Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 158/ШШ2021/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Могод сумын иргэн Д.Д гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, сумын Засаг дарга нарт холбогдох

Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 158/2021/0001/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч сумын Засаг даргын орлогч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлож, хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг өргөн мэдүүлсэн боловч хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр аймгийн Засаг дарга батламжлаагүй. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргыг томилохоос татгалзсан тохиолдолд хурал 15 хоногийн дотор дахин ээлжит бус хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Х  нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудлыг сумын Засаг дарга томилогдоогүй байхад хурлын Тэргүүлэгчидэд өөрөө санал оруулж, сумын Засаг даргаар ажиллаж байсан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5.2, 31.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг буруутай албан тушаалтнаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д  нь Могод сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд ажиллаж байгаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл нь бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т сумын Засаг даргыг 4 жилийн хугацаатай томилно гэж зааснаас бусад албан тушаалтан өөрөөр хэлбэл Засаг даргын орлогчийг 4 жилийн хугацаатай томилно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл түүнийг бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу юм. Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаар тогтоол зөвшилцөх гэдэг байдлаар гарсан. Хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан зөвшилцөх эрх сумын Засаг даргад хамаарах болохоос сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болон хуралд хамаарахгүй заалт. Хурлын Тэргүүлэгчид өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, тогтоол гаргасан нь хууль зөрчсөн хууль бус тогтоол гэж үзнэ. Хариуцагчаас хуралд асуудал оруулах эрхтэй, энэ эрхийнхээ дагуу сумын Засаг даргын орлогчийн асуудлыг оруулж хэлэлцүүлсэн гэж тайлбарладаг. Мөн Д г ажлын хариуцлага алдсан, үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй гэж байгаа боловч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан дээр Д гийн хариуцсан МАА, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байдаг боловч түүнийг ажлаа хангалтгүй хийсэн, хариуцлага алдсан талаар огт дурдаагүй нь тэмдэглэлээс тодорхой харагддаг.

Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан захирамж нь мөн хууль зөрчсөн байгаа. Хариуцагч захирамжийнхаа талаар шүүх хуралдаан дээр огт мэтгэлцэхгүй байгаа нь буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Сумын Засаг даргын бүрэн эрх дараагийн Засаг дарга томилогдсоноор дуусгавар болдог. Могод сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг аймгийн Засаг даргаас томилоогүй байхад буюу сумын Засаг дарга бүрэн эрхээ дуусаагүй байхад өөрийн орлогчийг бүрэн эрх дууссан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа нь буруу юм. Мөн Б.М ыг Засаг даргын орлогчоор шууд томилсон байгаа нь хууль зөрчсөн. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас зөвшөөрөл ирээгүй байхад шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал юм. Иймд Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаартай тогтоол болон сумын Засаг даргын Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хууль бус ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Үүнийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Х  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын ИТХурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж Засаг даргаар Б.М ыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл сум дүүргийн засаг даргын орлогч нар улс төрийн албан тушаалд хамаарна. ИТХурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж улс төрийн албан хаагчдын бүрэн эрх эхэлсэн болно. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т хурлын төлөөлөгчийн хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр оруулах эрхтэйг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу ИТХурлын дарга Засаг даргын зөвшилцөх саналыг хуралд оруулж хэлэлцүүлсэн болно. Засаг даргын орлогч Д.Д  сумын МАА болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах комиссын даргын ажлаа орхигдуулсны улмаас сумын нөөцөд 1 боодол өвс, 1 шуудай тэжээлгүй байсан учир шуурхай арга хэмжээ авч бүрэн эрх нь дуусгавар болсон Д.Д г өөрчлөх шаардлага тавьсан. Ингээд Засаг дарга орлогчоо сумын ИТХурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилж, чөлөөлөх заалтын дагуу сумын ИТХурлын тэргүүлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 42 тоот тогтоол гаргаж хүргүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Могод сумын Засаг дарга Ц.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 24 дугаартай Булган аймгийн Могод сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Засаг даргын орлогч Д.Д г Мал аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажлын хэсгийн ахлагчаар томилж, дээрх ажлын хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хэрэгжилтийн дүнг сумын ИТХурлын тэргүүлэгчдэд танилцуулахыг үүрэг болгосон. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ИТХурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын орлогчид өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй муу хэрэгжүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн энэ өдрийн хуралдааны 42 тоот тогтоолоор сумын Засаг даргын орлогч Д.Д г үүрэгт ажлаас чөлөөлөхийг Засаг даргад зөвшөөрсөн. Д.Д г ажлаас чөлөөлсөн гол үндэслэл нь бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа, хариуцсан ажилдаа хайнга хандсан, намын сонгуулийн ажлыг сүүлийн 2 сар хийж, албан тушаалын үүрэгт ажлаа орхигдуулсан, үүрэг болгосон ажлыг хангалтгүй хийсэн зэрэг үндэслэл байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Могод сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М  шүүх хуралдаанд нэмэлт тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д гаас Булган аймгийн Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, сумын Засаг дарга нарт холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай тогтоол, сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3.880.922 /гурван сая найман зуун наян мянга есөн зуун хорих хоёр/ төгрөгийн нөхөн олговрыг буруутай албан тушаалтнуудаас гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүхээс шүүх хуралдааны тов тогтоох урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, хариуцагч Н.Х ын хүсэлтээр хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр товлосон боловч Могод суманд Covid-19 цар тахлын тохиолдол бүртгэгдсэнээр хатуу хөл хорио тогтоосны улмаас шүүхэд ирэх боломжгүй талаар хариуцагч Н.Х аас хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Хариуцагч Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Х т шүүх хуралдааны товыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчээс хариуцагч Н.Х ын эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу хариуцагч Н.Х ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзэж түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, тогтоол гаргасан,

сумын Засаг дарга хууль зөрчиж гарсан тогтоолд үндэслэж, хуульд заагаагүй бүрэн эрхийн хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж

Хариуцагч Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлэх эрхийн дагуу сумын Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцүүлж, сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр тогтоол гаргасан гэж

Хариуцагч сумын Засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд үндэслэж, бүрэн эрхийн хугацаа дууссан, хариуцсан ажилдаа хайнга хандсан тул чөлөөлсөн гэж тус тус маргаж байна.

Нэг. Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан бусад асуудал гэдэгт сумын Засаг даргын орлогч Д.Д г ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн улс төрийн албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна гээд 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч гэжээ. Үүнээс харахад нэхэмжлэгч Д.Д  нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах албан тушаалыг эрхэлж байгаад сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаартай тогтоол болон Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Хариуцагчаас сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр Хуралд оруулах эрх нь Хурлын даргын болон Хурлын Тэргүүлэгчдийн аль алинд байдаг. Сумын Засаг даргатай санал солилцсоны үндсэнд Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулж хэлэлцүүлсэн. Энэ шийдвэр нь хамтын шийдвэр гэж маргаж байна. Үүнд: 1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хурлын даргын нийтлэг бүрэх эрхийг хуульчилсан ба 22 дугаар зүйлийн 22.1.8-д тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах гэж зааснаас харахад сумын Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлыг Хуралд оруулах эрхтэй. Харин сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх асуудлыг Хуралд болон Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх эрх Хурлын даргад хуулиар олгогдоогүй байна.

2. Мөн хуулийн 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлж, 20.1.14-т хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх гэжээ. Энэхүү бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх эрх нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэсэн заалтаас үүдэлтэй гэж ойлгоно. Дээрх хуулийн заалтаас харахад сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орлогчоо томилох болон чөлөөлөхдөө тухайн сумын Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэнд томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь сумын Засаг даргаас өөрийн орлогч даргыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд санал зөвшилцөх талаар албан ёсоор хүсэлтээ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлж, хүсэлтийн дагуу Хурлын Тэргүүлэгчид Засаг даргын зөвшилцөх саналыг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болно. Хуульд заасны дагуу сумын Засаг даргаас Засаг даргын орлогч даргыг томилох болон чөлөөлөх талаар санал зөвшилцөх тухай хүсэлт, санал тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын даргад ирээгүй нь Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[1] болон шүүхээс тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд 2020 онд ирсэн, явсан бичгийн бүртгэл, мөн 2020 онд сумын Засаг даргын тамгын газрын ирсэн, явсан бичгийн бүртгэлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл[2] зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас харахад сумын Засаг даргаас тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын дарга нарт өөрийн орлогч даргыг томилж, чөлөөлөх талаар санал солилцохыг хүссэн хүсэлт, санал ирээгүй байхад сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.14-т Хурлын дарга нь тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх гэжээ. Энэхүү хуулийн заалтаас харахад сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн Хурал, Хурлын Тэргүүлэгчдийг эрх зүйн харилцаа, нийгэмд бүрэн төлөөлөх эрх үүрэгтэй байна. Хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд тухайн Хурал болон Хурлын Тэргүүлэгчдээс гарсан баримт бичиг, гарсан шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бүрэн хариуцаж, шүүхээс иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад тухайн Хурлын дарга нь Хурал болон Хурлын Тэргүүлэгчдийг бүрэн төлөөлж оролцох тул хамтын шийдвэр дангаар хариуцахгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдааны тэмдэглэлээс харахад иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Х  нь сайн дураараа өөрийн үзэмжээр Тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг даргаар томилогдохоор саналаа хүргүүлсэн Б.М ын төрд ажилласан хугацаа хүрэхгүй байгаа учир Засаг даргын орлогчоор авч ажиллуулах санал оруулж байна гэж танилцуулан, санал оруулж, Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 42 дугаартай тогтоол[3] нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, сумын Засаг даргын бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна.

Хоёр. Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/10 дугаартай сумын Засаг даргын захирамжаар Могод сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан ба түүнийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Могод сумын Засаг даргаас хариу тайлбарт хавсарган ирсэн /нэхэмжлэгч Д.Д г ажлаас чөлөөлсөн/ захирамжийн дугаар Б/09 байх ба шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад энэхүү хоёр өөр дугаартай захирамж нь утга найруулга, үг, бичвэрийн хэлбэр хэмжээ нь нэг ижил байх бөгөөд хариуцагчаас хоёр өөр дугаартай нэг захирамж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул маргаан бүхий сумын Засаг даргын захирамжийн дугаарыг Б/09 гэж тогтсон болно.

Хариуцагч сумын Засаг дарга захирамжийн үндэслэлээ орлогч даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, ажилдаа хайнга хандсан, албан тушаалын үүрэгт ажлаа орхигдуулсан гэж тайлбарлаж байна. Үүнд: 1.Төрийн албаны тухай хуулийн төрийн улс төрийн албан тушаал болох Засаг даргын орлогчийн албан тушаал эрхлэх хугацааг мөн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нарийвчлан зааж өгөөгүй. Харин сумын Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилох зохицуулалт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т тусгагдсан байна. Гэхдээ ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас дараагийн Засаг даргыг томилохоор өргөн мэдүүлсний үндсэнд аймгийн Засаг даргаас сумын Засаг даргыг томилох хүртэл хугацаанд өмнөх Засаг дарга эрх, үүргээ хэрэгжүүлнэ. Засаг дарга нь хуулиар олгосон өөрийн бүрэн эрхийн хугацаандаа өөрт үйлчлэх албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхтэй боловч дараагийн Засаг дарга томилогдоогүй өөрөөр хэлбэл өөрийнх нь бүрэн эрх дуусаагүй байхад орлогчоо бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

2. Мөн албан ажилдаа хайнга хандсан, ажлын хариуцлага алдсан, хурлаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж тайлбартаа дурдсан боловч сумын Засаг даргын орлогч Д.Д г ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг чөлөөлөх эсэх талаар зөвшилцөхөөр сумын Хурал болон Хурлын дарга, Тэргүүлэгч нарт саналаа хүргүүлээгүйн дээр анх орлогч даргатай байгуулсан гэрээний гүйцэтгэлийг хангуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар ажлын хэсгийн хуралдаанд огт дурдаагүй, энэ талаар нэхэмжлэгчид шаардлага тавьсан, түүнд хариуцлага тооцох /ажлаас чөлөөлөх/ талаар Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн анхны хуралдааны болон 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дахь удаагийн хуралдааны тэмдэглэлүүдэд[4] тусгагдаагүй зэргээс харахад хариуцагч сумын Засаг даргын ажилдаа хайнга хандсан, албан тушаалын үүрэгт ажлаа орхигдуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Дээрх маргаан бүхий Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай тогтоол, Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан маргаан бүхий захиргааны акт байх бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гаргасан хууль бус шийдвэрүүд байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав. Ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг буруутай албан тушаалтнуудаас гаргуулах шаардлагын тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар хөдөлмөрлүүлж болохгүй, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж тус тус заажээ. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн авч байсан цалинг нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт[5], цалингийн карт[6], нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[7]-д үндэслэн нийт 86 өдрийн олговор болох 3.880.922 /гурван сая найман зуун наян мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг нөхөн олгох үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 2020 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал хугацаанд авсан нийт цалин 5.740.188 /6 сар = 956.698 /дундаж цалин/, 956.698/ 21.2 = 45.127 /1 хүн өдрийн хөлс/, 45.127*86 = 3.880.922 /гурван сая найман зуун наян мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг.

Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Хурлын тодорхой бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар хэрэгжүүлэхээс гадна хэд хэдэн эрхийг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын чөлөө цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх, үүрэг хуулиар олгогдсон байгаа тул Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр, түүний үр дагаврыг Хурал хариуцах үндэслэлтэй байна. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 /хууль тогтоомжид заасан бүрэн эрх/-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал хариуцан арилгах нь зүйтэй юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нар ижил хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 1.940.461 /нэг сая есөн зуун дөчин мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас, 1.940.461 /нэг сая есөн зуун дөчин мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг Могод сумын Засаг даргаас тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Д.Д гийн нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж, Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай тогтоол, Могод сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

2.    Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Д гийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 86 өдрийн цалинтай тэнцэх олговор 3.880.922 /гурван сая найман зуун наян мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгөөс 1.940.461 /нэг сая есөн зуун дөчин мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг Могод сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас, үлдэх 1.940.461 /нэг сая есөн зуун дөчин мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг Могод сумын Засаг даргаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ