Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

 2020       04          17                                  2020/ШЦТ/711

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,                                                                                                                                              

Хохирогч, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч С.Дангаасүрэн,

Хохирогч, шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.П, Ч.Л нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01443 0699 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Ч.Л.

Д.П.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 05-ны 00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Птэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт архины хагарсан шилээр зүсч, Д.Пгийн биед зүүн хацарт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.П нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны 00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Лтой маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж Ч.Лийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Ч.Л, Д.П нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Лийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим санагдаж байна. М.Очирмөнх, Б.Энхбат бид 3 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хороололд байрлах Солонгос хоолны газарт хоолонд орсон. Хоолоо идэж дуусчихаад би шинэ машин худалдаж авсан байсан учраас мялаалга болгож ганц шил архи хувааж уучихаад гэр рүүгээ харихаар болцгоосон. Ингээд дэлгүүрээс 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи авсан. Удалгүй Э.Энхгэрэл ирсэн бөгөөд дахиад 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи авсан. Архиа уугаад сууж байхад н.Атардээж ирсэн. Ингээд бид нар тавуулаа болцгоосон. Архиа ууж байхдаа хэсэг юм ярьж сууцгаасан бөгөөд бид нар бүгд арван жилийн ангийн найзууд байгаа юм. Цаг нэлээн орой болсон байсан. Арван жилийн ангийн найз Д.Птэй ойрд уулзаагүй учраас өөрийнхөө 89075589 дугаарын утсаар Д.Пгийн 88113225 дугаарын утас руу нь залгаж дуудсан. Гэрийнх нь гадаа очиж уулзсан. 23 цаг 30 минутын орчим Д.П бид 2 ууж байхдаа нутаг уул усны тухай ярьж байгаад маргалдаад машинаас буусан. Д.П намайг “чи хэзээ ийм болчихсон юм” гээд зүүн гараараа хүзүү боогоод баруун гараараа нүд рүү 2 удаа цохьсон. Тэгсэн М.Очирмөнх, Б.Энхбат нар бид хоёрыг салгаж холдуулсан. Цохиулсны улмаас зүүн талын нүд хавдсан маргааш нь хөхөрчихсөн. Би тухайн үед архи уучихсан байсан гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

Хохирогч Д.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... би тухайн газар яваад очиход манай арван жилийн найз болох Б.Энхбат, н.Атардээж, Э.Энхгэрэл, М.Очирмөнх, Ч.Л нар байсан. Тэгээд бид нар удаан уулзаагүй учир мэнд мэдэлцээд Б.Энхбатын улсын дугаарыг нь мэдэхгүй хар өнгийн харрер маркийн машинд сууцгаасан. Б.Энхбатаас бусад нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Ч.Л бид 2 Баянмонгол хорооллын зүүн талын дэлгүүрт ороод 0.75 литрийн “Эдэн” нэртэй 1 шил архи, 0.5 литрийн хуванцар савтай пэпси ундаа 6 ширхэгийг авсан. Тэгээд тооцоо хийх гэтэл Ч.Л намайг тооцоо хий гэхээр нь би архи авч өгөхөөр бол би өөрөө чамд авч өгнө, чи өөрөө тооцоогоо хий гэсэн. Тэгтэл Ч.Л “хүн баяжих тусмаа горгор болох юм аа” гээд үг хаяж байгаад машинаасаа түрийвчээ аваад тооцоогоо хийсэн. Тэгээд Ч.Л бид 2 буцаад Б.Энхбатын машинд сууцгаасан. Тэгээд архиа уух гэж байтал Э.Энхгэрэл “хиам авъя” гэхээр нь би Э.Энхгэрэлтэй нөгөө дэлгүүр рүү ороод хиам аваад буцаад машиндаа суусан. Тэгээд 0.75 литр архийг Б.Энхбат тойруулсан ба Б.Энхбат бид 2 уугаагүй. Ч.Л, Э.Энхгэрэл, н.Атардээж, М.Очирмөнх нар ууцгаасан. Тухайн үед би баруун талын урд суудал дээр давхарлаад суучихсан, Б.Энхбат зүүн талын урд суудал дээр сууж байсан. Ч.Л, н.Атардээж бид 2 руу үг хаяад байсан. Тэгтэл н.Атардээж машинаас буугаад харьлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би н.Атардээжийг олж ирэх гээд араас нь явтал олдоогүй. н.Атардээж над руу утсаар яриад би буцаад машин дээрээ хүрээд ирсэн гэсэн. Тэгэхээр нь би Ч.Лийг үг хаяад байсан болохоор дэлгүүрээс 1 литрийн шотланд виски аваад машин дээр нь очсон. Тэгээд н.Атардээжтэй урд суудал дээр давхарлаж суугаад нөгөө вискигээ Ч.Лид өгсөн. Тэгтэл Ч.Л миний араас татаж чангаагаад байхаар нь би машинаас буугаад Ч.Лтой маргалдаад заамдалцаад авсан. Ч.Л намайг “чи намайг тэгвэл цохьчих” гэхээр нь цааш түлхээд машины баруун талын урд суудал дээр суусан. н.Атардээж машины арын суудал дээр суучихсан байсан. Ч.Л машины цонхоор над руу дайраад байхаар нь Э.Энхгэрэл цааш нь татаад аваад явсан. Тэгэхээр нь би архины шил цонхоор аваад шидтэл газар унаад хагарсан. Удалгүй Ч.Л гүйж ирээд зүүн талын шанаа руу цохих шиг болсон чинь дараа нь шанаанаас цус гоожоод эхэлсэн. Би Б.Энхбатад хандаад гэмтэл явахгүй бол болохгүй байна гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж зүүн шанаандаа оёдол тавиулсан. Миний шанааг шилээр юм уу, төмрөөр, их иртэй зүйлээр зүссэн байна. Нилээд гүнзгий зүсэгдсэн байгаа гэх мэдүүлэг /хх 10-13/,

 

Гэрч Н.Очирмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Ч.Л шинэ машин худалдаж авсан, түүнийгээ мялаалгана гээд Д.Птэй гараад явсан. Удалгүй Ч.Л, Д.П 2 хүрч ирсэн. Хоорондоо маргалдсан бололтой Ч.Л “би өөрөө авчихлаа” гээд нэг шил архи авч ирсэн. Яг ямар архи байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Д.П, Ч.Лийн авсан архинаас нь 2-3 татсан. Бараг эрүүл шахам байсан. Тэгсэн Д.П, Ч.Л хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдаад машинаас буусан. Бид нар тухайн үед нэлээн согтчихсон байсан учраас хоорондоо юм ярих гэж байгаа байх гээд анзаараагүй. Архиа уугаад сууж байхад жаахан маргалдсан шинжтэй буцаад ороод ирсэн. Урд талын хаалгаар буюу жолоочийн эсрэг талд Д.П суусан. Араас Ч.Л ирээд зууралдсан. Д.П, Ч.Лийн нүд рүү нь баруун гараараа 2 удаа цохьсон. Бид нар машины хойд талын хаалганаас буугаад тойроод очсон. Д.П зүүн талын хацраа бариад миний нүүрийг зүсчихлээ гэхээр нь харсан чинь зүүн талын хацрын орчимд зүсэгдсэн байсан. Тэгээд Ч.Лийн гарыг нь харсан чинь ямар нэгэн зүйл байгаагүй. Юугаар зүссэн гэдгийг хараагүй. Д.П, Ч.Л намайг зүсчихлээ л гэсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан. Д.Пгийн зүүн талын хацар нь зүсэгдээд цус гарсан байсан. Харин Ч.Лийн зүүн талын нүд хавдчихсан байсан, өөр гэмтэл шарх бол анзаарч хараагүй. Бид нар машинд сууж байхад Д.П, Ч.Л хоёр гадаа хоорондоо өндөр дуугаар яриад байсан. Юм ярьж байгаад буцаад ороод ирэх байх гэж бодоод байж байхад Д.П машинд суусан. Харин Ч.Л Д.Птэй зууралдаад байж байхад Д.П Ч.Лийн зүүн хацар руу нь 2 удаа гараараа цохьсон. Би согтсон байсан учраас юу ярьсан гэдгийг нь мэдэхгүй байна. Бүгд л тус тусдаа юм яриад байсан гэх мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

... Ч.Л, Д.П 2 хоорондоо юм ярьж байгаад машинаас буусан. Удалгүй Д.П ирээд жолоочийн эсрэг талын сандал дээр суусан. Араас нь Ч.Л хаалга онгойлгоод хоорондоо зууралдсан. Д.П ямар ядаргаатай юм бэ гээд юм ярьж байсан. Тэгснээ архины шил аваад шидсэн чинь газар унаад хагарчихсан. Тэгсэн Ч.Л хүрээд ирсэн. Тэгэхээр нь энэ хоёрыг хоорондоо зодолдох нь гэж бодоод Д.Пг барьсан. Э.Энхгэрэл Ч.Лийг барьсан боловч Ч.Л Э.Энхгэрэлээс мултраад Ч.Лийн гар орж ирээд цаашаа явсан. Тэгсэн Д.П намайг зүсчихлээ гээд орилсон. Очоод харсан чинь зүүн талын хацар нь зүсэгдчихсэн байсан. Яг юугаар зүссэн гэдгийг нь хараагүй, богино хугацаанд л болсон, миний бодлоор бол хагарсан шилийг аваад зүссэн байх гэж бодож байна. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан. Ч.Лийн зүүн талын нүд хавдчихсан байсан гэх мэдүүлэг /хх 24-25/,

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3312 дугаартай:

Д.Пгийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн  зэрэг тогтоох  журмын  2.4.1-д  зааснаар  эрүүл   мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаартай 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй:

Д.Пгийн биед зүүн хацарт учирсан шарх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл ба сорви тогтож эдгэсэн байна. Учирсан гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.Пгийн зүүн хацрын жавьжны булчин гэмтсэн байна. Д.Пгийн зүүн хацарт үүссэн гэмгэл нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрхийг алдагдуулах гэмтэлд хамаарахгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх 34/,

 

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3735 дугаартай:

Ч.Лийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 60/,

 

Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...би машины хаалгыг онгойлгоод бууж машинаас холдолгүй Ч.Лийг баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон. Надруу дайраад байсан учраас мөн намайг цохисон учраас би уурандаа нэг удаа цохьсон гэх мэдүүлэг /хх 78-79/,

 

Шүүгдэгч Ч.Лийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... 23 цаг 30 минутын орчим Д.П бид хоёр ууж байхдаа нутаг, уул усны тухай ярьж байгаад маргалдаад машинаас буусан. Д.П намайг “чи хэзээ ийм болчихсон юм” гээд зүүн гараараа хүзүү боогоод баруун гараараа нүд рүү хоёр удаа цохьсон. Тэгсэн Очирмөнх, Энхбат нар бид хоёрыг салгасан. Д.П машин руу очоод машинд байсан “Эдэн” архины шил аваад надруу шидсэн чинь миний урд газар унаад хагарсан. Би архины шилний хагархайг нь аваад Д.Пгийн зүүн талын хацрыг нь зүсчихсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан. Би Д.Пд хоёр удаа цохиулаад маш ууртай болсны дараа Энхгэрэл машинаас бууж ирж машинаас холдуулаад намайг тайвшруулаад юм яриад би тайвшраад байж байтал Д.П машинаас архины шил надруу шидсэн. Тэр шил нь яг миний урд хагарч унасан. Тэгэхээр нь миний уур дахин хүрч урдаа унасан архины шилний хагархайнаас авч Д.Пг зүссэн. Хэрвээ надруу архины шил авч шидээгүй байсан бол би тийм үйлдэл гаргахгүй байсан. Би Д.Пгийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 73/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

-дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,

-хохирогч Д.Пгийн хохирлын талаарх баримтууд /хх 177-181/,

-Ч.Л, Д.П нарын “эвлэрсэн талаарх баталгаа” гэх хүсэлт /хх 188/,

 -Ч.Л, Д.П нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 189-190/,

 

Хавтаст хэргээс Ч.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 85, 83, 81/, Д.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх 134, 130, 129 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Л, Д.П нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Л, Д.П нар нь хоорондоо маргалдаж улмаар хэн хэнийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүд болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Л, Д.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх” гэх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй зүйтэй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг гаргасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” хэмжээн хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байхад нэг шүүгдэгчид нь ял оногдуулж, нөгөө шүүгдэгчийг нь ялаас чөлөөлж шийдвэрлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлт нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, Эрүүгийн хуулийн зорилгыг гажуудуулан шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.

 

Иймд Прокурорын ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Д.Пг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн учир шалтгаан, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь оновчтой болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг улсын яллагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай хэрэгт хэрэглэж байгаа нь учир дутагдалтай байна.

Хуульд заасан албадлагын арга хэмжээг гэм буруутай этгээдэд хэрэглэхдээ хугацаа тогтоох нь зүйтэй байдаг бөгөөд улсын яллагчийн дүгнэлтэд энэ байдал тодорхой бус байгааг цаашид анхаарах ёстой.  

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулж бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтайгаар оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.П, Ч.Л нар нь хохирол нэхэмжлээгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөн бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.П, Ч.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.П, Ч.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Лийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.П, Ч.Л нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Ч.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ