Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 792

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, ОЭ57100879 регистрийн дугаартай, Зуутраг овогт Жалцангийн Цолмонгийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 2 дугаар багт оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, ОМ80030418 регистрийн дугаартай, Хаснууд овогт Цэвээний Нармандахад холбогдох,

   Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөг, замын зардал 180.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэл, хариуцагч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ж.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жанцангийн Цолмон нь 2014 оны 5 дугаар сарын сүүлчээр 5 толгой адууг 3.500.000 төгрөгт бодож Ц.Нармандахад өгсөн юм. Ц.Нармандах 5 адууг худалдаж аваад машинд ачаад явсан боловч 3.500.000 төгрөгөө авч чадаагүй байгаа тул шүүхэд хандаж байна. Ц.Нармандах нь удаа дараа нэхүүлж, Өгнө өгнө гэсээр яваад өдий хүрлээ. Иймд Ц.Наранмандахаас 5 толгой адууны үнэ 3.500.000 төгрөг, унааны зардал /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар- Улаангом хүртэл ирэх очих 180.000 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 70.950 төгрөг зэргийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Ц.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь 2014 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас адуу худалдан авсан гэхдээ Ж.Цолмон гэх хүнтэй уулзаагүй ба Ж.Цолмонтой адууны наймаа хийгээгүй. Би Ж.Цолнэмэх, Ц.Ганзориг нартай адууны наймаа хийсэн. Би иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Ганзориг шүүхэд худал мэдүүлэг өгсөн байна. Мөн би тухайн үед Ж.Цолмонгийн ахаас 5 тооны адуу авсан бөгөөд тэр хүн буцаагаад адуугаа аваад явсан. Ах нь надад 4.000.000 төгрөг өгөх ёстой байхад ах дүү нар тэр тооцоогоо хийхгүй намайг чирэгдүүлж байна. Би Ж.Цолмонгийн ахаас 4.000.000 төгрөгөө авч байж энэ мөнгийг өгнө. Мөн Ц.Ганзоригийн гуйлтаар одоо энд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ж.Алтангэрэлийн хүүхдийн найран дээр нэг хонь, 20 л сүү гэх мэтийн зүйлийг өөрөөсөө гаргаж хүргэж өгсөн. Үүний мөнгийг хасаагүй байна. Ж.Цолмон сая 8 сард Ж.Алтангэрэлийн хүүхдийн найрны асуудлаар ирсэн байх бөгөөд надтай уулзаагүй тул түүний замын зардал гэх 180.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч Ц.Нармандахад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөг, замын зардал 180.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Ц.Нармандах Би Ж.Цолмонгоос биш, харин түүний хүү Ц.Ганзоригоос тухайн 5 тооны адуу авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

     Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 218 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд дурдсанаар ... Ц.Нармандахын Цолнэмэх надад өгсөн 5 адуугаа буцаагаад аваад явсан ба адууны үнэ 3.500.000 төгрөгийг анхынхаа хүү Ганзоригт өгөөрэй гэж хэлэхэд За гэж хэлээд надад байсан 5 адуугаа аваад явсан гэх тайлбар өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Ганзоригийн мэдүүлэгт Аав 2014 оны 5 дугаар сард 5 тооны адууг Ц.Нармандахад зарсан ба би тухайн адууг барьж өгсөн. Миний аав Ж.Цолмон нь Ц.Нармандахад 3.500.000 төгрөгөөр тооцож худалдсан гэж, мөн гэрч Б.Отгонбаярын мэдүүлэгт 2014 оны хавар би Ц.Нармандахтай хамт Сэлэнгэ аймаг руу явсан ба Ц.Ганзоригийн аав Ж.Цолмон, түүний ах Ж.Цолоо гэх айлд намайг дагуулж очсон. Ц.Нармандах нь Ц.Ганзориг, Ж.Цолоо нараас нийт 15 тооны адуу авсан. Яг хэнээс нь хэдэн тооны адуу авсныг санахгүй байна. ... Ц.Ганзориг нь өөрийн аав Ж.Цолмонгийнд байж малаа малладаг юм билээ. Ц.Ганзориг, Ж.Цолоо нараас тухайн адууг авсан гэж тус тус мэдүүлжээ.

     Өөрөөр хэлбэл, 2014 оны хавар Ж.Цолмон, Ц.Нармандах нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Ц.Нармандах нь Ж.Цолмонгоос 5 тооны адууг 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байх ба гэрээний дагуу тухайн адууны үнийг өнөөг хүртэл хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Ж.Цолмон гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

     Харин гэрч Ц.Ганзоригийн мэдүүлэг, мөн хэрэгт авагдсан Ж.Цолмонгийн 2013, 2014 оны мал тооллогын баримтаар тухайн 5 тооны адуу нь Ж.Цолмонгийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн Ц.Ганзоригоос худалдаж авсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

     Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Нармандахаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгож шийдвэрлэлээ.

    Харин нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Увс аймаг руу Ц.Нармандахтай уулзахаар ирсэн замын зардал 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу зорчсон унааны тасалбар хэрэгт ирүүлсэн байна.

      Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах үүднээс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний Сэлэнгэ аймгаас Увс аймаг руу ирж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсний зардал нь зайлшгүй гарах байсан зардал биш, мөн тэрээр 180.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цолмонгоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нармандахаас 70.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

     Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа Би Ж.Цолмонгийн ах Ж.Цолнэмэхээс авлагатай бөгөөд энэ мөнгийг авч байж Ц.Ганзоригт мөнгийг нь өгнө, Ц.Ганзориг Манай ааваас худалдан авсан гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж маргаж байгаа боловч энэхүү хэрэгт эдгээр нөхцөл байдлыг хамтатган шийдвэрлэх боломжгүй, нөгөө талаар Ж.Цолнэмэхээс авах авлагын асуудлаа хариуцвал зохих этгээдийн оршин суугаа газрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргах замаар, мөн гэрчийн худал мэдүүлэг өгсөн эсэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар тус тус шалгуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Нармандахаас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цолмонгоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нармандахаас 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА