Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 805

 

   Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суух, 1946 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ46122010, Тугтан овогтой Дамбын Бямбын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ67021614, Харагчууд овогтой Пүрэвийн Шарамхүүд холбогдох,

   Гэм хорын хохиролд 524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бямба, хариуцагч П.Шарамхүү, иргэдийн төлөөлөгч Ц.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Шарамхүү нь миний өвөлжөө, бууц шатаасан нь Увс аймгийн Прокурорын газрын тогтоолоор батлагдсан болно. Иймд П.Шарамхүүгээс 42 ширхэг модны 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литр шатахууны үнэ 207.500 төгрөг, бүгд 524.500 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж өгнө үү. Өвөлжилтийн бэлтгэл хангах, хашаа саравчийг барьж мал онд оруулах ажил их байхад П.Шарамхүү хүний бууц, өвөлжөөг шатаачихаад уулзаж уучлалт гуйхгүйгээр өдийг хүрлээ. Хэргийг хянан шалгах явцад миний бие үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг үнэлгээгээр миний өвөлжөөнд учирсан хохирлыг 506.000 төгрөг байна гэж тогтоосон. Тэгэхээр 42 ширхэг модны үнэ 117.000 төгрөг гэснийг өөрчлөн 506.000 төгрөг гээд бусад хэсгийг нь хэвээр нэхэмжилж байна гэжээ.

    Хариуцагч П.Шарамхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Бямбын өвөлжөөний 10 ширхэг шургаа модыг санамсаргүй байдлаасаа үүдэн шатаасныгаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хийгээд өгчихсөн. Энэ хүн үндэслэлгүй их мөнгө шаардаад байх юм. Бидний санамсаргүй байдлаас шатаасан зүйлийн зургийг цагдаагийн мөрдөн байцаагч Мөнхнаран зургаар баталгаажуулан, хэрэгт хавсаргаад энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг нутаг уснаас хөөх бодлого баримталж ийм зүйл гаргаж ирээд байгаа. 10-хан шургаа мод шатаасныгаа солиод шинэ болгоод өгчихсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

    Иргэдийн төлөөлөгч Ц.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруутай эсэхийг тодорхойл хэлэхэд төвөгтэй юм гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Д.Бямба нь хариуцагч П.Шарамхүүд холбогдуулан гэм хорын хохирол 524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 389.000 төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчилсөн байна.

    Хариуцагч П.Шарамхүү Д.Бямбын өвөлжөөний 10 ширхэг шургаа модыг санамсаргүй байдлаасаа үүдэн шатаасныгаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ засаад хийгээд өгчихсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

   Нэхэмжлэгч Д.Бямба 42 ширхэг модны 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литр шатахууны үнэ 207.500 төгрөг, бүгд 524.500 төгрөг-ийг гаргуулахаар нэхэмжлэхдээ өөрийн хүргэн М.Пүрэвжавын өвөлжөөний гэрчилгээний хуулбар, охин Б.Хандсүрэн, М.Пүрэвжав нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, М.Пүрэвжаваас олгосон итгэмжлэл, мөрдөн байцаалтын үед авч бэхжүүлсэн 8 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгож Гэрэгэ эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг тус тус ирүүлсэн байна.

     Харин хэрэгт авагдсан Увс аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 362 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд: ... Шинжээчийн 351 дугаартай дүгнэлтээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Малчин суманд 4 м урттай 15 см диаметртэй нэг ширхэг шинэс модны зах зээлийн үнэ 2.800 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. Иргэн М.Пүрэвжавт нийт 28.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

    Өөрөөр хэлбэл, 2016 оны 6 дугаар сарын эхээр Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутаг Хүйтний уульт гэх газарт байрлах иргэн М.Пүрэвжавын өвөлжөөний хашааг хариуцагч П.Шарамхүү өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас шатааж, тухайн үеийн зах зээлийн ханшаар нийт 28.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байгаа боловч хариуцагч Би өөрийн шатаасан 10 ширхэг модыг өөрчлөөд, шинээр хийгээд өгчихсөн гэх тайлбар гаргасан нь бодит байдалд нийцсэн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

    Нөгөө талаар, нэхэмжлэгч ямар нотлох баримтыг үндэслэн 42 ширхэг модны 117.000 төгрөг, өтөг бууцны үнэ 200.000 төгрөг, үүнд зарцуулагдсан 125 литр шатахууны үнэ 207.500 төгрөг, бүгд 524.500 төгрөг-ийг нэхэмжилсэн нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

    Мөн Прокурорын газраас хуулбарлан ирүүлсэн 8 ширхэг гэрэл зургийн 2 дахь зурагт Шатсан хэсгийг харуулав гэсэн зургаас үзэхэд тухайн шатсан хэсэг нь өвөлжөөний үүдэн хэсэгт гал ноцож, өтгө шатсан нь харагдаж байгаа бөгөөд өвөлжөөг бүрэн шатаасан зүйл тогтоогдохгүй байна.

     Гэрэгэ эстимейт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайланд Мянган малын багтаамжтай хэрэгцээний модоор хийсэн хашаа бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон гэх гээд нийт хохирол 506.000 төгрөг гэж тогтоосноос үзэхэд тухайн өвөлжөөг бүхэлд нь шатсан хэмээн үзэж, үнэлгээг бүхэлд нь гаргажээ.

    Гэтэл Увс аймгийн Прокурорын газрын 2016 оны 362 дугаар тогтоолд дурдсанаар тухайн өвөлжөөний нэг хэсэг нь шатаж, 28.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон нь бодит байдалд нийцсэн байна гэж үзлээ.

    Иймд нэхэмжлэгч Д.Бямбын нэхэмжлэлийн шаардлага нотлогдож, тогтоогдохгүй байгаа бөгөөд хариуцагч нь өөрийн шатаасан хэсгийг засан өгч, гэм хорыг арилгасан гэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч П.Шарамхүүгээс гэм хорын хохирол 524.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 389.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэж тухайн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч П.Шарамхүүгээс гэм хорын хохирол 524.500 /таван зуун хорин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бямбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын 389.000 төгрөг нэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увсаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

ШҮҮГЧИД П.БОЛОР

Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ