Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00569

 

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02576 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02511  дугаар магадлалтай,

Д.Огийн нэхэмжлэлтэй

В.Мт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 19 740 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч С.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч В.Мтэй зээлийн гэрээ байгуулж 9 963 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр нэмж 3 600 000 төгрөг зээлсэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13 563 000 төгрөг, зээлийн хүү 1 195 560 төгрөг, алданги 4 981 500 төгрөг нийт 19 740 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сард Д.Огийн ажил дээр байхад Солонгос улс явах талаар ярихад нь би найз н.Дэлгэрцэцэгийн таньдаг эмнэлгийн визээр гаргадаг хүн байгаа, бид 2 явах гэж хөөцөлдөж байгаа гэхэд Д.О хамт явахаар болсон. Ингээд Д.О н.Дэлгэрцэцэгтэй уулзаад гурвуулаа явахаар болж, Солонгос явахад нийт 7 000 000 төгрөгийн зардал гардаг талаар ярилцаад бид хоёрт мөнгө байгаагүй учраас Д.О 9 000 000 төгрөг гаргаж, мөнгийг Солонгос улсад ажиллаад төлөхөөр тохиролцоод эмнэлгийн виз гаргуулахын тулд Солонгос улс руу 11 000 000 төгрөгийг эмнэлгийн дансанд шилжүүлсэн юм. Виз 20 гаран хоногийн дараа гарна гэсэн боловч виз гарахгүй удсанд бөгөөд н.Дэлгэрцэцэгийн виз түрүүлж гарахад Д.О н.Дэлгэрцэцэгийн гадаад паспортыг авчихаад өгөхгүй хэрүүл маргаан болсон. Д.Огаас гаргасан 9 000 000 төгрөгийг Солонгос явах, ирэх зардал, эмнэлгийн визний бичиг баримтад зарцуулахаар болсон юм. Нэхэмжлэгч Д.Огаас н.Дэлгэрцэцэгийн визтэй гадаад пастортыг, Д.О н.Дэлгэрцэцэгээс мөнгөө авахын тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас аргагүй байдалд хүрч, мөнгө авснаас хойш зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Солонгос улсаас электрон виз ирж Д.О бид 2 Солонгос явсан. Д.О 13 563 000 төгрөг нэхэмжилснээс Д.Огийн эмнэлгийн визний 2 000 000 төгрөг, ажил зуучлалын хөлс 1 000 000 төгрөг, байрны хөлс 600 000 төгрөг, электрон визний нэмэгдэл 1 000 000 төгрөг, бэлэн 600 000 вон /1 200 000 төгрөг/, нийт 6 500 000 төгрөгийг өөрт нь зарцуулсан. Бид мөнгө зээлэх талаар тохиролцоогүй, харин виз удаад байхаар маргалдаж би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. н.Дэлгэрцэцэг 9 000 000 төгрөгийг аваад 8 000 000 төгрөгийг Солонгосын эмнэлгийн визний зардалд шилжүүлсэн. Бид хүү, торгууль төлнө гэж тохиролцоогүй. Иймд 7 063 000 төгрөгийг төлнө гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02576 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан В.Мээс 19 740 060 төгрөгийг гаргуулж Д.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02511 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 19 740 060 гэснийг 7 063 000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 677 060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад 256 660 гэснийг 127 958 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагч В.Мийн 7 063 000 төгрөг төлөх тухай хариу  тайлбарт үндэслэсэн нь хуульд нийцээгүй байна. учир нь хариуцагчийн тайлбарт “...Д.О 9 000 000 төгрөг гаргаж, ...Д.Огаас гаргасан 9 000 000 төгрөгийг Солонгос явах ирэх зардал, эмнэлгийн визний бичиг баримтад зарцуулахаар болсон... Д.О 3 563 000 төгрөг нэхэмжилснээс Д.Огийн эмнэлгийн визний 2 000 000 төгрөг, ажил жуучлалын хөлс 1 000 000 төгрөг, байрны хөлс  600 000 вон / 1 200 000/, нийт 6 500 000 төгрөгийг өөрт нь зарцуулсан... 7 063 000 төгрөгийг төлнө” гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хариуцагч нь нэхэмжлэгч Д.Од 6 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараа нотлож чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэсэн байх боловч өөрийн дүгнэлтийг няцаан 6 500 000 төгрөгийг анхнаасаа хариуцагч аваагүй байсан мэтээр зөвхөн 7 063 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн дээрхи тайлбараас үзвэл нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 13 563 000 төгрөгийг огт аваагүй гэсэн үг өгүүлбэр байдаггүй. Зөвхөн энэ мөнгийг өгч авахдаа гэрээ байгуулаагүй учир хүү, алданги төлөх үндэслэлгүй бөгөөд дээрхи мөнгөнөөс 6 500 000 төгрөгийг нь нэхэмжлэгчид зарцуулсан буюу буцаан олгосон гэдэг тайлбар л харагдана. Гэвч давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдаан дээр хариуцагчийн “9 000 000 төгрөгийг би аваагүй, Дэлгэрцэцэг авсан” гэдэг тайлбарыг нь үндэслээд, түүний зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хоорондоо зөрчилдөж байх тул магадлал үндэслэл бүхий, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч В.Мийн нэхэмжлэгч Д.Од хандаж 2014.10.31-ний өдөр 9 063 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд цааш нь Дэлгэрцэцэг гэх хунд дамжуулан өгч, өгсөн мөнгөө буцаан авч чадахгүй байгаа гэсэн утга бүхий мөнгө авсан болохоо хүлээн зөвшөөрч, өөрийн гараар бичсэн баталгааг нь ямар хуулийн, ямар зүйл заалтад заасан шаардлагад нийцэхгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй, дүгнэлт нь ойлгомжгүй  байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгч С.Намжилмаа нар нь давж заалдах гомдолдоо өмгөөлөгч намайг анхан шатны шүүхийн шүүгчтэй найз нөхөд хэмээн үндэслэлгүйгээр гүтгэж, өөрийнхөө ээж шиг хүн болох үйлчлүүлэгч Д.Отай бааранд архи ууж, зугаацаж яваад танилцсан гэх мэтээр доромжилж бичсэн байдагт нь миний бие гомдолтой байдаг. Мөн нэхэмжлэгч Д.Ог хятад хүн, хятад санаа гаргасан хэмээн үндэс угсаагаар нь ялгаварлан, Монгол улсын иргэний Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчиж, давж заалдах гомдолдоо бичсэн байдаг тул энэ бух гүтэглэг нь давж заалдах шатны шүүхийн үндэслэлгүй дүгнэлт гаргах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй юм. Иймд хэт нэг талыг барьж, хууль ёсны, үндэслэл бүхий анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас 12 677 060 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч В.Мт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 9 963 000 төгрөг, зээлийн хүү 1 195 560 төгрөг, алданги 4 981 500 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр зээлдүүлсэн 3 600 000 төгрөг нийт 19 740 060 төгрөгийн шаардлага гаргажээ. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд 9 963 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхийг тусгаж, зохигч талууд гарын үсгээ зуржээ. Уг гэрээний ар талд ...В.М нь 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 3 600 000 төгрөгийг бэлнээр зээллээ...гэж талууд гарын үсгээ зурсан байна. /хх-6/

Анхан шатны шүүх хариуцагчаас 19 740 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагчаас 7 063 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан байна. “...Хэрэгт байгаа баримтыг давж заалдах шатны шүүх бодитой тал бүрээс нь үнэлж чадаагүй...” гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигч нь 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 3 600 000 төгрөг зээлсэн үйл баримтыг маргаагүй бөгөөд хариуцагч уг мөнгийг буцааж төлөх ёстой байна.

Харин хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 9 963 000 төгрөг хүлээж аваагүй гэж маргахдаа “...Солонгос явахаар визээ гаргуулахын тулд Д.О, Дэлгэрцэцэг бид гурав ярилцаж, Д.Огаас мөнгө гаргасан бөгөөд түүний нэхэмжилсэн 13 563 000 төгрөгөөс 6 500 000 төгрөг өөрт нь зарцуулагдсан, ...үлдэх 7 063 000 төгрөгийг өгөх учиртай. Үүнийг Дэлгэрцэцэг бид хоёр хувааж төлөх ёстой юм. Д.О нь хэрүүл маргаан болоод энэ гэрээнд гарын үсгээ зурсан. Мөнгөнд хүү, алданги төлөх тохиролцоо байгаагүй...” гэж маргажээ. Нэхэмжлэгч Д.О нь Солонгос улс руу явсныг түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан мөнгөнөөс өөрт нь хамаарах визний зардал хасч тооцогдох эсэх талаар  хариуцагчийн тайлбарын эсрэг мэтгэлцэж, үгүйсгээгүй байна.

Зохигч талуудын тайлбараар хариуцагч Ю.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгч Д.Од мөнгийг буцааж өгөх үүрэг хүлээсэн нь тогтоогдож байх тул зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зээлийн гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зохигчдын хоорондох маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчид 9 963 000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан шаардлагад нийцжээ. Шүүх зохигчийн мэтгэлцсэн асуудлаар, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх учиртай тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 7 063 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02511 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 217 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА