Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00220

 

           Ж.М-ы нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай   

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00116 дугаар магадлалтай,

Ж.М-ы нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж 838.037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509.948 төгрөг, нийт 1.347.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Цэнгэл сумын хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2016 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл 3 жил 9 сар ажилласан. 2016 онд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б\32 дугаар тушаалаар Ж.М- намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн. 2016 оны 12 дүгээр сарын 01-нээс эхлэн би ажилгүй болсон. Би Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэнд хандсан боловч тэрээр “Ж.М- та ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад ир, одоогоор таны бүрдүүлсэн материал дотор таныг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна" гэж хэлсэн. Ингээд тус газрын даргын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Д.Алтынгүлтэй уулзахад "Би таны асуудлыг даргад танилцуулсан. Таныг 2016 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал гарсан учраас дахин тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн юм. Би ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажилгүйдлийн тэтгэмж авахгүй хохирч, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөө авч чадахгүй бас хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар Ж.М- би ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах ёстой боловч ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа буюу намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Сьезхан дарга гаргаж өгөөгүй учраас тус байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ нэхэмжилж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах эрх зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөөс ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 509.948 төгрөгийг одоо хүртэл аваагүй.

Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838.037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс болох 509.948 төгрөг бүгд 1.347.985 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Засгийн газрын бүтцийн шинээр зохион байгуулж баталсан хуучин байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг татан буулгаж шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож зохион байгуулж баталсан. Ж.М- өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг нэхэмжлэлд хүлээн зөвшөөрсөн байна. Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучин нэр/-ийн даргын тушаалд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт цалингийн санг хүргүүлсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 01-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 6/21 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. 45 орон тоонд аль болохоор хуучин хоёр хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг багтааж томилсон ба үлдсэн хүмүүсийг хохироохгүй байхын тулд тушаал гарган хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгосон. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Ж.М- ажиллаж байгаагүй учир би тушаал гаргаж хуурамч материал олгох боломжгүй. Мөн Ж.М-д 11 дүгээр сард цалин хөлс гаргаагүй энэ талаар үйл ажиллагааны ня-бо Ж.Мухибат тодорхой тайлбар өгнө гэрчээр асууж тодруулах хэрэгтэй байна. Иймд Ж.М-д тус газраас тушаал гаргаж өгөх нэхэмжлэлд дурдсан мөнгийг олгох ямар ч үндэслэн байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838.037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509.948 төгрөг, нийт 1.347.985 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун наян таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Санырау-кербез овогт Жумабайн Мейрамханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 36.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.М-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00116 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ы хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан 1.347.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 36.550 төгрөгөөс 15.948 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, 20.602 /хорин мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг Төрийн сангийн 100020000941 тоот данснаас гаргуулж, Ж.М-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Цэнгэл сум хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сараас эхлэн тус байгууллагын зохион байгуулалтын бүтцэд хийсэн өөрчлөлтөөр орон тоо нь цомхтгогдож ажилгүй болсон юм. Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2016 оны 12 дугаар сарын 01-ныг хүртэл ажил үүрэг гүйцэтгэж байсан нь түүний 2016 оны 08,09,10,11-р сард цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл бодогдож байснаар ноологдож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан нь Ж.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүйн улмаас Ж.М- нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болжээ. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б\32 дугаартай “Бүтэц орон тоо, зохион байгуулалтын тухай” тушаалд дурдсанаар ажилтан Ж.М- нь ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзэх боломжгүй байна. Ж.М-ы өмнө ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас албан бичгийн дагуу тус байгууллагад ажиллаж байсан ажилтнуудыг цалингийн сангийн хамт Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт шилжүүлсэн юм. Ж.М-ы орон тоо нь хасагдсан бол ажил олгогч нь түүнийг орон тооны цомхтголд орсон гэсэн үндэслэлээр өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар эрхийн акт гаргах үүрэгтэй юм. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 234 дугаартай албан бичигт “...Ажил олгогчоос иргэн Ж.М-ы нийгмийн даатгалын шимтгэлд 2016 оны 11 дүгээр сард 107089 төгрөг шилжүүлсэн” гэж дурдсан ба шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн аймгийн ХХҮГ-ын нягтлан бодогч Ж.Мухибат нь “...Тухайн үед программын алдаа гараад Ж.М-ы 11 дүгээр сарын -нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байсан, гэхдээ цалин олгогдоогүй” гэх тайлбар нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч Ж.М- нь 2017 оны .дүгээр сард байгууллагаас түүний нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч цалин хөлсөө аваагүй гэж үзэх үндэслэлтэй байсан юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 485 дүгээр шийдвэрийг хэвээр  үлдээж, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний. хэргийн давж заалдах шатны, Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 212/МА2017/000116 дугаартай магадлалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын Журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүйдлийн тэтгэмж 838.037 төгрөг, цалин 509.948 төгрөг нийт 1.347.985 төгрөг шаардсан, нэхэмжлэлийн үндэслэлийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй учир ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, 2016 оны 11 дүгээр сарын цалин олгоогүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллаж байгаагүй ...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар тогтоожээ.  

Дээрх тогтоол гарсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б/32 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Ж.М-ыг Цэнгэл сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдын цалингийн санг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт хүргүүлжээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан байх ба нэхэмжлэгчид тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь хэргийн баримтаар тогтоогджээ.  

Баян-өлгий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 125 дугаар албан бичигт “...өргөдөлд хавсаргасан тушаалыг үндэслэн Ж.М-д ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй...” гэжээ /хэргийн 13 дугаар тал/.

Анхан шатны шүүх хариуцагч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гаргаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар зохицуулах бөгөөд даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүсэхээр, ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгохоор мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлд тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний төв хариуцахгүй.

Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба,  уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Нэхэмжлэгчийг түүний ажиллаж байсан хуулийн этгээд болох Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ажлаас чөлөөлсөн, энэ тохиолдолд шинээр бий болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажлаас чөлөөлөх шийдвэрийг дахин гаргах шаардлагагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч  2016 оны 11 дүгээр сард хариуцагч байгууллагад ажиллаагүй тул  цалин хөлс олгох үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгохгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00116 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 15.946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ