Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0324

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Д, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Х, хариуцагч Засаг дарга Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Могод сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг тус тус баримтлан Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоол, Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 86 өдрийн цалинтай тэнцэх олговор 3 880 922 төгрөгөөс 1 940 461 төгрөгийг Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үлдэх 1 940 461 төгрөгийг Могод сумын Засаг даргаас тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нараас давж заалдах гомдолдоо: “ ...Нэхэмжлэгч нь Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар эхлээд Булган аймгийн Засаг даргад гомдлоо гаргах байсан.

42 дугаар тогтоолоор сумын Засаг даргын орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй юм. Өөрөөр хэлбэл, тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй тул тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нөхөн олговор гэж ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэхдээ хариуцагч нарын хэнд нь холбогдуулж хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа нэхэмжлэлдээ дурдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын дүнг тэнцүү хуваан хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Д-аас “Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг зөрчсөн, Засаг дарга биш хурлын дарга нь өөрөө санаачилж тэргүүлэгчдийн тогтоол гаргасан ...” гэж тайлбарлан маргажээ.

Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргын орлогчид санал оруулж, зөвшилцөх тухай” 42 дугаар тогтоолоор сумын Засаг даргын орлогч Д.Д-ийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас чөлөөлж, Б.М-ыг томилохыг Засаг даргад зөвшөөрсөн, үүний дагуу Булган аймгийн Могод сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/09 дүгээр захирамжаар сумын Засаг даргын орлогч Д.Дг бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9-д зааснаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал байхаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөхөөр тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх эрхийг сумын Засаг дарга эдлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг дээрх хуулиар шаардсан. Гэхдээ хэрхэн, яаж зөвшилцөх талаар арга, журмыг тусгайлан зохицуулаагүй байна.

Хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Сумын Засаг даргын орлогчид санал оруулж, зөвшилцөх тухай” 42 дугаар тогтоолын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас Засаг даргын орлогч Д.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.М-ыг томилуулах талаар санал оруулсны дагуу хурлаар хэлэлцэн Засаг даргын орлогчид санал зөвшилцөх тухай тогтоолын төслийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн, үүний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоолыг сумын Засаг даргад хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоолыг үндэслэн сумын Засаг даргаас Д.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр зохицуулсныг “заавал сумын Засаг дарга өөрөө орлогч даргыг томилж, чөлөөлөх талаарх санал, хүсэлт явуулсныг Хурлын Тэргүүлэгчид хэлэлцсэн тохиолдолд зөвшилцсөн гэж үзнэ” гэж тайлбарлах нь өрөөсгөл бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл “Сумын Засаг даргын орлогчид санал оруулж зөвшилцөх тухай” уг тогтоолын дагуу орлогч даргаа чөлөөлөх эсэх нь сумын Засаг даргын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм.  

Нэгэнт сумын Засаг даргаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Д.Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, энэ тохиолдолд сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөх талаар зөвшилцөөгүй гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх “...сумын Засаг даргаас өөрийн орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд санал зөвшилцөх талаар албан ёсоор хүсэлтээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлж, хүсэлтийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засаг даргын зөвшилцөх саналыг хэлэлцэх шийдвэрлэх үндэслэл болно” хэмээн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/02, 01/07 дугаар тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаар захирамж зэргээс үзэхэд сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байх тул сонгуулийн үр дүнд томилогддог, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх улсын төрийн албан тушаалтны тухайд ажлаас чөлөөлөгдөх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Иймд нэгэнт хариуцагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу Д.Д-г албан тушаалаас чөлөөлсөн, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн “Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоол, Булган аймгийн Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН