Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 03

 

 

 

           

 

 

 

 

 

Д.Бямбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Малчин сумын 01 дүгээр багт оршин суух, Тугтан овогт Дамбын Бямбын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух Харагчууд овогт Пүрэвийн Шарамхүүд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Бямба, хариуцагч П.Шарамхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 524.500 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Иргэн П.Шарамхүү нь миний өвөлжөө, бууц шатаасан нь Увс аймгийн Прокурорын газрын тогтоолоор батлагдсан болно. Иймд П.Шарамхүүгээс 42 ширхэг модны 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литр шатахууны үнэ 207.500 төгрөг, бүгд 524.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэргийг хянан шалгах явцад миний бие үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг үнэлгээгээр миний өвөлжөөнд учирсан хохирлыг 506.000 төгрөг байна гэж тогтоосон. Тэгэхээр 42 ширхэг модны үнэ 117.000 төгрөг гэснийг өөрчлөн 506.000 төгрөг гээд бусад хэсгийг нь хэвээр нэхэмжилж байна ” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие Д.Бямбын өвөлжөөний 10 ширхэг шургааг модыг санамсаргүй байдлаасаа үүдэн шатаасныгаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хийгээд өгчихсөн. Энэ хүн үндэслэлгүй их мөнгө шаардаад байх юм. Бидний санамсаргүй байдлаас шатаасан зүйлийн зургийг цагдаагийн мөрдөн байцаагч Мөнхнаран зургаар баталгаажуулан, хэрэгт хавсаргаад энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг нутаг уснаас хөөх бодлого баримталж ийм зүйл гаргаж ирээд байгаа. 10-хан шургаа мод шатаасныгаа солиод шинэ болгоод өгчихсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй .” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч П.Шарамхүүгээс гэм хорын хохирол 524.500 /таван зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын 389.000 төгрөг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “2016 оны 06 дугаар сарын эхээр Увс аймгийн Малчин сумын нутагт байрлах иргэн М.Пүрэвжавын өвөлжөөний хашааг П.Шарамхүү өөрийн  болгоомжгүй үйлдлийн улмаас шатааж тухайн үеийн зах зээлийн ханшаар 28000 төгрөгийн  хохирол учирсан байгаа боловч хариуцагч ...би өөрийн шатаасан 10 ширхэг модыг өөрчлөөд шинээр хийгээд өгсөн гэх тайлбар нь бодит байдалд нийцсэн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна. Модны үнэ, өтөг бууцны үнэ, зарцуулсан шатахууны үнэ, нийт 524.500 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй ба хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.” гэж шүүх үндэслэх хэсэгтээ үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 42 тодны үнэ 506.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг зэрэг хохирол надад учирсан байхад хэт нэг талыг барьсан, хэргийн оролцогчийн эрхийг тэгш  хангаагүй байгааг хүлээн  авна уу.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын дунд үүссэн эрхзүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилгааг хуулинд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангажээ.

 

Хэрэгт авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” Увс аймгийн Прокурорын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар тогтоолд нэхэмжлэгчП.Шарамхүүгийн өвөлжөөний хонины хашааны урд хэсэг нь шатсан болох нь гэрч М.Пүрэвжав, Ц.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг болон шинжээчийн 351 дүгээр дүгнэлтээр 4 метрийн урттай 15 сантиметрийн диаметртэй нэг ширхэг шинэс модны үнэлгээ 2.800 төгрөг гэж тооцон 10 ширхэг модны үнэ 28.000 төгрөгөөр нийт хохирлыг тогтоож,  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

 

Тогтоолд дурдсан гэрчүүдийн “Хашааны урд нүүрний 10 орчим мод шатсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч Д.Бямба давж заалдах шатны шүүх хуралдаанд үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн хашаа сэлбэсэн мод нь нарийхан байсан гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Шарамхүү нь ямар хэмжээний газрын бууц болон 42 ширхэг хашааны мод шатсан талаар, мөн бууц ачихад зарцуулсан бензин зэрэг хохирлуудыг нотолсон, хуулинд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна шүүхэд энэ  талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 16-21 хуудаст/ нь өвөлжөөний шатсан хашааг үзэж нягтлан учирсан гэм хор, хохирлын хэмжээг бодитой тогтоохгүйгээр хашааг нийтэд нь үнэлсэн байх ба тус хашааны 42 ширхэг мод шатсан нь нотлогдоогүй, хонины хашааны урьд хэсэг нь шатаж 28.000 төгрөгийн хохирол учруулсан нь бодит байдалд нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримтуудтай тохирсон, хашааны шатсан хэсгийг үзэж нягтлахгүйгээр жишиг үнэлгээ баримтлан тогтоосон, хашааг нийтэд нь үнэлсэн үнэлгээгээр гэм хорын хохирлыг тооцон гаргуулах боломжгүй гэж үзлээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 21494 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

           

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 21494 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

Д.ЖАМБАЛСҮРЭН