Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 01850

 

 

 

    2017 оны 08 сарын 22 өдөр

   Дугаар 184/ШШ2017/01850

           Улаанбаатар хот

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хараат хайрхан овогт Лхагвасүрэнгийн Батбаатар /рд:ДЮ84010574, Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 1Б-р хэсэг цэргийн хотхон 8 дугаар гудамж 222 тоотод оршин суух/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч-1: Боржгон овогт Төгөлдөрийн Идэр /рд:ФА94070634, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Нумт 2 дугаар гудамж, 45 тоотод оршин суух/,

Хариуцагч-2: “Блью винд” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Нумт 2 дугаар гудамж, 45 тоотод байрлах/,

Хариуцагч-3: Өзгөөд овогт Алтансүхийн Төрболд /рд:ЧС87060415, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 159 тоотод оршин суух/ нарт холбогдох,

6469УНХ улсын дугаартай автомашиныг Л.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Л.Батбаатарт хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Т.Идэр, А.Төрболд, хариуцагч А.Төрболдын өмгөөлөгч Ж.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т.Идэр, “Блью винд” ХХК-ийн захирал бөгөөд япон улсаас автомашин хямдаар оруулж ирж байгаа талаар сонсоод 2016 оны 11 сарын 22-ны өдөр би “Блью винд” ХХК-ийн захирал Т.Идэртэй уулзаад “Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ”-г байгуулсан юм. Энэ гэрээний дагуу автомашины урьдчилгаанд 6,000,000 төгрөгийг 5077215149 тоот хаан банкны данс руу өөрийнхөө хаан банкны 5058011431 тоот данснаас тэр өдөртөө шилжүүлсэн юм. Гэтэл гэрээний дагуу “Блью винд” ХХК нь автомашин оруулж ирээгүй. Би Т.Идэрийн араас хөөцөлдөөд сүүлдээ олдохгүй, утсаа авахгүй зугтаад байсан. Т.Идэртэй уулзаад миний мөнгийг буцааж өг гэхэд Т.Идэр нь мөнгийг чинь өгөх боломжгүй, чи миний нэр дээр эзэмшилтэй “Тоёота прусс” маркийн 64-69УНХ улсын дугаартай автомашиныг урьдчилгаанд өгсөн 6,000,000 төгрөгтөө тооцож ав гэхээр нь би зөвшөөрсөн юм. Ингээд Т.Идэр нь 2016 оны 11 сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота прусс” маркийн 64-69УНХ улсын дугаартай автомашинаа миний нэр дээр шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулж өгсөн. Машинаа 2016 оны 12 дугаар сарын 15-нд авчирч өгнө гэсэн боловч тухайн хугацаандаа өгөөгүй, асуухаар А.Төрболд гэдэг хүн авч явчихаад өгөхгүй байна гэсэн. Миний бие А.Төрболдтой уулзахад Т.Идэр 2016 оны 12 дугаар сарын 01-нд надад уг машиныг худалдан авсан гээд нотариатаар баталсан гэрээ харуулсан. Ингээд А.Төрболд нь уг автомашиныг надад өгөхгүй унаж байгаа. Одоо А.Төрболд нь намайг автомашины гэрчилгээг өөр дээрээ шилжүүл гэж хэлдэг. Т.Идэр надад төлөх өөрийн компанийн нэрээр надтай хийсэн гэрээний урьдчилгаа 6,000,000 төгрөгийнхөө оронд автомашинаа өгөхөөр тохирч, гэрчилгээг албан ёсоор миний нэр дээр шилжүүлсэн байтал хууль зөрчиж А.Төрболдод худалдсан гэрээ хийсэн байсан. Ингээд миний бие шүүхэд хандсан. Т.Идэр тухайн машиныг эзэмших эрхгүй атлаа А.Төрболдтой хэлцэл хийж тухайн машиныг зарсан байдаг. Тийм учраас өмнөх хэлцлийг зөрчиж Т.Идэр, А.Төрболд нарын хооронд хийгдсэн хэлцлийг хууль бус хэмээн үзэж тухайн автомашиныг Л.Батбаатар миний эзэмшилд шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгож, А.Төрболд, Т.Идэр нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, автомашиныг Л.Батбаатарт хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Төрболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            Миний бие “Блью винд” ХХК-ийн захирал Т.Идэртэй 2016 оны 10 дугаар сарын 10-нд “Автомашины захиалгаар худалдан авах” №0054 тоот гэрээ байгуулж 8,500,000 төгрөгөөр суудлын автомашин захиалж урьдчилгаа 4,250,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу тухайн өдрөө төлсөн. Ингээд гэрээнд заасан хугацаанд Т.Идэрээс “Тоёота прусс-20” маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн суудлын автомашиныг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгөө бүрэн төлж уг машин миний өмчлөлд бүрэн шилжсэн. Ингээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах гэтэл Т.Идэр нь Л.Батбаатар гэдэг хүнд 2016 оны 11 дүгээр сард тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний худалдаж авсан машинд гаргаж өгсөн байсан. Иймд миний хувьд худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг бүрэн төлсөн шударга эзэмшигч, өмчлөгч нь мөн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу “Тоёота прусс-20” маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, Т.Идэр, Л.Батбаатар нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

           

Нэхэмжлэгч Л.Батбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

            “А.Төрболд нь миний эзэмшил бүхий “Тоёота прусс-20” маркийн 64-69УНХ улсын дугаартай автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Т.Идэртэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Т.Идэр нь миний өмнөөс уг автомашиныг худалдах гэрээ хийх эрхгүй этгээд болно. Учир нь Т.Идэр надад төлөх автомашины урьдчилгаа 6,500,000 төгрөгийн оронд дээрх автомашиныг миний нэр дээр шилжүүлээд бид харилцан өр ширгүй болсон юм. 64-69УНХ улсын дугаартай “Тоёота прусс-20”  маркийн автомашин нь миний эзэмшилд албан ёсоор шилжсэн байтал Т.Идэр нь А.Төрболдод автомашиныг худалдсан гэрээг хууль зөрчиж хийсэн байдаг. Харин одоо А.Төрболд нь миний эзэмшлийн автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа учраас А.Төрболдын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө” гэжээ.           

            Хариуцагч Т.Идэр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            “Миний бие тээвэр зуучлалын “Блью винд” ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа иргэн Л.Батбаатараас Япон улсаас автомашин оруулж ирэх захиалга авч 6,000,000 төгрөгийг авсан. Гэвч манай компанийн доголдолтой үйл ажиллагаанаас болж автомашин оруулж ирэх боломжгүй болсон тул энэ тухайгаа Л.Батбаатарт хэлсэн. Гэтэл Л.Батбаатар нь миний нэр дээр байдаг 64-69УНХ улсын дугаартай “Тоёота прусс-20” маркийн автомашиныг өөрийн нэр дээрх гэрчилгээг хаясан гэж хэлээд гаргуулсан. Тухайн үед миний бие өөр хүнд зарсан машин гэж хэлсэн боловч Л.Батбаатар нь түр зуурдаа чамаас мөнгөө автлаа нэр дээрээ байлгаж байя гээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Авто тээврийн газраас гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан авсан юм. Иймд миний бие өмнөх хариу тайлбарт бичихдээ зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө иргэн А.Төрболдын эрх ашгийг ноцтой зөрчиж түүнийг гүтгэсэн хариу тайлбар бичсэн байсныг миний бие ухамсарлаж уг хариу тайлбарыг хүчингүйд тооцож 64-69УНХ Улсын дугаартай “Тоёота прусс-20” маркийн автомашины хууль ёсны эзэмшигч нь А.Төрболд гэж үзэж байна. Би Л.Батбаатараас 6,000,000 төгрөг, А.Төрболдоос нийт 8,450,000 төгрөгийг авч хохироосон нь үнэн. Үүнийгээ би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэгэнд нь машинаа, нөгөөд нь мөнгийг буцаан төлж, хохиролгүй болгоно гэж бодож байна” гэжээ.          

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч “Блью винд” ХХК,  Т.Идэр, А.Төрболд нарт холбогдох 6469УНХ улсын дугаартай автомашиныг Л.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Л.Батбаатарт хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч А.Төрболд нь 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашины өмчлөгчөөр тогтоолгох, Т.Идэр, Л.Батбаатар нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Т.Идэр, нэхэмжлэгч Л.Батбаатар нарт холбогдуулан гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Нэхэмжлэгч Л.Батбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Блью винд” ХХК-тай 2009 оны Preimo маркын мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг 11,500,000 төгрөгөөр захиалгаар худалдаж авахаар гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөгийг “Блью винд” ХХК-ийн захирал Т.Идэрийн “ХААН банк” ХХК-д байрлах 5077215149 тоот данс руу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна /хх-5-6, 9 дүгээр хуудас/.

Хариуцагч А.Төрболд нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Блью винд” ХХК-тай 2006 оны “G” touring арьсан суудалтай, хар салонтой, 4 хаалга чиптэй, сувдан цагаан өнгийн автомашиныг 8,500,000 төгрөгөөр захиалгаар худалдаж авахаар гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрт 4,250,000 төгрөгийг “Блью винд” ХХК-д бэлнээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна /хх-43,44, 46 дугаар хуудас/.

Хариуцагч Т.Идэр нь 6469УНХ улсын дугаартай автомашиныг, гэрчилгээний хамт А.Төрболдод хувийн лизингээр буюу үлдэгдэл төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцож өгсөн, Л.Батбаатарт 6469УНХ улсын дугаартай автомашиныг миний нэр дээр байгаа болохоор нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг “хаясан” гэж дахин гаргуулж, Л.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж, харин нэхэмжлэгч Л.Батбаатар нь би өөрийн нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичиг баримтыг шилжүүлж авсан тул хууль ёсны эзэмшигч бөгөөд машиныг одоо эзэмшиж буй А.Төрболдоос гаргуулахыг шаардаж, харин хариуцагч А.Төрболд нь машин, бичиг баримтын хамт надад байгаа, төлбөрийн үлдэгдэлтэй байсан учраас 2016 оны 12 дугаар сарын нэгний өдөр Т.Идэрийг цагдаагийн газарт байхад нь олж уулзаж, машин худалдах, худалдан авах гэрээг бичгэн хэлбэрээр хийж, нотариатаар батлуулсан ч өмнө нь Т.Идэрээс авахаар тохиролцсоны дагуу бодитоор автомашиныг, гэрчилгээний хамт эзэмшилдээ авсан учраас автомашины өмчлөгч гэдгийг тогтоож өгөхийг шаардаж, сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.

Хариуцагч Т.Идэр нь захиалсан тээврийн хэрэгслийг оруулж ирж чадахгүй, компанийн үйл ажиллагаа доголдсон тул Автомашин захиалгаар худалдаж авах гэрээ байгуулсан Л.Батбаатар, А.Төрболд нарт 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг шилжүүлэхээр тус тус тохирсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Батбаатарт 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хаясан гэж Авто тээврийн газарт Л.Батбаатарын хамт очиж, шинээр гэрчилгээ гаргуулан, Л.Батбаатарын нэр дээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  шилжүүлж, гэрчилгээ гаргуулсан үйл баримт; хариуцагч А.Төрболдод 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт шилжүүлж, А.Төрболд нь “Смарт-крафт” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс машинаараа ажил үүргээ гүйцэтгэж байгаа, 6469УНХ улсын дугаартайТоёота Приус маркын автомашиныг худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 12 дугаар сарын нэгний өдөр бичгээр байгуулсныг, 6469УНХ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгосон гэрчилгээг үндэслэн нотариат гэрчилсэн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна /хх-45, 82, 84-94, 128-130 дугаар хуудас/.

Өөрөөр хэлбэл, худалдагч Т.Идэр нь 6469УНХ улсын дугаартай нэг автомашиныг Л.Батбаатар, А.Төрболд нарт шилжүүлэхээр тээврийн хэрэгслийн хоёр гэрчилгээг гаргуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийн тухай тусгайлан заажээ. Өөрөөр хэлбэл, худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй байна.

Маргаж буй автомашиныг, бичиг баримтын хамт 2015 оны 11 дүгээр сард эзэмшилдээ бодитойгоор шилжүүлэн авсан, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагч А.Төрболд нь гэрээний зүйлийг тэргүүн ээлжинд авах эрхтэй байна.

Иймд хариуцагч А.Төрболдод Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар уг эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн гэж дүгнэв. Хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нь уг хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.      

Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “...хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж зааснаар тээврийн хэрэгсэл өмчлөгч нь уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн байгууллагад бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар Т.Идэр, А.Төрболд нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, гэрээний зүйлийн өмчлөх эрх шилжсэн тул А.Төрболдыг 6469УНХ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор заасан учир улсын бүртгэлийн асуудлаар дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Иймд Т.Идэр, Л.Батбаатар нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх учир худалдан авагч Л.Батбаатарын хувьд хүчин төгөлдөр худалдан, худалдан авах хэлцлээ үндэслэн хохирлоо жич шаардах эрхтэй ба шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Л.Батбаатарын 6469УНХ улсын дугаартай автомашиныг Л.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Л.Батбаатарт хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  А.Төрболдыг 6469УНХ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу зохигчдод хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 250 дүгээр зүйлийн 250.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батбаатарын“Блью винд” ХХК,  Т.Идэр, А.Төрболд нарт холбогдуулан гаргасан 6469УНХ улсын дугаартай автомашиныг Л.Батбаатарын нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Л.Батбаатарт хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 64-69УНХ машины өмчлөгч нь А.Төрболд мөн болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Төрболдын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Идэрээс 70,200 төгрөгийг гаргуулах А.Төрболдод олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5-д зааснаар хариуцагчийн хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлээгүй болно.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХБҮРЭН