...гэртээ ороод хартал манай гэрийн хойморт байсан 42 инчийн хар өнгийн ТСЛ брэндийн зурагт байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал.) ,

 

1.2 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэрэг учралын газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-37-б тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар тал.),

 

1.3 Гэрч Н.Сарангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 14-нд өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамжны айлаас тос авах гээд явж байсан. Би төрсөн ах Гантулгын хашаа руу хартал гэрийн нь хаалга онгорхой байхаар нь гайхаад яваад очтол гэр нь цоожтой мөртлөө хаалгыг нь татаад онгойлгосон байсан. Тэгэхээр нь ах Гантулга руу утсаар залгаж хэлж асуухад Завхан аймагт байна гэсэн. Би танай гэрт хулгай орсон юм шиг байна, та нар хэзээ явсан юм бэ, хэлэхгүй яасан юм гэж асуухад 2018 оны 8 дугаар сарын 09-ний орой Завхан аймаг явсан, чи манай гэрийн эд зүйлийг бүртгээдэх, хивс, хөгжим, 4 ширхэг дугуй байна уу гэж асуухаар нь би бүртгэж үзээд байна гэсэн чинь тэгвэл зурагт л алга болсон юм байна гэж хэлсэн. Миний мэдэхийн 2017 онд 42 инчийн хар өнгийн ТСЛ нэртэй зурагт байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар зүйл.) ,

 

1.4 Гэрч Б.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 21-нд өгсөн: 2018 оны 8 дугаар сард би өдрийг нь санахгүй байна. Орой гадаа харанхуй болсон байхад 21-22 цагийн үед миний зүс таних бацаан над руу утсаар яриад “та зурагт авах уу” гэхээр нь би ямар зурагт бэ гээд харая гэж ярилцсан. Удалгүй зүүн салааны гэрийн гадна машинтай ирээд гадаа чинь ирчихлээ гэхээр нь гэрээсээ гараад уулзах үед нөгөө цахим тоглоомын газар яваад байдаг залуу хар өнгийн лед зурагт барьсан зарна гэсэн. Би гэрийнхээ зурагтыг аваад явж байна, мөрийтэй тоглоом тоглох гэсэн, мөнгө хэрэгтэй болоод, хэрэв кабелийг нь авах юм бол аваарай гэсэн. Хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 200.000 төгрөг гэж хэлсэн. 150.000 төгрөгөөр өгчих гэсэн чинь за за гээд тохироод би худалдаж авсан. Зурагтыг тухайн үедээ хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.) ,

 

1.5 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Б.Содгэрэлээс 42 инчийн “ТСЛ” зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хураан авсан 42 инчийн зурагтыг хохирогч Н.Гантулгад хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр тал.),

1.6 “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 42 инчийн ТСЛ загварын зурагтын үнийг 650.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал.),

 

1.7 С.Б-ын өмчлөлийн 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” загварын автомашиныг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-26 тоотод М.Б-д хариуцуулж битүүмжилсэн тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар тал.) ,

 

1.8 “Арвижих Эстимэйт” ХХК-ний 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1/182084 дугаартай үнэлгээнд 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” машины зах зээлийн үнийг 1.200.000 төгрөгөөр тогтоосон тайлан (3 дугаар хавтаст хэргийн 16-22 дугаар тал.),

 

1.9 Иргэн Э.Мөнх-Орших, М.Б нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” машиныг М.Б худалдан авсан тухай гэрээ (3 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал.), 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 26 дугаар тал.),

 

1.10 Гэрч Э.Мөнх-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 03-нд өгсөн “... 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр М.Б гэдэг хүнд 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” машиныг зарсан. Б гэдэг хүн тухайн үед өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй, тэгээд бид хоёр худалдах, худалдан авах гэрээ хийж байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал.) ,

 

1.11 О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчим Б, Г хоёртой уулзсан. Ингээд машинд сууж байтал Г арын суудал дээр унтаад өгсөн. Б-тай юм ярьж байтал баруун салаанд манай хамаатны таньдаг айл хүнгүй байгаа, очоод зурагтыг нь авчихъя гэсэн. Б машин бариад баруун салаанд нэг айлын гадаа ирсэн. Б бид хоёр нөгөө айл руу орсон. Тэр хашаанд нэг гэр байсан. Би очоод хаалгыг нь татаж байгаад цүцнээс нь мулталж онгойлгоод гэр рүү нь бид хоёр орсон. Хойморт нь байсан 42 инчийн “ТСЛ” зурагтыг аваад гарсан.  Г-ийг сэрээгээд бид нар явсан. Замдаа би буугаад гэртээ харьсан. Тэр хоёр машиндаа зурагтаа аваад явсан. Маргааш нь бид гурав манай гэрт уулзаад Содгэрэл ахад 150.000 төгрөгөөр зарж, бид гурав мөнгөө тэнцүү хувааж авсан. Г хулгайн зурагт гэдгийг сүүлд мэдсэн. Мөнгө хэрэгтэй болоод хулгай хийсэн юм. Б, Г бид гураваас өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр тал.),

Мөн түүний 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчим Г, Б бид гурав уулзсан юм. Шөнөжингөө машинтай дэмий явж байгаад хулгай хийхээр ярилцаад маргааш өглөө нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим баруун салаанд гэрээс Б бид хоёр зурагт авсан. Г машинд үлдсэн. Тухайн айл руу Б-ын шар аксенттэй явж байсан. Би Б-ыг гуйгаад байхаар нь Г-ийн машинтай явсан гээд хэлчихсэн юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал.) ,

 

1.12 Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 11-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчим би өөрийн 89-21 УНМ улсын дугаартай машинтайгаа халтуур хийгээд явж байгаад Баянхошууны эцсийн буудал дээр зогсож байтал миний гар утас руу Г залгахаар нь байгаа газраа хэлтэл Б, Г хоёр ирсэн. Миний машинд ойр зуурын юм ярьж байгаад бид нар хөзөр тоглосон. Тэгээд би машины арын суудал руу орж суугаад унтсан. Б, Г нар урд суусан. Тэгээд айл руу очих юм яриад байсан. Би унтаад сэрсэн чинь Баруун салаанд нэг айлын гадаа ирсэн байсан. Тэгтэл хэсэг байж байтал Б, Г хоёр “ТСЛ” маркийн 42 инчийн хар өнгийн зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь юун зурагт вэ гэж асуусан чинь Б манай ахын зурагт гэж хэлсэн. Б миний машиныг бариад явсан. Г түрүүлээд буусан. Б зурагтаа миний машинд үлдээгээд гэртээ орсон. Би машинаа унаад гэртээ харьсан. Маргааш өдөр нь Г над руу залгаад гэрт хүрээд ир гэхээр нь яваад очсон. Б Г-ийн гэрт байсан. Г, Б хоёр Содгэрэл ахад зурагтаа зарна гээд бид гурав гэрт нь очсон. Зурагтаа 150.000 төгрөгөөр зарсан. Би зурагт зарсан мөнгөнөөс 30.000 төгрөг авсан. Бид нар мөнгөтэй болох л зорилготой байсан. ...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар тал.) ,

 

-мөн Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчим Г, Б бид нар уулзаад Б-ын шар өнгийн аксент машинтай шөнөжин гадуур явсан. Тэгээд хулгай хийхээр ярилцаад маргааш өглөө нь Б-ын заасан айл руу Баруун салаа руу 2018 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим очсон. Б, Г хоёр тэр айл руу ороод гарч ирэхдээ зурагт аваад гараад ирсэн. Тухайн айл руу Б-ын шар өнгийн аксенттэй очсон. Б миний машиныг улсын орлого болгочихно, чи өөрийнхөө машинтай явсан гээд хэлчих гээд гуйгаад байсан болохоор би өөрийнхөө королла машинтай явсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар тал.) ,

 

1.13 М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын дундуур, өдрийг нь санахгүй байна. Шөнө 00 цагийн орчим би гэртээ унтаж байтал над руу Г залгаад хулгай хийх гэсэн юм, хүн хараад өгөөчээ гэж надаас асуухаар нь би зөвшөөрөөд Баянхошууны шинэ эцсийн буудал дээр Г, Г хоёртой уулзсан. Тэгээд Г-ийн машин дотор шөнийн 02 цаг хүртэл ярьж сууж байгаад, машинтайгаа гадуур явсан. Тэгээд Баянхошууны эцсийн буудал дээр ирээд машиндаа бид гурав унтсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед машиндаа хөзөр тоглож байтал Г, Г хоёр мөнгө хэрэгтэй байна, хулгай хийхээр айл байна уу гэхээр нь би бараг 7 хоногийн өмнө халтуур хийж байгаад баруун салаанд нэг хүн буулгаж байсан. Тэр айлын хашааны хаалгаар харахад гэр нь цоожтой байсан гэж тэр хоёрт хэлээд тэгээд бид гурав уг айл руу машинаараа явсан юм. Тэр айлын урд талд машинаа худгийн тэнд 200 метр хол газарт тавьчихаад Г бид хоёр нөгөө айл руу орсон. Хойморт нь байсан 42 инчийн хар өнгийн “ТСЛ” маркийн зурагтыг би тэврээд машиндаа аваачсан. Тэгээд Баянхошууны шинэ эцсийн буудал дээр бид гурав ирээд би машинаас буугаад гэр рүүгээ явсан. Г залгаад нөгөө зурагтаа заръя гэхээр нь би Г, Г хоёртой Баянхошууны шинэ эцсийн буудал дээр уулзсан. Тэгээд зурагтаа зүүн салаанд байдаг Содгэрэл гэдэг ахад зарсан. Надад 50.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар тал.) ,

 

Хоёр. С.Б, А.Н нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн торхиролцон, бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан эд хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

2.1 Хохирогч Ц.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 23-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө ...02 цагийн орчим гэртээ хариад машинаа хашаандаа байрлуулаад унтсан. Өглөө 07 цаг 30 минут өнгөрч байхад манай эхнэр Нарантуул манай гэрт хүн ирсэн юм уу, хашааны хаалга онгорхой байна гэж хэлсэн.  Би машинаа шалгахад 4835 УБТ улсын дугаартай приус 30 машины жолооч талын жижиг цонх хагарсан байсан. Машин доторх эд зүйлээ шалгахад гагнуурын аппарат, дунд таслагч, жижиг таслагч, түрийвч байхгүй байсан. Аппарат шар өнгөтэй, булангууд дээрээ резинин хамгаалалттай, цахилгааны утсыг лентээр боож байгаад өөрийнх нь чангалагчаар чангалсан байгаа. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар тал.) ,

 

-мөн дахин хохирогчоор 2018 оны 12 дугаар сарын 03-нд өгсөн “... Би хоёр ширхэг тасдагчаа буцааж авсан. Харин гагнуурын аппаратаа аваагүй. Машины гурвалжин шилийг 85.000 төгрөгөөр хийлгэсэн. Аппаратаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр тал.) ,

 

2.2 2018 оны 08 дугаар сарын 13-нд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл буюу 48-35 УБТ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 148-150 дугаар тал.),

 

2.3 Гэрч Б.Содгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 05-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сард Н ганцаараа ирээд та тасдагч, гагнуурын аппарат худалдаж авах уу, би барилгын ажил хийсэн чинь нөгөө компани нь цалингаа өгөхгүй энэ аппарат, тасдагч хоёрыг зарчихмаар байна, 100.000 төгрөгөөр авчихаач гээд намайг гуйж надад зараад явсан. Тасдагч, гагнуурын аппарат манайд байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал.) ,

-түүний иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сард зурагтыг 150.000 төгрөгөөр авсан. Дараа нь цагдаад хураалгасан. Бас хоёр ширхэг тасдагчийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр авсан, бас хулгайн юм байна гээд Н-ид буцаан өгч мөнгөө авсан.  Нямкагаас 250.000 төгрөг буцаан авсан. Нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.),

 

2.4 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Н, С.Б нараас “Кен” брендийн жижиг тасдагч, дунд зэргийн тасдагч зэрэг багажийг хураан авч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Даваадоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал.),  

 

2.5 “Мастер үнэлгээ” ХХК-ниас хохирогч Ц.Даваадоржийн эд хөрөнгийн үнийг нийт 445.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 171-173 дугаар тал.), хохирогч Ц.Даваадоржоос хэрэгт ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “тоёота приус 30” загварын машины гурвалжин шилийг 85.000 төгрөгөөр худалдан авсан тухай зарлагын баримт (2 дугаар хавтаст хэргийн 179 дүгээр тал.) ,

 

Гурав. М.Б, А.Н, Н.Г нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан иргэн Н.Отгонбаярын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд.

 

3.1 Хохирогч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагт би гэрээсээ гарч яваад гадуур хоноод 8 дугаар сарын 20-ны өдөр 15.00 цагт байшиндаа ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоож нь үүдэнд хэвтэж байсан. Ахыг орсон юм байлгүй гэж бодоод юм бодолгүй орон дээрээ хэвтэж байтал ...найз Баярхүү орж ирээд зурагт чинь хаачсан юм гэхэд зурагтаа алга болсныг анзаарсан юм. Тэгээд хойшоо орж ахаас асуухад би өглөө 06 цагт танай гэрт ороход байхгүй байсан гэсэн. Тэгээд хулгай орж гээд цагдаад хандсан. Зурагтаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.),

 

-мөн түүний хохирогчоор дахин 2018 оны 11 дүгээр сарын 30-нд өгсөн “... Би 43 инчийн самсунг маркийн зурагтын хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн  80 дугаар тал)

 

3.2 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны, Дэнжийн 5 дугаар гудамжны 184 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн  69-74 дүгээр тал.) ,

 

3.3 “Дамно” ХХК-иас хохирогч Н.Отгонбаярын 43 инчийн лед зурагтын үнийг 809.910 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн хэргийн 97-98 дугаар тал.), Хохирогч Н.Отгонбаярын хэрэгт ирүүлсэн 43 инчийн самсунг зурагтыг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 899.900 төгрөгөөр худалдан авсан тухай болон баталгааны хуудас (2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал. ) ,

 

3.4 Гэрч Н.Лувсандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 20-нд өгсөн “... Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 5-184 тоотод аав, ээж дүүгийн хамт амьдардаг. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өглөө дүүгийн гэрт орсон чинь гэрийн хаалга нь онгорхой, зурагт нь байхгүй байсан. Тэгэхээр нь би дүүг аваад явсан юм байх гэж бодсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал.),

 

3.5  Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 05-нд өгсөн “...Мөн 2018 оны 8 дугаар сарын хэдний өдрийг мэдэхгүй байна, ...над руу Н залгаад 43 инчийн “Самсунг” загварын зурагт байна, та авах уу гэж хэлээд манай гэрт авчраад надад 100.000 төгрөгөөр худалдсан. Тухайн зурагтыг ямар учиртай зурагт болохыг асуугаагүй. “Самсунг эс 5” гар утас манай гэрт байгаа, авчирч өгч болно. Зурагт нь байхгүй, би хүнд 250.000 төгрөгөөр зарчихсан юм. Надад хулгайн эд зүйл гэдгээ хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал.),

-мөн гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 12-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна, гэртээ байж байхад Н ганцаараа манай гэрт ирээд ахаа надад зарах гэж байгаа 43 инчийн “самсунг” лед зурагт байна, та худалдаж авах уу гэсэн. Би ямар учиртай хэний зурагт юм бэ гэхэд миний өөрийн зурагт байгаа юм гэж хэлсэн. Ингээд би тухайн зурагтыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би цааш нь танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал),

-түүний иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд өгсөн “... Н надад ирээд 43 инчийн зурагт байна авах уу, миний өөрийн зурагт байгаа юм, 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь бэлэн 100.000 төгрөг байна гээд 100.000 төгрөгөөр худалдаж авсан. ...”самсунг эс 5” гар утсыг 32.000 төгрөгөөр, “самсунг эс 6 эдж” утсыг 85.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. “Самсунг эс 6” гар утсыг буцаагаад өгсөн. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар тал.) ,

 

3.6 Гэрч Н.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн “... 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед би ...өөрийн 89-21 УНН дугаартай цагаан өнгийн “Тоёота королла” маркийн автомашиныг унаж хэрэглэх нь багассан. Өөрийн дүү Г надаас “ахаа та дүүдээ машинаа өгөөч” гээд л авч үлддэг байсан юм. Миний дүү Г гадуур халтууранд яваад л ойр зуурын унаж хэрэглэж байгаа гээд өгч байсан юм. Гэтэл уг автомашиныг ашиглан хэрэгт холбогдсон байна. 89-21 УНН улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота королла” маркийн автомашин нь “Үлэмж их оргил” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Би 2018 оны 1 дүгээр сарын үед 2.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд автомашиныг тавьсан. Зээлийн хугацаа 2019 оны 2 дугаар сард дуусна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал.) ,

-иргэний нэхэмжлэгчээр Н.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн “...Г хэрэг хийхдээ миний “тоёота королла” загварын 89-21 улсын дугаартай машиныг унаж явсан юм байна лээ. Машиныг 5.500.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг хэрэг болохоос өмнө “Үлэмж оргил банк бус” санхүүгийн байгууллагад 2.000.000 төгрөгт барьцаалсан. Миний машиныг цагдаагаас битүүмжлээд надад хариуцуулж өгсөн ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал) ,

 

3.7 89-21 улсын дугаартай “Тоёота корола” загварын машиныг битүүмжилсэн тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 29-31 дүгээр тал.) ,

 

3.8 Мастер үнэлгээ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/182086 дугаар үнэлгээнд 89-21 улсын дугаартай тоёота королла загварын машины зах зээлийн үнийг 5.500.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 34-41 дүгээр тал.) ,

 

3.9 89-21 улсын дугаартай тоёота королла загварын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар /өмчлөгч нь “Үлэмж оргил” ББСБ бүртгэлтэй тухай/ (3 дугаар хавтаст хэргийн 42 дугаар тал.) , мөн “Үлэмж оргил” ББСБ-ын 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичигт Н.Ганхөлөг нь 89-21 улсын дугаартай “тоёота королла загварын машиныг барьцаалан зээл авсан тухай тодорхойлолт, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний баталгаажуулсан хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 43, 48-49 дүгээр тал.),

 

3.10 Гэрч О.Баттулгын /Үлэмж оргил ХХК-ийн ахлах менежер/ мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн “... 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нэргүй Ганхөлөг нь 89-21 улсын дугаартай “Тоёота королла” загварын машиныг манай Үлэмж оргил ХХК-д 2.000.000 төгрөгийн барьцаалан зээл авсан байна. Манай зээл авсан хүмүүсийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авдаг юм. Ганхөлөг нь зээлийн үлдэгдэлтэй байна. Ганхөлөг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж байгаа. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар тал.) ,

 

3.11 М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 01-нд гэрчээр өгсөн “... Г-ийн 89-21 дугаартай королла загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүр өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүн урд талын дэнж дээр нэг айлын хашаанд ороход нэг давхар цагаан өнгийн байшингийн үүд онгорхой байсныг Н ах байшин руу орж харчихаад дотор хүн алга, зурагт байна, намайг ороод зурагтыг аваад ир гэсэн. Ганцаараа айгаад байхаар нь найз Г-ийг дагуулж ороод том өрөөний хойд хувцасны шүүгээн дээр байсан самсунг загварын нилээн том зурагтыг авч гараад Н ахын гэрт аваачиж тавьсан. Дараа нь Н уг зурагтыг зүс таних хүндээ зарсан гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 83 дугаар тал.) ,

-түүний яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 02-нд өгсөн “... Миний хувьд Г-ийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр айл руу ганцаараа ороогүй, Г-тэй хамт орсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал.),

 

3.12 Н.Г-ийн яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 11-нд өгсөн “...Б, Н нарын хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. ...”гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр тал.),

 

3.13 А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 01-нд өгсөн “... Би найз Б, Г нарын хамт хулгайн гэмт хэрэгт үйлдсэн нь үнэн ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал.),

 

Дөрөв. С.Б, А.Н нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан эд хөрөнгийг хулгайлж, машин механизм ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд.

 

4.1 Хохирогч Г.Баатарсүмбэр-Уулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 01-нд өгсөн: “... 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 8 тоотод оршин суух Мөнх-Эрдэнэ гэх хүнээр засал номоо хийлгэхээр ирсэн. Өөрийн эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн суудлын автомашиныг 8 тоот хашааны гадна талд байрлуулаад 22 цагийн орчимд засал номоо хийлгэж дууссан. Гарч ирэхэд миний машины зүүн хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалаад машин дотор байсан эд зүйлсийг хулгайлсан байсан. Миний машинаас бор өнгийн түрийвч алдагдсан. 10.000 төгрөгөөр худалдсан авсан. Түрийвчин дотор биет 100.000 төгрөг байсан. Мөн жимобайл нэртэй саарал өнгийн гар утас байсан. 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн самсунг эс 5 загварын бор шаргал хавтастай цагаан өнгийн гар утас алдагдсан. 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хөх өнгийн өөрөө дээрээ гэрэлтэй Хятад улсад үйлдвэрлэсэн том гар утас алдагдсан. 120.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар тал.) ,

 

-мөн Г.Баатарсүмбэр-Уулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “... Жимобайлын гар утсаа буцааж авсан. Хулгайд алдсан самсунг эс 5, хятад гар утасны үнэ 270,000 төгрөг, хагарсан шилний мөнгө хийх хөлстэй нь 60,000 төгрөг, нийт 330,000 төгрөг нэхэмжилж байна. 3 ширхэг гар утас байсныг эгч Эрдэнэзул мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар тал.),

 

4.2  2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн буюу 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 185-189 дүгээр тал),

 

4.3 Гэрч Г.Эрдэнэзулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 05-нд өгсөн “... Манай дүү Г.Баатарсүмбэр-Уул нь тухайн үед Завхан аймгаас ирсэн юм. 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим манай хашааны үүдэнд машинаа тавьсан байж байгаад машинаасаа гурван ширхэг гар утсаа хулгайд алдсан. Хятад гар утас нь том хэмжээтэй, цэнэгээ олон хоног барьдаг, шар өнгөтэй, дээр талдаа том гар чийдэнтэй утас байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар тал.) ,

 

4.4 Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 01-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд кино үйлдвэрийн хажуу талын 81 дүгээр байранд эхнэрийнхээ ажил дээр байж байтал Н над руу яриад самсунг эс 5 гар утас байна авах уу гэхээр нь бид хэдэд өгөх юм гэхэд 50.000 төгрөгөөр зарчихмаар байна, гэхээр нь би надад 32.000 төгрөг байна, өгөх юм уу гэхэд Н за за заръя гээд миний байсан байранд Б-ын машинтай ирээд 32.000 төгрөгөөр зарсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал.) ,

 

4.5 Ухаа шүр консалтинг ХХК-ний 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Баатарсүмбэр-Уулын эд хөрөнгийг буюу цонхны шилийг 50.000 төгрөгөөр, самсунг эс 5 гар утсыг 150.000 төгрөгөөр, хятад улсад үйлдвэрлэсэн гар утсыг 120.000 төгрөгөөр, жимобайл нэртэй гар утсыг 100.000 төгрөгөөр, шууд бус зардал эд анги солих хөлс 10.000 төгрөг, нийт 430.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал.) ,

 

4.6 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Баатарсүмбэр-Уулд жимобайл гэсэн бичигтэй гар утас, Hiesense нэртэй саарал өнгийн гар утас зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар тал.) ,

 

4.7 М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим Баянхошууны шинэ эцсийн буудал дээр өөрийн машинтайгаа халтуур хийх гээд зогсож байтал Н ирээд надтай хамт гудамжаар тойроод яваад өгөөч, машин тэргэнд гар утас байвал авъя гэсэн. Бензин хангалттай хийгээд өгье гэхээр нь хамт явсан. Баянхошууны шинэ эцсийн хойшоо нэг гудамжинд саарал өнгийн приус машин зогсож байсан. Тэгтэл Н өөрөө буугаад нөгөө машин руу явсан. Харанхуй байсан болохоор юм харагдахгүй байсан. Удалгүй Н ирээд самсунг эс 5, олон товчлууртай гар утас зэргийг авчирсан. Наад гар утсаа яах гэж байгаа юм гэхэд утас авах хүн байгаа гэсэн. Тэгээд эс 5 гар утсыг бид хоёр 30,000 орчим төгрөгөөр зарсан. Надад 10.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Харин олон товчлууртай гар утсыг би Н-ид байгаа юм байх гэж бодсон чинь дараа нь миний машины урд хайрцагнаас гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст ххэргийн 241 дүгээр тал) ,

 

4.8 А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 08-нд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой Б-тай хамт түүний машинтай Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 10 дугаар гудамжинд зогсож байсан саарал өнгийг приус машины жолоочийн эсрэг талын арын гурвалжин шилийг хагалаад урд талын суудал дээрээс “самсунг эс 5” гар утас, “жимобайл”-ын олон товчлууртай гар утас зэргийг авсан. “Самсунг эс 5” гар утсыг Сүхбаатар ахад 30.000 төгрөгөөр зарсан. Нөгөө гар утсыг Б-ын машины урд хайрцганд хийгээд үлдээсэн. Дараа нь цагдаа нарт баригдсан. Би тэр хүний машинаас бэлэн мөнгө аваагүй, хоёр ширхэг гар утас л авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал),

 

Тав: М.Б, А.Н нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж Б.Дашпунцагийн болон иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн эд хөрөнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

5.1 Хохирогч Г.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Дашпунцаг, ээж Мягмарцэцэг нарын хамт усанд орохоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны газарт нөхрийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинтай ирсэн. Бид гурав усанд орохдоо машинаа халуун усны газар байрлах гудамжинд түгжиж орхисон. Усанд орох үед 11 цаг өнгөрч байсан. Усанд орчихоод 12 цаг 20 минут болж байхад гарч ирсэн. Гараад ирэхэд манай машины жолоочийн эсрэг талын урд жижиг гурвалжин цонхыг хагалчихсан дотор нь байсан урд талын толь, толин дээр давхар байрлуулсан гоёлын толь, самсунг эс 6 эдж загварын гар утас, түрийвч хулгайд алдагдсан байсан. Ингээд цагдаад хандсан юм. Манай нөхөр Дашпунцаг бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай учраас би нөхрийнхөө өмнөөс хохирогчоор мэдүүлэг өгч байна. Бидний хохирлыг барагдуулсан учраас нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар тал) ,

 

-мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор дахин өгсөн “... Машинаас алдсан хэтэвчинд 1.200 төгрөг л байсан. Хэтэвчнээсээ өөр эд зүйл үнэлэхгүй. Манай машинаас эд зүйл авсан хүмүүсийн ар гэртэй нь уулзаад хохирлоо бүрэн авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал),

 

5.2 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Халуун усны гадна байсан гэх 9602 УНП улсын дугаартай приус 20 загварын машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дугаар тал.) ,

 

5.3 Гэрч Б.Дашпунцагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 29-нд өгсөн “... Би 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад өөрийн эхнэр Лхагвадулам, ээж Мягмарцэцэг нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усанд орчихоод гараад ирсэн чинь машины зүүн урд талын жижиг гурвалжин цонхыг хагалаад дотор нь байсан “Самсунг эс-6 эдж” загварын  шаргал өнгийн гар утас алдагдсан байсан. Мөн машины голын толь болон түрийвч байхгүй болсон байна. Тэгээд цагдаад эхнэр Лхагвадулам дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар тал) ,

 

5.4 Гэрч Ч.Мягмарцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 11 цаг өнгөрч байхад хүргэн Дашпунцаг, охин Лхагвадулам нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны газар ороод гараад ирсэн чинь машины зүүн урьд талын жижиг гурвалжин цонхыг хагалаад дотор нь байсан охин Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг эс 6 эдж” загварын шаргал өнгийн гар утас, түрийвч нь алдагдсан байсан. Мөн машины голын толь байхгүй болсон байсан. Алдагдсан гар утас, түрийвч хоёр охин Лхагвадуламынх байгаа юм. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал),

 

5.5 Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 29-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед би өөрийн утаснаас Н руу залгаж хаана байна гэхэд Нямка танайх руу явж байна гэсэн. Та гэрийнхээ дээд талд байдаг хүүхдийн тоглоомын сааданд хүрээд ир гэсэн. 13 цаг болж байсан. Намайг очсоноос 2-3 минутын дараа Н, Б нар ирсэн. Ирээд та энэ утсыг авах уу гэж Нямка асуусан. Тэр утас нь “Самсунг  эс 6 эдж” байсан. Хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад 100.000 төгрөгөөр ав гэсэн. Би данс руу нь 85.000 төгрөг шилжүүлсэн. Б-ыг танихгүй, зүс л харж байсан. ... “ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар тал),

 

5.6 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А.Н-оос хар өнгийн гадаргуутай толь 1 ширхэг, шаргал өнгийн самсунг эс-6 эдж загварын гар утас зэргийг түр хураан авсан, мөн өдөр хохирогч Г.Лхагвадуламд дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал) ,

5.7 Г.Лхагвадуламын хэрэгт ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр цонхны гурвалжин шилийг худалдан авсан гэх 45.000 төгрөгийн зарлагын баримт (1 дүгээр хавтаст хэргийн 177 дугаар тал.) ,

 

5.8 Г.Лхагвадуламын 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал),

5.9 96-02 УНП улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашины өмчлөгч нь Б.Дашпунцаг бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар тал), Б.Дашпунцаг, Г.Лхагвадулам нарын гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал) ,

5.10 “Арвижих эстимтэйт” ХХК-ний 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18/125 дугаартай хохирогч Г.Лхагвадуламын эд хөрөнгийн үнийг нийт 345.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр тал) ,

5.11 М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Н бид хоёр ...миний машинтай гараад Баянхошууны эцсийн буудал орох гээд явж байтал сүү цагаан идээ зардаг гудамжинд буюу Зүүнбаян-Уулын 11 дүгээр гудамжинд цагаан өнгийн “приус 20” машин зогсож байхаар нь өнгөрөөд явах гэтэл Н зогсчих, энэ машины голд өргөн толь байна, авчихъя гэсэн. Би гэгээн цагаан өдөр хэрэггүй гэсэн. Тэр машины хажуу талд бараг 20 орчим минут зогссон. Тэгтэл Н машинаас буусан. Би машинд сууж байсан болохоор анзаарч хараагүй. Тэгтэл Н нөгөө машинаас өргөн толь, “Самсунг эс 6” гар утас, хэтэвч бариад ороод ирсэн. Тэгээд бид хоёр тэндээс яваад Н-ийн гэрт очиход Н өргөн толио гэртээ оруулсан. “Эс 6” гар утсыг зарах гээд 3,4 дүгээр хороолол руу явах замд Н Сүхнээ гэдэг ахтай уулзаад нөгөө гар утсаа 100.000 төгрөгөөр зарсан. Миний данс руу Сүхнээ ах 100.000 төгрөг хийсэн. Сүхнээ ах хулгайн гар утас гэж мэдээгүй. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Н бид хоёр хулгай хийсэн, өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал) ,

 

5.12  А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 25-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 11 дүгээр гудамжаар алхаж явтал цагаан өнгийн “приус 20” загварын автомашин байсан. Тэгтэл Б энэ машин дотор талын голын урд хэсэгтээ гоёлын тольтой юм байна, энийг хоёулаа авч зарая гэж хэлсэн. Ингээд би урд талд нь байрлах жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг нь тоосгоор хагалж хаалгыг нь онгойлгоод хамтдаа голын том толийг нь авсан. Машин дотор нь ил самсунг эйс 6 эдж загварын гар утас, 1200 төгрөгтэй бор өнгийн түрийвч байсныг хулгайлж авсан. Ингээд хулгайлсан гар утсаа бид хоёр зарахаар би танил ах болох Сүхбаатар руу залгаад “Самсунг эс 6 эдж” загварын гар утас байна, та худалдаж авах уу гэж хэлээд 85.000 төгрөгөөр зараад түрийвч дотор нь байсан 1200 төгрөгийг аваад түрийвчийг нь хаясан. Тухайн гар утсыг зарчихаад Баянхошууны жанцан дээр явж байгаад цагдаад баригдсан. Ойр зуурын хэрэглээнд зарцуулах мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Б 10 жилд манай доод ангид сурдаг байсан болохоор бие биенээ мэднэ. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар тал),

 

Зургаа. Шүүгдэгч Н.Г-ийн хохирогч Л.Дэлгэрцэцэгийн эд хөрөнгийг залилан авахыг завдсан гэмт хэргийн нотлох баримтууд.

 

6.1 Хохирогч Л.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 02-нд өгсөн “...Би тэр өдөр гэр рүүгээ харих гэж явж байгаад 3, 4 дүгээр хорооллын эцсийн “Файр” нэртэй баарны гадна талд явж байгаад Г гэх энэ хүүхэдтэй тааралдсан. Тэр үед би жаахан пиво уусан учраас толгой жаахан манараад явж байсан болохоос тэгтлээ их согтоогүй байсан. Тэгээд надаас нэг мэдсэн гар утсаа өгч бай гэсэн. Тэгээд би май гээд өгч байсан. Ингээд удалгүй тэнд зогсож байсан чинь тэр баарны гадна талд байсан залуучууд намайг ганцаараа явж байгаа юм уу гээд өдөж хоргоогоод хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би харилаа гээд, Г ч гэсэн харилаа гээд мөн нэг найзтайгаа байж байгаад тэгээд таксинд юм уу нэг машинд суусан. Баарны гадна талаас хөдлөөд 3, 4 дүгээр хороололын эцсийн зам руу ороод явж байгаад Г-өөс утсаа нэхсэн чинь нэг их юм дугарахгүй байхаар нь би буулаа гээд буусан. Тэгээд буугаад гар утсаа нэхсэн. Г би чамд өгсөн шүү дээ надад байхгүй гэсэн. Тэр хооронд машин яваад өгсөн. Харин бид хоёр хоорондоо гар утаснаас болж маргалдаж байгаад би Г-ийн гар утсаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаад очсон. Цагдаа нар гар утас нь хаана байна гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд цагдаа чамтай хамт явсан хүн хаана байна гээд тэгээд тэр найз руугаа залгаад цагдаад тэр найз нь ирэхдээ миний гар утсыг авч ирсэн. Тэр гар утсыг нь авчирсан найзыг нь цагдаа нар хамт авч явсан. Ингээд би өөрийн гар утсаа цагдаа нараас ямар нэгэн эвдрэлгүй бүрэн бүтэн хүлээн авсан. Намайг гар утсаа авах үед сим карт нь байхгүй байсан. Миний гар утас “самсунг эс-7” гар утас байгаа юм. 380.000 төгрөгөөр авсан. Намайг ямар нэгэн байдлаар цохиж дарамталсан зүйл байхгүй, мөн хамт явсан хүмүүс нь энэ хэрэгт оролцоогүй, ганцхан Г л миний гар утсыг яриад өгнө гэж хэлээд аваад надад байхгүй, би аваагүй гэж хэлсэнд гол нь байгаа юм. Би өөрийн гар утсандаа шинээр программ суулгахад 30.000 төгрөг болсон. Сим карт 3000 төгрөг болсон. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн  21-22 дугаар тал),

 

-мөн хохирогчоор дахин 2018 оны 12 дугаар сарын 02-нд өгсөн “... Надад нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Гар утсанд программ суулгасан 30.000 төгрөг, сим картны 3000 төгрөгийг Г-өөс авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

6.2 Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 02-нд өгсөн “... Би 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Г-ийн хамт Баянхошууны пи си тоглоомын газар танилцаж байсан Лхагвааг  Баянхошуунаас хорооллын эцэст хүргэж ирсэн. “Файр” баарны гадаа зогсоход Г-ийн таньдаг эмэгтэй баарны гадна баахан банди нарт янхан гичийгээрээ дуудуулаад доромжлуулаад байж байхаар нь Г би таньдаг юм, хүргээд өгчихье гээд дагуулаад машинд суулгасан. Тухайн үед Лхагваагийн унаж явсан саарал өнгийн “Тоёота приус 20” загварын машинтай явж байсан. Тэгээд хүргэж өгөх гээд хорооллын эцсээс Баянхошуу руу явж байхад нөгөө охин бөөлжлөө гээд машин зогсоогоод буусан. Тэгснээ Г-ийг нуруун дээр дараад өг гээд дуудаж буулгаад тэр хоёр хамт буусан. E март төвийн хойд байрны тийшээ алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь харж байгаад машины хойд сандал дээр гар утас байхыг хараад авчихсан юм. Тэгээд Лхагваад намайг “Файр” баарны үүдэнд очоод буулгачих гээд би баарны гадна буугаад Лхагваа яваад өгсөн. 5-10 минутын дараа миний утас руу цагдаа залгаад гар утас машины чинь хойно үлдсэн байна, аваад ир гэхээр нь би цагдаагийн хэсэг дээр яваад очсон. “Самсунг эс 7” гар утсыг нь базаж форматалсан байсан. Гар утсанд ямар нэг сим карт байгаагүй. Гар утас нүдэнд харагдахаар нь өөрөө хэрэглэдэг юм бил үү гэж бодоод авчихсан юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

6.3 Гэрч Г.Лхагва-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 04-нд өгсөн “... 2018 оны 08 дугаар сарын 01-ний оройн 23 цаг өнгөрөөгөөд эгч Өөдсийн 22-51 УБЭ улсын дугаартай “тоёота приус 20” загварын машиныг унаад халтуур хийхээр гарсан. Баянхошууны эцэс дээр хүн авах гээд зогсож байхад тэнд манай найз нар болох Г, Г нар зогсож байсан. Бид хоёрыг 3,4 дүгээр хорооллын эцсийн “файр” нэртэй бааранд хүргээд өгөөч гэсэн. 00 цаг өнгөрч байхад тэр хоёрыг буулгасан. 01 цагийн үед байх, буцаад очсон чинь Г, Г нар бага зэргийн архи үнэртүүлсэн, өөр нэг эмэгтэйг манай Баянхошууных байгаа юм, хүргээд өгчих мөнгийг нь өгнө гэхээр нь суулгаад хөдөлсөн. Тэр үед Г тэр эмэгтэйн гар утсыг ...авсан байсан. 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвараар нэвтрээд явж байтал нөгөө эмэгтэй нь би бөөлжлөө гэх шиг болоод бууя гэсэн. Машинаас Г тэр эмэгтэй нар зүгээр буугаад замын хажууд зогссон. Тэгтэл Г надад хөгшөөн буцаад нөгөө баар руугаа намайг хүргээд өгчих, би тэнд буучихмаар байна гэхээр нь би за за тэгээд энэ хоёрыг яах юм бэ гэхэд наад хоёр чинь учраа олно биз дээ гэхлээр нь за за гээд буцаад баар руу дөхөж очоод Г машинаас буусан. Би цаашаа явсан. Тухайн үед Г, Г, тэр эмэгтэй гурав хойно сууж байсан. Хэрэв гар утсыг Г авсан бол тэр үед л авсан юм байлгүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар тал) ,

 

6.4 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

6.5 “Дамно” ХХК-ийн хохирогч Л.Дэлгэрцэцэгийн “самсунг эс 7” гар утасны үнийг 544.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), мөн “Мастер үнэлгээ” ХХК-ний гар утасны сим картын үнийг 3000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ (2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал) ,

 

6.6  Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 01-нд өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” бааранд орж хүн тус бүрийн 2, 2 пиво уусан. Тэгээд жаахан агаар амьсгалах санаатай гараад үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь манай хуучин найз охины найз болох Дэлгэрцэцэг тэр баар руу орох гээд нилээн согтуу ганцаараа явж байхаар нь хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг их юм дугараагүй шууд баар руу ороод явсан. Тэгээд би Г-тай хамт нөгөө баар руугаа буцаж ороод дахиад 10-15 минутын дараа тамхи татах гээд гараад ирсэн чинь нөгөө Дэлгэрцэцэг гэдэг эмэгтэй нэг эрэгтэй хүнтэй тэврэлдээд мөн өөр нэг эрэгтэй хүнтэй хэрэлдээд нөгөөх нь янз бүрээр доромжлоод гичий нохойгоор болон өөр янз бүрээр доромжлоод байхаар нь би очоод тэр хүнийг өмөөрөөд шууд салгаад Дэлгэрцэцэгийг гэр рүүгээ харих уу гээд хэлсэн чинь тэгнэ гэсэн. Лхагва руу залгасан хажуухан талд байна гээд тэгээд би Г-тай хамт Дэлгэрцэцэгийг аваад Лхагвын машинд суугаад Баянхошуу руу хөдөлсөн. Машинд дөнгөж суугаад хөдлөөд Дэлгэрцэцэгээс утсаа өгч бай гээд хэлсэн чинь надад гар утасныхаа кодыг өөрөө гаргаж надад өгсөн. Тэгээд Дэлгэрцэцэг би бөөлжлөө гэсэн. 3,4 дүгээр хорооллын эцэс дээр машинаас буугаад бөөлжсөн. Буухаар нь би гар утасны сим картыг салгаж аваад тэгээд утсыг нь форматалсан. Ингээд Дэлгэрцэцэгийн пальтог аваад гар утсыг нь хойд талын суудал дээр үлдээгээд Дэлгэрцэцэг дээр очсон. Нэг харсан чинь нөгөө хоёр найз маань ажил гарсан гээд яваад өгсөн. Дэлгэрцэцэг гар утсаа надаас нэхэхээр нь би өөдөөс нь чамд өгсөн шүү дээ гэсэн чинь өөдөөс би чамаас гар утсаа авмаар байна, өгөхгүй бол цагдаа дуудлаа гээд байсан. Хэсэг хугацааны дараа миний гар утсыг өгч бай гээд цагдаад дуудлага өгсөн. Ингээд би Г-ийн дугаар руу залгаад Дэлгэрцэцэгийн гар утас хойд талын сандал дээр байгаа та нар хаана байна гэсэн чинь 3,4 дүгээр хорооллын эцэс дээр байна гэсэн. Цагдаа ярьсан чинь Г нөгөө гар утсыг авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар тал ) ,

-мөн түүний яллагдагчаар дахин 2019 оны 1 дүгээр сарын 07-нд өгсөн “... Би хулгайн хоёр үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин Дэлгэрцэцэгийн гар утсыг дээрэмдээгүй, зүгээр утсаар ярьчихаад өгье гэж хэлж авчихаад буцаагаад өгсөн. Дэлгэрцэцэгийг дээрэмдсэн гэх зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 238 дугаар тал),

 

Долоо. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд:

 

7.1 Гэрч Н.Дэлгэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 31-нд өгсөн: Манай хүү Б нь 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуульд ороод 9 дүгээр анги хүртлээ суралцаад үргэлжлүүлээд 2016-2017 оны хооронд 10 дугаар хороололд байдаг Техник технологийн коллежийг 2.5 жилийн хугацаатай суралцаад машины засварчин мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш ажил хийгээгүй. Таксинд явж байгаад л хулгайн хэрэгт холбогдсон байна. Яагаад хэрэгт холбогдсоныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) ,

 

7.2 Гэрч Н.Сэрчингийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн: “... Н нь миний том хүү юм. 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуульд ороод 9 дүгээр ангийг төгсөөд 2014 оноос эхлэн шинэ үе гэдэг барилгын коллежид орж суралцаж байгаад дундаас нь орхисон. Одоо хийсэн ажилгүй гэртээ байдаг. Миний хүү урьд өмнө бас хулгайн хэргээр шүүхээр орж байсан. Сүүлд ийм л хэрэгт орчихсон байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

 

7.3 Гэрч Д.Отгонбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн “... Миний хүү Г нь 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн. Бага насандаа Эрдэнэт хотод цэцэрлэгээр хүмүүжсэн. Тэндээ 12 жилийн сургуульд ороод, 5 дугаар ангиасаа Улаанбаатар хотод ирээд Баянхошууны 76 дугаар сургуулийн 9 дүгээр ангийг төгссөн. Үргэлжлүүлээд Үндэсний дээд сургуулийн мэргэжил сургалтын төвд няравын мэргэжил эзэмшиж төгссөн. Одоо хийсэн ажилгүй. Өмнө нь бас нэг хулгайн хэрэгт холбогдож байсан. Сүүлд бас машинаас хулгай хийсэн гэсэн хэрэгт холбогдсон байна. Цэргийн алба хаалгая гэж бодохоор хэрэгт холбогдоод болохгүй юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар тал) ,

 

7.4 Гэрч А.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн: “... Г нь миний гуравдахь хүүхэд юм. 105 дугаар сургуульд орж суралцаж төгсөөд, мэргэжил сургалтын төвд суралцсан. Түүнээс хойш ажил хийгээгүй. 2015 онд Энхжаргал гэх охинтой хамт амьдраад Энэрэл гэх охинтой болсон. Тэгээд энэ хоёр удаан амьдраагүй салсан. Г охиноо өөр дээрээ байлгана гээд нөхөр бид хоёр ерөнхийдөө ач охиноо хардаг юм. Энхжаргал саяхан нэг удаа охиноо авч яваад сар болоогүй буцаагаад бид нар дээр аваад ирсэн юм. Одоо Энэрэлийг нөхөр бид хоёр харж байгаа... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал) ,

 

7.5 Гэрч Э.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн “... Г бид хоёр 2015 оноос хойш үерхээд хамтран амьдраад 2015 оны 9 дүгээр сард охин Энэрэл төрсөн. 2017 оноос хувийн шалтгаанаас болоод бид салсан. Г охиноо өөрийн эцэг, эхийн хамтаар өсгөн хүмүүжүүлэхээр авсан. ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар тал )

 

7.6 С.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр тал), түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /санд бүртгэлгүй/ (3 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр тал), Худалдаа хөгжлийн банк, Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 59, 69 дүгээр тал), Барилга, технологийн коллежийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/34 дугаартай “... М.Б нь тус сургуулийн цахилгаан техникчийн 1а ангид суралцдаг болно” гэсэн албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 183 дугаар тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр тал),

 

7.7 А.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 230, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолууд (3 дугаар хавтаст хэргийн 114-122 дугаар тал) , түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 70-71, 81-83 дугаар тал),

 

7.8 Шүүгдэгч Н.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр тал), түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /санд бүртгэгдээгүй/( 3 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр тал), Н.Г-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт (3 дугаар хавтаст хэргийн 130, 172 дугаар тал), мэргэжлийн боловсролын үнэмлэх (3 дугаар хавтаст хэрийн 173 дугаар тал) ,

 

7.9 Шүүгдэгч О.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал), түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3 дугаар хавтаст хэргийн 100 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 103-110 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч М.Б нь О.Г, Н.Г, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн нийт 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан зөөвөрлөж,  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан;

-шүүгдэгч А.Н нь М.Б, О.Г, Н.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан зөөвөрлөж,  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан;

-шүүгдэгч Н.Г нь М.Б, О.Г, А.Н нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн нийт 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан зөөвөрлөж,  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-мөн 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө иргэн Л.Дэлгэрцэцэгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэж бусдад 547.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч О.Г нь М.Б, Н.Г нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн иргэн Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийн болох 42 инчийн ТСЛ маркийн зурагтийг “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Цагдаад баригдахгүй санаа зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг бэлдсэн, эд зүйлийг хулгайлахдаа машин механизм ашигласан.

Иймд шүүгдэгч А.Н, М.Б, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,

-шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.

Иргэний нэхэмжлэгч Сүхбаатарт 85.000 төгрөгийн хохирол төлөгдсөн баримт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Баатарсүмбэр-Уул хөдөө байдаг гээд ирдэггүй байсан нөхцөл байдал тогтоогддог учир хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Очирдорж дүгнэлтдээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б гэм буруугийн тал дээр маргахгүй. Анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлж ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа илэрхийлсэн. Өөрт ногдох хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн иргэний нэхэмжлэгч Сүхбаатарт хохирол төлбөр төлсөн хэдий ч баримт байхгүй байна. Шүүгдэгч нар гэм буруу, зүйлчлэл дээр маргахгүй байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар зүйлчилсэн нь хууль хэрэглээ талаасаа эргэлзээтэй байна. Уг заалтад “учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж үйлдсэн бол” гэж хуульчилсан байгаа. Хулгайн гэмт хэрэг тухайн эд зүйлийг эзэмшилдээ авснаар төгсдөг. Магадгүй машинаараа гэрийн хаалгыг мөргөж онгойлгох, цонхыг нь хагалах тохиолдолд уг зүйл ангиар зүйлчлэх үндэслэлтэй болов уу гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Нэр бүхий 3 хохирогчид өөрт ногдох хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Гэм буруу, зүйлчлэл, хохирол дээр маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож гэм буруутай нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар дүгнэлтдээ миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу, зүйлчлэлийн хувьд  маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна гэдгээ илэрхийлж байгаа учир өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийнхээ санал бодлыг дэмжиж байна. О.Г бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б, А.Н, Н.Г, О.Г нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Нэг. Шүүгдэгч М.Б, О.Г, Н.Г нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29-37б тоотод оршин суух иргэн Н.Гантулгын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн “ТСЛ” маркийн зурагтыг хулгайлж, уг зурагтыг “Хьюндэй аксент” 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар тал), хохирогч Н.Гантулга (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар тал), гэрч Н.Саран (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар зүйл), гэрч Б.Содгэрэл (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал)  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Б.Содгэрэлээс “42 инчийн ТСЛ” зурагтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, хураан авсан 42 инчийн зурагтыг хохирогч Н.Гантулгад хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал), С.Б-ын өмчлөлийн 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” загварын машиныг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-26 тоотод М.Б-д хариуцуулж битүүмжилсэн тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар тал), О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр тал), 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал), Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 11-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал) , яллагдагчаар дахин 2018 оны 12 дугаар сарын 07-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар тал), С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

Хоёр. М.Б, А.Н нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-7-133 тоот хашаанд байсан иргэн Ц.Даваадоржийн эзэмшлийн 48-35 УБТ улсын дугаартай “тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан гагнуурын аппарат, дунд гарын таслагч, жижиг таслагч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-2018 оны 08 дугаар сарын 13-нд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 148-150 дугаар тал), хохирогч Ц.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 23-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар тал.), хохирогчоор дахин 2018 оны 12 дугаар сарын 03-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр тал), Гэрч Б.Содгэрэлийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал), түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),  2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Н, С.Б нараас “Кен” брендийн жижиг тасдагч, дунд зэргийн тасдагч зэрэг багажийг хураан авч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Даваадоржид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар тал), “Мастер” үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 171-173 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

Гурав. М.Б, А.Н, Н.Г нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 5-184 тоотод оршин суух иргэн Н.Отгонбаярын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “Самсунг” маркийн 43 инчийн Лед зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, “Тоёота королла” маркийн 89-21 УНН машин механизм ашиглан зөөвөрлөж, бусдад 809.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 69-74 дүгээр тал), хохирогч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр тал), хохирогчоор дахин 2018 оны 11 дүгээр сарын 30-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар тал), гэрч Н.Лувсандоржийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал), гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 05-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал), мөн гэрчээр дахин 2018 оны 10 дугаар сарын 12-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 86 дугаар тал), М.Б-ын яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 02-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал) , Н.Г-ийн яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 11-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар тал),  А.Н-ийн яллагдагчаар 2018 оны 11 дүгээр сарын 01-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар тал), “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн хэргийн 97-98 дугаар тал), хохирогч Н.Отгонбаярын хэрэгт ирүүлсэн 43 инчийн “самсунг” зурагтыг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 899.900 төгрөгөөр худалдан авсан болон баталгааны хуудас (2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

Дөрөв. М.Б, А.Н нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 25 дугаар гудамжны 08 тоот хашааны гадна иргэн Г.Баатарсүмбэр-Уулын эзэмшлийн 63-64 ЗАА улсын дугаартай “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан “Самсунг эс-5” маркийн гар утас, Жимобайл гар утас, марк нь тодорхойгүй Хятад гар утас зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, “Хьюндэй аксент” маркийн 27-39 УНН улсын дугаартай машин механизм ашиглан зөөвөрлөж, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-хохирогч Г.Баатарсүмбэр-Уулын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 01-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар тал), хохирогчоор дахин 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар тал), гэрч Г.Эрдэнэзулын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар тал), гэрч Б.Сүхбаатарын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал), 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 185-189 дүгээр тал), Ухаа шүр консалтинг ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал), 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Г.Баатарсүмбэр-Уулд жимобайл гэсэн бичигтэй гар утас, Hiesense нэртэй саарал өнгийн гар утас зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар тал) ,

М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал), А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 08-нд өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 4 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

Тав. М.Б, А.Н нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Дашпунцагийн эзэмшлийн 96-02 УНП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан, машин дотор байсан голын толь, нэмэлт толь, иргэн Г.Лхагвадуламын эзэмшлийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утас, эмэгтэй хүний түрийвч, бэлэн 1200 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 306.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Г.Лхагвадуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 10-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар тал), дахин хохирогчоор 2018 оны 12 дугаар сарын 01-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал),

-гэрч Б.Дашпунцаг (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар тал), гэрч Ч.Мягмарцэцэг (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дугаар тал), гэрч Б.Сүхбаатар (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар тал) нарын мөрдөн шалгах шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

-2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дугаар тал),

-2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А.Н-оос хар өнгийн гадаргуутай толь 1 ширхэг, шаргал өнгийн “самсунг эс-6 эдж” загварын гар утас зэргийг түр хураан авсан, мөн өдөр хохирогч Г.Лхагвадуламд дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),

-“Арвижих эстимтэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр тал),

-М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 19-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал),

-А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 25-нд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг, агуулахад хүн тээвэрлэхэд зориулсан автомашины кабиныг тус тус хамааруулна.

Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Тус хэргийн шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарын орон байранд нэвтэрсэн, хүн тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийн цонхыг нь хагалж, дотор нь байсан эд хөрөнгийг нь хулгайлсан, гэмт хэрэгтээ учрах саадыг арилгах зорилгоор М.Б-ын эзэмшлийн “Хьюндэй аксент” 27-39 УНН улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн байна. Мөн М.Б, А.Н, Н.Г нар нь хулгайн гэмт хэрэгтээ Н.Ганхөлөгийн эзэмшилд байдаг, “Үлэмж оргил” ББСБ бүртгэлтэй 8921 УНН улсын дугаартай “Тоёота кролла” загварын тээврийн хэрэгслийг ашигласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Тэрээр шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдчилан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, гэмт үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, мөн шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Прокуророос яллах дүгнэлтэд болон гэм буруугийн дүгнэлтэд зарим хохирогч нарын автомашины шилийг хагалж, эд хөрөнгийг нь хулгайлсан гэх үгээр бичсэн, мөн дүгнэлтийг гаргасан ба, хууль зүйн хувьд уг үйлдэл нь агуулахад нэвтэрсэн үйлдэлд хамаарч байгаа бөгөөд үүнийг шүүх зөвтгөн дүгнэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,

-Шүүгдэгч М.Б-ыг Н.Г, О.Г, А.Н, Н.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 2.496.110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч А.Н-ийг М.Б, Н.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.486.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Г-ийг М.Б, О.Г, А.Н нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 1.459.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О.Г-ийг М.Б, Н.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Зургаа. Шүүгдэгч Н.Г нь бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийн талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Гантөсгийг иргэн Л.Дэлгэрцэцэгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийн үйл баримтыг үзвэл  шүүгдэгч Н.Г, хохирогч Л.Дэлгэрцэцэг нар нь “Файр” баарны гадна талд тааралдсан байх ба, Л.Дэлгэрцэцэгийг хүргэж өгөхөөр машинд суулгах үедээ Н.Г хохирогч Л.Дэлгэрцэцэгээс утсаар чинь яриад өгье гэхэд хохирогч өөрийн гар утсыг Н.Г-өд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь довтолгооноор төгсдөг онцлогтой бөгөөд бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэдгийг хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, эсхүл хэрэглэхээр заналхийлээгүй, эд хөрөнгийг нь зөвхөн илээр салган авч тэр даруй хохирогчоос зайлсхийх үйлдлийг ойлгоно. Нөгөө талаас хохирогч өөрийн эд хөрөнгийг сайн дураар шилжүүлэх ойлголт байхгүй юм.

Харин залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой ба бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Л.Дэлгэрцэцэг нь өөрийн эд хөрөнгийг шүүгдэгч Н.Г-өд шилжүүлэн өгсөн, Н.Г нь худал ярьж утсыг нь авсан, улмаар хохирогч гар утсаа нэхэхэд байхгүй, чамд өгсөн шүү дээ гэж хэлсэн байх ба гар утсыг нь форматалж, сим картыг нь хаясан үйлдэл нь хохирогчийн эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй байна. Түүнчлэн хохирогч Л.Дэлгэрцэцэг нь бөөлжье гэж машинаас буусан, энэ үед Н.Г түүний нуруун дээр дарж өгөхөөр хохирогчоос авсан гар утсыг машины арын суудал дээр тавиад буусан байхад тэдний суусан машин явснаар Н.Г-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Г-ийг 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Файр” баарны орчим гудамжинд илээр, хүч хэрэглэхгүйгээр иргэн Л.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “Самсунг Ж-7” маркийн 547.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Л.Дэлгэрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 02-нд өгсөн “...файр нэртэй баарны гадна талд явж байгаад Г гэх энэ хүүхэдтэй тааралдсан. ...надаас нэг мэдсэн гар утсаа өгч бай гэсэн. Тэгээд би май гээд өгч байсан. ...би харилаа гээд, Г ч гэсэн харилаа гээд мөн нэг найзтайгаа байж байгаад тэгээд таксинд юм уу нэг машинд суусан. ...Г-өөс утсаа нэхсэн чинь нэг их юм дугарахгүй байхаар нь би буулаа гээд буусан. Тэгээд буугаад гар утсаа нэхсэн. Г би чамд өгсөн шүү дээ надад байхгүй гэсэн. Тэр хооронд машин яваад өгсөн. Харин бид хоёр хоорондоо гар утаснаас болж маргалдаж байгаад би Г-ийн гар утсаар нь цагдаад дуудлага өгсөн. ...хамт явсан хүмүүс нь энэ хэрэгт оролцоогүй, ганцхан Г л миний гар утсыг яриад өгнө гэж хэлээд аваад надад байхгүй, би аваагүй гэж хэлсэнд гол нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

 гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 8 дугаар сарын 02-нд өгсөн “... Би 2018 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Г-ийн хамт “Файр” баарны гадаа зогсоход Г-ийн таньдаг эмэгтэй баарны гадна баахан банди нарт янхан гичийгээрээ дуудуулаад доромжлуулаад байж байхаар нь Г би таньдаг юмаа, хүргээд өгчихье гээд дагуулаад машинд суулгасан. ...Баянхошуу руу явж байхад нөгөө охин бөөлжлөө гээд машин зогсоогоод буусан. Тэгснээ Г-ийг нуруун дээр дараад өг гээд дуудаж буулгаад тэр хоёр хамт буусан. ...би араас нь харж байгаад машины хойд сандал дээр гар утас байхыг хараад авчихсан юм. ...5-10 минутын дараа миний утас руу цагдаа залгаад гар утас машины чинь хойно үлдсэн байна, аваад ир гэхээр нь би цагдаагийн хэсэг дээр яваад очсон. “Самсунг эс 7” гар утсыг нь базаж форматалсан байсан. Гар утсанд ямар нэг сим карт байгаагүй ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр тал.) , 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал), “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

 -Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 01-нд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файр бааранд орж хүн тус бүрийн 2, 2 пиво уусан. ...Дэлгэрцэцэг тэр баар руу орох гээд нилээн согтуу ганцаараа явж байхаар нь хаачих гэж байгаа юм бэ гэсэн чинь нэг их юм дугараагүй шууд баар руу ороод явсан. ...10-15 минутын дараа тамхи татах гээд гараад ирсэн чинь нөгөө Дэлгэрцэцэг гэдэг эмэгтэй нэг эрэгтэй хүнтэй тэврэлдээд мөн өөр нэг эрэгтэй хүнтэй хэрэлдээд нөгөөх нь янз бүрээр доромжлоод гичий нохойгоор болон өөр янз бүрээр доромжлоод байхаар нь би очоод тэр хүнийг өмөөрөөд шууд салгаад Дэлгэрцэцэгийн гэр рүүгээ харих уу гээд хэлсэн чинь тэгнэ гэсэн. ...би Г-тай хамт Дэлгэрцэцэгийг аваад Лхагвын машинд суугаад Баянхошуу руу хөдөлсөн. Машинд дөнгөж суугаад хөдлөөд Дэлгэрцэцэгээс утсаа өгч бай гээд хэлсэн чинь гар утасныхаа кодыг өөрөө гаргаж надад өгсөн. Тэгээд Дэлгэрцэцэг би бөөлжлөө гэсэн. 3,4 дүгээр хорооллын эцэс дээр машинаас буугаад бөөлжсөн. Буухаар нь би гар утасны сим картыг салгаж аваад тэгээд утсыг нь форматалсан. Ингээд Дэлгэрцэцэгийн пальтог аваад гар утсыг нь хойд талын суудал дээр үлдээгээд Дэлгэрцэцэг дээр очсон. Нэг харсан чинь нөгөө хоёр найз маань ажил гарсан гээд яваад өгсөн. Дэлгэрцэцэг гар утсаа надаас нэхэхээр нь би өөдөөс нь чамд өгсөн шүү дээ гэсэн чинь өөдөөс би чамаас гар утсаа авмаар байна, өгөхгүй бол цагдаа дуудлаа гээд байсан. Хэсэг хугацааны миний гар утсыг өгч бай гээд цагдаад дуудлага өгсөн. Ингээд би Г-ийн дугаар руу залгаад Дэлгэрцэцэгийн гар утас хойд талын сандал дээр байгаа та нар хаана байна гэсэн чинь 3,4 дүгээр хорооллын эцэс дээр байна гэсэн. Цагдаа ярьсан чинь Г нөгөө гар утсыг авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос шүүгдэгч Н.Г-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаар.

 

1. Хохирогч Н.Гантулгад 650.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “ТСЛ” загварын 42 инчийн зурагтыг нь хүлээлгэн өгсөн, тус хохирогчид шүүгдэгч М.Б, О.Г, Н.Г нар төлөх төлбөргүй байна.

 

2.Хохирогч Ц.Даваадоржид 360.000 төгрөгийн хохирол учирсан байх ба үлдэх 285.000 төгрөг төлөгдөөгүйгээс шүүхийн шатанд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч М.Б, А.Н нараас тус бүрээс 142.500 төгрөг тус тус нөхөн төлж, хохирол бүрэн төлөгдсөн байна.

 

3. Хохирогч Н.Отгонбаярт 809.910 төгрөгийн хохирол учирснаас шүүхийн шатанд  2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч А.Н 270.000 төгрөг, Н.Г 70.000, 200,000 төгрөг, нийт 270.000 төгрөг, М.Б 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 266.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, тус хохирогчид эдгээр шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна.

4. Хохирогч Г.Баатарсүмбэр-Уулд 370.000 төгрөгийн хохирол, шууд бус 60.000 төгрөгийн хохирол учирснаас төлөгдөөгүй үлдсэн 330.000 төгрөгөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч А.Н-оос 165.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Мөн М.Б-ын ар гэрээс хохирогч Г.Баатарсүмбэр-Уулын дүү гэх Г.Эрдэнэзулд 165.000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нөхөн төлсөн тухай Г.Эрдэнэзулын нотариатаар гэрчлүүлсэн баримт зэргээр тус хохирогчид шүүгдэгч М.Б, А.Н нар нь төлөх төлбөргүй байна.

5. Хохирогч Б.Дашпунцагт, түүний эхнэр Г.Лхагвадулам нарт 306.200 төгрөгийн хохирол учирснаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр А.Н-оос хар өнгийн гадаргуутай толь 1 ширхэг, шаргал өнгийн самсунг эс-6 эдж загварын гар утас зэргийг түр хураан авч, мөн өдөр хохирогч Г.Лхагвадуламд дээрх эд зүйлийг хүлээлгэн өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр тал) , Г.Лхагвадуламын 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирлыг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал) зэрэг баримтаар тус хохирогчид шүүгдэгч М.Б, А.Н нар нь төлөх төлбөргүй байна.

6.Хохирогч Л.Дэлгэрцэцэг нь гар утсаа буцаан авсан тул түүнд шүүгдэгч Н.Г төлөх төлбөргүй байна.

7.Иргэний нэхэмжлэгч Б.Содгэрэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Н нь 200.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнд шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна.

8.Иргэний нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь 85.000 төгрөг нэхэмжилснийг А.Н-оос төлсөн талаар нэхэмжлэгч нь шүүхэд баримт ирүүлсэн байх тул, түүнд шүүгдэгч нар төлөх төлбөргүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч М.Б, А.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

-шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

-шүүгдэгч Н.Г-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ял оногдуулах,

-шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч Н.Г 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс, шүүгдэгч А.Н 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тус тус цагдан хоригдсон ба тэдний урьдчилан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан. Энэ нь хүүхдэд сэтгэцийн дүгнэлт гаргаад сэтгэхүйн хувьд өөр, сэтгэцийн хувьд хоцрогдмол байдалтай хүүхдэд уг зүйл заалтыг хэрэглэхээр хуульчилсан. Иймд өмгөөлөгчдийн саналд дурдсанаар шүүгдэгч нарт энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх саналыг гаргаж байх ба О.Г-ийн хувьд тэнсэнтэй байх хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Д.Очирдорж гаргасан дүгнэлтдээ “М.Б нь  гэм буруутайд тооцсон асуудалтай маргах зүйлгүй,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан учир түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. М.Б-ын хувьд 19 настай, барилга, технологийн коллежид суралцдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. Иймд ухамсарлуулах, боловсрол эзэмшүүлэх чиглэлд үндэслэсэн зохих хуулийн боломжийг шүүх өөрийн эрх хэмжээнд ашиглан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, зөв хүн болоход нь туслах тул 8 дугаар бүлэгт заасан арга хэмжээг хэрэглэн ялыг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;

 

            Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч А.Очбадрал гаргасан дүгнэлтдээ “А.Н нь гэм буруу дээр маргадаггүй, хохирлыг барагдуулсан, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;

            Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч О.Г-ийн хувьд нэг удаагийн хулгайн үйлдэлтэй, бусдад төлөх төлбөр байхгүй. Шүүх хуралдааны явцад гэм буруугийн тал дээр маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар илэрхийлсэн. О.Г нь эцэг, эхийнхээ хашаанд нь тусдаа ой 8 сартай 1 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдийн эх нь хүүхдээ хаяад явсан байдаг. О.Г өмнө нь гэмт хэрэг үйлдээд ял хойшлогдсон байдаг. Хуучин 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлж байсан. Гэхдээ үүнээс илүү түүнд ой 8 сартай хүүхэд байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байдаг. О.Г-ийн хувьд 19 настай, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг багасгаж шийдэх боломж байвал албадлагын арга хэмжээ оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;  

            Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан дүгнэлтдээ “Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 3 настай өөрийн төрсөн охин Энэрэл болон эцэг, эхийн хамт амьдардаг. Охин нь аавын ээжийнх нь асрамжид байдаг. Н.Г нь  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ял хөнгөрүүлэх шаардлагыг хангасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, шинэчлэн найруулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэж өгнө үү. Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт сэтгэцийн дүгнэлт байгаа тохиолдолд хэрэглэнэ гэж ярьж байна. Хуульд үүнийг заавал нотолсон байхыг шаардаагүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч М.Б, Н.Г нар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэгдэж байгаагүй байна. Харин шүүгдэгч А.Н нь хоёр удаа, О.Г нь нэг удаа тус тус ял шийтгэгдэж байсан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан буюу өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нь арван найман насанд хүрээгүй байсан хүнийг хамруулан ойлгох юм.

Тус гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч М.Б, Н.Г, О.Г нар нь 18 насанд, А.Н нь 19 насанд хүрсэн байх тул тэд өсвөр насны хүнд хамаарахгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг хэрэглэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх талаар гаргасан өмгөөлөгчдийн санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тэдний оролцсон оролцоогоор ялыг ялгамжтай оногдуулахаар, шүүгдэгч М.Б, Н.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тэдэнд хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд хуулийн зорилгод нийцүүлэн, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Н.Г-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял;

-шүүгдэгч А.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Г-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 04 сарын хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоов.

Мөн шүүгдэгч О.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт  хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтооно гэж заасан.

Иймд шүүгдэгч О.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Н.Г, О.Г нар нь бага насны хүүхэдтэй, эх нар нь хүүхдээ орхиод явсан гэж тэдний өмгөөлөгч нараас тайлбарласан боловч гэрлэлт цуцалсан, эсхүл ганц бие эцэг болох тухай баримтгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлаар.

Улсын яллагчаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Б-ын өмчлөлийн 1.200.000 төгрөгийн үнэтэй 27-39 УНН улсын дугаартай “Хьюндай аксент” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, шүүгдэгч Н.Г, А.Н, О.Г нараас тус бүр 300.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч М.Б-д олгуулах,

-иргэн Н.Ганхөлөгийн өмчлөлийн 5.500.000 төгрөгийн үнэ бүхий 89-21 УНН улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г нараас 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1.833.300 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгуулах гэсэн саналыг гаргасан.

Хэрэгт цугларсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа, хэлцэл зэргээр 27-39 УНН улсын дугаартай “Хьюндэй Аксент” автомашиныг М.Б нь Э.Мөнх-Оршихоос 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр худалдан авсан бөгөөд бичиг баримтаар нэрээ шилжүүлээгүй боловч бодитоор М.Б-ын хөрөнгө болох нь тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

Иймд прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хэрэгт битүүмжлэгдэж, М.Б-д хариуцуулсан түүний хөрөнгө болох гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 27-39 УНН улсын дугаартай “Хьюндай аксент” загварын автомашиныг дээрх хуульд зааснаар улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч М.Б нь уг автомашины үнийг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, тус хэрэгт битүүмжлэгдсэн 89-21 УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашин нь “Үлэмж-Оргил” ХХК-ийн эзэмшилд барьцаанд бүртгэлтэй болох нь гэрч Н.Ганхөлөгийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, “Үлэмж оргил” ББСБ-ын барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон тул тус автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Харин “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/182086 дугаар үнэлгээнд 89-21 улсын дугаартай “Тоёота королла” загварын машины зах зээлийн үнийг 5.500.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан (3 дугаар хавтаст хэргийн 34-41 дүгээр тал) -г үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож тус машиныг ашигласан шүүгдэгч нараас 89-21 УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашины үнийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч М.Б-аас 1.833.333 төгрөг, шүүгдэгч А.Н-оос 1.833.333 төгрөг, шүүгдэгч Н.Г-өөс 1.833.333 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт  шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

-Тус хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг,

-шүүгдэгч А.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг,

-шүүгдэгч М.Б, О.Г нарын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт М-ийн Б-ыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилсан үгсэн тохиролцон, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

-шүүгдэгч Б овогт А-ийн Н-ийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

-шүүгдэгч Ш овогт О-ын Г-ийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

-шүүгдэгч Х овогт Н-н Г-ийг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон,  бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;  

-мөн хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  шүүгдэгч М.Б-ыг 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял;

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н-ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял;

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г-ийг  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Г-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, түүний нийт эдлэх ялыг хэмжээг 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 (наян дөрөв) хоногийг, шүүгдэгч А.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 (ная) хоногийг, шүүгдэгч М.Б, О.Г нарын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 6 (зургаа) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нар нь хохирогч Н.Г, Ц.Д, Н.О, Г.Б, Г.Л, иргэний нэхэмжлэгч Б.С, Б.С нарт, мөн шүүгдэгч Н.Г нь хохирогч Л.Д-т тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэхь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаар тогтоолоор тус хэрэгт битүүмжлэгдсэн М.Б-ын эзэмшлийн **-** УНН улсын дугаартай “Хьюндай аксент” загварын автомашиныг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Тус хэрэгт “Үлэмж Оргил” ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй **-** УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашиныг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус автомашиныг хууль ёсны эзэмшигч “Үлэмж Оргил” ХХК-нд буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх заалтад зааснаар **-** УНН улсын дугаартай “Тоёота королла” загварын автомашины үнэ 5.500.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч М.Б-аас 1.833.333 (нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг, шүүгдэгч А.Н-оос 1.833.333 (нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг, шүүгдэгч Н.Г-өөс 1.833.333 (нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт  шилжүүлсүгэй.  

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, А.Н, Н.Г, О.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА