Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  Дугаар                  Номгон

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Тэд холбогдох эрүүгийн 1914000000165 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  Р.Т

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Р.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-56 БНА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр Б.Т дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Р.Тийн мөрдөн байцаалтад өгсөн

           ... Намайг трактор дуудчихаад эргээд ирэхэд голын зах дээр талийгаач Р.Т, Л.Л нар 1 шил 0.75 литртэй, Ерөөл архи задалж ууж байсан. Би машинаа гаргуулчихаад машин эвж байсан модоо зөөж машинд ачаад эргээд ирэхэд архиа уугаад дуусаж байсан. Тэгээд сумаас найз Ч.Х охин Номин-Эрдэнэ 2 ирээд Л.Л миний машинд суугаад талийгаач Б.Т мотоцикльтойгоо явсан. Бид нар явж байгаад Шандын овооны доод талд Хөх эргийн харалдаа зогсоод 1 шил 0.5 литртэй Ерөөл архинаас Л.Л, талийгаач Төмөрбаатар бид 3 амаар нь нэг нэг балгаад талийгаач Б.Т Шандын овоон дээр зогсоорой гэж хэлээд хөдлөөд явцгаасан. Шандын овоон дээр ирээд би машинаас бууж ирээд талийгаач Б.Ттай тамхи татах гэтэл Л.Лгийн хамраас цус гарсныг хараад талийгаач миний найзын хамраас цус гаргадаг хэн гээд багалзуурдаад барьж боохоор нь сөхрөөд суусан, Ч.Х хүрч ирж салгаад цааш нь аваад явсан. Би машиндаа суух гэж байтал араас чулуу шидээд байсан, би машиндаа суугаад асаагаад зүүн талын зам руугаа ортол гэнэт талийгаач баруун гар талаас машины урдуур орж ирэхээр нь дайрагдлаа гэж бодоод машинаас гүйгээд гарахад машины баруун талын тэг дунд хавьцаа хэвтэж байсан. Би 0.5 литртэй архинаас нэг балгасан овоон дээр ирээд архи уугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 /

Хохирогч Э.Ц мөрдөн байцаалтад өгсөн

           ... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 9 цаг өнгөрч байхад Л.Л ирээд Баянлигийн гол орж тэмээ хараад ирье гээд талийгаачийг дагуулаад явсан, өдөр 16 цагийн үед Өлзийсүрэн эгч хадам ээжийн утас руу залгахаар нь би утсыг нь авахад Төмөрөө машинд дайрагдчихлаа гэж хэлээд утсаа тасдсан эргүүлээд залгахад нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар машинд суух гэж байтал Ч.Х ах ачааныхаа машиныг унаад ирсэн хажууд нь Л.Л суусан байсан, манай том хүү ачааны машины хаалгыг онгойлгоод зогсож байхаар нь очтол талийгаачийг суудал түшүүлээд суулгасан байдалтай байсан. Би духан дээр нь дархад бүлээн байсан, духны баруун талд арьс нь хууларсан харагдсан, том хүү аавын хуруу нь тасарсан байна гэж хэлсэн,... Миний нэхэмжилсэн 20000000 төгрөгнөөс Р.Т 11000000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 9000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67, 2-р хх-ийн 1-2/

           Иргэний нэхэмжлэгч Ч.Х мөрдөн байцаалтад өгсөн

           ...шинжээчийн дүгнэлттэй танилцсан, одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 195-197/

            Гэрч Л.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Тэнд бас нэг их удаагүй байж байтал трактортой Эрдэнэбаатар гэж хүн ирсэн. Эрдэнэбаатарыг ирэхээс өмнө Р.Т ахтай нэг шил архи задалж уусан, ямар хэмжээтэй архи байсан, миний авсан архинаас үлдсэн архийг би гаргаснаа санахгүй байна. Ямар ч байсан архи гаргасан байсан. Би Р.Т, Б.Т нарыг уусан эсэхийг мэдэхгүй байна. Тэгж байтал Ч.Х ах Тоовгой гэж хүнтэй хамт ирж байсан. Тэгээд машин голын шавраас гарсан. Би энэ үед архи уугаад согтсон үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байж байгаад ухаан ороход талийгаач Б.Тын гэрийн гадаа Ч.Х ахын машинд сууж байгаад сэрсэн. Машинаас буугаад ирэхэд бөөн хүмүүс гэрт болон гадаа уйлалдаад байж байсан. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви байхгүй байсан ... /1-р хх-ийн 104-108 /

            Гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн

            ... Цагаан өнгийн ачааны машин дээр нь пургон ачсан байсан машины баруун талд 2 хүн сууж байснаа намайг далласан очиход Р.Т гэх хүн өвөр дээрээ хүний толгой дэрлүүлсэн, дээлтэй хүн байсан харахад гарын нэг хуруу нь байхгүй байсан, Надаас Төмөрсүх утас байна уу дуудлага өгөөдхөөч гэсэн би утас байхгүй би өөрөө сум ороод дуудлага өгөөдөхье гэж хэлээд хөдлөхдөө харахад духны баруун тал хагарсан гэмээр юм шиг харагдаж байсан. Би тэндээсээ хөдлөөд шууд сум ороод болсон зүйлийн талаар ээждээ хэлээд эмнэлэг ороод дуудлага өгөөдөх гэж хэлсэн. Тухайн үед амьд үхсэн талаар мэдэхгүй хараад сандраад шууд явсан...” /хх-ийн 115-117/

            Гэрч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... Доод хошуугаар цагаан ачааны машин гараад ирсэн, хажууд нь Л.Л суусан Ч.Х машинаас бууж юу болсон талаар асуухад өнгөрчихлөө гэж хэлсэн ... талийгаачийн том хүү орилоод гүйж ирээд миний аав үхсэн байна, ам хамраас нь цус гарсан байна гэж хэлсэн. Бид нар ачааны машин дээр ирээд машины хаалга онгойлгоод харахад машины баруун хойд талын суудлын шалан дээр суудлаа түшсэн байдалтай, явган суусан гэмээр баруун талын хаалга руу нүүрээ харуулсан, хамар, амнаас нь бага зэргийн цус гарсан харагдаж байсан. Машинаас цогцсыг буулгаад гэрт оруулж тавихад баруун талын духны арьс нь хуулагдсан, 2 хуруу хиртэй мах нь байхгүй байсан. Зүүн гарын нэг хуруу арьсан дээрээ тогтсон байсан. Хадам ээж дээлийг нь сөхөхөд цагаан цэнхэр фудболктой цээж хэсгээр шарх харагдаагүй, өмд нь салтаа хэсгээр урагдсан, төмсөг нь бага зэргийн шүүстэй харагдсан, зүүн талын хөлийг харахад хугарсан юм уу гэмээр харагдсан, удалгүй Баянлиг сумын эмч нар ирж Шандын овоон дээр ирлээ дуудлага өгсөн газар гэж байсан. Эмч нар нь хэргийн газраас хөдлөж болохгүйцагдаа дууд гэж хэлсэн ... Р.Т ах өөрөө талийгаачийн аав гэх хүнд би дүүгээ дайрчихсан гэж хэлж байсан би хажууд нь байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-132/

Гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

... Доод хошуугаар Ч.Х ахын машин гарч ирээд гэрийн гадаа ирээд зогссон машины Ч.Х ах унасан. Лувсанцэрэн хажууд нь суусан, талийгаач ахыг Ч.Х ахын хамт гэрт өргөж оруулсан, оруулаад харахад баруун талын дух хэсэгт халцарсан, зүүн гарын чигчий хуруу унжсан байдалтай байсан. Мөн өмдний алцай нь урагдсан, төмсөг нь хавдартай, бага зэргийн цус гарсан, зүүн талын хөл гэмтэлтэй харагдаж байсан. Ч.Х ах хэлэхдээ машин хөдлөөд давхисан урдуур нь гүйгээд орчихлоо гэж хэлээд байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/

Гэрч Х.Буянгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Р.Т би талийгаачийг машинаар дайрсан, урдуур гүйгээд орсон, тооромз бариагүй гэж хэлэхээр нь итгээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139/

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн

... Амь хохирогч Б.Тын биед цээжний зүүн талын 1-10 хавирга нугаламын хажуугийн шугамаа, 2-9 хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1-6 хавирга суганы урд шугамаар 1-5 хавирга нугаламын хажуугийн шугамын шууд болон шууд хугамар гэмтэл ... Элэг давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шархи гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, бусад биеийн гадна гэмтлийн зулгаралт, цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна ... Зүүн хөлийн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал гэмтлүүд нь гэмтэлийн хүндэвтэр, бусад биеийн гадна гэмтлийн зулгаралт, цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна ... Амь хохирогч Р.Тын биед цээжний зүүн талын 1-10 хавирга нугаламын хажуугийн шугамаар, 2-9 хавирга игэмний дунд шугамаар, баруун талын 1-6 хавирга суганы урд шугамаар 1-5 хавирга нугаламын хажуугийн шугамын шууд болон шууд хугарал гэмтэл нь гэмтлийн шокод орж үхэлд хүргэнэ мөн элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шархи гэмтлүүд нь эрхтэнүүд задарч цус алдаж, гэмтлийн шокод орж үхэлд хүргэдэг, дээрх гэмтлүүд нь хавсарсан байдлаар явагдаж, өөр хоорондоо харилцан нөлөөлсөнөөр үхэлд хүргэдэг ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаар шинжээчийн

1. Талийгаач Б.Тын биед цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1,2,3,4,5,6-р хавирга суганы урд шугамаар 1,2,3,4,5-р хавирга нугалмын хажуугийн шугамын шууд болон шууд ус хугарал, элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх, зүүн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал, толгойн хуйхны дотор гадаргуун дух, дагз хэсгийн цус хуралт, дух, чих, хуруу, цавьны шарх, дух, хамар, хацар, доод уруул, цээж, хэвлий, ташаа, гуя, шилбэ, хуйхнаг, өгзөгт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаач нь дээрх цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

4.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаачид тухайн цаг хугацаанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

6. Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,1 хувь промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн цус нь В(III) бүлгийн харъяалалтай байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-170 /

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2597 дугаар шинжээчийн

  1. Шинжилгээнд ирүүлсэн Р.Т, Л.Л нарын гэх шингэн цус

нь АВО системээр В(III) бүлгийн харъяалалтай байна.

2. Ч.Х гэх шингэн цус нь АВО системээр А(II) бүлгийн харъяалалтай байна.

3. Шоотой саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн саарал оруулгатай өмд, хар өнгийн дотоож, шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, хар хөх өнгийн цамц, саарал өнгийн футболка, бор шаргал өнгийн дээл, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг чулуу, хэргийн газраас хураан авсан шороон дээр хүний цус илэрсэн.

4. Шоотой саарал өнгийн ноосон өмд, хар хөх өнгийн цамц, саарал өнгийн футболка, бор шаргал өнгийн дээлэн дээрх цус нь АВО системээр В(III) бүлгийн харъяалалтай байна.

5. Хар өнгийн саарал оруулгатай өмд, хар өнгийн дотоож, шар өнгийн оруулгатай цэнхэр өнгийн цамц, хэргийн газраас хураан авсан 3 ширхэг чулуу, хэргийн газраас хураан авсан шороон дээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

6. Улбар шар өнгийн бүс, тээврийн хэрэгслийн баруун урд талын шаврын хаалтнаас цус мэт хүрэн улаан зүйл гэсэн бичигтэй 3 ширхэг цаасан ууттай 3 ширхэг марль дээр цус илрээгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 178-179/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 041 дугаар шинжээчийн

1.Дээлэнд гарсан 37х7мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт, дээлэнд гарсан 25х12, 8х11, 17х3, 40х35, 85х11, 13х7, 22х12,5, 20х11мм хэмжээтэй уранхайнууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ уранхай, дээлэнд гарсан 78 мм, 260мм, 30мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзарсан уранхай, дээлэнд гарсан 22х12,5см, 20х11см талбайг хамарсан олон тооны жижиг цооролтууд нь хатуу гадарагуутай харилцан үйлчлэлээр тус тус гарсан шинэ уранхай,

Саарал футболконд гарсан 30х35мм хэмжээтэй уранхай нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогодсон уранхай,

Саарал футболконд гарсан 30х35мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Цэнхэр цамцанд гарсан 10х7мм хэмжээтэй уранхай нь дулааны үйлчлэлээр үүссэн хуучин цооролт

Цэнхэр цамцанд гарсан 90х45мм талбайг хамарсан гэмтэл нь дулааны үйлчлэлээр үүсгэгдсэн зулгарсан хуучин гэмтэл

Хар өнгийн дотоожинд гарсан 25мм хэмжээтэй уранхайн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт

Хар өнгийн дотоожинд гарсан 25мм хэмжээтэй уранхайн 70х31мм, 45х20мм, 90х20мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад тус тус гарсан хуучин уранхай

Хар өнгийн цамцанд гарсан 10х30мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Хар хөх өнгийн цамцанд гарсан 280х130мм, 245х110мм, 125х15мм, уранхай нь олон тооны цооролтуудтай хуучин уранхай

Дотуур өмдөнд гарсан 30х40мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт

Дотуур өмдөнд гарсан 180х150х110мм хэмжээтэй уранхай мохоо иртэй зүйлийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн шинэ уранхай

Хар өмдөнд гарсан 15мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэвтэр зүсэгдэлт

Хар өнгийн өмдөнд гарсан 5х5мм, 5х5мм, 10х4мм, 20мм, 20х7мм хэмжээтэй уранхайнууд нь хуучин уранхай

Хар өнгийн өмдөнд гарсан 40х5мм, 105мм, 200х20мм хэмжээтэй шинэвтэр уранхай

Хар өнгийн өмдөнд гарсан 290мм хэмжээтэй оёдол дагуу уранхай нь утас сэмэрсэн, оёдол доорх материалын өнгө гандаагүй, оёдлын алхмын мөрөнд утас хөвөрч үлдсэн шинэ ханзралтууд байна.. Харин дээрх уранхай, цоорхой, зүсэгдэлт гарсан цаг хуагцааг тогтоох боломжгүй.

2. Зураг №6,9 гэж дугааласан гогдсон уранхайнууд нь доороос дээш чиглэлтэй, харин Зураг №10, 11 гэж дугаарласан гогдсон уранхай нь дээрээс доош чиглэлтэй мохоо зүйлийн гогдсон үйлчлэлийн улмаас үүссэн уранхай байна. Бусад гэмтлүүдийн үүссэн чиглэлийг тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 184-200/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар

1. Тухайн зам тээврийн осол нь Хюндай маяти маркийн 48-56БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Тийн буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй байна.

2. Хьюндай маяти маркийн 48-56БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Р.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөн байна.

Амь хохирогч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

            3. Цагдаагийн байгууллагын жолоочийн нэгдсэн сангаас Р.Т /РД: ВУ84060818/-ийн жолоочийн мэдээллийг шалгахад жолооны 282459 дугаартай АВ ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна. Хьюндай маяти маркийн 4856 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээллийг тээврийн хэрэгслийн лавлагааны сангаас шүүхэд С ангиллын тээврийн хэрэгсэл байх тул Р.Т /РД: ВУ84060818/ нь тухайн тээврийг хэрэгслийг жолоодох тохирох ангилалгүй буюу эрхгүй байна.

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 9-10/

            Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаар шинжээчийн

1. Р.Т нь мэдрэлийн хувьд Гавал тархины битүү гэмтлийн үлдэц, гэмтлийн гаралтай хүзүүний эмгэгшил өвчтэй.

            2. 2016 онд гэмтэл авснаас хойш үүссэн. Одоо ээнэгшлийн үе шатандаа байна.

            3. Р.Т нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 16-17/

            “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 344 дугаар шинжээчийн... Ч.Х эзэмшлийн эд зүйлийг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 38-39/

                                                                                                

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 1-2/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 5-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-34/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-38/, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-54/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 57-61/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 78-83/, зам тээврийн осол, хэрэг үзлэгэр тогтоосон байдал, зураг /2-р хх-ийн 3-6/, шүүгдэгч Р.Тйин хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 30/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 33/, депозит дасны хуулгууд /2-р хх-ийн 34-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /2-р хх-ийн 38/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-ийн 40-44/, хохирогч Э.Ц иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 45, 46/, хохирогчийн Э.Ц хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 48/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2-р хх-ийн 49/, эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

 

Шүүгдэгч Р.Т нь Баянхонгор аймаг Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвгэрт байрлах “Шандын овоо” гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 48-56 БНА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгслээр Б.Т дайрч амь насыг нь хохироосон буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч ... манай том хүү ачааны машины хаалгыг онгойлгоод зогсож байхаар нь очтол талийгаачийг суудал түшүүлээд суулгасан байсан,...духан дээр нь дархад бүлээн байсан, духны баруун талд арьс нь хууларсан харагдсан, том хүү аавын хуруу нь тасарсан байна гэж хэлсэн…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67, 2-р хх-ийн 1-2/

гэрч    Л.Лгийн ... Би Р.Т, Б.Т нарыг уусан эсэхийг мэдэхгүй байна,...Би архи уугаад согтсон үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байж байгаад ухаан ороход талийгаач Б.Тын гэрийн гадаа Ч.Х ахын машинд сууж байгаад сэрсэн,...талийгаачийн биед ил харагдах шарх сорви байхгүй байсан ... /1-р хх-ийн 104-108 /

гэрч    Ц.Жаргалсайханы ... Цагаан өнгийн ачааны машин дээр нь пургон ачсан байсан машины баруун талд 2 хүн сууж байснаа намайг далласан очиход Р.Т өвөр дээрээ хүний толгой дэрлүүлсэн, дээлтэй хүн байсан харахад гарын нэг хуруу нь байхгүй байсан, ....тухайн үед амьд үхсэн талаар мэдэхгүй хараад сандраад шууд явсан...” /хх-ийн 115-117/

гэрч     Д.Отгонцэрэнгийн ... Машинаас цогцсыг буулгаад гэрт оруулж тавихад баруун талын духны арьс нь хуулагдсан, 2 хуруу хиртэй мах нь байхгүй байсан. Зүүн гарын нэг хуруу арьсан дээрээ тогтсон байсан. Хадам ээж дээлийг нь сөхөхөд цагаан цэнхэр фудболктой цээж хэсгээр шарх харагдаагүй, өмд нь салтаа хэсгээр урагдсан, төмсөг нь бага зэргийн шүүстэй харагдсан, зүүн талын хөлийг харахад хугарсан юм уу гэмээр харагдсан, ... Р.Т ах өөрөө талийгаачийн аав гэх хүнд би дүүгээ дайрчихсан гэж хэлж байсан би хажууд нь байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-132/

гэрч     Б.Чулуунбааатарын ... Ч.Х ах хэлэхдээ машин хөдлөөд давхисан урдуур нь гүйгээд орчихлоо гэж хэлээд байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/

Гэрч Х.Буянгийн ... Р.Т би талийгаачийг машинаар дайрсан, урдуур гүйгээд орсон, тооромз бариагүй гэж хэлэхээр нь итгээгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137-139/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаар шинжээчийн “...Талийгаач Б.Тын биед цээжний зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга нугалмын хажуугийн шугамаар, 2,3,4,5,6,7,8,9-р хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1,2,3,4,5,6-р хавирга суганы урд шугамаар 1,2,3,4,5-р хавирга нугалмын хажуугийн шугамын шууд болон шууд ус хугарал, элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх, зүүн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал, толгойн хуйхны дотор гадаргуун дух, дагз хэсгийн цус хуралт, дух, чих, хуруу, цавьны шарх, дух, хамар, хацар, доод уруул, цээж, хэвлий, ташаа, гуя, шилбэ, хуйхнаг, өгзөгт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ... талийгаач нь дээрх цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ,...талийгаачид тухайн цаг хугацаанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.... гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-170 /, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техник, замын хяналтын хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаар шинжээчидийн ...Р.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 9-10/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2597 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 178-179/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 041 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 184-200/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Харин жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг нь жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсны элмаас ухамсарт ухаан нь алгадсан аль аль байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Р.Тийн ... Бид нар явж байгаад Шандын овооны доод талд Хөх эргийн харалдаа зогсоод 1 шил 0.5 литртэй Ерөөл архинаас Л.Л, талийгаач Төмөрбаатар бид 3 амаар нь нэг нэг балгаад талийгаач Б.Т Шандын овоон дээр зогсоорой гэж хэлээд хөдлөөд явцгаасан,..би 0.5 литртэй архинаас нэг балгасан овоон дээр ирээд архи уугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 /

Гэрч Л.Лгийн            ... Р.Т ахтай нэг шил архи задалж уусан, ямар хэмжээтэй архи байсан, миний авсан архинаас үлдсэн архийг би гаргаснаа санахгүй байна,... Р.Т, Б.Т нарыг уусан эсэхийг мэдэхгүй байна....гэх мдүүлэгт /1-р хх-ийн 104-108 /үндэслэн мэдүүлэгт тулгуурлан тогтоосныг илтэд нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд согтуурсан, мансуурсан болохыг мэдүүлгээс гадна, цусны дээж авч шинжилгээ хийлгэх, драйгер багаж үлээлгэх зэргээр согтуурал, мансуурлын хэмжээг давхар нотлож , эргэлзээгүй тогтоох нь гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхэд нотолгооны ач холбогдолтой бөгөөд зөвхөн гэрчийн болон өөрийнхөн...1 удаа архинаас балгасан, архи хэрэглэсэн... мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэж болохгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т... рүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.... гэж зааснаар шүүгдэгч Р.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан гэж хүндрүүлэн үзэхэд эргэлзээтэй байх тул Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Р.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Р.Тийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.

 

Хохирогч Э.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11000000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 9000000 төгрөгийг бэлнээр нийт 20000000 төгрөг авсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Р.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.

 

 Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас үүссэн үр дагавар бүхий хор уршгийг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх нь зүйн хэрэг.

 

Иймд шүүх шүүгдэгч Р.Т нь мэдэх ёстой дүрмийн заалтаа мэддэггүй, мөн биелүүлээгүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хүний амь насыг хохироосон тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, түүнд хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 шихрэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг /хоосон/, Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулагатай даавуу цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, AMBLER гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газар шилжүүлж, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Р.Тийн 282459 дугаартай жолоочийн үнэмлэх, 01658405 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1030024 дугаар автотээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 шихэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, харин шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн 48-56 БНА улсын дугаартай хүйндэй маятын маркийн ачааны тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Тэд буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс нийт 42 хоног цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Р.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хоёр / 2 /жил зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Р.Тэд оногдуулсан хоёр / 2 / жил зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Тэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Р.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

7.Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Р.Т нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг /хоосон/, Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулагатай даавуу цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, AMBLER гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт, СД 1 шихрэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Р.Тийн 282459 дугаартай жолоочийн үнэмлэх, 01658405 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1030024 дугаар автотээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 шихэргийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн ...48-56 БНА улсын дугаартай хүйндэй маятын маркийн ачааны ....тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Тэд буцаан олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Тэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч     Р.Тэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.