Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0380

 

“Э г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээд Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Архангай аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоор “Э г и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э г и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Эрчим хүчний яамны 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга болон “Э г и” ХХК-ийн хооронд байгуулсан “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээ”-г үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээг үргэлжлүүлэхийг хариуцагч Эрчим хүчний яаманд даалгаж, хариуцагч Эрчим хүчний яамны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Гэрээ цуцлах мэдэгдэл” А/3263 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Архангай аймгийн төвд дулааны станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарласан хариуцагчийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Шүүх Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн заалтад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Маргаан бүхий хамтран ажиллах гэрээ 2014 оны 05 дугаар сард байгуулагдсан. Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө тухайн үед үйлчилж мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хууль үйлчлэхээс өмнө байгуулсан гэрээг ямар хууль зүйн үндэслэл, шаардлагаар 2016 оны Захиргааны ерөнхий хуульд хамруулж байгаа талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй нь шүүгч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас Архангай аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих зогссон, аймгийн хэрэглэгчдийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Яамны зүгээс гэрээний талаарх хүсэлт зоригоо илэрхийлсэн албан бичиг бүрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гэж үзэх нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Эрчим хүчний яам нь өөр ямар нэг хэлбэрээр өөрийн хүсэлт зоригоо илэрхийлэх боломжгүй юм.

Шүүхийн дээрх дүгнэлтээс шүүх зөвхөн Эрчим хүчний яамны энэхүү цуцлах тухай хүсэлт зоригийн илэрхийлэлд төвлөрч хэргийг шийдсэн бөгөөд хариуцагчийн өгсөн тайлбарт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт огт хийгээгүй нь шүүгч зөвхөн нэг талыг барьж шийдсэн гэх дүгнэлтийг хийхийг хүргэлээ.

“Э г и” ХХК нь санхүүжилт авах бичиг баримтыг яаманд гаргаж өгөөгүй, дээрх санхүүжилт нь Эрчим хүчний яамны дансанд байршдаггүй. Сангийн яаманд холбогдох гүйцэтгэл бичиг баримтыг хүргүүлснээр эрх үүсдэг. “Э г и” ХХК нь яаманд санхүүжилт олгуулах талаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй энэхүү гэрээнд заасан үүргээ өөрөө биелүүлээгүйгээс санхүүжилт олгогдоогүй хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Гэрээний талууд гэрээний талаар аливаа маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын Арбитрын шүүхэд шийдвэрлүүлэхээр гэрээнд тусгайлан зааж, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх зохицуулалтын талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй, шүүх энэ талаар хууль зүйн тайлбар хийгээгүй байна. Нэхэмжлэгчээс арбитрын шугамаар хэрэг маргаанаа шийдвэрлэхгүй байгаа учир шалтгааны талаар тодруулаагүй, ямар ашиг сонирхол байгаа талаар огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэсэн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... шүүх энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд арбитрын ажиллагаанд оролцож үл болно” гэж хуульчилсан.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар шүүх тогтоох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар ямар нэг нотолгоо хэрэгт авагдаагүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Архангай аймгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг /нийтийн ашиг сонирхол/ шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,

Гуравдагч этгээд Архангай аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “... Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай дөрвөлсөн гэрээг байгуулсан. Уг гэрээ байгуулагдсанаас хойш Архангай аймагт дулааны станц барихтай холбоотой ажил тухайн онд хийгдээгүй учраас Эрчим хүчний яам санхүүжилт хийх чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ шалтгааны улмаас одоог хүртэл Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын иргэдэд төвийн дулаан хангамж дутагдалтай, халуун усаар хангаж чадахгүй асуудал үүсч байна. Мөн Архангай аймаг дулааны станцгүйн улмаас хүйтний улиралд утаа асар ихсэж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргаас 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЭХА-042/14 дугаартай “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г “Э г и” ХХК-тай байгуулжээ.

Нэхэмжлэгчээс уг гэрээг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээг биелүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төслийг үргэлжлүүлэн явуулахыг Эрчим хүчний яаманд даалгуулах” гэж өөрчилж, “ЭХА-042/14 дугаартай гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр Архангай аймгийн төвд дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой Эрчим хүчний яамны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тус тус нэмэгдүүлжээ.

Улмаар эцсийн байдлаар “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ЭХА-042/14 дугаартай гэрээний дагуу хийгдэж байгаа төслийг үргэлжлүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төслийг үргэлжлүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгуулах, гэрээг цуцалсан 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/3263 дугаар албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр Архангай аймгийн төвд дулааны цахилгааны станц барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй атлаа дан ганц гэрээ цуцалсан мэдэгдэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5, 107 дугаар зүйлийн 107.4-д нийцэхгүй байна.

Учир нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох ёстой. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Бүгд Найрамдах Солонгос Улсын зээлийн хөрөнгөөр Архангай аймгийн төвд дулааны цахилгааны станц барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн Эрчим хүчний яамны шийдвэрийг хүчингүй болгуулах” хэмээн тодорхойлсноос үзэхэд Эрчим хүчний яамны ямар албан тушаалтны, Архангай аймгийн төвд дулааны цахилгааны станц барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах хэзээний, ямар шийдвэр гарсныг нэхэмжлэгч нь хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан анхан шатны шүүхээс ямар ч ажиллагаа хийгээгүй, хариуцагчаас тайлбар бичгээр аваагүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Тэгсэн атлаа уг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

2. Хэдийгээр нэхэмжлэгч шүүхээр зөрчигдсөн гэж үзсэн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь аль захиргааны байгууллагын, ямар үйл ажиллагааны улмаас хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй болох, тухайн шүүхийн шийдвэр гарснаар эрх нь бүрэн сэргэх боломжтой эсэхийг тодруулах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахад ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгч “Э г и” ХХК-иас анхнаасаа Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан дөрвөлсөн гэрээний үүргийн биелэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан, ингэхдээ хариуцагчаа дан ганц Эрчим хүчний яам гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх уг алдааг засалгүй зөвхөн Эрчим хүчний яаманд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, улмаар Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-д заасанд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э г и” ХХК-тай Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргаас харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЭХА-042/14 дугаартай “Архангай аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан, хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг даргаас гэрээг цуцлах саналыг дэмжсэн үйл баримт тогтоогдсон, энэ тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Эрчим хүчний яаманд гэрээний дагуу хийгдэж байгаа төслийг хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх боломжтой эсэхийг анхаараагүй.

Улмаар Эрчим хүчний зохицуулах хороо, Архангай аймгийн Засаг дарга нарын дээрх гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэхгүй тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь сэргэх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүйд хүрэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг зөвтгөж, маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН