Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00234

 

         Л.Б-ын нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02236 дугаар магадлалтай,

Л.Б-ын нэхэмжлэлтэй,

А.Т, Т.И, “Б” ХХК-д холбогдох,

Т.И, А.Т нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 64-69УНХ улсын дугаартай автомашиныг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, автомашин хүлээлгэн өгөхийг даалгах”  тухай үндсэн,

“64-69УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашины өмчлөгчөөр тогтоолгох, Т.И, Л.Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 11 сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн захирал Т.Итэй “Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ”-г байгуулж, урьдчилгаанд 6.000.000 төгрөгийг хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл “Б” ХХК нь автомашин оруулж ирээгүй бөгөөд Т.И нь өөрийн эзэмшлийн “Тоёота прусс” маркийн 64-69УНХ улсын дугаартай автомашиныг урьдчилгаанд өгсөн 6.000.000 төгрөгтөө тооцож ав гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгч, машинаа 2016 оны 12 дугаар сарын 15-нд авчирч өгнө гэсэн боловч тухайн хугацаандаа өгөөгүй, асуухаар А.Т гэдэг хүн авч явчхаад өгөхгүй байна гэсэн. Би А.Ттой уулзахад Т.Иээс  2016 оны 12 дугаар сарын 01-нд уг машиныг худалдан авсан, гэрээ хийсэн гэсэн. Иймд Т.И, А.Т нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, автомашиныг миний эзэмшилд шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.И, “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: би тээвэр зуучлалын “Б” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Л.Б-аас  автомашин оруулж ирэх захиалга авч 6.000.000 төгрөгийг авсан. Гэвч манай компанийн үйл ажиллагаа доголдож, автомашин оруулж ирэх боломжгүй болсон тул энэ тухайгаа Л.Б-т хэлсэн. Гэтэл Л.Б- нь миний нэр дээр байдаг 64-69УНХ улсын дугаартай “Тоёота прусс-20” маркийн автомашиныг гэрчилгээг хаясан гэж хэлээд өөрийн нэр дээр гаргуулсан. Тухайн үед би машиныг  өөр хүнд зарсан гэж хэлсэн боловч Л.Б- чамаас мөнгөө автлаа нэр дээрээ байлгаж байя гээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Авто тээврийн газраас гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан авсан. Би Л.Б-аас 6.000.000 төгрөг, А.Тоос нийт 8.450.000 төгрөгийг авч хохироосон, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэгэнд нь машинаа, нөгөөд нь мөнгийг буцаан төлж, хохиролгүй болгоно гэжээ.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан тайлбартаа: би “Б” ХХК-ийн захирал Т.Итэй 2016 оны 10 дугаар сарын 10-нд “Автомашины захиалгаар худалдан авах” гэрээ байгуулж 8.500.000 төгрөгөөр суудлын автомашин захиалж урьдчилгаа 4.250.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу тухайн өдрөө төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгөө бүрэн төлж уг машин миний өмчлөлд бүрэн шилжсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг бүрэн төлсөн шударга эзэмшигч, өмчлөгч тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу “Тоёота прусс-20” маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, Т.И, Л.Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Т нь миний эзэмшлийн “Тоёота прусс-20” маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Итэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Т.И миний өмнөөс уг автомашиныг худалдах гэрээ хийх эрхгүй. Иймд А.Тын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Т.И, “Блью бинд” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 64-69УНХ Улсын дугаартай “Тоёота прусс-20” маркийн автомашины хууль ёсны эзэмшигч нь А.Т гэж үзэж байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 250 дүгээр зүйлийн 250.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын “Б” ХХК, Т.И, А.Т нарт холбогдуулан гаргасан 6469УНХ улсын дугаартай автомашиныг Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Л.Б-т хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 64-69 УНХ машины өмчлөгч нь А.Т мөн болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Иээс 70.200 төгрөгийг гаргуулах А.Тод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02236 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч А.Тын хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Б-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Т.И, А.Т нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч А.Тын Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, Т.И, Л.Б- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч “Блью бинд” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-ын төлсөн 247.000 төгрөг, хариуцагч А.Тын төлсөн 180.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тоос 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.23-ны өдрийн 210/МА2017/02236 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ИХ-ын 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч А.Тын хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн.

А.Т нь “Б” ХХК-тай 2016.10.10-ны өдөр 2006 оны автомашин худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан боловч тус компани үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул Т.И нь өөрийн эзэмшлийн 64-69 УНХ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины А.Тод шилжүүлэхээр тохиролцон 2016 оны 11 сарын эхээр автомашин болон түүний улсын бүртгэлийн гэрчилгээг Т.И нь өгсөн байдаг. Хариуцагч А.Тын хувьд тухайн машиныг өнөөдрийг хүртэл унаж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогддог. Ийнхүү Т.И нь 2016.11.30-ны өдөр тухайн автомашины улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн дахин авч Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн болно. А.Т нь 2016 оны 11 сарын эхэнд Т.Итэй уулзаж 64-69 улсын дугаартай автомашиныг өмнө нь байгуулсан гэрээний төлбөртөө авахаар харилцан тохиролцож тус автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт авч явсан байдаг. Талууд ийнхүү тохиролцсон гэдгийг хавтаст хэрэгт авагдсан материал, хариуцагч Т.Иийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ бүхнээс харахад А.Т нь тус автомашиныг Л.Б-аас өмнө эзэмшиж байсан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй дахин хэт нэг талыг баримталж Л.Б-ыг түрүүлж эзэмшилдээ авсан мэтээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.23-ны өдрийн 210/МА2017/02236 дугаартай магадлалыг хүчингүй болгож Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч “Б” ХХК,  Т.И, А.Т нарт холбогдуулан “...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 64-69УНХ улсын дугаартай автомашиныг өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоож, автомашин хүлээлгэн өгөхийг даалгах”  тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч А.Т “...64-69УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашины өмчлөгчөөр тогтоолгох, Т.И, Л.Б- нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Б” ХХК-с 2009 оны Preimo маркийн автомашиныг 11.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөгийг тус компанийн захирал Т.Иийн дансанд  шилжүүлжээ /хэргийн  5-6, 9 дүгээр тал/.

Хариуцагч А.Т нь тус компанитай 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан, 2006 оны “G” touring автомашиныг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 4.250.000 төгрөгийг бэлнээр төлжээ /хэргийн 44, 46 дугаар тал/.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид  хэлэлцэн  тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. 

Хариуцагч “Б” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд тус компанийн захирал Т.И өөрийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Приус маркын автомашиныг А.Тод өгөхөөр тохирч, гэрчилгээний хамт түүний эзэмшилд шилжүүлсэн атлаа тухайн  тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр  Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн  нь хэргийн баримтаар  тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх “...Л.Б- нь автомашиныг А.Тоос түрүүлж эзэмшилдээ авсан” гэж  үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Тоёота Приус-20 маркийн  64-69 УНХ улсын дугаартай автомашиныг хариуцагч А.Тын хууль бус эзэмшлээс гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба мөн хуулийн  250 дугаар зүйлийн 250.1-т “худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Т.И нь маргааны зүйл болох автомашиныг  2 хүнд худалдсан боловч автомашин А.Тын эзэмшилд байгаа нь тогтоогдсон, энэ тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагч А.Т автомашиныг  түрүүлж эзэмшилдээ авсан гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн “...автомашины өмчлөгчөөр тогтоох” шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Л.Б- болон Т.И, мөн Ө.Төрболд болон Т.И нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд “Б” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/02236 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/01850 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дүгээр зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Т.И, А.Т нарын хооронд хийгдсэн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох, 64-69УНХ улсын дугаартай автомашиныг Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг хүлээлгэн өгөхийг даалгах тухай  нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Тыг Тоёота Приус-20 маркийн 64-69 УНХ машины өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлээс Т.И, Л.Б- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан Тоёота Приус-20 маркийн машиныг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг, мөн хариуцагч “Б” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 110.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ