Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00116

 

М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэртэй, М-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Би анх Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн "Ажилд түр томилох тухай" 23 дугаар тушаалаар Ц сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад, мөн хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн "Ажилд томилох тухай" 16 дугаар тушаалаар Ц сум хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Түүнээс хойш уг байгууллагад тасралтгүй 2016 оны 12 дугаар сарын 01-ийг хүртэл 3 жил 9 сар ажиллаж байсан. 2016 онд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс гэсэн хоёр байгууллага нэгдэж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. Хоёр байгууллага нэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн "Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай" Б\32 дугаар тушаалаар М намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сард тус байгууллагын даргаар С томилогдсоноос хойш манай байгууллагад бүтэц, орон тооны цомхотгол хийгдэж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн би бодит байдалд ажилгүй болсон. 

М би Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэнд хандсан боловч тэрээр "М та ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад ир, одоогоор таны бүрдүүлсэн материал дотор таныг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна" гэж хэлсэн. Би өөрт байгаа  бүх баримтыг өгөөд надад өөр тушаал байхгүй байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж өгөхгүй байна гэж хэлсэн. Гэтэл нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн "Таны энэ тушаал бол таныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн тушаал байна. Харин таныг үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлсөн тушаал биш байна. Нөгөө талаас танд 2016 оны 08-11 дүгээр сарын цалин хөлс бодогдож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. Тийм учраас “Танд заавал ажлаас чөлөөлөх тушаал байх ёстой" гэж хэлсэн. 

Ингээд би байгууллагын дарга С-д очиж учир байдлыг хэлж "намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгнө үү. Би ажилд эргэн орох талаар маргахгүй, харин хэдэн сард ноогдох ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагатай” гэж хэлэхэд С надад "Манай байгууллагын нягтлан бодогч Му-тай ярьж, “Та ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуул" гэсэн. Нягтлан бодогч Му-тай уулзахад “Би таны тушаалыг гарган өгч чадахгүй, тушаалыг дарга гаргах журамтай, тушаалын төслийг А гэдэг дарга боловсруулж газрын даргад танилцуулан баталгаажуулах ёстой" гэж хэлсэн. Тус газрын даргын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга А-тай уулзахад "Би таны асуудлыг даргад танилцуулсан. Таныг 2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал гарсан учраас дахин тушаал гаргах шаардлагагүй гэж хэлсэн. 

Үүний дараа газрын дарга С даргатай хэд хэдэн удаа очиж уулзсан боловч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй өнөөдөр хүрч байна. Ингээд М би аргагүйн эрхэнд өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. М би ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажилгүйдлийн тэтгэмж авахгүй нэг хохирч, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөө авч чадахгүй бас хохирч байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар М би ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах ёстой боловч ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа буюу намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг С дарга гаргаж өгөөгүй учраас тус байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ нэхэмжилж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т "Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ" гэж заасан. 

Ингэхээр М би одоо нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэхэд 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах эрх зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс гарч нийгмийн даатгалын хэлтэст ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн боловч 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 509948 төгрөгийг одоо хүртэл аваагүй. Цалин хөлсөөр хохирсон асуудлыг Нийгмийн даатгалын хэлтэст очих үед программаас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас М миний 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлд 53885 төгрөг төлөгдсөн үед мэдлээ. 

Иймд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс болох 509948 төгрөг бүгд 1347985 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун наян таван/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Засгийн газрын бүтцийн шинээр зохион байгуулж баталсан хуучин байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг татан буулгаж шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож зохион байгуулж баталсан. Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны Сайдын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/179 тоот тушаалаар тус газрын даргаар томилогдон ирж уг албан тушаалд ороход тухайн хоёр байгууллагын ажилтан албан хаагчдыг 2016 оны 8 дугаар сард чөлөөлсөн байсан. Тухайлбал М өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг нэхэмжлэлд хүлээн зөвшөөрсөн байна. 

Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /хуучин нэр/-ийн даргын тушаалд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй, зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт цалингийн санг хүргүүлсэн байна. Энэ тушаалыг бичиг үсэг мэддэг хүн болгон уншиж ойлгоно. Миний бие бүтцийн өөрчлөлт хийгээгүй 2016 оны 9 дүгээр сарын 01-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 6/21 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталсан байна. Энэ бүх процесс намайг ажилд томилогдохоос өмнө болсон. Би батлагдаж ирсэн 45 орон тоонд аль болохоор хуучин хоёр хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг багтааж томилсон ба үлдсэн хүмүүсийг хохироохгүй байхын тулд тушаал гарган хуулийн дагуу 3 сарын тэтгэмж олгосон. М-ын хэлснээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй болсон. М-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн /хуучин нэр/ 6/32 тоот тушаал гарч ажлаас чөлөөлсөн байхад би давхар тушаал гаргах эрхгүй. 

Учир нь: Би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болохоос Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга биш гэдэг нь тов тодорхой байна. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт М ажиллаж байгаагүй учир би тушаал гаргаж хуурамч материал олгох боломжгүй. Энэ өөрөө хуультай гэдгийг хуулийн байгууллага, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч сайн мэдэх ёстой. Тийм учир би ямар нэгэн ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхгүй байна. Мөн М-ын нэхэмжлэлд 8 дугаар сард ажлаас гарсан, дахин тушаал гаргах шаардлагагүй гэж дурдсан нь надаас тодорхой хуулийн хугацаанд хариу авсан гэж ойлгож байна. Мөн Мд 11 дүгээр сард цалин хөлс гараагүй ажил хийгээгүй, ажилд авсан тушаал гаргаагүй хүнд цалин гарахгүй бөгөөд 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлд 53899 төгрөг ташаа буруу орсон. 

Энэ талаар үйл ажиллагааны нягтлан бодогч Му тодорхой тайлбар өгнө. Түүнийг гэрчээр асууж тодруулах хэрэгтэй байна. Дээрх тайлбаруудаас үзэхэд М-д тус газраас тушаал гаргаж өгөх, нэхэмжлэлд дурдсан мөнгийг олгох ямар ч үндэслэл байхгүй. Иймд М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр: 

 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүйдлийн тэтгэмж 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин 509948 төгрөг, нийт 1347985 /нэг сая гурван зуун дөчин долоон мянга есөн зуун наян таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-нд олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс 36550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С би дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 

1. Нэхэмжлэлд тайлбараа бичгээр болон шүүх хуралд амаар гаргасан. 

2. “М нь ажлаас чөлөөлөгдсөн байна гэж үзэх боломжгүй” гэжээ. Нийгмийн Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн Б/32 дугаар тушаалаар ажилчдыг үүрэгт ажлаас чөлөөлөөд цалингийн санг нь Ерөнхий Газарт шилжүүлсэн байна. Гэтэл үүнд ажил олгогч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ямар ч буруугүй нь тодорхой байхад шүүх буруутгасан нь ойлгомжгүй байна. Тухайлбал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй болохоор түүнд ажлаас чөлөөлсөн гэх тушаал өгөх нь хууль зөрчсөн үйлдэл билээ. Үүнээс болж М нь ажилгүйдлийн тэтгэмж аваагүйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар буруугүй гэдгийг шүүх анхаараагүй байна.

3.М нь ажлаас чөлөөлөгдсөнөө үндэслэлтэй эсэхэд маргах боломжтой байсан ч нэг сарын доторх хугацаанд хуульд зааснаар шүүхэд гомдол гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрүүлсэн нь ажлаас чөлөөлснийг зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

4.Мөн үндэслэх хэсэгт “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.С нь ажилтан Мыг урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн нь” гэжээ. Дарга Б.С нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй байхад шүүх буруу дүгнэлт хийжээ.

5.Шүүхийн дурдсанаар “даатгуулсан иргэн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч төлнө” гэжээ. Шүүх нийгмийн даатгалын заалтыг зөв бичээд буруу тайлбарлажээ. Үүнд: М 3 сарын тэтгэмж, 3 сарын цалинг Ерөнхий Газрын зөвшөөрснөөр авчихсан байгаа. Нөгөө талаар ажлаас чөлөөлсөн тушаалаа авчхаад бүтэн 6-7 сар шүүхэд хандалгүй гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн М-д ажил олгогч гээд байгаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй. 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна. 

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжид 838037 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 509948 төгрөг, нийт 1347985 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл, М нь ажилгүйдлийн тэтгэмж болон цалин хөлсний талаар маргаан үүсгэсэн байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үл хамаарах цалин хөлс олгох хэлбэр, зарчмыг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэврийн төрлийг тодорхойлсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг хэн хариуцах талаар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмыг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих, тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Нийгмийн  даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийг хэрэглээгүй байна. 

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж ажилгүйдлийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг хуульчилжээ. Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч М-ын ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний төв хариуцахгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд М нь тодорхой бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, ирүүлсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авах боломжтой талаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 235 дугаар албан бичигт /хэргийн 88 дугаар тал/ дурдагджээ.  

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй буруутай үйл ажиллагаанаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирч байна” гэж тайлбарлаж байгаа боловч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалын хавсралтаар М-ыг Ц сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлаас чөлөөлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон баримт хэрэгт авагдсан байна. Иймд ажилтан М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг бичгээр гаргаагүй гэж ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй. 

 

Нэхэмжлэгч М нь 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 509948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2016 оны 11 дүгээр сарын цалин хөлсөнд ноогдох 53885 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна” гэж тайлбарлаж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 125 тоот албан бичгийг /хэргийн 13 дугаар тал/ нэхэмжлэлд хавсаргажээ. Нэхэмжлэгч М нь ажил олгогчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тэрээр 2016 оны 11 дүгээр сард хариуцагч байгууллагад хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогдоогүй, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2017 оны 176 тоот албан бичгээр ирүүлсэн /хэргийн 77-85 дугаар тал/ тус аймгийн Халамж, үйлчилгээний газрын ажиллагсдын 2016 оны 11 дүгээр сарын цалингийн хүснэгтэд М-д цалин бодогдож гараагүй, түүний нэр жагсаалтад байхгүй зэргээс дүгнэвэл, М-ын цалин хөлс гаргах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 125 тоот албан бичигт дурдсанчлан 2016 оны 11 дүгээр сард аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нийгмийн даатгалын тайлан ирүүлж, М-д цалин олгосноор тайлагнасан нь түүнд цалин хөлс олгох үндэслэлийг бүрэн нотлохгүй юм. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Нийгмийн  даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг баримтлан нэхэмжлэгч М-ын хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан 1.347.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 36.550 төгрөгөөс 15.948 төгрөгийг /цалин хөлс гаргуулах шаардлага/ төрийн сангийн дансанд үлдээж, 20.602 төгрөгийг зохих данснаас гаргуулж, М-д буцаан олголоо. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн  даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мы хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан 1.347.985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 36.550 төгрөгөөс 15.948 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, 20.602 /хорин мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг Төрийн сангийн 100020000941 тоот данснаас гаргуулж, Мд буцаан олгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК