Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2017/02984/И |
Дугаар | 001/ХТ2018/00609 |
Огноо | 2018-04-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/00609
Д.Сийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаар магадлалтай,
Д.Сийн нэхэмжлэлтэй
МУИСд холбогдох
МУИС-ийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Д.Сийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэн, Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтыг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах үүрэг нь ажил олгогчид байх бөгөөд номын сангийн эрхлэгч Г.Цэрэн надтай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг ба энэ талаар ажилтанд мэдэгдээгүй, ажил олгогч нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй /МУИС-ийн захирал/, ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр надад мэдэгдэж гарын үсэг зуруулсан нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан гэх шалтаг заасан. Миний бие үе мөчний үрэвсэл өвчтэй ажлын бус цагаар эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэдэг ба гормоны эмчилгээний улмаас гарын арьс ард болон урд хэсэгтээ хуулардаг бөгөөд дээрх шалтгааны улмаас хурууны хээгээр бүртгэх төхөөрөмж зарим тохиолдолд хурууны хээг бүртгэж уншаагүй тохиолдол байдаг. Миний бие нийгмийн ухааны салбар сургуулийн номын санд өглөө 08:30 20:30 цагт 2 ээлжээр өөр нэг номын санчийн хамт ажилладаг болно. Хэрвээ би энэ олон өдөр ажил тасалж номын сан хаалттай байсан бол оюутнууд болон багш нараас гомдол санал тухайн цаг үед гарах байсан бөгөөд миний нэр дээр уншигчдаас ирсэн санал гомдол гарч байгаагүй. Ажлын хэсэг гэх бүрэлдэхүүн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Д.Сийн тухай дүгнэлт гаргахдаа хэтэрхий нэг талыг баримталсан гэж үзэж байгаа бөгөөд ажлын хэсгийн хурлын протоколыг үзэхийг шаардсан боловч надад үзүүлээгүй болно. Мөн миний ажлаа таслаагүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж байсныг уншигчид нотлох болно. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан нь тухайн үедээ тогтоогдсон бол хариуцлага тооцох боломжтой байсан. Мөн түүнчлэн нийт номын сангийн ажилтнуудын цагийн бүртгэлийг бүх хүмүүсээр нь авч дүгнэлт хийвэл зөрчил гарах нь тодорхой бөгөөд хурууны хээгээ огт уншуулдаггүй хүмүүс ч бас байдаг. Гэтэл миний цалинг 7 сарыг дуустал бүтэн олгосон. 2019 онд өндөр насны тэтгэвэртээ гарах байсан. Иймд МУИС-ийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэнгээс ахлах номын санч Д.С удаа дараа ажил тасалж буй тул ажлаас халах тухай хүсэлт ирсэн. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр МУИС-ийн захирлын А/232 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн ахлах номын санч Д.С нь ажил тасалж, албан үүрэгтээ хайнга хандаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилгоор дүгнэлт гаргаж ажилласан. Д.Стэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д Ажилтан нь ажлаас хоцрохгүй, таслахгүй байх, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, ажилдаа ирэх, явах үедээ цаг бүртгэх автомат машинд хурууны хээгээр бүртгүүлэх, 3.1.6-д Ажилтан тогтоосон цагт, мөн ажлын нэг өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд шалтгаан хугацааг шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж чөлөөний зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байдаг. Хэдийгээр Д.С нь биеийн эрүүл мэндийн улмаас хүндэтгэх шалтгаантай байсан гэж тайлбарладаг боловч эмнэлгийн акт, дүгнэлт ирүүлдэггүй байсны зэрэгцээ тухайн үед шууд удирдах дээд албан тушаалтанд огт мэдэгдэж байгаагүй, Номын сангийн захирлаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5а/872 дугаар албан бичгээр сануулга өгч байсан боловч дахин 16 өдрийн ажил тасалсан байсан. Д.Стэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажилтан нь 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан зааж өгсөн. Иймээс Д.С нь бичгээр сануулга өгсөөр атал удаа дараа ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. МУИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар ахлах номын санч Д.Сийг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан нь талуудын хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан нь хангалттай тогтоогдсон явдал юм. Мэдээлэл технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл болон МУИС-ийн захирлын А/232 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэнд зааснаар Д.С нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 16 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан нь хөдлөшгүй нотлох баримтуудаар тогтоогддог. Ажилтан болон ажил олгогчийн харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Д.С нь ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх, ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч ямар нэгэн мэдэгдсэн зүйлгүй удаа дараа тасалсан учраас хөдөлмөрийн гэрээний дагуу 5.3.2-т тусгаснаар ажилтан ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан учраас ноцтой зөрчилд тооцох үндэслэл болсон. Д.С нь ажиллаж байх хугацаандаа нийт 118 ном буюу 574,659 төгрөгийн номыг үрэгдүүлсэн, шаардлага тавьсан боловч 5 ширхэг номыг буцааж өгөөд үлдсэн 113 ширхэг номыг буцааж өгөөгүй. Номын санчийн үндсэн үүрэг нь уншигчдад үйлчлэхээс гадна номуудын бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байтал үүргээ зөрчин ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан. МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 58-д Бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, үг хэлээр дайрч доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хориглох, 148-д Ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамаарч бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харилцах гэж заасныг зөрчин Д.С нь номын санчдыг загнаж, үг хэлээр доромжлон ёс зүйгүй, бусдыг үл хүндэтгэсэн харилцаа их гаргадаг байсан нь бусад ажилчдын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Д.Сийг МУИС-ийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөгийг хариуцагч МУИС-иас гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч МУИСд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 787 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03 -ны өдрийн 95 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч МУИСд холбогдуулан номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 862 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Д.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.С хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.07.03 өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийи хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэдэг ба миний бие уг гэрээтэй 2017 оны 04 сарын 07-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан болно. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэг болгосон атлаа ажил олгогч нь нотой зөрчил гэдгийн ажилтантай харилцан тохиролцоогүй нь нотлогдож байхад магадлалын үндэслэх хэсэг болгож байгаа нь үндэслэлгүй байна. 2.Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006.07.03 өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон үйлдэл эс үйлдэл байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн “ажил тасалсан” гэх үйлдэл нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон үйлдэл байх үндэслэл байхгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. 3. Нэхэмжлэгч миний бие “тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай үе мөчний үрэвслийн өвчний улмаас гормоны эмчилгээ хий гэдэг тул хурууны арьс хуулардаг бөгөөд энэ тухай СХД-ийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвөлгөөний материалыг МУИС-д хүлээлгэн өгсөн бөгөөд хуулбар нь хавтаст хэрэгт хавсаргасан болно. Энэ үеэр хурууны хээгээр цагийн бүртгэл хөтөлдөг системд цагаа бүртгүүлэх боломжгүй байсан гэхдээ ажлын цагийн алдагдал гаргаагүй ажил таслаагүй, хэрэв ажил тасалсан бол оюутнуудаас гомдол гарах ёстой ийм гомдол миний нэр дээр огт гараагүй бөгөөд миний ажиллаж байсан уншлагын танхим хоёр ээлжээр ажилладаг тул ээлжийн зохицуулалт хийгдэж байгаагүй болох нь нөгөө ээлжинд ажилладаг номын санч М.Баттөмөрийн хурууны хээний цахим бүртгэлээр тодорхойлогддог. Харин МУИС-ийн номын сан 52 ажилтантай бөгөөд эднээс зөвхөн 20 гаран идэвхи зүтгэлтэй номын санчид л хурууны хээгээ уншуулж цагаа бүртгүүлдэг бөгөөд үлдсэн ажилтнууд бүртгүүлдэггүй болохыг олж тогтоосон болно. Энэ тухай хавтаст хэрэгт байгаа номын сангийн ажилтнуудын хурууны хээгээр цахим бүртгэлийн системийн материалаар нотлогддог. Тус номын сангийн захирал Г.Цэрэн нийт ажилтнууддаа адил тэгш шаардлага нөхцөл тавьдаггүй ашиг сонирхлын зөрчлийн улмаас намайг ажлаас чөлөөлсөн гэдэг нь нотлогдож байна гэж миний бие үзэж байгаа болно. Үүнийг давж заалдах шатны шүүх авч хэлэлцээгүй, 4. Номын сангийн автоматжуулалтын Коха систем нь эх нь нээлттэй систем бөгөөд номын сангийн үйлчилгээ 5 сарын сүүлчээр зогссон учир үйлчилгээний мэдээлэл гарахгүй бөгөөд намайг 9 сарын эхээр шүүхэд нэхэмлэл гаргах үед статистик үзүүлэлт тайлангийн модулыг ажиллахгүй болгосон байсан нь намайг санаатайгаар ажил тасалсан байдлаар харагдуулах зорилгоор энэ модулын ажиллагааг зогсоосон гэж үзэж байна. Мөн түүнчлэн 113 ном дутаасан гэх жагсаалт гаргаж намайг эд хөрөнгө шамшигдуулсан гэж гүтгэж миний нэр төрд ноцтойгоор халдаж байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд хэрвээ эд хөрөнгийн дутагдал гаргасан бол эд хариуцагчийг оролцуулсан тооллогын комисс томилогдож тооллого хийж тооллогын акт үйлдэж комиссын гишүүд гарын үсэг зуран баталгаажуулсан байх ёстой билээ. 5. Миний бие ОХУ-ын Улаан-Удэ хотын Соёлын дээд сургуулийн номын сангийн факультетийг номзүйч мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ улсад 31 жил үүнээс МУИС-д тасралтгүйгээр 29 жил ажилласнаас тус номын сангийн эрхлэгчээр 2014 оныг хүртэл 22 жил үр бүтээлтэй ажилласан болно. Монгол улсын номын сангийн салбарт энэ олон жил ажиллахдаа санаачлан хэрэгжүүлсэн олон ажлыг энд дурдах нь илүүц ба энэ олон жил МУИС-ийн номын сангийн эрхлэгч гэх хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсны хувьд олон хоногоор ажил тасалж ёс суртахууны ийм том алдаа гаргахгүй гэдгийг нийт МУИС-ийн хамт олон гэрчилнэ гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ олон хоногоор ажил тасалсан бол миний цалинг хасах, хамт олны хурлаар хэлэлцэж шалтаг шалтгааныг тодруулах зэрэг олон арга хэмжээ авч болох байсан ба миний бие 2017 оны 7 сарыг дуустал цалингаа бүтэн авсан ба Голомт банкны цалингийн картны хуулгаар гэрчлэгдэнэ. /хавтаст хэрэгт хавсаргасан болно/ 6. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хугацаатай байгуулсан, ноцтой зөрчил гэдгийг харилцан тохиролцож гэрээнд тусгаагүй, хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд заасан ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчил байхыг тодорхойлоогүй зэрэг хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн асуудлууд олон байна. Үүнийг давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэлд тусгаагүй. 7. Хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгийг хариуцагчийн зүгээс зааглан ялгаагүй, энэ талаар ажилтантай харилцан тохиролцоогүй нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч МУИСд холбогдуулан тус сургуулийн төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 862 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.
Хоёр шатны шүүх Д.Сийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн дүгнэлт хийсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин анхан шатны шүүх ажлаас халах сахилгын шийтгэл ажилтны гаргасан зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, маргааны зүйлийн талаарх эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
МУИС-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний ...5 дугаар зүйлийн 5.3.2 дахь заалт, ажлын хэсгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, МУИС-ийн Номын сангийн захирлын 2017 оны 07 сарын 24-ний өдрийн хүсэлт, ажилтны цагийн бүртгэлийг тус тус баримталж, Д.Сийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийт 16 хоног ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. /хх-15/
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т “Ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарна.” гэж заажээ. Нэхэмжлэгч Д.С нь ажил олгогчийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/236 дугаар тушаалаар номын сангийн ахлах номын санчийн ажилд томилогдон ажиллаж байсан боловч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна. Д.С нь гэрээнд гарын үсэг зурахдаа он сар өдрийг бичснээс үзэхэд ажил олгогч нэхэмжлэгчийг ажилд авах тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь тогтоогдож байх боловч ажилтны гаргасан зөрчил нь гэрээг байгуулснаас хойшхи үйл баримт тул гэрээг хожим байгуулсан байдал ажлаас үндэслэлгүй халсан эсэх буюу маргааны зүйлд нөлөөлөхгүй байна.
Нэхэмжлэгч нь цагийн ирц бүртгэх төхөөрөмжид хурууны хээг бүртгүүлээгүй шалтгааныг тайлбарлахдаа өвчний улмаас хурууны арьс хууларсан үед төхөөрөмж хурууны хээг уншдаггүй байсан, зарим үед эрт гараад хурууны хээгээ уншуулаагүй, ажил огт таслаагүй гэж, нөгөө талаас ажил олгогч нь нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны хооронд нийт 16 хоног ажил тасалсан нь ажлын хэсгийн дүгнэлт, тэмдэглэл, номын сангаар оюутан сурагчдад номоор үйлчилсэн тухай "Коха" бүртгэлийн системийн тайлан, мэдээллийн технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдоно гэж мэтгэлцжээ.
Цагийн ирц бүртгэх төхөөрөмжид нэхэмжлэгч Д.Сийн хурууны хээ бүртгэгдээгүй үйл баримт тогтоогдсон боловч энэ нь ажил тасалсан, эсвэл нэхэмжлэгчийн хурууны арьс хууларсан өвчний байдалтай холбоотой, эсвэл ажилдаа хоцорч ирэх, эрт явснаас хурууны хээгээ бүртгүүлээгүй үйл баримттай холбоотой эсэхийг буюу зохигчийн мэтгэлцсэн асуудлаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна. Хариуцагч нь төхөөрөмж дээр хурууны хээгээ бүртгүүлээгүй нь ажил тасалсан гэх ажилтны гаргасан зөрчлийг нотолно гэж үзсэн нь хангалттай үндэслэл болохгүй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажилтан Д.С нь ажилдаа ирээгүй учраас цагийг бүртгүүлээгүй эсвэл ажилдаа ирсэн боловч хурууны хээгээ төхөөрөмж дээр уншуулаагүй эсэх үйл баримт тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Ажил олгогчийн зүгээс ажилтан ажилдаа ирээгүй нь ном олгож байсан эсэхийг бүртгэдэг Коха программын бүртгэлээр давхар нотлогдоно гэж маргасан боловч уг систем нь цагийн бүртгэлтэй холбоогүй...”, нэг номын санч нь үйлчилгээнд гарч байхад нөгөө нь Коха систем рүү өөрийн кодоор нэвтэрч номоо хайж байдаг...” гэх гэрч О.Нарантуяагийн мэдүүлэг, “...ажил тасалсныг би хараагүй...” гэх гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг, цагийн бүртгэлийн баримт/хх-39/, эдгээр өдрүүдэд хамаарах Коха программын бүртгэлийг харьцуулж үзэхэд Д.С нь 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил тасалсан, хурууны хээг бүртгүүлээгүй гэсэн байхад Коха программд Д.С нь 4 дүгээр сарын 24-ний өдөр 58 ном олгож, 79 ном буцааж авсан бүртгэл хийгдсэн /хх-119,120/ зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх зөрчил хөдөлбөргүй нотлогдоогүй байна.
Хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил эргэлзээгүй, хангалттай баримтаар нотлогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд маргааны үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг дээрх байдлаар зөвтгөж, шүүх нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийг холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/ 02734 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА