Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 664

 

     Ч.Ц-т холбогдох эрүүгийн

                                                                               хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

шүүгдэгч Ч.Ц-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.Ц-т холбогдох эрүүгийн 2006003840335 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ч.Ц-, 1974 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 243 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай нийцүүлэн 2 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, мөн шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон,

            Ч.Ц- нь 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, *** гудамжны *** тоотод өөрийн гэртээ Д.Хүрэлбаатартай архи ууж байх үедээ маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж, өгзгөнд нь 4 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “дагз ясны зүүн талд дээрээс доош Форамэн Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ч.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд цагдан хоригдсон 48 хоногийг элдэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Ц-аас 289.332 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Ч.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Ц-аас хохирогчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 400.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгож, Ч.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх шийдвэрийнхээ “тодорхойлох” хэсэгт ямар баримт, нотолгоонд үндэслэн Ч.Ц-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тухайгаа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэсэн заалтыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй...” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасан тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгыг тодорхой болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаагийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Түүнчлэн хохирогч Д.Хүрэлбаатарын эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 289.332 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөөр тохирсон боловч одоог хүртэл төлөөгүйд гомдолтой байгаа.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...санхүүгийн хувьд боломжгүй байдлаас болж цаашид эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Ц-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцлээс үзвэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ямар өөрчлөлт оруулах талаар тодорхой бус байна. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтад дараах өөрчлөлтийг оруулах саналтай байна. Учир нь тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч Ч.Ц-аас 289.332 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгмаад олгохоор шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Хүрэлбаатарт тархины мэс ажилбар хийхэд 588.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 499.800 төгрөг нь эрүүл мэндийн даатгалаас олгогдсон тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Нийт хохирол болох 1.909.332 төгрөгөөс 499.800 төгрөгийг хасвал 1.409.532 төгрөг үлдэнэ. Шүүгдэгч Ч.Ц-ын зүгээс хохиролд 1.620.000 төгрөгийг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү. Түүнчлэн тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч Ч.Ц-аас хохирогчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 400.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно:”, 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.” гэж заасан. Энэ хэргийн хохирогч нь насанд хүрсэн хүн байх бөгөөд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд төлбөртэй өмгөөлөгч авсан тул өмгөөллийн хөлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй. Энэ бол тусдаа ойлголт юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Ч.Ц-ыг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, *** гудамжны *** тоотод байх өөрийн гэртээ Д.Хүрэлбаатартай архи ууж байх үедээ маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж, өгзгөнд нь 4 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “дагз ясны зүүн талд дээрээс доош Форамэн Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            - хохирогч Д.Хүрэлбаатарын “...тэгсэн Ойлон Цогоо /Ч.Ц-/ “манайд очъё” гэхээр нь бид гурав хамт гэрт нь очсон. Тагнуул Цогоо /С.Цогтбаатар/ 0,75 литрийн “Сэржим” нэртэй архи 1 шилийг аваад бид гурав хувааж уусан... эмчийн хэлснээр баруун талын шанааны яс цуурсан, хамрын 2 яс хугарсан, толгой 2 газар хагарсан, бөгсөнд 5 хутгалуулсан байна... Ойлон Цогоотой хамт нийлдэг найз нь хэдэн жилийн өмнө манай ээжийн дээлийг хулгай хийсэн байсан. Тэр өдөр архи ууж байхдаа тэрийг яриад зодуулсан байх. Өөр бид хоёр ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион хийх шалтгаан байхгүй, өр авлага байхгүй...” /хх 14-15/,

            - гэрч Д.Түмэнсүхийн “...бид хоёр хамт орсон чинь гал тогооны хоолны шүүгээний наана газар зүүн талаараа хажуу тийшээ харсан байрлалтай, бөгсөн хэсгээс нь нэлээн гарсан бололтой шал цус болчихсон, нүүр хэсгийн баруун талд хөхрөөд хавдсан байсан. Ч.Ц- хойд талын өрөөнд сууж байсан, нэлээн согтуу байсан... маргааш нь Ч.Ц-аас “юу болсон юм бэ” гэсэн чинь “би бөгс рүү нь хутгалчихсан юм шиг байна, нөгөө залуу маань гайгүй байгаа даа” гэж хэлж байсан...” /хх 30-31/,

            - гэрч С.Цогтбаатарын “...хэсэг унтаж байгаад сэрсэн чинь гал зууханд юм түчигнээд байхаар нь босоод харсан чинь Д.Хүрэлбаатар газар эвхрээд хэвтчихсэн, бөгсөн биеээс нь цус гарчихсан, Ч.Ц- баруун гартаа шар иштэй хутга барьчихсан “би хутгалчихлаа” гээд байсан... тэр өдөр Д.Хүрэлбаатар “та нар манай ээжийн дээлийг хулгай хийсэн” гээд Ч.Ц-тай маргалдсан. Мөн Ч.Ц- хуруугүй Хүрлээ гэх залууг байнга дээрэлхдэг гэж маргалдаад байсан...” /хх 26-27/,

            - гэрч Д.Цэцэгийн “...намайг орой ажил тарах гэж байхад хамт архи уусан гэх С.Цогтбаатар гэх хүн над руу залгаад “Ч.Ц-ыг хүн зодчихлоо” гэхээр нь сонссон... гал тогооны өрөөнд энд тэнд цус болчихсон байхаар нь гэрээ цэвэрлээд унтсан...” /хх 28-29/,

            - гэрч Д.Цэцэгмаагийн “...эмнэлэг дээр ирэхэд манай дүү бөгс хэсэгтээ хутгалуулсан байдалтай, юм ярьж чадахгүй, нүүр хэсэгтээ хавдчихсан харагдсан...” /хх 16-18/,

- гэрч Б.Номинзаяагийн “... “Хүрлээ ахын нүүр нь хавдчихсан, өмд нь урагдчихсан, доороос нь цус гараад байна шүү дээ” гэхэд нь бид нар мэдэж түргэн дуудсан...” /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

- гэрч С.Цогтбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...С.Цогтбаатар “ийшээ хутгаа шидсэн, энд байх ёстой” гээд зүүн талын айлын байшин, хашаа хоёрын завсраар харж байгаад цагаан өнгийн төмөр хутгыг зааж, “миний шидсэн хутга энэ байна” гээд бариулгүй төмөр хутга газарт байсныг заав...” /хх 5-9/ гэх тэмдэглэл,

- хохирогч Д.Хүрэлбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1458 дугаартай “Д.Хүрэлбаатарын биед дагз ясны зүүн талд дээрээс доош Фораман Магнум хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн өгзгөнд 4 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн, мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хх 33-34/ гэх дүгнэлт,

- дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Даваасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...дагз ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх хүнд гэмтэл. Гараар хүчтэй цохих үед үүсэх боломж бага. Савж унах үед үүсэхгүй. Өргөн зүйлээр л цохивол үүснэ. Хугарлын улмаас цус алддаг. Хохирогчийн судас тасраагүй, дотогшоогоо цус алдаагүй, тархиа дараагүй учраас хэсэг газар тодорхой хэмжээний үйлдэл хийх боломжтой. Өгзгөнд 4 ширхэг хутгалуулсан шарх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 169/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ц-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хх 176/ мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон ба шүүгдэгч Ч.Ц-ын “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ингэхдээ “шүүгдэгч Ч.Ц- нь хохирогч Д.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан прокуророос Ч.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан.

Шүүгдэгч Ч.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл буюу “зэвсэг” гэх ойлголтод хамаарах боловч түүний хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Д.Хүрэлбаатарын эрүүл мэндэд “дагз ясны хугарал” бүхий хүнд гэмтэл учраагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1458 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Ч.Ц- нь тухайн газар, цаг хугацаанд хохирогч Д.Хүрэлбаатартай маргалдах явцдаа, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг санаатай үйлдэл хийсний улмаас дээрх хүнд гэмтлийг учруулсан ба уг гэмтэл нь шүүгдэгч Ч.Ц-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Д.Хүрэлбаатарын “...Мягмардорж, Хуягаа, Баярсайхан, Хатанбаатар ах нартай тааралдаад бид нар нэг шил архи хувааж уусан. Ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй архиа ууж дуусчихаад салсан. Гэр лүүгээ өгсөөд явж байхдаа Ойлон Цогоо /Ч.Ц-/, Тагнуул Цогоо /С.Цогтбаатар/ нартай тааралдаад Ойлон Цогоогийнд очсон...” /хх 14-15/, гэрч С.Баярсайханы “...өдөр Хүрэлбаатар, Мягмарсүрэн, Хатанбаатар бид дөрөв тааралдаад 0,75 литрийн “Сэржим” нэртэй архи хувааж уугаад салсан. Ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Хүрэлбаатар нээх айхтар согтоогүй, гайгүй байсан ба “гэр лүүгээ харьлаа” гээд яваад өгсөн...” /хх 19-20/, Т.Хатанбаатарын “...бид нар архи уугаад салсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Хүрэлбаатартай уулзах үед биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” /хх 21/ гэсэн мэдүүлгээс үзэхэд, хохирогч Д.Хүрэлбаатар нь Ч.Ц-, С.Цогтбаатар нартай уулзахаас өмнө хэсэг бүлэг хүмүүстэй архидан согтуурсан байх бөгөөд энэ үедээ болон тэднээс салж явахдаа биедээ харагдах ил шарх гэмтэлгүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсныг дурдах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь зохих хуулийн шаардлагыг хангаж гарчээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулахгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул “шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгыг өөрчилж өгөхийг хүссэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ц-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Ц-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах, мөн хохирогчоос өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих тухай саналууд гаргасныг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.289.332 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас уг хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулжээ.

            Энэ хугацаанд, шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1.000.000 төгрөгийг төлж, үлдэх 289.332 төгрөгийг 7 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн /хх 183/ байна.     

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөрийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, тодорхой хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд шүүх эдгээр нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 556 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН