Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 02

 

 

 

           

 

 

 

 

 

Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 792 дугаар шийдвэртэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт оршин суух, Зуутраг овогт Жалцангийн  Цолмонгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух Хаснууд  овогт Цэвээний Нармандахад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ж.Алтангэрэл, Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.500.000 төгрөг, замын зардал 180.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Жанцангийн Цолмон нь 2014 оны 5 дугаар сарын сүүлчээр 5 толгой адууг 3.500.000 төгрөгт бодож Ц.Нармандахад өгсөн юм. Ц.Нармандах 5 адууг худалдаж аваад машинд ачаад явсан боловч 3.500.000 төгрөгөө авч чадаагүй байгаа тул шүүхэд хандаж байна. Ц.Нармандах нь удаа дараа нэхүүлж, “Өгнө өгнө” гэсээр яваад өдий хүрлээ. Иймд Ц.Наранмандахаас 5 толгой адууны үнэ 3.500.000 төгрөг, унааны зардал /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар-Улаангом хүртэл ирэх очих 180.000 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөг зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “.Миний бие нь 2014 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас адуу худалдан авсан. Гэхдээ Ж.Цолмон гэх хүнтэй уулзаагүй ба Ж.Цолмонтой адууны наймаа хийгээгүй. Би Ж.Цолнэмэх, Ц.Ганзориг нартай адууны наймаа хийсэн. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Ганзориг шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Мөн би тухайн үед Ж.Цолмонгийн дүүгээс 5 тооны адуу авсан бөгөөд тэр хүн буцаагаад адуугаа аваад явсан. Ах нь надад 4.000.000 төгрөг өгөх ёстой байхад ах дүү нар тэр тооцоогоо хийхгүй намайг чирэгдүүлж байна. Би Ж.Цолмонгийн ахаас 4.000.000 төгрөгөө авч байж энэ мөнгийг өгнө. Мөн Ц.Ганзоригийн гуйлтаар одоо энд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Алтангэрэлийн хүүхдийн найранд нэг хонь, 20 л сүү гэх мэтийн зүйлийг өөрөөсөө гаргаж хүргэж өгсөн. Үүний мөнгийг хасаагүй байна. Ж.Цолмон сая 8 сард Ж.Алтангэрэлийн хүүхдийн найрны асуудлаар ирсэн байх бөгөөд надтай уулзаагүй тул түүний замын зардал гэх 180.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Нармандахаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цолмонгоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нармандахаас 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх бодит болсон асуудлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр шийдвэрлэсэн байна. 2015 оны 5-р сард Сэлэнгийн хүдэр суманд Ганзориг 5 адууг 3.5 саяд зээлээр өгөхөөр ярьсан ба даагаа зарна гэж хэлсэн. Тэгээд Ж.Цолнэмэх ирж би яриад дааганаас гадна 4 адуу нийт 5 адууг 5.300.000 төгрөгт авахаар тохирч надаас Цолнэмэх 3.500.000 төгрөг бэлэн, 500.000 төгрөгт нь овъёосыг авсан юм. Ц.Ганзориг надад зарах 5 адуугаа өөрөө Ж.Цолнэмэхийн гадна тууж ирээд барьж өгсөн. Э.Цолмон надтай адуу зарах яриагүй, Ц.Ганзориг л адуу зарах талаар ярьсан ба Ц.Ганзоригийг өөрийнхөө 5 адуугаа зарж байна гэж ойлгосон. Авсан адуугаа Увс руу ачихад Ц.Ганзориг өөрөө Хүдэр сумын хэсгийн төлөөлөгчийг дагуулж очиж адуугаа зарж Увс руу явуулж байна гээд гарал үүслийн гэрчилгээ хийлгэж өгсөн. Үүний дараа Батсуурь гэдэг хүн ирж хүрэн үрээг Ж.Цолнэмэх надад зарчихсан, чи мөнгө өгөөгүй байна гэсэн. Би бүх адууг буцааж, 4 сая төгрөгөө эргүүлэ  авахаар болсон ба түүний 3.5 сая төгрөгийг Ганзоригт өгчих гэхэд Ж.Цолнэмэх би Ц.Ганзоригт өгчихнө, үлдсэн 500.000 төгрөгийн чамтай тооцно гэсэн юм. Би Ганзориг руу утастаж “Чиний 3.5 сая төгрөгийг чамд Цолнэмэх өгөхөөр боллоо" гэхэд Ганзориг чамд үлдсэн 500.000 төгрөгөө өгөхгүй байж магадгүй, чи Цолнэмэхийн 1 адууг барьцаанд нь авч үлдээрэй гэсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Ц.Нармандах нь 2014 оны 05 дугаар сард адууныхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор өөрийн найз Ц.Ганзоригтой ярилцан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас түүний аав Ж.Цолмонгоос 5 тооны адууг 3.500.000 төгрөгөөр худалдан авахдаа үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Ц.Нармандах үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ж.Цолмонгийн харъяалалын дагуу Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “5 адууны үнэ 3.500.000 төгрөгийг удаа, дараа нэхсэн боловч өгнө гэсээр өдий хүрсэнийг Ц.Нармандахаас гаргуулж өгөхийг хүсье” гэх нэхэмжлэлийг хариуцагч Ц.Нармандах “Нэхэмжлэгчийн дүү Ж.Цолнэмэх надад адуу худалдаж 3.500.000 төгрөг авсан боловч уг адуугаа буцаан авч 3.500.000 төгрөг өгөөгүй байгааг адууныхаа үнэнд аваарай гэж Цолмонгийн хүү Ганзоригтой тохиролцсон” хэмээн маргажээ.

Хариуцагч Ц.Нармандах нь үүргийн гүйцэтгэлийг Ж.Цолнэмэхээс авах ёстой 3.500.000 төгрөгийг Ц.Ганзоригийг авлагадаа аваарай гэж  тохиролцсон гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй ба “Ж.Цолнэмэх,  Ц.Ганзориг хоёртой адууны худалдаа хийсэн, Ж.Цолмонтой адууны худалдаа хийгээгүй” гэх Ц.Нармандахын тайлбар нь гэрч Б.Отгонбаяр /хэргийн 45 дугаар тал/, Ц.Ганзоригийн тайлбар /хэргийн 48 дугаар тал/, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн иргэн Ж.Цолмонгийн 2014 оны “А” дансны малын тодорхойлолт /хэргийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцуулахаар хариуцагч нь бусдаас авах авлагыг суутгаж авахыг нэхэмжлэгчээс хүссэнийг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар эд хөрөнгөө шилжүүлсэн худалдагч хэлэлцэн тохирсон үнээ шаардах эрхтэйгээр хуульчлагджээ..

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төрийн санд хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

           

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70950 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ                              

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН