Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 639

 

                                             

 

 

 

 

 

 2020         04          08                                     2020/ШЦТ/639

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Н.Үзмээ, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг /ҮД:0148/,

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чд холбогдох 2006 00956 0539 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 03 дугаар сарын 30-ны төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодизийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын К-6 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 79 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, П овогт Нн Ч /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 79 тоотод иргэн Н.Үзмээгийн зүүн хацар хэсэгт гараараа 2 удаа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Үзмээгийн өгсөн: “29-ний орой би гэртээ байсан. Ч лүү би өөрөө залгасан. Яагаад гэвэл бид хоёрын хооронд маш их мөнгөний асуудал байгаа. Би байнга залгаж “яах вэ” гэж асуудаг. Тэр болгонд олигтой хариулт хэлдэггүй. Тэр өдөр энэ хүн халдвар судлалын эмнэлэгт байна. Чи манай найз бүсгүйтэй ярь гээд яриулсан. Би тэр эмэгтэйг сайн танихгүй. Тэгээд ярьсан, “Жулия караокед хүрээд ир гурвуулаа сайхан уулзаж, танилцая” гээд дуудсан. Эмэгтэй хүн дуудаж байгаа болохоор би очиж уулзсан. 500 граммтай “Соёрхол” архи аваад талаасаа доошоо орчихсон уугаад сууж байсан. Би дуунд нилээн дуртай болохоор хэсэг дуулж суусан, тэгээд гарч явсан. Нөгөө хүүхэн нь “манайд орьё, ярих юм байна” гэсэн. Тэгээд бид 3 хамт гэрт нь орсон. Гэрт нь ороход нэг өндөр шар хүүхэн байсан. Нилээн юм ярьж байгаад гэнэт л “Чи одоо яв, явахгүй бол чамайг би шалны алчуур болгоно шүү. Би энэ шалыг өдөр болгон арчдаг” гэж түлхээд эхэлсэн. Тэгээд миний үснээс зуурч чирээд нөгөө хүүхэн нь ч бас цохин ус асгаад хувцас тайлчихсан. Дотуур хувцас, толгой гээд бүгд норчихсон байсан. Оюунхишиг нь “алив Ч босоод ирээч, энэ хүүхнийг гэрээс гаргаж зайлуулья” гэж хэлсэн. Ч ганцхан орилж босож ирээд миний хацар луу 2 удаа цохисон. Намайг газарт хэвтчихсэн байхад элэг рүү нүцгэн хөлөөрөө 2 удаа дэвссэн. Ч өрөө лүүгээ ороод “би чамайг битгий хүн дууд гэж хэлсэн биздээ янхан минь” гэж хэрэлдээд байсан. Би босоод өрөө лүү нь ороод “чи яаж байгаа юм бэ, миний хацар хүн аймаар болчихлоо, яаж байгаа юм бэ” гэсэн чинь май гээд салаавч өгөөд хэвтээд байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Гарах үед миний хувцсанд байсанд 50.000 төгрөг байхгүй байсан. Надад таксины мөнгө байхгүй, гээд гуйсан чинь тэр чигтээ хаалгаа хаасан. Би гэртээ такси барьж очоод утаснаасаа шилжүүлж төлбөрийг нь төлсөн. Шөнө нь миний толгой тархи өвдөөд унтаж чадаагүй. Өглөө нь эрт босоод цагдаа дээр очоод гомдол гаргасан. Би хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй. Чтэй нэг удаа ч хэрүүл маргаан хийж байгаагүй. Толгой үзүүлсэн 120.000, хэвлийн эхоний үзлэг 30.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, “Сонгдо” эмнэлгийн 150.000 төгрөг, шүүх эмнэлгийн 8.000 төгрөг, нийт 1.308.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Үзмээгийн өгсөн: “... миний бие 2020 оны 01 сарын 31-ний орой гэртээ байж байгаад Ч рүү би залгаж ярьсан, тэгээд ярьж байсан, Чгийн найз хүүхэн утсыг нь аваад “намайг хүрээд ир, хамт караокед орьё” гэж дуудсан, тэгээд яваад очсон, бид гурав Жулья караокед ороод 30 минут болсон, намайг очиход тэр хоёр архи ууж байсан, би ороод уг архинаас 2-3 удаа татсан. Караокеноос гараад уг хүүхэн манайд орьё гээд 75 байрны 79 тоотод орсон. Гэрт нь орсон гээд нэг хүүхэн сууж байсан, бид хэд юм ярьж суусан, тэгж байгаад гэнэт “мөнгө алга, энд амарчихаад явья” гэсэн, намайг тэр хоёр хүүхэн үс толгойноос чирж энэ тэндгүй цохиод байсан... Ч босож ирээд хацар луу гараараа цохисон, элэг рүү 2 удаа дэвссэн. Миний хацар хавдсан. Бие хөх няц болсон...” гэх мэдүүлэг /хх.3/,

“... зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэсэн гэмтлийг Чимэгрэгзэн учруулсан, бусад гэмтлийг нөгөө 2 хүүхэн нийлж байгаад учруулсан. Би тухайн үед согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунхишигийн өгсөн: “... Үзмээ нь над руу дайран хэрэлдэж орилоод байсан. Тэгж байгаад Ч сэрээд босч ирээд Үзмээг гараараа 2-3 удаа цохисон. Би Үзмээ, Ч хоёрын дундуур орж хориглоод нэг их цохиулаагүй. Миний харснаар Үзмээ нь 2-3 удаа цохиулсан байх, би хориглоогүй байсан бол тэрнээс олон удаа цохиулах байсан ч байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх.11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2188 дугаартай:

“1. Н.Үзмээгийн биед зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын
зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун дал, баруун
тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “... Зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн мөр, зүүн бугалга баруун дал, баруун тохойд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чий яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед унтаж байгаад гэв гэнэт Үзмээд цохиулан нүд харанхуйлаад цочиж сэрэхдээ гараа зангидаад цохичихсон. Үзмээгийн яг хаашаа нь цохисныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Хохирлын баримт /хх.3, 17-18, 21, шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны 79 тоотод иргэн Н.Үзмээгийн зүүн хацар хэсэгт гараараа 2 удаа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Үзмээгийн өгсөн: “... Ч босож ирээд хацар луу гараараа цохисон, элэг рүү 2 удаа дэвссэн. Миний хацар хавдсан. Бие хөх няц болсон...” гэх мэдүүлэг /хх.3/,

“... зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэсэн гэмтлийг Чимэгрэгзэн учруулсан...” гэх мэдүүлэг /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюунхишигийн өгсөн: “... Ч сэрээд босч ирээд Үзмээг гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.11/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2188 дугаартай:

“1. Н.Үзмээгийн биед зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын
зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, зүүн бугалга, баруун дал, баруун
тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “... Зүүн хацар ясны нум хэсгийн далд хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн мөр, зүүн бугалга баруун дал, баруун тохойд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Чгийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед унтаж байгаад гэв гэнэт Үзмээд цохиулаад нүд харанхуйлаад цочиж сэрэхдээ гараа зангидаад цохичихсон...” гэх мэдүүлэг /хх.49-50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Үзмээгийн өгсөн: “... Ч ганцхан орилж босож ирээд миний хацар луу 2 удаа цохисон. Намайг газарт хэвтчихсэн байхад элэг рүү нүцгэн хөлөөрөө 2 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Чгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Чг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Н.Чгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Н.Ч нь хохирогч Н.Үзмээгийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 308.000 төгрөгийг нөхөн төлсөн боловч хохирогч Н.Үзмээ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чгээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Чгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэм хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Чд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Н.Чгээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж хохирогч Н.Үзмээд олгохоор тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. П овогт Нн Чг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Чд сануулсугай.

          4. Хохирогч Н.Үзмээ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.Чгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Чгээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж хохирогч Н.Үзмээд олгохоор тогтоосугай.

          6. Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 308.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР