Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 556

 

                                             

 

 

 

 

 

   2020        03         30                                       2020/ШЦТ/556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Иргэдийн төлөөлөгч Э.Сэлэнгэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан /ҮД:0678/,

Шинжээч Б.Даваасүрэн,

Шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цт холбогдох 2006 00384 0335 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Чойбалсан хотод 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Тэнгэрлэг бамбай” харуул хамгаалалтын албанд харуулын ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 39-09а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, С овогт Чын Ц /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 39 дүгээр гудамжны 09 тоот хаягт байх өөрийн гэртээ Д.Хүрэлбаатартай архи ууж байх үедээ маргалдаж, толгойн тус газар нь гараараа цохин, түүний өгзгөнд 4 удаа хутгаар хутгалж, биед нь дагз ясны зүүн талд дээрээс доош Форамэн Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цын өгсөн: “Надад болсон асуудлын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Би өглөө Цогтбаатарыг тосохоор гарсан. Зураач Энхтүвшинтэй хамт явсан.  Хүрлээг явж байхаар нь автобусны цонхоор дуудсан. Бусдыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн өгсөн: “Би охиныхоо гэрт очиж усанд орох гээд Буянт-Ухаа 2 руу явчихсан байсан. Хүрлээ өглөө гэртээ байж байгаад 11 цагийн үед гараад явсан. Би Хүрлээг гарсны дараа гараад явсан. Тэнд очоод усанд орчихоод байж байхад орой 8 цаг өнгөрөөгөөд 9 цагийн үед Номио гэж охин над руу ярьсан. Хүрлээ ах манай хашаанд согтуу хэвтэж байна. Өмдөндөө шээчихсэн юм уу, яасан юм, хүйтэн хөлдөж үхэх гээд нүүр, нүд нь хавдчихсан хүнд зодуулчихсан байна гэсэн. Тэгэхээр нь миний дүү эгчийгээ очих хүртэл цагдаа эсвэл түргэн дуудаад эмчид үзүүлж байгаач аягүй бол наадах чинь гадаа байж байгаад хөлдөөд үхчихнэ. Би одоо хол байна одоо ингээд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг явуулсан байсан. Над руу Хүрлээ ах бөгснөөс нь их цус гараад доошоо цус алдаад байх шиг байна. Нүүр нь хүн харахын аргагүй байна, эмнэлэг аваад явлаа шүү гэсэн. Тэгэхээр нь би Циркийн тэндээс 1 дүгээр хороолол руу эгч рүүгээ утасдаад Хүрлээ ингэсэн байна гэж хэлээд бид нар тал талаасаа эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд хувцас хунар нь авах юмгүй байсан. Эмч нартай нийлээд өмдийг нь тайлахад сэглэсэн юм шиг харагдаж байсан. Үнэхээр нүд хальтрам байсан. Тэр үед цагдаа 5 хутгалсан байна гэж хэлсэн. Нүүр нь битүү хавдар болсон байсан. Би тухайн үедээ арай ч дээ хүнийг зодно зодно гэхэд ингэж зодно гэж байх уу гэж бодсон. Би тухайн үед үнэхээр балмагдсан. Өдрийн 360.000 төгрөг гэсэн байх аа. Мөнгийг нь төлөхгүй бол ийм хүнд ирсэн хүмүүсийг төлбөргүй бол үзэхгүй гэсэн. Бид нар мөнгийг нь төлөөд тархийг нь томографикт харуулсан. Шарх нь 7-8 сантиметр гүн. Хэрвээ гэдсэн дээ хүрсэн байвал аюултай гэсэн. Азаар гэдсэнд нь арай хүрээгүй. 7 хоног эмнэлэгт хэвтээд гэмтлийн эмч, мэс заслын эмчид үзүүлэх заалттай гарсан. Би дүүгээ дагуулж 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Бид нар тухайн үед тархинд нь цус харвасан байж магадгүй гэж бодсон харвалт байхгүй байсан. Ясны цууралттай, шанаа нь хугархай, 2 хавирга хугарсан гэж эмч нар хэлж байсан. Эмнэлгээс гарснаасаа хойш байнга өвчин намдаах эм, лаа хэрэглэж байсан. 10 ширхэг диклоденк аваад өгөхөд 2-3 хоноод дуусчихна. 10 ширхэг лаа аваад өгөхөд 2-3 хоноод дуусдаг. Юу чинь өвдөөд байгаа юм гэхээр миний зүрхний энэ хавьд гэдэг. Бариад үзэхээр юу ч мэдэгдэхгүй. Тэгээд намайг дотроос юм зулгаагаад байна, толгой өвдөөд байна гээд эвхрээд хэвтээд байдаг. Бид нар хувийн эмнэлгээр авч явах боломж муутай. Эгч бид 2 ломбарднаас мөнгө зээлж Хүрлээг эмчлүүлж байсан. Би арга ядаад цээжний зургийг дахиж авхуулсан. Хавирга хугарсан ч уушги гэмтээгээгүй байна гэсэн. Тэгсэн мөртлөө тэр өвчин нь эдгэхгүй эмэгтэй хүний мөөм шиг хавдчихаад байгаад байсан. Тэгж байгаад би эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад цагаан сар болсон. Цагаан сарын дараа шаналаад байхаар нь 1 дүгээр эмнэлгийн зүрхэнд цаг аваад зүрхний эмчид үзүүлээд зүрхний Эход харуулсан. Зүрхэнд бол онц юм алга. Мэдрэлийн эмчид үзүүл гэсэн. Бид нар аль болох үнэгүй үзүүлэх юм руу явж байсан. Мэдрэлд үзүүлэх гэсэн цаг нь болж өгөхгүй, миний бие ч өвдөөд би Төрийн тусгайгийн эмнэлэгт хэвтсэн. Намайг хэвтээд 4 хонож байхад манай хүүхэд ярьсан. Хүрлээ ах 2 өдрийн өмнөөс сонин болчихоод хэвтээд байна. Тэр үед Зайсанд манай дүүгийнд байсан. 4 хоногийн 2 хоногт нь манай гэрт хэвтсэн. Яагаад байгаа юм та гэхээр миний зүүн талын гар, хөл хөдлөхгүй босоод явахаар уначихаад байна гэсэн. Тэгээд түргэн дуудтал хэвтээд байсан гээд манай хүү над руу ярьсан. Би өөртөө нь яриад чи яасан бэ гэсэн эгчээ миний зүүн тал ингээд мэдээгүй болоод байна гэсэн. Тэгэхээр нь чи харвачихсан юм шиг байна түргэн дууд гэсэн. 03 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд харвачихсан байна гэсэн. Тэгээд 03 дугаар сарын 14, 15, 16-нд 3 хоног дүүргийн сэхээнд хоноод 03 дугаар сарын 17-нд мэс засалд орохоор 3 дугаар эмнэлэг рүү шилжүүлсэн. 03 дугаар сарын 17-ны өдөр артерийн судсаар хийдэг шинжилгээнд ороод 03 дугаар сарын 18-нд тархины хагалгаанд орсон. Эмч нар бид нарт Сидиг нь өгсөн. Ямар ч эрсдэл гарч магадгүй гээд бид нар дөрвүүлээ очиж гарын үсэг зурж оруулсан. Тэгэхэд тархин дотроо их гүн рүүгээ байна гэсэн. Тархины баруун талд гүн рүүгээ том цус хурсан байна. Цусныхаа доор хүрэн шүүдэр татаад их хавантай байна. Бас мэдрэлийнхээ нэг юм руу орчихсон байна. Хэрвээ энэ судас гэмтэх гээд байвал бид нар энэ цусыг үлдээнэ тийм учраас энэ эрсдэл ихтэй хагалгаа болно гэж хэлсэн. Бид нар яаж ч чадахгүй байсан учраас гарын үсэг зураад хагалгаанд оруулсан. Хагалгаагаар хурсан цусыг амжилттай авсан. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар цус харвасан нь таталт өгдөг цэг дээрээ байна. Та нар эмнэлэгт хэвтэж байх хооронд нь групп хөөцөлдөөд мэдрэлийн эмчид үзүүл гэсэн. Тэр эмнэлэгт 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хэвтсэн. Тэнд байхад нь манай дүү сахиад энд ирэхээр нь манай эгч сахиад бид хэд чадах ядахаараа хөл дээр нь босгох гээд хичээж байгаа. Одоо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сэхээний дараах өрөөнд байгаа. 3 дугаар эмнэлэгээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү ирэхэд ор байхгүй гэсэн. Төлбөртэй өрөөнд орох уу гэхээр нь тэгье гэсэн. Бид нарт гэртээ гаргах арга байхгүй. Одоо өдрийн 30.000 төгрөгийн төлбөртэй өрөөнд хэвтэж байгаа. Одоогийн байдлаар эмчилгээнд нь 1.918.617 төгрөг гарсан. Хутгалуулсны төлбөр 609.000 төгрөг гарсан. Надад 620.000 төгрөгийг 23-нд өгсөн. Энэ хүн өөрөө сая хэлж байна. Сар нуугдаж байсан байна. Чи яасан гэж манайхаар ирээгүй, таг чиг л байгаад байсан. Тэр үед энэ хүн сэтгэл гаргаад хувийн эмнэлэг энэ тэрээр явуулсан бол манай дүү өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан байх. Дахиад хутгалах гэж байсан гэдэг нь надад аймаар санагдаж байгаа. Хэрвээ тэгсэн бол өнөөдөр амьд байхгүй байсан байж магадгүй. Би их гомдолтой байна. Манай дүү ч гэсэн арай ч дээ гэж байна лээ. Манай дүү өөрөө санаад “намайг ингээд явж байхад 2 Цогоо дуудаад бид нар тийшээ очсон гэдгээ л санаж байна” гэж хэлсэн. Цаашид эмчлүүлэх маш их шаардлагатай. Гэмтлүүд нь сүүлдэж гарч ирээд байгаа. Одоо ахар сүүл, нурууны ойр хавьд өвчтэй байна гээд байгаа. Тэрийг нь бид нар томографикт үзүүлэх шаардлагатай. Байнгын асаргаатай байгаа. Бид насны эрэмдэг зэрэмдэг болгохгүйг л хүсэж байна.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Даваасүрэнгийн өгсөн: “Хүрэлбаатарын биед дагз ясны зүүн талд дээрээс доош чиглэсэн Foramen magnum гэмтэл үүссэн. Foramen magnum гэдэг нь нугасны том нүхийг хэлэх бөгөөд дүрс оношилгооны эмч Foramen magnum гэж уншсан учраас тэр чигээр нь дүгнэлтэд оруулсан. Хуйх гэмтэж байж дагз яс гэмтэнэ. Хохирогчийн дагзанд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйл гэдэгт нь чулуу, мод зэрэг хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлс хамаарна. Өгзгөнд 4 ширхэг хутгалуулсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,

Гэрч С.Цогтбаатарын мэдүүлгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр газар дээр нь шалгасан: “... гэрч С.Цогтбаатар байшингийн баруун урд талаар тойрч ертөнцийн зүгээр урд ирж байшингийн зүүн талд очиж модон хашааны завсраар харж, “ийшээ хутгаа шидсэн, энд байх ёстой” гээд зүүн талын айлын байшин, хашаа хоёрын завсраар харж байгаад цагаан өнгийн төмөр хутгыг зааж, “миний шидсэн хутга энэ байна” гээд бариулгүй төмөр хутга газарт байсныг заав...” гэх тэмдэглэл /хх.5-9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хүрэлбаатарын өгсөн: “... би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 11 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэр хавьд байдаг хэдэн хүмүүстэй ганц шил архи хувааж уусан. Тэгээд тэд нараас салаад Пүнтэг нэртэй дэлгүүрийн урд талд явж байгаад Мягмардорж, жинхэнэ нэрийг мэдэхгүй байна, Хуягаа, Баярсайхан, Хатанбаатар ах нартай таарсан. Тэгээд бид нар Хатанбаатар ахын гэрийн гудамжинд очиж нэг шил архи хувааж уусан. Архиа ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй, архиа ууж дуусчихаад Хуягааг гэр лүү нь дөхүүлж өгчихөөд гэр лүүгээ харих гээд буцаж алхаад явж байхад Зулаа гэх залуутай таарсан. Ингээд бид 2 нийлээд дээшээ гэр лүүгээ өгсөн явж байтал Зулаа гэр лүүгээ салж яваад өгсөн. Би автобусны буудлын харалдаа явж байхад Ойлон Цогоо /Ч.Ц/ гэх залуу автобусны цонхоор намайг дуудсан. Яваад орсон чинь тагнуул хочтой Цогоо 2 байж байсан. Тэр 2 архи уучихсан байсан. Тэгсэн Ойлон Цогоо /Ч.Ц/ “манайд очъё” гэхээр нь бид 3 хамт гэрт нь очсон. Тагнуул Цогоо /С.Цогтбаатар/ 0.75 литрийн Сэржим нэртэй архи 1 шилийг аваад гэрт нь бид 3 нэг шил архи хувааж уусан. Архиа уугаад сууж байхад гадуураа нимгэн хувцастай залуу орж ирсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь тасарчихсан байна. Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн төв эмнэлэгт мэдээ орсон. Эмчийн хэлснээр баруун талын шанааны яс нь цуурсан, хамрын 2 яс хугарсан, толгой 2 газар хагарсан, бөгсөнд 5 хутгалуулсан байна... Ойлон Цогоотой /Ч.Ц/ хамт нийлдэг найз нь хэдэн жилийн өмнө манай ээжийн дээлийг хулгай хийсэн байсан, тэр өдөр архи ууж байхдаа тэрийг яриад зодуулсан байх, өөр бид 2 ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион хийх шалтгаан байхгүй, өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Буянт-Ухаа 2 цогцолборт охиноо өгөөд гэрт байхад 88300842 гэсэн дугаараас залгаад “Хүрлээ ах манай хашаан дотор хүнд зодуулчихсан ирсэн байна, өмдөндөө шээчихсэн байх шиг байна” гэсэн. Тэгэхээр нь би “цагдаа юм уу, түргэн дуудчих” гэсэн. Би тэндээс такси бариад түгжрээгүй хурдан очсон. Би дүү Цэрэнчимэдтэй хамт шууд Цэргийн төв эмнэлэгт ирсэн ба дээрх надтай ярьсан эмэгтэй ... цагдаа ирээд “Цэргийн төв эмнэлэг рүү аваад явлаа” гэсэн болохоор нь шууд эмэнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр ирэхэд манай дүү бөгс хэсэгтээ хутгалуулсан байдалтай, юм ярьж чадахгүй, нүүр хэсэгтээ хавдчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баярсайханы өгсөн: “... намайг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим шиг санагдаж байна, яг цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад Пүнтег нэртэй дэлгүүрийн хажууд явж байхад найз Мягмарсүрэнтэй таарсан. Халуун усанд орно гээд явж байсан. Хамт явах гээд зогсож байхад дэлгүүрээс хүн гараад ирэхээр нь уулзаж байгаад Мягмарсүрэнгийн араас нь яваад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 14 дүгээр гудамжны  зүүн талын үзүүрт ирэхэд Д.Хүрэлбаатар, Мягмарсүрэн, Хатанбаатар ах 3 байж байсан. Мягмарсүрэн авч өгсөн гээд Д.Хүрэлбаатар 0.75 литрийн Сэржим нэртэй архи гаргаж ирээд хамт хувааж уусан. Архиа ууж дуусчихаад Мягмарсүрэн халуун усандаа орно гэж яваад өгсөн. Харин Д.Хүрэлбаатар гэр лүүгээ харина гээд хойшоо зам даган яваад өгсөн. Харин Хатанбаатар ах бид 2 хэсэг юм ярьж байгаад Мягмарсүрэнгийн араас явсан... бид нар архиа хувааж уугаад салсан, ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй... Д.Хүрэлбаатар жаахан халамцуу байсан, би бол архи уусан байсан. Явахдаа нээх айхтар согтоогүй гайгүй байсан, гэррүүгээ харьлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хатанбаатарын өгсөн: “... намайг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим Нархан дэлгүүр орох гээд явж байхад Д.Хүрэлбаатар, Мягмарсүрэн 2 Нархан дэлгүүрийн үүдэнд таарсан. Мягмарсүрэн “дэлгүүрээс ганц шил архи авчихлаа” гэхээр нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт архиа уухаар ирэхэд удалгүй С.Баярсайхан ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж уучихаад салцгаасан. Нэг их айхтар удаагүй. Би шууд гэр лүүгээ харьсан, харин С.Баярсайхан, Мягмарсүрэн 2 урагшаа яваад өгсөн, Д.Хүрэлбаатар хойшоо ганцаараа яваад өгсөн... бид нар архи уугаад салсан, ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хх.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Номинзаяагийн өгсөн: “... Би өдөр гэртээ байж байхад манай бэр Мөнгөнсувд орж ирээд “Хүрлээ ах гадаа хэвтэж байна” гэхэд би хараад эгч Цэцэгмаа руу нь 21 цаг 49 минутанд “манай хашаанд хэвтэж байна, та гэртээ байна уу, машинтай аваачаад өгөх үү” гэхэд “гэртээ байхгүй байна, 1-2 цагийн дараа очно, эмнэлэг юм уу, цагдаа дуудчих” гэсэн. Бэрийг харсны дараа манай  дүү “Хүрлээ ахын нүүр нь хавдчихсан, өмд нь урагдчихсан, доороос нь цус гараад байна шүү дээ” гэхэд нь бид нар мэдэж түргэн дуудсан... Д.Хүрэлбаатарыг 10-аад жилийн өмнөөс таньдаг бөгөөд манай аавтай хамт архи уудаг байсан бөгөөд манай аав 2013 онд нас барж, манай ээж Баасанжавтай 2018 оны намраас хамтран амьдарч уулздаг болсон. Би болон манай гэрийнхэн Хүрлээ ахтай хэрүүл маргаан хийж байгаагүй ба ээж маань 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр харвалт өгөөд бие нь муудахаар нь бид нар ээжийгээ гэртээ авч ирсэн. Хүрлээ ахыг архи уугаад байхаар нь “бие нь муу байхад уусан үедээ битгий ир” гээд хэсэг ирэхээ больсон...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цогтбаатарын өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөөнөөс ирээд Цайз захын хажууд явж байхдаа найз Ч.Ц руу утсаар залгаж дуудсан. Бид 2 Цайз худалдааны дэлгүүрийн хажууд уулзаад 0.75 литрийн Хараа архи авсан. Ч.Цынд очих гээд явж байхад Түмэнсүх ирсэн. Бид 3 монелын автобуст суусан. Тэгээд замд явж байхад монелын 2 дахь буудлын хажууд Д.Хүрэлбаатар доошоо алхчихсан явж байсан. Ч.Ц Д.Хүрэлбаатарыг дуудсан. Автобус зогсох үед Д.Хүрэлбаатар автобусанд ороод ирсэн Тэгээд бид 4-үүлээ болоод Ч.Цынд очиход гэрт ямар нэгэн хүн байгаагүй. Авсан архиа хувааж уусан, талд нь орж байхад Түмэнсүх ажилтай гээд яваад өгсөн. Бид 3 үлдсэнийг нь уусан, ёроолоос нь 3 хуруу хэртэй байж байхад Д.Хүрэлбаатар, Ч.Ц 2 хуруугүй Хүрлээ нэртэй найзаасаа болж маргалдаад байхаар нь “би хэвтлээ” гээд хэвтсэн. Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь гал зууханд юм түчигнээд байхаар нь босоод харсан чинь  Д.Хүрэлбаатар газар эвхрээд хэвтчихсэн, бөгсөн биенээс нь цус гарчихсан, Ч.Ц баруун гартаа шар иштэй хутга барьчихсан, “би хутгалчихлаа” гээд байсан. Тэгэхээр нь би хутгыг булааж аваад гадагшаа гарч байшингийн зүүн урагшаа нь шидчихсэн. Тэгээд би Ч.Цын эхнэр Цэцэгээ рүү утсаар “танай нөхөр чинь хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн Ч.Ц “эхнэрт хэллээ” гэж намайг хөөгөөд гаргасан. Тэгээд би хэсэг гадуур явж байгаад нэлээн орой шөнө очиж хоносон... түүнээс хойш 10-аад хоногийн дараа Ч.Ц луу утсаар залгасан чинь “чи намайг Д.Хүрэлбаатарт намайг хутгалсан” гэж хэлсэн байна, битгий манайхаар ирээрэй” гээд уурласан, түүнээс хойш холбоо бариад өнөөдөр л таарч байна... Ямар ч байсан тэр өдөр Д.Хүрэлбаатар “манай ээжийн дээлийг хулгай хийсэн та нар” гээд Ч.Цтай маргалдсан. Мөн Ч.Ц хуруугүй Хүрлээ гэх залууг байнга дээрэлхдэг гэж маргалдаад байсан. Тэр үед нь би хэвтээд өгсөн... хужаагийн хэрэглэдэг шар иштэй хутга байсан. Хутга нь цус болчихсон байсан. Дахин хутгалах гээд байхаар нь би булааж аваад гадагшаа гаргаад шидчихсэн. Ч.Цын гэрийнх нь хутга байгаа юм... Д.Хүрэлбаатар газар хэвтчихсэн бөгсөн хэсгээс нь цус гарчихсан байсан... цус гарчихсан болохоор сайн харагдахгүй байсан. Гэхдээ 5-6 хэсэг газар хутгалсан байх шиг байсан, би л тэгж харсан... Д.Хүрэлбаатар бол нэлээн согтуу, тасарчихсан байсан, Ч.Ц бол болсон үйл явцыг мэдэх хэмжээнд байсан... Ч.Ц “энэ муу яагаад томорч байгаа юм” гээд байсан. Д.Хүрэлбаатар жижигхэн биетэй хэрнээ их агсам, ам нь болж өгдөггүй нөхөр байгаа юм. Амнаасаа болж хутгалуулсан байх...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 39 дүгээр гудамжны 09а тоотод нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цаг болох гэж байхад ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр Ч.Ц орон дээрээ унтаж байсан, тасарчихсан байсан. Намайг орой ажил тарах гэж байхад хамт архи уусан гэх С.Цогтбаатар гэх хүн над руу залгаад “Ч.Цыг хүн зодчихлоо” гэхээр нь сонссон чинь согтуу байхаар нь “хэнийг гэр орондоо оруулаад байгаа юм, юу гэж хүн зодож байдаг юм” гээд утсаа салгасан. Намайг ирэхэд ямар нэгэн хүн байгаагүй, гал тогооны өрөөнд энд тэнд цус болчихсон байхаар нь гэрээ цэвэрлээд унтсан... манайд 2 төрлийн хар иштэй, шар иштэй хутга байдаг. Хар иштэй хутга нь байгаа, шар иштэй хутга нь байхгүй. Шар иштэй хутгыг яагаад алга болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнсүхийн өгсөн: “... би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 37 дугаар гудамжны 02-02 тоотод нүүрс борлуулалтын цэгт нүүрс шигшээд дуусч байхад Ч.Ц над руу утсаар залгасан, “манайд хүрээд ир” гэсэн, тэгээд утсаа салгасан.Тэгээд би очих гээд явж байхад Ч.Цын урд талд байдаг зураач залуу, нэрийг нь санахгүй байна надтай таарсан. Бид 2 хамт орсон чинь гал тогооны хоолны шүүгээний наана нь газар зүүн талаараа хажуу тийшээ харсан байрлалтай бөгсөн хэсгээс нь нэлээн гарсан бололтой шал цус болчихсон, нүүр хэсгийн баруун талд хөхрөөд хавдсан байсан. Ч.Ц хойд талын өрөөнд сууж байсан, нэлээн согтуу байсан. Тэр өдөр юу болсон талаар асуусан чинь ямар нэгэн юм хэлээгүй, нөгөө залууг нь өргөөд босгох гэсэн чинь газар хэвтэж байсан залуу өндийгөөд босоод ирсэн, зураач залуу “гаргаж өгнө” гээд авч гарсан, удалгүй орж ирээд “яваад өглөө” гэж хэлсэн. Тухайн үед С.Цогтбаатар гэх залуу гараад явчихсан байсан. Маргааш нь Ч.Цаас “юу болсон юм бэ” гэсэн чинь “би бөгс pүү нь хутгалчихсан юм шиг байна, нөгөө залуу маань гайгүй байгаадаа” гэж хэлж байсан... би ямар нэгэн цус цэвэрлээгүй, Ч.Цын эхнэр цэвэрлэсэн гэж байсан... би зодуулсан гэх залууг зүс мэднэ, тэр өдөр нэлээн согтуу байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1458 дугаартай:

“1. Д.Хүрэлбаатарын биед дагз ясны зүүн талд дээрээс доош Фораман Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн дөрвөн удаагийн мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх.33-34/,  

Эмчлүүлэгчийн карт /хх.38/,

Нэхэмжлэх /хх.39/,

Эмчилгээний баримт /хх.40/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол /хх.41/,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх.45/,

Ч.Цын зан байдлын тодорхойлолт /хх.78/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.65/,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.81/,

Хохирлын баримтууд, эмчлүүлэгчийн карт /шинээр гаргасан 18 хуудас/,

Хохирлоос төлсөн баримт / шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 39 дүгээр гудамжны 09 тоот гэртээ Д.Хүрэлбаатартай архи ууж байх үедээ маргалдаж, түүний толгой руу цохин, өгзгөнд 4 удаа хутгаар хутгалж, биед нь дагз ясны зүүн талд дээрээс доош Форамэн Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Хүрэлбаатарын өгсөн: “... Тэгсэн Ойлон Цогоо /Ч.Ц/ “манайд очъё” гэхээр нь бид 3 хамт гэрт нь очсон. Тагнуул Цогоо /С.Цогтбаатар/ 0.75 литрийн Сэржим нэртэй архи 1 шилийг аваад гэрт нь бид 3 нэг шил архи хувааж уусан... Эмчийн хэлснээр баруун талын шанааны яс нь цуурсан, хамрын 2 яс хугарсан, толгой 2 газар хагарсан, бөгсөнд 5 хутгалуулсан байна... Ойлон Цогоотой /Ч.Ц/ хамт нийлдэг найз нь хэдэн жилийн өмнө манай ээжийн дээлийг хулгай хийсэн байсан, тэр өдөр архи ууж архи ууж байхдаа тэрийг яриад зодуулсан байх, өөр бид 2 ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион хийх шалтгаан байхгүй, өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнсүхийн өгсөн: “... Бид 2 хамт орсон чинь гал тогооны хоолны шүүгээний наана нь газар зүүн талаараа хажуу тийшээ харсан байрлалтай, бөгсөн хэсгээс нь нэлээн гарсан бололтой шал цус болчихсон нүүр хэсгийн баруун талд хөхрөөд хавдсан байсан. Ч.Ц хойд талын өрөөнд сууж байсан, нэлээн согтуу байсан... Маргааш нь Ч.Цаас юу болсон юм бэ гэсэн чинь “би бөгс pүү нь хутгалчихсан юм шиг байна, нөгөө залуу маань гайгүй байгаадаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цогтбаатарын өгсөн: “... Хэсэг унтаж байгаад сэрсэн чинь гал зууханд юм түчигнээд байхаар нь босоод харсан чинь  Д.Хүрэлбаатар газар эвхрээд хэвтчихсэн, бөгсөн биенээс нь цус гарчихсан, Ч.Ц баруун гартаа шар иштэй хутга барьчихсан, “би хутгалчихлаа” гээд байсан... тэр өдөр Д.Хүрэлбаатар “манай ээжийн дээлийг хулгай хийсэн та нар” гээд Ч.Цтай маргалдсан. Мөн Ч.Ц хуруугүй Хүрлээ гэх залууг байнга дээрэлхдэг гэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгийн өгсөн: “... Намайг орой ажил тарах гэж байхад хамт архи уусан гэх С.Цогтбаатар гэх хүн над руу залгаад “Ч.Цыг хүн зодчихлоо” гэхээр нь сонссон... гал тогооны өрөөнд энд тэнд цус болчихсон байхаар нь гэрээ цэвэрлээд унтсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн: “... Эмнэлэг дээр ирэхэд манай дүү бөгс хэсэгтээ хутгалуулсан байдалтай, юм ярьж чадахгүй, нүүр хэсэгтээ хавдчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Номинзаяагийн өгсөн: “... Хүрлээ ахын нүүр нь хавдчихсан, өмд нь урагдчихсан, доороос нь цус гараад байна шүү дээ гэхэд нь бид нар мэдэж түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрч С.Цогтбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “... гэрч С.Цогтбаатар байшингийн баруун урд талаар тойрч ертөнцийн зүгээр урд ирж байшингийн зүүн талд очиж модон хашааны завсраар харж, “ийшээ хутгаа шидсэн, энд байх ёстой” гээд зүүн талын айлын байшин, хашаа хоёрын завсраар харж байгаад цагаан өнгийн төмөр хутгыг зааж, “миний шидсэн хутга энэ байна” гээд бариулгүй төмөр хутга газарт байсныг заав...” гэх тэмдэглэл /хх.5-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1458 дугаартай:

“1. Д.Хүрэлбаатарын биед дагз ясны зүүн талд дээрээс доош Фораман Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн дөрвөн удаагийн мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.33-34/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн өгсөн: “...орой 8 цаг өнгөрөөгөөд 9 цагийн үед Номио гэж охин над руу ярьсан. ...Хүрлээ ах бөгснөөс нь их цус гараад доошоо цус алдаад байх шиг байна. Нүүр нь хүн харахын аргагүй байна, эмнэлэг аваад явлаа шүү гэсэн. ...хувцас хунар нь авах юмгүй байсан. Эмч нартай нийлээд өмдийг нь тайлахад сэглэсэн юм шиг харагдаж байсан. Үнэхээр нүд хальтрам байсан. Тэр үед цагдаа 5 хутгалсан байна гэж хэлсэн. Нүүр нь битүү хавдар болсон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Даваасүрэнгийн өгсөн: “Хүрэлбаатарын биед дагз ясны зүүн талд дээрээс доош чиглэсэн Foramen magnum гэмтэл үүссэн. Foramen magnum гэдэг нь нугасны том нүхийг хэлэх бөгөөд дүрс оношилгооны эмч Foramen magnum гэж уншсан учраас тэр чигээр нь дүгнэлтэд оруулсан. Хуйх гэмтэж байж дагз яс гэмтэнэ. Хохирогчийн дагзанд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйл гэдэгт нь чулуу, мод зэрэг хязгаарлагдмал бус гадаргуутай мохоо зүйлс хамаарна. Өгзгөнд 4 ширхэг хутгалуулсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Цын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокурорын яллах дүгнэлтэд “Ч.Ц нь ... Д.Хүрэлбаатарыг толгойн тус газар нь гараараа цохиж ... эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж бичсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Д.Хүрэлбаатарын  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ч.Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөн, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Харин “шүүгдэгч Ч.Ц нь хохирогч Д.Хүрэлбаатарын  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдоогүй” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэн тайлбарлаж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнсүх /хх.30-31/, С.Цогтбаатар /хх.26-27/, Д.Цэцэгмаа /хх.16-18/, гэрч Б.Номинзаяа /хх.22-23/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд хохирогч Д.Хүрэлбаатарын биед учирсан дагз ясны зүүн талд дээрээс доош Фораман Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл зэрэг нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний гэрт хохирогчийн хамт байсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ч.Цын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Д.Хүрэлбаатарын хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 609.250 төгрөгөөс 165.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний төлбөр 444.250 төгрөгийн нэхэмжлэлийг хангах, мөн шүүхийн шатанд нэхэмжилсэн нийт 1.918.617 төгрөгөөс хоол хүнсний зардал 53.530 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эм тарианы үнэ 1.465.082 төгрөг, нийт 1.909.332 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ч.Ц нь хохирлоос 1.620.000 төгрөг нөхөн төлсөн учир үлдэх 289.332 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 400.000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Цаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Ч.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ч.Цт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг түүний өмгөөлөгч дүгнэлтдээ дурьдсан боловч гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Ч.Цыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорьсон нийт 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг устгуулахаар холбогдох байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өөрчилсүгэй.

          2. С овогт Чын Цыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Цт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цын урьд цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Цаас 289.332 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Цаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Цаас хохирогчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 400.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгон, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цагаан өнгийн 19 см урттай, хир мэт зүйлээр бохирлогдсон нимгэн төмөр хутга 1 ширхэг, 9 см урттай, бугын эврийн дүрстэй хутганы бариул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ

                                  ШҮҮГЧИД                        С.ӨСӨХБАЯР

                                                                            Э.ЧИНГИС