Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 20

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Р.Т

      Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Тэд холбогдох эрүүгийн 1914000000165 дугаар хэргийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Р.Т, 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Р.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-56 БНА улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлээр Б.Т дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/, 

Баянхонгор аймгийн прокурорын газраас Р.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Бүтгэр овогт Р.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоер / 2 /жил зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тэд оногдуулсан хоёр /2/ жил зургаан /6/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Р.Т нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг/хоосон/, Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулгатай даавуун цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, АМВLЕR гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт, СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Р.Тийн 282459 дугаартай жолоочийн үнэмлэх, 01658405 дугаар тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, 1030024 дугаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар. агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, шүүгдэгч Р.Тийн эзэмшлийн ...48-56 БНА улсын дугаартай маяти маркийн ачааны ...тээврийн хэрэгсэлийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Тэд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Ц тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат Э.Ц миний бие 1914000000165 тоот хэргийн холбогдогч Р.Тийн хохирогч нь болох холбогдогч Р.Т нь бидэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан одоо бидэнд ямар нэгэн гомдол санал байхгүй энэ талаараа бид мэдүүлэг, эвлэрлийн гэрээнд тодорхой тусгасан байгаа бөгөөд бид олдсоноо хувааж идэх ах дүү хамаатан бүл хүмүүс юм. Миний нөхөр байсан Б.Т нь хэргийн холбогдогч Р.Тийн төрсөн эгчийн хүүхэд миний 2 хүүхдийн нагац ах нь Р.Т юм. Бид хэрэг учрал болсоноос хойш ах дүү төрөл саднаараа ярьж хэлэлцээд үлдсэн 2 хүүхдийг маань нас биед хүртэл асарч дэмжихээр Р.Ттэй ярьж тохирсон.

 Гэтэл хэргийн холбогдогч Р.Тэд хорих ял оноосонд гомдолтой байгаа учир нь миний 2 хүүхдийн амьдрал 2 жилээр хохирох нөхцөл үүслээ гэж бодож та бүхэнд гомдлоо гаргаж байна. Р.Т байгаа үедээ ямар ч тохиолдолд бидэнд тусална. Ер нь тусч өрөвч хүн гэдгийг бид битгий хэл нутгийн хүмүүс мэднэ. Хэрвээ наранд 2 жил болбол энэ хугацаанд Р.Тийн ар гэр /эхнэр 3 хүүхэд, өндөр настай ээж/ нь хэцүүднэ. Бидний 2 хүүхэд хэцүүднэ. Иймд хуулийн энэрэнгүй байдлаар бидэнд үйлчилж, энэ хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү? Шүүх хатуу чанга бодлого барьж шийдсэнд гомдолтой байна. Бид бодит үнэн, амьдралыг бичлээ, учирсан хохирлоо бүрэн төлсөн бидэнд байнга тусалж байсан, мөн цаашид тусална, дэмжинэ гэдэг нь үнэн болохоор анхны шийдвэрийг харж үзэн хорих ялыг тэнсэж өгнө үү, учир мэдэх хүмүүсээс асуухаар ингэж шийдэж болно гэх юм, бодит байдал, амьдралыг бүрэн дүгнэн үзэж Р.Тэд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэж гуйж байна, хүсэж байна, бурханы орноос ч харж байгаа шүү, та бүхэнд итгэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд хэргийг хөнгөрүүлэх, цагаатгах талын байр сууринаас хэргийн бодит үнэнийг тогтоолгох, тохирсон ялыг оногдуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 01 тоот шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

 

Болсон хэрэг учралын хувьд: 2019 оны 4 сарын 4-нд Б.Т нь согтуурсан үедээ үл ялих шалтгаанаар /найзыг зодлоо/ нагац ах Р.Тдээ агсарч эрх чөлөөнд нь халдан хэрүүл маргаан үүсгэж, хэрүүл маргаанаас зугатах, салж явах үед нь гартаа чулуу барин гүйж машинд дайрагдан амь насаа алдсан байдаг. Энэ явдалд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж эхлээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт тооцон, шүүхэд хэлэлцүүлсэн ч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон юм. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зөв зүйлчлэн гэм буруутайд тооцон 2 жил 6 сарын хорих ялаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж шийдвэрлэсэн нь бодит байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо гэж үзэн гомдлоо дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

Үүнд:

1. Хэрэг учрал болох шалтгаан: Тус өдөр Б.Т бусадтай архидан согтуурч байх үедээ нагац ахтайгаа таарсан, үл ялих шалтаг болох /найзыг зодлоо, цус гаргалаа/ гэж хэрүүл маргаан үүсгэж чулуу шидэж, бусдын эрх чөлөөнд халдлага үйлдсэнээр эхлэл тавигдан хэрүүл маргаанаас дайжин зайлах үед тээврийн хэрэгсэлийн урдуур гүйж орон дайрагдсан нь хохирогчийн буруутай үйлдлээс хэрэг учрал гарах болсон. Энэ явдлыг харж байсан гэрч Ч.Хүчитбаатарын /чулуу бариад гүйгээд надад баригдалгүй машины урдуур орсон, машин эргэж байсан юм.../ мэдүүлгээр тогтоогдсон.

2. Гэмт хэрэг учрал нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдсэн, энэ нь тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй... шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон мэдүүлгээр батлагдана.

3. Эрүүгийн хуульд заасан /6.5 дугаар зүйлд/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан.

- анх удаа тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,

-эмнэлгийн тусламж дуудаж хэрэгт холбогдогчийн зүгээс авах анхны тусламж арга хэмжээг биечлэн авч бүх ажиллагааг хийсэн,

-учирсан хохирлыг бүрэн төлсөн. Талийгаачийн ар гэрээс шаардсан 20 сая төгрөгийг 9 сая төгрөгийг бэлнээр 11 сая төгрөгийг дансаар өгч барагдуулсан.

-гэм хорыг арилгаж, бүрэн арилгахаар хичээж байсан, хохирогчийн хүү Т.Баярмагнайд 2 удаа /1.000.000, 2.000.000/, Ц.Бүрэнбаярт 2 удаа /1.000.000, 4.000.000/ тус тус хадгаламж нээлгэн мөнгөн тусламж үзүүлээд байгаа болно. Тус хадгаламжийг 2019 оны 8, 11-р сард Р.Тийн ар гэрээс хийсэн болно. Энэ нь Р.Т эцэг хүний, нагац ахын хамаатан садныхаа өмнө амлаж хэлсэндээ хүрч өөрт оногдсон үүргээ биелүүлж байгаа, цаашид ч өөрийн үүргийг сайн дураараа хэрэгжүүлэн явах болно. Энэ талаар ч хохирогчийн гомдолд тодорхой тусгасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үнэлж дүгнэж байна. /давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогчийн гомдолтой танилцсан болно./

-хохирогчийн хууль бус үйлдлийн, харьцаанаас шалтгаалан хэрэг үйлдэгдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсныг тайлбарлан хэлж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах

-хорих ялыг хөнгөрүүлэх

-хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасныг хуульч бид хэрэглэн хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан ялын дээд /хорих/ хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл 5 жил хүртэл түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх... гэснийг шүүгдэгч Р.Т хангасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн бөгөөд хуульч бид

-Эрүүгийн эрх зүйн үнэн мэдлэгт үндэслэн

-Эрүүгийн хуулийг зөв ойлгож хэрэглэх явдал хангагдсангүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгч миний бие дүгнэж байгаа юм.

Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан... хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж дэлгэрэнгүйгээр заасан заалтыг шүүгдэгч Р.Т хангасан.

Гэм буруу амьдралд үлдсэн хар толбоо жигшин өөрөө өөрийгөө шийтгэн дүгнэлт хийж цаашид зөв алдаа дутагдалгүй амьдрах бүрэн бололцоотой сум орондоо нэр хүндтэй тэргүүний залуу, өрхийн тэргүүн, гүндүүгүй эр хүн ба санамсар болгоомжгүйгээр алдсан, гэндсэн, хэрэгтэн болсон байх тул 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан тогтоох хэсгийн 3 дахь заалтын 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар гэснийг мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн, 4 дэх заалтыг хасч өөрчлөн хорих ялыг тэнсэж өгнө үү гэж гомдлоо гаргаж байна гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Р.Т нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Р.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч тээврийн хэрэгсэлийн журам зөрчигдсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хадгаламжийн дэвтэр нээн өгч гэм хорын хохирлыг төлж байгаа болно. Р.Т нь Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан тул  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

 Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хэргийн газарт, тээврийн хэрэгсэлд, цогцсоны гадна биеийг болон задлан шинжилгээний үзлэгүүд хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ч.Хүчитбаатарын мэдүүлгүүд, шинжээчийн цогцос болон мөр судлалд хийсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж шинжлэн судлахад мөрдөн байцаалтын шатанд хэрэгт чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогдоогүй байна гэж үзэх дараах байдлууд тогтоогдов.

1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дугаар талд авагдсан “...өмдний дотор хэсэгт саарал өнгийн ноосон өмд байх ба баруун цавины хэсэгт хурц зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой сорвитой, салтааны хэсэг нь нилэнхүйдээ урагдсан, хүрэн зүйлээр бохирлогдсон, түүнийг тайлахад дотор хэсэгт нь хар өнгийн дотоожтой, дотоожны баруун цавины хэсэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой сорвитой, хүрэн зүйлээр бохирлогдсон..., ...баруун цавины хэсгийн 2 шархыг дээрээс доош, гаднаас дотогш дугаарлахад шарх- 1: 3,5 x1,5 см шархны доод хэсэг нь 0.2, дээд үзүүр хурц, доороос дээш чиглэлтэй үл ялиг ташуу урдаасаа арагш 8см гүнтэй байв.

Шарх-2:  1 дүгээр шархны дотор хэсгээр урдаас арагш үл ялиг дээш чиглэлтэй 6см, 3,5x0.5 хэмжээтэй, шархны доод хэсэг 0.2, дээд хэсгийн үзүүр нь хурц байв гэх 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөгчөөс хийсэн цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл,

1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр талд авагдсан “...саарал футболконд гарсан 30x35 мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт..., ...хар хөх өнгийн дотоожинд гарсан 25 мм хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт..., ...хар хөх өнгийн цамцанд гарсан 10x30 мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт...,...дотуур өмдөнд гарсан 30x40мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, дотуур өмдөнд гарсан 180x150x110 мм хэмжээтэй уранхай мохоо иртэй зүйлийн хүчтэй үйлчлэлийн улмаас үүссэн шинэ уранхай, хар өмдөнд гарсан 15мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэвтэр зүсэгдэлт, зураг № 6,9 гэж дугаарласан гогдсон уранхайнууд нь доороос дээш чиглэлтэй, харин зураг №10,11 гэж дугаарласан гогдсон уранхай нь дээрээс доош чиглэлтэй мохоо зүйлийн гогдсон үйлчлэлийн улмаас үүссэн уранхай гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 041 дугаартай дүгнэлт зэрэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 166-170 дугаар талд авагдсан “ талийгаач Б.Тын биед цээжний зүүн талын 1-10-р хавирга нумын хажуугийн шугамаар, 2-9 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар, баруун талын 1-6 дугаар хавирга суганы урд шугамаар,1-5 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамын шууд болон шууд бус хугарал, элэг, давсагны ар ханын задрал, чацархайн няцарсан шарх, зүүн дунд чөмөг, баруун умдаг ясны хугарал, толгой хуйхны дотор гадаргуун дух, дагз хэсгийн цус хуралт, дух,чих, хуруу, цавины шарх, дух хамар, хацар, доод уруул, цээж хэвлий, ташаа, гуя шилбэ, хуйхнаг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомшинд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд, дээрх цээж, хэвлий,аарцгийн хөндийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай дүгнэлттэй зөрүүтэй, эргэлзээтэй болжээ.

Мөн “... машины нэг дугуйнд дайрагдсан, машинаас гарч ирэхэд талийгаач нь машины хажууд хэвтэж байсан...,” гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Т тайлбарласан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ  “... машинаа асаагаад хөдөлтөл урдуур гүйгээд ороод ирсэн, машины баруун талын хэсгээр мөргөөд зогссон, би машинаас буугаад ирэхэд машины урд талын дугуйны хойд талд хэвтэж байсан...” гэж,

 Хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан гэрч Ч.Хүчитбаатарын  “... машин асаад талийгаач бид 2 руу шууд чиглээд ирсэн...,”...машин талийгаачийн дээгүүр гараад нилээн өнгөрөөд эргэж хараад зогсож... байсан, “...Төмөрсүх машины асааж хөдөлгөхдөө эхлээд ухраад дараа нь талийгаач Төмөрбаатар болон миний зогсож байсан газрын чигтээ яваад дөхөж ирээд огцом зүүн гар тийшээ буюу талийгаачийн гүйж явсан чигтээ машиныг дарж улмаар талийгаачийг мөргөөд талийгаач машинд чирэгдсэн байдалтайгаар зам руу орж Төмөрсүх нь машиныг зам хөндлөн тойроход нь би наанаас нь зогс гэж хэлж гүйж очиж зогсоосон” гэж тус тус мэдүүлжээ.

  Шинжээчийн дээрх дүгнэлтүүдээр хохирогчийн бие болон хувцасанд үүссэн олон тооны гэмтэл, шарх нь машинаар нэг удаа дайруулахад үүсэж болох эсэх талаар үйл баримтыг тал бүрээс нь нарийвчлан тогтоосны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Гэтэл Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд

 “... Р.Т нь өөрийн эзэмшлийн 48-56 БНА улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгсэлээр Б.Т дайрч амь насыг нь хохироож, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон...” гэж дүгнэн, Р.Тийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-д тус,тус нотолбол зохих байдлын талаар шалгаж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээр дурдсан зөрүүтэй нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр болгон гүйцэд шалган хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул хохирогч Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын “...шүүгдэгч Р.Тэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх...” талаар бичсэн гомдлыг хэлэлцэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.3 -д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Тэд холбогдох эрүүгийн 194000000165 дугаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Р.Тэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.