Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/02576

 

 

  

 

 

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр          Дугаар 181/ШШ2017/02576            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Ю.М-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,740,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.Онь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ю.Мтэй зээлийн гэрээ байгуулж 9,963,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү зээлийн гэрээ байгуулсны дараа хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр нэмж 3,600,000 төгрөг зээлсэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс нэг төгрөг ч төлж барагдуулахгүй маргааш, нөгөөдөр гэж хойш тавьсаар өнөөг хүрсэн болно.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 13,563,000 төгрөг болон 9,963,000 төгрөгийн зээлийн хүүд 1,195,560 төгрөг, уг зээлийн алдангид 4,981,500 төгрөг нийт 19,740,060 төгрөгийг шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2014 оны 10 дугаар сард Д.О-ийнажил дээр байхад түрээсийн мөнгө нэмэгдээд түрээслэхээ болиод Солонгос улс явах талаар ярихад нь би найз н.Дийн таньдаг хүн эмнэлгийн визээр гаргадаг хүн байгаа, бид 2 явах гэж хөөцөлдөж байгаа гэхэд Д.Охамт явахаар болсон.

Ингээд Д.Он.Дтэй уулзаж Солонгос улсад 3-уулаа явахаар болж, Солонгос явахад нийт 7,000,000 төгрөгийн зардал гардаг талаар ярилцаад бид хоёрт мөнгө байгаагүй учраас Д.О9,000,000 төгрөгийг гаргаж, мөнгийг Солонгос улсад ажиллаад төлөхөөр тохиролцоод эмнэлгийн виз гаргуулахын тулд Солонгос улс руу 11,000,000 төгрөгийг /Д.Обид хоёрын эмнэлгийн визний зардал/ эмнэлгийн дансанд шилжүүлсэн юм.

Виз 20 гаран хоногийн дараа гарна гэсэн боловч виз гарахгүй удсан учраас Д.Оуурлаад танай найз чинь бид хоёрыг хуурсан байна гээд надтай муудалцаж хэрэлдээд хэцүү байдалд оруулсан юм. н.Д-ийнвиз түрүүлж гараад Д.Обүр уурлаад н.Д-ийнгадаад паспортыг авчихаад өгөхгүй хэрүүл маргаан болсон юм. Д.Ормаагаас гаргасан 9,000,000 төгрөгийг Солонгос явахад ирэх очих зардал, эмнэлгийн визний бичиг баримтад зарцуулахаар болсон юм. Д.Оаас н.Д-ийнвизтэй гадаад пастортыг, Д.Онь н.Д-ээсмөнгөө авахын тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас аргагүй байдалд хүрч, мөнгө авснаас хойш зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан юм.

Солонгос улсаас электрон виз ирж Д.Обид 2 Солонгос улсруу явсан. Д.Онийт 13,563,000 төгрөг нэхэмжилснээс Д.О-ийнэмнэлгийн визний 2,000,000 төгрөг, ажилд зуучлалын хөлс 1,000,000 төгрөг, байрны хөлс 600,000 төгрөг, эмнэлгийн электрон визний нэмэгдэл 1,000,000 төгрөг, бэлэн 600,000 вон /1,200,000 төгрөг/, нийт 6,500,000 төгрөгийг өөрт нь зарцуулсан юм.

Иймд Д.Од 7,063,000 төгрөгийг өгөх учиртай. Бид эхнээсээ мөнгө зээлэх талаар тохиролцоогүй, харин виз удаад гарахгүй болохоор уурлаж хэрэлдээд хүнд байсан болохоор би гарын үсэг зурсан юм. 9,000,000 төгрөгийг н.Даваад 8,000,000 төгрөгийг Солонгосын эмнэлгийн визний зардалд шилжүүлсэн юм.

Иймд 7,063,000 төгрөгийг н.Дбид 2 хувааж төлөхөөр болсон юм. Бид анхнаасаа хүү, торгууль төлнө гэж тохиролцоогүй. 9,000,000 төгрөгийг н.Даваад 20 хоногийн дараа хэрүүл маргаан болсны эцэст гэрээнд надаар гарын үсэг зуруулсан юм. Иймд 7,063,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Ю.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,740,060 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 7,063,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид өөрт нь зарцуулсан тул төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Шүүх тус шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж хангахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан хуралдааныг явуулахад хариуцагчийн өмгөөлөгч нь Ю.Мт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр байгуулсан гэрээнээсээ татгалзаж, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцохоос татгалзсан болно. 

 

Шүүх үүссэн нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Ормаагаас 9,963,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй Ю.М зээлсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үнэн зөвийг талууд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Мөн зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр Д.Ормаагаас 3,600,000 төгрөгийг Ю.М зээлсэн баримтыг үйлджээ.

 

Зээлийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шүүх уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд болон Д.О-ийнХас банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар /2014.10.31-ний өдөр 15,000,000 төгрөг зардлагадсан/, нэхэмжлэлийн шаардлагаас 7,063,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн зэргээс үзвэл шүүх нэхэмжлэгч Д.Ормааг 2 зээлийн гэрээгээр шилжүүлэх үүрэг хүлээсэн зээл болох нийт 13,563,000 төгрөгийг хариуцагч Ю.Мт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Онь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Ю.Мээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Ю.М нь авсан зээлээс нийт 6,500,000 төгрөгийг Д.О-ийнэмнэлгийн виз, зуучлалын хөлс, байрны хөлс, электрон визний нэмэгдэл болон бэлнээр өгөх зэргээр түүнд буцаан төлсөн гэж тайлбарлах боловч тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Ийнхүү хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй тул шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9,963,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь 3 сарын 4 хувийн хүү 1,195,560 /(9,963,000х4%)х3/ төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи хугацааны алданги 4,981,500 төгрөг /(9,963,000х0,5%)х844 хон=42,043,860төг-ийг ИХ-ийн 232.4-т нийцүүлэн/-ийг үндсэн зээл 9,963,000 төгрөгийн хамт нийт 16,140,060 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 3,600,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд нэхэмжлэгч хүү, алданги шаардаагүй тул хариуцагч 3,600,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчид 3,600,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлээр шаардсанаас хойш 1 сарын дотор буюу 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариуцагч уг зээлийг буцаан төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн байдлаа баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Ю.Мээс нийт 19,740,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Од олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Ю.Мээс 19,740,060 төгрөгийг гаргуулж Д.Од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256,660 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА