Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0315/З |
Дугаар | 221/МА2021/0393 |
Огноо | 2021-07-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2021/0393
“О т” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, П.Х, Б.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б, З.С, хариуцагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ц.Т, Х.Э, Я.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “О т” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.6, 72 дугаар зүйлийн 72.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.9, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг баримтлан “О т” ХХК-аас Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нар болон “О т” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1 238 349 476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371 504 842.91 төгрөгийн торгууль, 247 669 895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгааны дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1 232 908 680 төгрөгийн нөхөн татвар, 616 454 340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах, Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10 905 405 515 төгрөг, 2015 онд 22 228 674 804 төгрөг, бүгд 33 134 080 319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5 842 552 772.79 төгрөгийн хүү, торгуулийг өршөөлд хамруулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулж шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим шаардлагуудад хамаарах асуудал нь Лондонгийн олон улсын арбитраар хянан шийдвэрлэгдэж байгаа тул нэг асуудлаар хоёр тусдаа хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гарах нь хууль дээдлэх ёсонд харшийн зэрэгцээ шийдвэрийн биелэлтэд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал бий болохоос сэргийлэх үүднээс зарим нэхэмжлэлийн шаардлагаа татан авч багасган анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Хяналт шалгалтын ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн дагуу эхэлсэн ба энэ нь захиргааны байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаа тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар хуульчилсан харилцаанд багтахгүй. Иймд Татварын улсын байцаагч нарын хяналт шалгалтын үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэх юм
Гэтэл анхан шатны шүүхээс Шийтгэлийн хуудаст гомдол гаргахтай холбоотой хуулийн зохицуулалтуудыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэл хамаарахгүй гэж дүгнэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна
Анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан нь татварын эрх зүйн харилцаа мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ цааш дүгнэхдээ "...Татварын улсын байцаагч нар “О т” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болох нь тодорхой бөгөөд түүнийг тухайлан тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал байхгүй..." гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв татварын эрх зүйн харилцаа гэдэг нь тодорхой байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой юм. Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл бий болох юм.
Хяналт шалгалтын ажиллагааг хийж дуусгаад, шалгалтын үр дүнг танилцуулах ёстой байтал нэг жилийн дараа огт хийгдээгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан.
Дээрхээс үзвэл татварын улсын байцаагч нар “О т” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа юу, зөрчил шалган шийдвэрлэх харилцаа юу гэдэг нь ойлгомжгүй байдалд хүрсэн. Энэ ч үүднээс нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Гэтэл анхан шатны шүүхээс эдгээрийн зааг ялгааг гаргалгүйгээр татварын эрх зүйн харилцаа болох нь тодорхой, гэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Татвар төлөгчийн хувьд хяналт шалгалтын ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон гэж итгэж явтал, татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгчийн огт оролцоогүй процессын дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан тул тухайн өдрийг хүртэл ямар эрх зүйн харилцаа, ямар процессын дагуу хяналт шалгалт явагдаж ирсэн болохыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой юм.
Түүнчлэн шүүх “... эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хамт гаргаж байгаа нь агуулгын хувьд ойлгомжгүй байна” гэж дүгнэсэн нь шүүх хэргийг нэг мөр шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэж байгаа байтал ойлгомжгүй байна гэж дүгнэлт өгч буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байна.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагч татварын улсын байцаагч нар тодорхой үндэслэл гарган маргаагүй болно. Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамуудын фото зургуудыг хавсарган өгсөн. Эдгээр өндөр хүчдэлийн шугамууд нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “цахилгаан дамжуулах сүлжээ” гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдэлийн шугам, дэд станц,түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдэлийн шугам, дэд станцыг” гэж заасанд хамаарах юм.
Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг үндэслэн өндөр хүчдэлийн шугамуудыг эрчим хүчний барилга байгууламж гэж тайлбарлан улсын байцаагч нараас үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа нь дээрх хууль тогтоомжуудад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам нь үл хөдлөх хөрөнгө мөн биш эсэхийг шийдвэрлэхдээ Эрчим хүчний сайдын тушаал болон Татварын ерөнхий газрын даргын тушаалыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэр алдаатай болохыг харуулж байна. Түгээх шугамыг байгууламжид хамаарахаар хуульчилсан ба харин татварын улсын байцаагч нарын шийтгэл ногдуулсан үл хөдлөх хөрөнгө гэж үзэж буй хөрөнгө нь өндөр хүчдэлийн шугамууд тул цахилгаан дамжуулах сүлжээнд хамаарах нь ямар ч маргаангүй юм. Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг угсрах аргаар суурилуулсан байдаг. Цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүйгээр салган шилжүүлэн байршуулж ашиглах боломжтой тул Иргэний хуулийн 84.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтод хамааруулах хууль зүйн боломжгүй юм.
Хэрэв шонгийн модыг хооронд нь холбож буй өндөр хүчдэлийн шугамыг үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл Монгол Улсад хэдэн арван сая үл хөдлөх эд хөрөнгө зохиомлоор бий болж, иргэн, хуулийн этгээд шонгийн мод, шугамынхаа төлөө татвар төлж, тэр хэмжээгээр цахилгааны үнэ тарифт өөрчлөлт орох нөхцөлийг бий болгох юм.
Нэхэмжлэгчээс бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдуулан төлсөн суутган татвар буюу “нөхөн татвар”-ыг хасагдах зардлаар тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасантай нийцэх юм.
Иймд анхан шатны шүүхээс "... ажил гүйцэтгүүлсэн этгээдийн орлогоос суутган төлөх үүргээ биелүүлээгүй, татварын зардал нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш тул суутган аваагүй татварын дүнгээ өөрийн үйл ажиллагааны зардалд тооцон татвар ногдох орлогоо бууруулсан нь хууль бус болжээ” дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэхүү нөхөн төлсөн суутган татварын зардал нь О т ХХК-ийн бусад этгээдээс үйлчилгээ авахтай холбогдон гарч буй зардлыг нэмэгдүүлж байгаа тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардал юм.
Өөрөөр хэлбэл суутган татвар нь уг суутган татварыг ногдуулж буй гүйлгээний дүнд /энэ маргааны хувь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр/ орж тооцогдон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнагддаг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн зохицуулалттай билээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо: “... “О т ХХК-ийн зүгээс татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /2015/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй 17,417,870,387.60 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийн дүнгээс 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг дээрх хуулийн зохицуулалтад хамааруулан төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч байна.
Учир нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна" гэж хууль хэрэглэх журмыг тодорхой заасан. Гэтэл “О т” ХХК-ийн зөрчлийг татварын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад илрүүлэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 тоот шийтгэлийн хуудсаар зөрчлийг тогтоосон байхад шүүх зөрчил 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан гэх агуулгаар дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасныг үндэслэн хамааруулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгч шүүхийн шийдвэрээ уншиж танилцуулахдаа шийтгэлийн хуудасны 1/а, 1/б-ийн зарим хэсэг, 1/в, 1/д, 1/ё, 1/ж, 1/з, 1/л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийг өршөөлд хамруулах асуудлыг зөрчил тус бүрийн он оноор ялган тооцож өршөөлд хамруулахыг татварын улсын байцаагч нарт даалгаж шийдвэрлэв гэж танилцуулсан атлаа шүүхийн шийдвэрийг бичгэн хэлбэрээр гаргахдаа хариуцагч талаас тооцоолол гарган ирүүлсэн, тооцоо нийлсэн мэтээр дүгнэн бичиж 17,417,870,387.60 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийн дүнгээс 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг бууруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэн байна.
“О т” ХХК-ийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийн асуудлаар өршөөлд хамруулах талаар хүсэлтээ ирүүлж байгаагүй, шийтгэлийн хуудас гарснаас хойш даруй 3 жил 4 сарын хугацаа өнгөрсөн хойно өршөөлд хамруулах талаар хүсэлт гаргаж байгаа нь тус асуудлаар хүсэлт, гомдол гаргах эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.6.2-т “оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1- д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нар болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “О т” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулжээ.
Гомдол гаргагч “О т” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, “1/ “О т” ХХК болон татварын улсын байцаагч нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, 2/ шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1 238 349 476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371 504 842.91 төгрөгийн торгууль, 247 669 895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1 232 908 680 төгрөгийн нөхөн татвар, 616 454 340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах, 3/ Шийтгэлийн хуудсын 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10 905 405 515 төгрөг, 2015 онд 22 228 674 804 төгрөг, бүгд 33 134 080 319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах, 4/ шийтгэлийн хуудсын 1а, 1б дүгээр зүйлийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”-аар эцсийн байдлаар гомдлын шаардлагаа тодорхойлон маргасан байна.[1]
1. “О т” ХХК болон татварын улсын байцаагч нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гомдлын шаардлагын тухайд:
Гомдол гаргагчаас “...татварын улсын байцаагч нар болоод “О т” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь анхнаасаа татварын эрх зүйн харилцаа байсан тул үүнийг шүүхээр тогтоолгосноор компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдахаар ... уг хэргийг хянан шийдвэрлэгдэхэд хэрэглэгдэх эрх зүйн эх сурвалж болон манай компанийн тус харилцаанд ямар статустай оролцсон болох нь тодорхой болно” хэмээн тайлбарлажээ.
Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/04, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 дугаар хяналт шалгалтын ажлын удирдамж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн татварын хяналт, шалгалт хийх томилолтын дагуу улсын байцаагч нараас “О т” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт, шалгалт явуулсан байна.
Хэдийгээр татварын хяналт, шалгалт явуулж эхлэх үед Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд батлагдаж, мөрдөгдөж эхлээгүй байсан боловч татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд хариуцлага хүлээлгэх талаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зохицуулсан байсныг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд адил агуулгаар оруулсан, нөгөөтэйгүүр хяналт, шалгалтын явцад дээр дурдсан хуулиуд хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн “... татварын улсын байцаагч нарын болон “О т” ХХК-ийн хооронд татварын эрх зүйн харилцаа байсан болох нь тодорхой бөгөөд түүнийг тухайлан тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал байхгүй” талаарх дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Өөрөөр хэлбэл, “О т” ХХК болон татварын улсын байцаагч нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлснээр гомдол гаргагч “О т” ХХК-д сэргэх эрх ашиг байхгүй бөгөөд гомдол гаргагчаас шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд татварын эрх зүйн харилцаа байсан болох тогтоолгосноор “О т” ХХК-д давуу байдал бий болохгүй.
Дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн “...Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл бий болно” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2. Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1 238 349 476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371 504 842.91 төгрөгийн торгууль, 247 669 895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1 232 908 680 төгрөгийн нөхөн татвар, 616 454 340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
Гомдол гаргагчаас “цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг газарт суулгахдаа бетон буурь ашиглан дээр нь угсрах замаар суурилуулсан байдаг ... ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр бетон сууриас салган шилжүүлэн байршуулж ашиглах боломжтой тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтод хамаарахгүй” гэж маргасан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, Барилгын тухай хуулийн 4.1.1-д ““барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг;”, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д ““эрчим хүчний барилга байгууламж” гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг;” ойлгохоор тус тус заажээ.
Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх “... “О т” ХХК-ийн байгууламж, шугам сүлжээнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татар ногдуулсан нь үндэслэлтэй” хэмээн цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам сүлжээ нь Барилгын тухай хууль, Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний барилга, байгууламжид хамаарах талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж, уг гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Цахилгааны дамжуулах өндөр хүчдэлийн шугамнууд нь бетон суурь ашиглан дээр нь угсрах замаар суурилуулагдсан, зөөвөрлөх боломжтой хэдий боловч газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох буюу газарт бэхлэгдэж байж сая ашиглагдах, эрчим хүчний барилга, байгууламжид хамаарах түүний бүрдэл хэсэг байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ ... Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтод хамааруулах хууль зүйн боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах компани нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байхаар, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэг хүлээсэн учир шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1 238 349 476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371 504 842.91 төгрөгийн торгууль, 247 669 895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1 232 908 680 төгрөгийн нөхөн татвар, 616 454 340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
3. Шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10 905 405 515 төгрөг, 2015 онд 22 228 674 804 төгрөг, бүгд 33 134 080 319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:
Гомдол гаргагчаас “...дээрх татварын дүн нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдуулсан суутган татварын дүн тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргажээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 12 дугаар зүйлд “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”, 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс”-ийг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор зохицуулжээ.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, Татварын ерөнхий хуулийн /2008/ 18 дугаар зүйлийн 18.1.6-д “бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэж зааснаар гомдол гаргагч “О т” ХХК-аас бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсөнд олгосон орлогодоо ногдох татвараа суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.
Гэтэл “О т” ХХК-аас “... татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгууль, алдангийг албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тайлагнасан ... энэхүү нөхөн төлсөн суутган татварын зардал нь бусад этгээдээс үйлчилгээ авахтай холбогдон гарч буй зардлыг нэмэгдүүлж байгаа тул татвар ногдох орлогоос хасагдах зардал” хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх “...ажил гүйцэтгүүлсэн этгээдийн орлогоос суутган төлөх үүргээ биелүүлээгүй, татварын зардал нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш тул суутган аваагүй татварын дүнгээ өөрийн үйл ажиллагааны зардалд тооцон татвар ногдох орлогоо бууруулсан нь хууль бус” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, уг гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасны дагуу гомдол гаргагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс хүлээн зөвшөөрч буй нөхөн татвар, торгууль, алдангийн дүнгээс торгууль, алдангийг өршөөлд хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэвч шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцоолол хийж, торгууль, алдангийн хэмжээг өршөөлд хамрагдах хэмжээгээр нарийвчлан тодорхойлох боломжгүй байхад шүүх тооцоолол хийж, тухайн дүнгээр өршөөлд хамруулж, 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэлийн хуудасны 1а, 1б дүгээр зүйлийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах хугацааны торгууль, алдангийг хариуцагч татварын улсын байцаагч нар тооцоолж, маргаан бүхий актаар тогтоосон дүнгээс хасах нь зүйтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт хуульд байхгүй зохицуулалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны 1а, 1б дүгээр зүйлийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангиас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] 10 дугаар хавтаст хэргийн 205 дугаар талд,