Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/673

 

Ч.Л, Д.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

хохирогч, шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуа,

хохирогч, шүүгдэгч Ч.Лийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч, шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуагийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Л, Д.П нарт холбогдох 2006014430699 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Чийн Л, 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Бадрангуй тэмүүлэл” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45 дугаар байрны 100 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. А овгийн Дийн П, 1983 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Мажик Клауд” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 428 дугаар байрны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны шөнийн 00 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Птэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь архины хагарсан шилээр зүсч, эрүүл мэндэд нь зүүн хацрын жавжны булчин гэмтээсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Д.П нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны шөнийн 00 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Лтой маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Л, Д.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Дийн П, Б овогт Чийн Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Лийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.П, Ч.Л нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Чимэдцэеэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт “...Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байхад нэг шүүгдэгчид нь ял оногдуулж, нөгөө шүүгдэгчийг нь ялаас чөлөөлж шийдвэрлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлт нь Үндсэн Хуулийн дээрх зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, Эрүүгийн хуулийн зорилгыг гажуудуулан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Прокурорын ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Д.Пг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжгүй байна...” гэж, “Тогтоох нь” хэсгийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар ... шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэжээ. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлэхдээ Ч.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Д.Пгийн хувьд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалт хангагдсан гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцож, талууд, тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулсан болно. Гэтэл шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь, иргэн Ч.Л, Д.П нарын хэн алиныг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, хэн алиныг нь дээрх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэн алиныг нь Монгол Улсын Шүүхийн өмнө гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ харин хуулийн зохицуулалт, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч нараас гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн. Яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулахаар төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл ижил буюу биед учирсан гэмтлийн зэрэг нь нэгэн адил зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон боловч Ч.Л нь согтуурсан байх үедээ гэмт хэрэг үйлдсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Ч.Лийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болно. Харин нэгийг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, нөгөөд нь ял шийтгэл оногдуулсан нь “ялгаварлан гадуурхалт” буюу Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж гаргасан санал биш юм. Үүний зэрэгцээ Ч.Л, Д.П нарын биед учирсан гэмтэл нь зэрэглэлийн хувьд “хөнгөн”-д хамаарах боловч учирсан хор уршгийн хувьд ялгаатай болохыг дурдах нь зүйтэй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/711 дугаартай шийтгэх тоггоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй зүйтэй байна” /тогтоолд байгаагаар нь бичив/ хэмээн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Гэвч шүүхээс прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Тодруулбал, “...Улсын яллагчийн дүгнэлт нь Үндсэн Хуулийн зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, Эрүүгийн хуулийн зорилгыг гажуудуулан, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээс прокурорын санал шударга ёсны зарчимд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхдээ хэргийн нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй, улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус зохицуулсан байхад шүүхээс “Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нъ тогтоогдсон байхад нэг шүүгдэгчид ял оногдуулж, нөгөө шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлт нь Үндсэн Хуулийн зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, Эрүүгийн хуулийн зорилгыг гажуудуулан, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Д.П, Ч.Л нарын бусдад учруулсан хохирол, хор уршиг арилсан байдал, цаашлаад гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл байдлууд ижил биш юм. Миний үйлчлүүлэгч Д.Пгийн зүүн хацарт архины шилээр завжнаас чих хүртэл нь зүссэн бөгөөд жаахан л азгүйтсэн бол амь насанд нь хүртэл хохирол учруулахуйц, мөн хэдий орчин үед анагаах ухаан хөгжиж техник технологи сайжирсан ч гоо сайхны оёдол тавиулсан эмнэлгийн эмч “нүүрний булчингийн ширхгийн эсрэг учир цаг хугацаа өнгөрөх тусам шархнаас үлдсэн сорви гүн болж хонхойж эдгэнэ” гэж тайлбарласан байдаг. Харин Ч.Лийн тухайд зүүн нүдний доор хурсан жижиг хөхрөлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгэж, шүүх хуралдаан болоход бүрэн эдгэрсэн байсан. Өөрөөр хэлбэл, Ч.Лийн бусдын эрүүл мэндэд учруулсан гэмтлийн хор уршиг арилаагүй. Харин Д.Пгийн бусдын эрүүл мэндэд учруулсан гэх гэмтлийн хор уршиг бүрэн арилсан байсан. Түүнчлэн, хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлийн тухайд мөн л хоёр шүүгдэгч, хохирогчийн тухайд өөр өөр байсан болох нь хэргийн материалаас тодорхой харагдана. Д.П нь жирэмсэн эхнэр, бага насны 3 хүүхэдтэйгээ гэртээ амарч байхад Ч.Л нь ажил ярих нэрийдлээр дуудан гаргаж ирээд үл ялих зүйлээр шалтаглан эрүүл мэндийг нь хохироосон байдаг. Д.Пгийн тухайд эхнэр нь хэдхэн хоногийн дараа төрөх гэж байсан учир архи, дарс уугаагүй, Ч.Л нүүрэн тус газар нь архины шилээр зүсэхэд цохичихлоо гэж бодоод зөрүүлээд цочрон давчдаж цохисон талаар мэдүүлсэн байдаг. Д.П нь хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлүүлж, эхнэр хүүхдээ асрахыг хүссэн учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх гол нөхцөл болох “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн” байх шаардлагыг хангаж, хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүхээс “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”-ийг сайтар нягтлан шалгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэж заасан гэмт хэрэг нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон өөрчлөгдөж, гэм буруугийн хэлбэрийг “санаатай” байх юм бол гэмт хэрэг гэж хуульчилсан. Д.Пгийн тухайд Ч.Лийг цохисон үйлдэлдээ санаатай байж болох ч гэмтэл учруулна гэж мэдээгүй хор уршиг хүргэх санаа зорилгогүйгээр үйлдсэн. Тухайн үеийн нөхцөл байдалд Ч.Л цохихоор нь зөрүүлээд цохисон. Гэтэл Лийг цохиогүй нүүрийг нь зүссэн гэдгийг нүүрнээс цус асгарахад мэдсэн гэж мэдүүлдэг. Д.П нь Ч.Лийг түрүүлж цохисон, боосон гэх зэргээр Ч.Л нь мэдүүлэг өгдөг ч энэ нь бусад байдлаар нотлогддоггүй. Ч.Лийн мэдүүлэгт “... П бид хоёр ууж байхдаа нутгийн уул усны тухай ярьж байгаад маргалдаад машинаас буусан, П намайг чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд зүүн гараараа хүзүү боогоод, баруун гараараа нүд рүү 2 удаа цохисон, тэгсэн Очирмөнх, Энхбат нар бид хоёрыг салгасан. ...” /хх 18/ гэх боловч гэрч Н.Очирмөнх, Б.Энхбат нарын мэдүүлэгт хэн нь ч машинаас буусан байхад Лийг П цохисон учраас салгасан тухай мэдүүлээгүй. Лийн мэдүүлэг нь өөр баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддоггүй. П нүүрээ зүсүүлснийхээ дараа цочрон давчдаж цохисноо хүлээн зөвшөөрдөг ч Лийн мэдүүлэгт дурдсан шиг өмнө нь барилцаж авч цохисон гэж мэдүүлээгүйг хэрэг шийдэгдэх хүртэл хугацаанд өгсөн бүх мэдүүлгүүдээс харж болно. Гэрч Н.Очирмөнхийн “Л нь шинэ машин худалдаж авсан түүнийгээ мялаалгана гээд Птэй гараад явсан. Удалгүй Л, П хоёр ирсэн. Хоорондоо маргалдсан бололтой Л өөрөө авчихлаа гээд нэг шил архи авч ирсэн. Яг ямар архи байсныг мэдэхгүй байна. П, Л хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдаад машинаас буусан. Бид нар тухайн үед нэлээд согтчихсон байсан учраас хоорондоо юм яриад анзаараагүй архиа уугаад сууж байхад жаахан маргалдсан шинжтэй буцаад ороод ирсэн. Урд талын хаалгаар буюу жолоочийн эсрэг талд П сууж араас нь Л ирээд зууралдсан. П Лийн нүд рүү нь баруун гараараа хоёр удаа цохисон. Бид нар машины хойд талын хаалганаас буугаад тойроод очтол П зүүн хацраа бариад “миний нүүрийг зүсчихлээ” гэхээр нь харсан чинь зүсэгдсэн байсан.” /хх 20/ гэх мэдүүлэг, Ш.Очирмөнх машинд сууж байсан учир Л машины гаднаас Пг эхэлж зүссэнийг мэдээгүй. Харин Пгийн цохисныг харах бүрэн боломжтой. П ч цус асгарахаас нь өмнө нүүрээ зүсүүлчихлээ гэдгээ мэдээгүй байдаг. Гэрч Э.Энхгэрэлийн “... Машинаас буугаад айхтар удаагүй 5-10 минут болсон байх П машин онгойлгоод жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Л араас нь зууралдаад хоорондоо маргалдах гээд байгаа бололтой бие биедээ тунирхаад байсан. ...Би машинаас буугаад Лийг Пгээс татаад машинаас холдуулсан.” /хх 22/ гэх мэдүүлэг, /П жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан, Лийн мэдүүлдэг шиг гадаа хамт барилцаж цохилцоогүй/, гэрч Б.Энхбатын “...П ирээд жолоочийн эсрэг талын сандал дээр суусан араас нь Л хаалга онгойлгоод зууралдсан ... Л Энхгэрэлээс мултраад Лийн гар орж ирээд цаашаа явсан тэгсэн П намайг зүсчихлээ гээд орилсон, очоод харсан чинь зүүн талын хацар нь зүсэгдчихсэн байсан.” /хх 24/, “... машинд сууж байхад Л Пгийн араас гараа явуулаад энд тэндээс нь чангаагаад байсан, өөр маргаан болсон эсэхийг мэдэхгүй байна. ... Пгээс бусад нь нилээн согтуу байсан.” /хх 25/ гэх мэдүүлгүүдээс үзвэл хэрэг гарах үеийн нөхцөл байдал Д.Пгийн мэдүүлснээс зөрүүгүй. Л ирээд Пгийн хацрыг зүсэхийн өмнө П нь Лийг цохисон, эрүүл мэндэд нь халдсан байдал тогтоогдоогүй. Харин нүүрэндээ цохиулсан гэж бодсоны дараа буюу нүүрэндээ зүсүүлсний дараа цочрон давчдаж үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлах боломжгүй үедээ санаатайгаар бус цохисон байхад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг шалгахаасаа өмнө хэргийг хурдан шийдвэрлүүлж, эхнэр хүүхдээ асрах гээд яах ч аргагүй хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэгт л үндэслэж Пг хэрэг үйлдсэн болохыг тогтоосон нь гэм буруугийн зарчимд нийцэхгүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл П нь Лийн мэдүүлэгт дурдсанчлан машины гадаа Лийг цохиж зодсон талаар мэдүүлээгүй. Харин Пгийн нүүр зүсэгдээд Гэмтлийн эмнэлэгт очиход Лийн нүд хөхөрсөн байсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Пгийн нүүрийг зүсэх үед П өөрт нь ирж зууралдаад байсан Лийг салгах, нүүрэндээ зүсүүлээд цочрон давчдаж хэргийн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлээ ухамсарлах боломжгүй байсан. Улмаар хариу үйлдэл үзүүлж Лийг цохисон. Харин Лийн биед хөнгөн гэмтэл учруулах санаа зорилго анхнаасаа байгаагүй болох нь П, Очирмөнх, Энхбат, Энхгэрэл нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байхад зөвхөн Лийн нотлогдоогүй мэдүүлэгт үндэслэж Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа Пг гэм буруутайд тооцож, ял оноож байгаад гомдолтой байна. Шүүх хэргийг бүрэн шалгаагүй, П нь гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлаагүйд гомдолтой байх тул Пгийн үйлдэл гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байгаад дүгнэлт хийж өгнө үү. Шүүхийн шийтгэх тогтоолоос үзвэл шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн зүйлчлэл нь адилхан учир хоёуланд нь ижил ял оногдуулах ёстой. Харин хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ... зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай буюу 50.000 төгрөгийн зөрүүтэй оногдуулах нь зүйтэй гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь ямар ч логик уялдаа холбоогүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт улсын яллагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай хэрэгт хэрэглэж байгаа нь учир дутагдалтай байна” гэсэн шүүхийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой талаар бүрэн ойлгомжтой хуульчилсныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэснийг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” болгон өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хорих ял оногдуулах санкцыг хуульчлаагүй ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ялаас чөлөөлөх /хуучин “хорих ялаас чөлөөлөх” байсан учир дэлгэрэнгүй тайлбарлав/, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байхад хууль буруу хэрэглэсэн хэмээн прокурорын дүгнэлтэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн Д.Пд торгох ял ногдуулж байгаа нь үндэслэлгүй. Д.Пгийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүгч хэрэг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа “Улсын яллагч байж яллах ёстой, өөрт байхгүй чиг үүргийг хэрэгжүүлж шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нь буруу. Тэгвэл шүүх ямар шийдвэр гаргах юм бэ” хэмээн прокурорыг хэргийн оролцогчдын өмнө буруутган загнасан. Миний бие тухайн хуралд өмгөөлөгчөөр оролцоогүй ч ажиглагчаар оролцсон болно. Гэвч Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д “Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн эсэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэм буруу, зүйлчлэл, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар дүгнэлт гаргана” гэж прокурор ямар агуулгатай дүгнэлт гаргах талаар хуульчилсан бөгөөд энэ хэргийн прокурорын тухайд эрх хэмжээгээ хэтрүүлсэн, шүүхийн өмнөөс шийдвэр гаргасан зүйл огт байхгүй байсан. Шүүгчийн “улсын яллагч байж яллах л ёстой” гэсэн нь харин ч Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, зарчимтай нийцэхгүй. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго юу гэдгийг хуульчлахдаа 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” буюу хүнийг зөвхөн яллахад чиглээгүй, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасны дагуу албадлагын арга хэмжээ ч мөн адил эрүүгийн хариуцлага юм. Прокуророос Д.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох санал гаргасан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн явдал биш, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авах замаар эрүүгийн хариуцлага оногдуулж буй хэлбэр мөн боловч яллах дүгнэлтийн хавсралт 6-д “... Д.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргаж...” хэмээн бичсэн нь шүүхэд буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй нь шийтгэх тогтоолд “Иймд прокурорын ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Д.Пг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжгүй байна” гээд ял оногдуулснаас харагдаж байна. Гэвч шүүгч албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм гэдгийг анхаарч үзсэнгүй, эрүүгийн хариуцлагаас биш ялаас чөлөөлж байгааг ялгаж салгаж хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Ч.Лийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хоёуланд нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч хор уршиг өөр байгаа. Бодит зардал болон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч Ч.Л төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны шөнийн 00 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Птэй маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь архины хагарсан шилээр зүсч, эрүүл мэндэд нь зүүн хацрын жавжны булчин гэмтээсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Д.П нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны шөнийн 00 цагийн орчим, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Лтой маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Д.Пгийн хохирогчоор өгсөн “...Би архины шил цонхоор аваад шидтэл газар унаад хагарсан. Удалгүй Ч.Л гүйж ирээд зүүн талын шанаа руу цохих шиг болсон чинь дараа нь шанаанаас цус гоожоод унасан. Тэгээд шанаагаа чимхээд цусаа тогтоож байтал Ч.Л ахиад дайрахаар нь би өөдөөс нь нэг удаа нүүр рүү цохисон. ...Миний шанааг шилээр юм уу, төмрөөр их иртэй зүйлээр зүссэн байна. Шарх нь нилээд гүнзгий зүсэгдсэн байгаа. ...” /хх 10-13/,

Ч.Лийн хохирогчоор өгсөн “...Д.П бид 2 ... маргалдаад машинаас буусан. Д.П намайг ... зүүн гараараа хүзүү боогоод, баруун гараараа нүд рүү 2 удаа цохисон. Тэгсэн М.Очирмөнх, Б.Энхбат нар бид хоёрыг салгаж холдуулсан. Цохиулсны улмаас зүүн талын нүд хавдсан маргааш нь хөхөрчихсөн. ...” /хх 16-17/,

гэрч М.Очирмөнхийн “...Ч.Л, Д.П 2 хоорондоо маргалдсан бололтой хүрч ирсэн. ...Д.П Ч.Л хоёр ... хоорондоо маргалдаад машинаас буусан. ...Маргалдсан шинжтэй буцаад ороод ирсэн. ...Д.П Ч.Лийн нүд рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. ... Д.П зүүн талын хацраа бариад “миний нүүрийг зүсчихлээ” гэхээр нь харсан чинь зүүн талын хацрын орчимд зүсэгдсэн байсан. ...Д.Пгийн зүүн талын хацар нь зүсэгдээд цус гарсан байсан харин Ч.Лийн зүүн талын нүд хавдчихсан байсан. ...” /хх 20-21/,

гэрч Э.Энхгэрэлийн “...Д.П жаахан түргэн ууртай, жаахан дургүй нь хүрэх юм бол шууд цохиод авдаг зантай учраас энэ хоёрыг маргалдах гээд байхаар нь би машинаас буугаад Ч.Лийг Д.Пгээс татаад машинаас холдуулсан. Тэгсэн Ч.Л надаас мултарсан. Машин дээр очихоор нь араас нь очоод татах гэхэд Д.П миний хацрыг Ч.Л зүсчихлээ гэсэн. Харсан чинь Д.Пгийн зүүн талын хацар нь зүсэгдчихсэн цус гарчихсан байсан. ...” /хх 22-23/,

гэрч Б.Энхбатын “...Д.П ирээд жолоочийн эсрэг талын сандал дээр суусан. Араас нь Ч.Л хаалга онгойлгоод хоорондоо зууралдсан. Д.П ... архины шил аваад шидсэн чинь газар унаад хагарчихсан. ...Э.Энхгэрэл Ч.Лийг барьсан боловч Ч.Л Э.Энхгэрэлээс мултраад Ч.Лийн гар орж ирээд цаашаа явсан. Тэгсэн Д.П намайг зүсчихлээ гээд орилсон. Очоод харсан чинь зүүн талын хацар нь зүсэгдчихсэн байсан. ...Хагарсан шил аваад зүссэн байх гэж бодож байна. ...Ч.Лийн зүүн талын нүд хавдчихсан байсан. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 465 дугаартай “...Д.Пгийн биед зүүн хацарт учирсан шарх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл ба сорви тогтож эдгэсэн байна. Учирсан гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.Пгийн зүүн хацрын завжны булчин гэмтсэн байна. Д.Пгийн зүүн хацарт үүссэн гэмтэл нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрхийг алдагдуулах гэмтэлд хамаарахгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 33-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3735 дугаартай “…Ч.Лийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. …” /хх 59-60/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3-4/, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Ч.Л, Д.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Л, Д.П нар нь харилцан хүч хэрэглэсний улмаас хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, уг гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасанд тулгуурлан хэргийг шийдвэрлэдэг учиртай.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч М.Очирмөнх, Б.Энхбат нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд Ч.Л хохирогчоор “...Д.П намайг ... зүүн гараараа хүзүү боогоод, баруун гараараа нүд рүү 2 удаа цохисон. Тэгсэн М.Очирмөнх, Б.Энхбат нар бид хоёрыг салгаж холдуулсан. Цохиулсны улмаас зүүн талын нүд хавдсан маргааш нь хөхөрчихсөн. ...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь М.Очирмөнх, Б.Энхбат нарын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.П нь тухайн нөхцөл байдалд цочрон давчдасны улмаас Ч.Лхагва-Очирын биед гэмтэл учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.Л, Д.П нар хэн аль нь харилцан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, архины хагарсан шилээр зүсэх зэргээр бие биедээ халдан харилцан зодолдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Л, Д.П нарын харилцан зодолдсоны улмаас хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хэн алинд нь ялгамжтай хэмжээний буюу шүүгдэгч Ч.Лийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.П 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн болно.

Дээрх үндэслэлүүдээр прокурор С.Чимэдцэеэгийн “...Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлэхдээ Ч.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Д.Пгийн хувьд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалт хангагдсан гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тохиролцож, талууд, тэдгээрийн өмгөөлөгч нарт танилцуулсан. Гэтэл шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ... Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл,

шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуа “...Шүүхээс прокурорын санал шударга ёсны зарчимд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхдээ хэргийн нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүй, улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. ...Шүүх хэргийг бүрэн шалгаагүй, П нь гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт байхгүй. ...Пгийн үйлдэл гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байгаад дүгнэлт хийж өгнө үү. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч, шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/711 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Чимэдцэеэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч, шүүгдэгч Д.Пгийн өмгөөлөгч Г.Урангуагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ