Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 418

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ц.М, А.О, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Гантулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1163/,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/,

шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ц-ийн Б,

Б овогт А-ийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Б овогийн И-ийн Д,

Б овгийн Б-ын М,

Л овгийн Ц-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0291 51027 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Д нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хамтран оролцож 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд иргэн О.Төмөрбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг зодож, “Самсунг Жи-5” маркийн гар утас болон бэлэн 110.000 төгрөгийг илээр, хууль бусаар, дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Б, Б.М, И.Д, Ц.М нараас: Мөрдөн байцаалтад бүх зүйлээ үнэнээр нь ярьж мэдүүлсэн, нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: Бид тухайн орой Билгүүнээ ахын Приус-20 маркийн автомашинтай 34-өөс дээшээ өгсөж явах замдаа бууж бие засацгаая гээд гудамны үзүүрт бие зассан. Тэгэхэд Д, М, М гурав буугаад дээшээ явсан. Би тэр гурвыг хүлээгээд зогсож байхад төд удалгүй ирээд Билгүүнээ ах биднийг гэр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь М над руу яриад утас форматлаж чадах уу гэхээр нь би чадна гэж хэлээд утсыг нь форматлаад бөөндөө Тэди явсан. Би Тэди явж байх замдаа уг утсыг дээрэмдсэн утас гэж мэдсэн гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1708 0291 51027 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд. Үүнд:

 

1. О.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд:

 гэрчээр 2017 оны 12 дугаар сарын 18-нд өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай найзуудын шинэ жил Модны хоёрын тэнд байдаг...”Хар алмааз” гээд шөнийн клубэд орой 19 цагаас 22 цагийн хооронд болсон. Бид хэд 02 цаг хүртэл бүжиглэсэн. Би уусан юмандаа нилээн согтох гээд байхаар нь гэртээ харихаар шийдээд найзуудыгаа тэр бааранд үлдээгээд гарсан. Баарнаас гараад замаас такси бариад гэрийнхээ эсрэг талын Хангайн 60 дугаар гудамжны зүүн үзүүрт буусан. Учир нь би таксинд суухаасаа өмнө таксины жолоочид 5000 төгрөг өгөөд гэрт маань хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь таксины жолооч Хангайн 60 дугаар гудамжны зүүн үзүүрт очоод танайх арай хол байна, дээшээ өгсөхөд хальтиргаа гулгаатай байна гээд байхаар нь яршиг төвөг гэж бодоод таксинаас буугаад гэр рүүгээ алхаад явж байсан чинь араас хоолой боосон. Би боолгуулаад газар унасан. Тэгээд намайг газар унагаагаад хэдэн талаас өшиглөж, цохисон. Би өмсөж явсан куртикнийхээ юүдэнг толгойдоо өмсөөд нүүрээ хоёр гараараа хамгаалаад атрилдаад хэвтсэн. Тэгэхэд хэдэн талаас өшиглөж цохисон. Нэг залуу нь пизда минь утасныхаа кодоо хэл гэхээр нь би хэлэхгүй бол алуулах юм байна гэж бодоод утасныхаа код буюу Z гэж хэлсэн. Тэдгээр залуучууд дээрээс хэдэн талаас өшиглөж цохиод байсан. Би нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. Ингээд нэг сэрсэн чинь би гэрийнхээ урагшаа байдаг төмөр гүүрний доор сэрсэн. Тэгээд би газраас босоод гэр рүүгээ харьсан. Намайг гэрт очиход дүү Отгонбаатар унтаж байсан. Миний бие хөндүүрлээд, дээр нь найзуудтайгаа бааранд шинэ жил тэмдэглээд архи, пиво нилээн уучихсан байсан болохоор архины халуунд ороод унтсан байна. Өглөө босоод өөрийн төрсөн дүү Отгонбаатарт хэлээд цагдаад дуудлага өгсөн. Самсунг жи 5 гар утас өмдний арын халаасанд байсан. Бэлэн 110.000 төгрөг дээрэмдэн авсан байна. Би гар утсаа 2017 оны 6 сард хувь хүнээс 220.000 төгрөгөөр худалдан авсан. Гадуураа бор өнгийн гэртэй, бүдэг шаргал өнгийн утас байсан. Би тэдгээр залуучуудын царай зүсийг харж амжаагүй. Газар унагаагаад хэдэн талаас өшиглөж байхад нь нүүрээ хамгаалангаа дээшээгээ хальт харахад нэг залуу нь ямар ч байсан хар ороолттой, хар бараан өнгийн куртик, хувцастай залуу байсан. Нөгөө залуучуудын царай, зүс, өмссөн хувцасыг харах сөхөө гараагүй. Миний харсанаар 4 залуу байсан. Би таксины жолоочтой маргалдаагүй. Таксин дотор өөр хүн байгаагүй. Такси явсны дараа тэдгээр залуучууд араас ирсэн. Таксины жолооч намайг дээрэмдээгүй. Би хангайн 60 дугаар гудамжинд зодуулж дээрэмдүүлээд ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь гүүрний доор хэвтэж байсан. Яагаад тэнд очсоноо мэдэхгүй байна. Намайг тэдгээр залуучууд чирээд явсан уу, машинд суулгаад явсан уу хэлж мэдэхгүй байна. Хангайн 60 дугаар гудамжнаас 500 орчим метр байх. Ил харагдах бэртэл гэмтэл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

хохирогчоор 2018 оны 4 дүгээр сарын 17-нд өгсөн:

“...Миний хувьд урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. ...Ямар ч байсан 4-5 залуу байсан. Би тухайн үед нүүр царайг нь бол сайн харж чадаагүй. Энэ талаар урд гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Намайг дээрэмдсэн залуучууд миний халаасыг ухсан. Өөр ямар нэгэн хүн миний халаасыг ухсан асуудал байхгүй. 4-5 уулаа нийлээд намайг газар унагаагаад тал талаас гар утсаа өг, мөнгөө өг гээд нэхээд өшиглөсөн. Тэр үед би өөрийн гар утсаа гаргаж өгсөн. Мөн өмдний халаасанд байсан мөнгийг хоёр нь өргөж байгаад халааснаас авчихаад гүйгээд явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Тухайн үед тал талаас өшиглөөд зодсон болохоор би ухаан алдсан. Цагдаагийн байгууллагад ирээд гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Харин 110.000 төгрөгөө аваагүй. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Намайг согтуу байхад далимдуулсан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар тал.) ,

-2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Эхлээд нэг нь ирж надаас тамхи асуусан. Тэгээд би тамхи байхгүй гэж маргаж байхад нэг хүүхэд нь араас тэврээд авсан. Нэг хүүхэд нь болохоор миний гарыг барьсан. Анх тамхи татаж байсан хүүхэд нь болохоор зугтаарай гээд байх шиг байсан. Намайг нэгээс гурван хүүхэд зодож цохисон байх. Гэхдээ сайн санахгүй байна. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгөө авсан. Мөн би хөдөө байдаг учир шүүх хуралд суухгүй. Хэн нь гар утасныхаа кодыг хэл гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

 

2. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 60 дугаар гудамжинд  үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал), 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч О.Төмөрбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дүгээр тал.),

 

3. Хохирогч О.Төмөрбаатарын биед болон хувцсанд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 10-12 дугаар тал),

 

4. Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 3 дугаар тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Мөнхбатын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...“Сонор-3” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Тэди” худалдааны төвийн орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад сэжиг бүхий 5 иргэнийг шалгахад ...Оюунгэрэлийн Төмөрбаатарын /ЧЙ82102711/ Самсунг Жи-5 маркийн гар утсыг ...Ц.Б /УП96101479/, ...И.Д /УП00261475/, ...Ц.М /УШ00271738/, ...Б.М /УП00272555/, А.О /ТА99110313/ нар бүлэглэн дээрэмдэж, гар утсыг зарах гэж явсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан...” тухай илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

5. И.Д-өөс “шаргал өнгийн жи 5” маркийн гар утас 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

6. Гэрч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд “Теди” худалдааны төвөөр эргүүлийн чиглэлд явж байхад сэжиг бүхий хоёр хүүхэд гар утасны үнэ судлаад явж байхаар нь шалгахад “Самсунг Жи 5” маркийн гар утас зарах гэж байна гэхээр нь ямар учиртай гар утас болох талаар асуухад манай ахын гар утас, зарах гээд явж байна гэсэн. Уг гар утсыг шалган, хадгалсан дугаарууд болон залгасан дугаарууд руу ороход байнга залгасан нэг дугаар байсан. Ингэхээр нь тус дугаар руу залгахад миний урдаас өнөөх хүн “манай ах урд шөнө бусдад зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн” гэж ярихаар нь тус хүүхдүүдийг шалгахаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах дэслэгч Давхарбаярт хүлээлгэн өгсөн. Ингээд шалгуулах явцад 5 хүн бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдэж олж авсан гар утас байсан тул илтгэх хуудас бичин эд зүйлийг хураан авсан тэмдэглэл үйлдэж, холбогдогч нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн юм. “Самсунг Галакси Жи 5” маркийн шаргал өнгийн гар утас байсан ба, тус гар утас асаалттай, сериал дугаар нь 3565211071354020/0 гэж байсан. Д, М гэх нэртэй хоёр хүүхэд нь зарах гээд авч явж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),

 

7. Гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 12-нд өгсөн:

“...Цэцэгмаагийн Б бол миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Хар өнгийн Приус 20 маркийн 93-77 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийн эхнэр Бат-Ундралын хамтаар 13.000.000 төгрөгөөр “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 3.000.000 төгрөг өгч гэрээ хийж авсан. Сард 700.000 төгрөг өгч байгаа. Миний эзэмшлийн машин байгаа юм. Миний хувьд дээрх тээврийн хэрэгслийг унаж байхад манай дүү гэрт орж ирээд ахаа машинаа өгч байгаач, дүү нь ойрхон найз охинтойгоо уулзаад ирье гэхээр нь өгөөд явуулсан чинь ийм хэрэгт орсонд үнэхээр харамсаж байна. ...Б-г миний эзэмшлийн машинаар бусдын эд зүйлийг дээрэмдсэн талаар би огт мэдээгүй. Харин сүүлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар надад мэдэгдсэн юм. Тэр үед хүний машин худал хэлж унаад хэрэг хийгээд байхдаа яадаг юм бэ гэж дүүгээ зэмлэсэн. Тэрнээс би машин тэрэг унаж дээрэм хийж явна гэж ерөөсөө бодоогүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар тал),

 

8. Иргэний нэхэмжлэгч Ч.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 20-нд өгсөн:

“...93-77 УНУ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл нь манай компаний эзэмшлийн машин байгаа юм. Энэ машин анх манай компаний лизингийн зээлээр иргэн Сайнцогтын Бат-Ундрал гэдэг эмэгтэй 10.500.000 төгрөгийг зээлээр гаргуулан авч, гэрээ хийж тээврийн хэрэгслийг сар болгон төлөлт хийгээд явж байгаа. Одоо нийт төлөлтөөс 5.150.000 дутуу төлсөн. Гэхдээ энэ хүн мөнгөө төлөхгүй тохиолдолд бид машиныг хурааж авдаг нөхцөлтэй гэрээ байгуулсан. Тийм учраас энэ машиныг цагдаагийн байгууллагаас хураасан гэж сонсоод албан ёсоор иргэний нэхэмжлэгчээр компаний зүгээс хүсэлт гаргаж байна. Тээврийн хэрэгслийн төлөлтийг цаг тухайд нь төлж байгаа. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Зээлийг Бат-Ундрал гэдэг хүн төлдөг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал),

 

9. 93-77 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар тал.),

 

10. “Транс капитал” ХХК-ний өмчлөлийн 93-77 УНУ улсын дугаартай хар өнгийн “Приус-20” загварын автомашиныг Т.Энхбаярт хариуцуулж битүүмжилсэн тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 дугаар хавтаст хэргийн 71-76 дугаар тал.),

 

11. “Дамно” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн СХ3-18-581 дугаартай үнэлгээнд 93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” машины зах зээлийн үнэлгээг 11.000.000 төгрөгөөр тогтоосон тайлан (2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал),

 

12. “Дамно” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн СХ3-18-06 дугаартай үнэлгээнд хохирогч О.Төмөрбаатарын “Самсунг Жи 5” маркийн гар утасны үнийг 398.000 төгрөгөөр тогтоосон тайлан (2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр тал), 

 

13. “Транс капитал” ББСБ-ын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичигт “...93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” загварын машиныг барьцаалан зээл авсан...” тухай тодорхойлолт, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн бизнесийн лизингийн болон барьцаат зээлийн гэрээний баталгаажуулсан хуулбар, зээлийн дасны хуулга, 93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” загварын машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар /өмчлөгч нь “Транс капитал” ББСБ бүртгэлтэй тухай/ (1 дүгээр хавтаст хэргийн 80-85, 241-244 дүгээр тал.),

 

14. Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 01 дүгээр сарын 16-нд өгсөн:

“...Б бол миний том хүү байгаа юм. Би эхнэр Цэцэгмаатай 2004 онд танилцаад гэр бүл болсон. Бид хоёр тухайн үед гэрлэлтийн баталгаа хийлгүүлээгүй байсан учраас хүүгээ төрөх үед хөдөө орон нутагт ажлаар явж байгаад ирж чадаагүй. Тэгээд миний хүү ээжээрээ овоглож гэрчилгээ авсан юм. ...Би тэр Приус-20 автомашиныг “Транс капитал” ББСБ-аас дүү Бат-Ундралын нэрээр зээл авч лизингээр төлбөрийг нь төлж байсан. Би уг автомашиныг эзэмшиж, ойр зуур халтуур хийж амьдралаа залгуулдаг. Тэр өдөр би хүүгээ гадуур жаахан халтуур хийгээд ир гэж хэлээд өгч явуулсан чинь гэмт хэрэг үйлдсэн байсныг нь сүүлд мэдсэн. Миний хүү жолооны үнэмлэхтэй учраас би хааяа ядарсан үедээ өгч явуулдаг байсан. Хүүгээ машин унаад хэрэг үйлдсэн гэхэд итгэхгүй байгаа юм. Миний хүү хааяа машин унаж явдаг нь үнэн. Тэгэхдээ мөнгө төгрөг авчирч өгч байгаагүй. Харин тодорхой хэмжээний бензинтэй ирдэг л байсан. Ер нь голдуу би өөрөө л тэр машиныг унаж халтуур хийж байсан. Тэр автомашин яг миний эзэмшилд ирээгүй. Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд 2 жилийн хугацаанд сар бүр 700.000 төгрөг төлж байж өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

 

15. Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд:

-сэжигтнээр 2017 оны 12 дугаар сарын 19-нд өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой дүү Д надад би Өргөө дээр байна хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Ингэтэл Д надад хандан манай найз руу очих уу, заал аваад тоглож байна гэхээр нь Баянхошуунд байх сургууль руу Д-ий хамт очтол миний таньдагаас М, М, О нар байсан. Ингээд заалны цаг нь дуусахаар нь өнөөх гурвыг дагуулаад Д-өө бид хоёр дээрэм хийхээр авч гарсан. Ингээд бид тав хороолол, өргөө, саппоро, Модны хоёр орчим согтуу хүн харж явж байгаад хүн байгаагүй учир 00 цагийн орчимд Цамбагарав, Хар хорин хоёрын голын замаар нэг согтуу ах зам гарч алхаад замаас такси бариад суухаар нь араас нь дагасан. Ингээд нэгдүгээр хорооллын арын дэнж рүү такси явсан. Дагаад явж байхад нэг гудманд зогсоод өнөөх согтуу ах таксинаасаа буугаад ганцаараа гудмаар алхаад явж байхаар нь би машиндаа үлдээд О, Д, М, М дөрөв машинаас өөрсдөө буугаад өнөөх согтуу ах руу очсон. Ингээд 5-8 орчим минут болоод буцаж өнөөх дөрөв ирээд миний автомашинд суугаад гар утсыг нь авчихлаа гэж М, М хоёр хэлсэн. Ингээд хөдлөөд явах гэтэл М энэ гар утас нь кодтой байна гээд буцаж дөрвүүлээ бууж очоод кодыг нь тайлуулчихаад ирсэн. Ингээд бид нар тухайн гар утсаа ломбардахаар хороолол ортол ломбард нь 10.000 төгрөгөөр авна гэхээр нь ломбарданд тавиагүй, ингээд бид нар маргааш нь гар утсаа зарахаар болоод машиндаа хоносон. Маргааш өглөө нь Теди төв дээр очоод М, Д-өө хоёр гар утсыг зарах гэж ороод цагдаад баригдаад ирсэн. Бид нарт бүгдээрэнд нь л мөнгөний хэрэг болоод бүгдээрээ л  санаачилсан. Би өөрийнхөө 93-77 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинаар үйлчилж, өнөөх дөрөв очиж согтуу хүний эд зүйлийг дээрэмдэн авсан. Шаргал өнгийн самсунг жи 5 маркийн гар утас авсан байсан. Мөнгө олох л гэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

 Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 14-нд өгсөн:

“...Миний хувьд зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өөрийн найз болох Д, М, О, М нартай явж байгаад ийм асуудалд орчихлоо. Миний унаж явсан хар өнгийн Приус 20 маркийн 93-77 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр авсан, төлбөрийг төлж чадаагүй учраас “Транс капитал” банк бус санхүүгийн байгууллагад хураалгасан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...найз нөхдөө ийм асуудалд оруулсандаа маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал),

- 2019 оны 01 дүгээр сарын 15-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Би энэ дээрмийн гэмт хэрэг үйлдэх үед ямар ч оролцоо байхгүй. Миний хувьд өөрийн хамаатны ах Энхбаярын машиныг найз охинтойгоо уулзаад ирье гэж хэлээд гуйж авсан. Миний оролцоо бол машинаар авч явах үед нэг согтуу ах гудамжинд таксинаас бууж байсан. Тэгээд О, Д, М, М дөрөв бүгдээрээ тэр согтуу ахын гар утсыг авъя гээд яриад машинаас буусан. Тэр үед би машин барьж байсан болохоор машинтайгаа үлдээд, машинаа харж байсан юм. Гэтэл тэр дөрөв машинаас буугаад шууд таксинаас буусан ах руу явж байсан харагдсан. Хэсэг хугацааны дараа буюу 5-10 минутын дараа М, М, О, Д дөрөв ирээд машинд суугаад явъя гэхээр нь хөдлөөд явах гэтэл Д, М хоёр гар утас нь кодтой байна, кодыг нь асуугаад ирье гээд буусан. Хэсэг хугацааны дараа буцаж машинд суугаад явж байхдаа тэр дөрөв ломбард ороод гар утсаа тавьмаар байна гээд байхаар нь ломбардуудаар явсан чинь ломбард олдоогүй. Харин маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гар утсыг бид тав авч яваад “Теди” орж зарах гээд М, Д хоёр авч буугаад явж байхдаа цагдаад баригдаад энэ асуудал үүссэн. Сүүлд яваад гар утас аваад орж ирэхээр нь мэдсэн. Би М, О, Д, М нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Д бид хоёр эгч, дүүгийн хүүхдүүд байгаа юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Би өөрийн найз охин Бүдээтэй уулзах гээд хамаатны ах Энхбаяраас машиныг нь гуйж аваад явж байсан чинь Д над руу залгаад та бид нарыг гэрт хүргээд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд 105 дугаар сургууль дээрээс авсан. Ингээд сургууль өнгөрөөд 34 гүүрний тийшээ харих гээд явж байхад замд нэг ах такси бариад унаж тусаад бид нарын урд яваад 34 гүүрний хажуу талын өгсдөг зам дээр зогсоод бие засах гэж байтал нөгөө такситай ах бид нарын урд зам дээр таксинаас буугаад газар унаж тусаад байсан. Тэр үед Д, М, М, О дөрөв нөгөө хүний зүг рүү явж харагдсан. Би энэ үед машинд сууж байсан. ...Хэсэг хугацааны дараа буцаж машинд суугаад хөдлөөрэй, явъя гээд байсан. Тэгээд би М, М, О гурвыг гэрт нь хүргэж өгөөд Д бид хоёр гэр гэртээ харьсан. Харин маргааш өглөө нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М, Д нар сургууль дээр хүрээд ир гэхээр нь ахын машинтай яваад очсон чинь утасны код гаргуулах гэсэн юм гээд О-ий гэр рүү явсан. Тэгээд очоод буцаад “Тэди” орно гээд явж байх замдаа гар утас зарна гээд ломбард ороод утсыг авахгүй байсан учир Тэди ороод Д, М нар гар утас зарах гээд явж байгаад цагдаад баригдсан. ...Бид нарын хувьд бол бие засах гээд зогссон. Тэгээд би машиндаа үлдээд хүлээгээд сууж байсан. Надад дээрмийн гэмт хэрэг үйлдэх бодол санаа байхгүй. Тэд нарыг дээрэм хийсэн талаар мэдээгүй. Сүүлд харин утас зарах үед мэдсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал),

 

16. Шүүгдэгч А.О-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 14-нд өгсөн:

“...Миний хувьд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз М, М, Билгүүн, Д нартай Баянхошууны 129 дүгээр сургуулийн зааланд цаг гаран тоглож байгаад Д, Билгүүн, М нартай заалнаас гарч ирээд Цамбагаравын хажууд байдаг “Писи” тоглоомын газарт очиж тоглохоор Билгүүний машинд суугаад явж байтал Билгүүн замдаа би хүнтэй уулзахаар болчихлоо, та 4 тоглочих гээд бид дөрвийг буулгаад бид дөрөв Писи тоглоомын газар 2 цаг гаран тоглоод цаг харахад 12 цаг болж байсан. Тэгээд Писи тоглоомын гадаа зогсож байгаад харих гэсэн чинь таксины мөнгө байхгүй болчоод Д, Билгүүн рүү залгаад таксины мөнгө байхгүй байна, гэрт хүргээд өгчих гээд утсаар ярихад Билгүүн зөвшөөрөөд 1 дүгээр хорооллын 34 дүгээр гүүрний хажуу талаас хар приус машинтай ирээд авсан. Тэгээд бид тав Баянхошуу руу уул даваад гэр рүүгээ харих гэж байсан чинь замд Билгүүний машины нэг юм дуугараад байсан. Тэр үед Билгүүн машинаасаа буугаад урд талын копудыг сөхөөд машинаа харж байснаа, цаашаагаа алхаад явахад бид 4 машинд сууж байгаад хоорондоо Билгүүнийг хаашаа явсан бол гэж ярилцаж байхад М, Д хоёр буугаад Билгүүний араас явсан. Харин М бид хоёр машинд сууж байгаад Мыг хоёулаа гарч бие засах уу гэсэн чинь тэгье гээд бид хоёр бууж бие засаад тамхи татаж байтал цаанаас Билгүүн, Д, М гурав ирсэн. Машинд бид тав суугаад Билгүүнээ ах бид нарыг шууд гэр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь М намайг 112 буудал дээр хүрээд ир гээд утсаар дуудаад байхаар нь 112 дугаар автобусны буудал дээр буугаад Мтай уулзах гэсэн чинь Д, М, М, Билгүүн дөрөв хар приустэй зогсож байсан. Тэгээд бид тав машинд сууж байтал Билгүүнээ утас зараад өгчих гээд “Жи-5” маркийн шаргал өнгийн гадаргуутай утас гаргаж ирээд үзүүлсэн. Бид нар гар утсаа аваад Билгүүний приустэй тавуулаа Мобиком орж гар утсыг нь М, Д хоёр зарах гэж явж байгаад цагдаагийн байгууллагад баригдаад энэ асуудал үүссэн. Би тэр үед юу болсон талаар мэдэхгүй, нэг мэдсэн цагдаагийн хүмүүс бид нарыг бариад авсан. Зарах гэж байсан гар утас хэний эзэмшлийн утас гэдгийг мэдэхгүй. Энэ гэмт хэргийг үйлдэхэд айлган сүрдүүлж, татан оролцуулсан асуудал байхгүй. Би өөрөө сайн дураараа явсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар тал),

- 2019 оны 01 дүгээр сарын 15-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн хийсэн үйлдлийн талаар урд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа. Тийм учраас надад хэлэх зүйл байхгүй. Миний хувьд хашааны буланд зогсож байсан. Харин М, Д, М гурав очсон. Удаагүй гар утсыг нь авчихлаа гэж гурвуулаа ярьж байсан. Би энэ талаар мэдүүлсэн байгаа. ..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн: “...Би одоо үнэн зөвөөр өгье. Б машинд үлдээд М, М, Д бид дөрөв 1 дүгээр хорооллын арын гүүрнээс дээшээ өгсөөд явж байгаад гудамжны үзүүрт бие засах гээд буусан чинь М, Д, М гурав дээшээ зам дагаад хойшоо чиглэлтэй явсан. Би бие засаад машинд суусны дараа М, Д, М гурав машинд суусан. Бид тав хөдлөөд шууд Баянхошуу орж, эхлээд Б, М хоёрыг гэр гэрийнх нь гадаа буулгаад өглөө уулзъя гээд салсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед М над руу залгаад утас форматлаж мэдэх үү гэхээр нь би мэднээ гэсэн чинь манай гэрт М, Д, Б, М дөрөв ирээд “Ж-5” маркийн гар утсыг авч би янзалсан. Ингээд би тав машинтай “Тэди” орж зарна гээд явах замдаа нэг ломбард ороод өгөх гэсэн чинь аваагүй болохоор нь шууд “Тэди” орж гар утсыг М, Д хоёр бууж зарах гэж яваад цагдаад баригдсан. ... Би тухайн орой нь гар утас дээрэмдсэн талаар мэдэхгүй. Тэр гурвыг дээрэмдсэн талаар “Тэди” орох гэж явж байхдаа мэдсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал),

 

17. Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз М, О, Билгүүн, Д нартай Баянхошууны 129 дүгээр сургуулийн зааланд цаг гаран тоглож байгаад Д, Билгүүн, М, О нартай заалнаас гарч ирээд Цамбагаравын хажууд байдаг “Писи” тоглоомын газарт очиж тоглохоор Билгүүний машинд суугаад явж байтал Билгүүн замдаа би хүнтэй уулзахаар болчихлоо, та дөрөв тоглочих гэхээр нь М, О, Д бид дөрөв Писи тоглоод орой 23 цагт гараад гэр рүүгээ харих гээд Билгүүнийг дуудахад Билгүүн машинтайгаа ирсэн. Ингээд уулын замаар гэр рүү хүргэж өгөх гээд явж байсан чинь машин дуугараад Билгүүнээ ах машинаа хараадахъя гээд буугаад байж байсан чинь урд талын хамраа сөхөөд харж байснаа цаашаа явсан. Түүний араас Д, М хоёр явсан. Харин О бид хоёр машин дотор сууж байгаад айлын хашааны буланд очиж тамхи татсан. Ингээд байж байтал Билгүүн, М, Д гурав ирээд машинтай цаашаа хөдлөөд гэр, гэр рүүгээ харьсан. Би О, Д, Билгүүн, М нарын хийсэн үйлдэл, бусдын эд зүйлийг дээрэмдсэн талаар мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Д, М, О бид дөрвийг хүргэж өгөх гээд Б ах машинтай ирсэн. Бид нар явж байгаад Баянхошуу явахаар 34-ийн гүүрний хойд талын дэнжийн замын хажууд явж байсан чинь зам дээр нэг согтуу ах харагдсан. Тэр үед тамхигүй болчихоод тэр ахаас тамхи асуухаар бид дөрөв буугаад би түрүүлж очоод ахаа зүгээр үү, таньд тамхи байна уу гэхэд даварсан бацаан бэ гэж хэлээд баруун гараараа намайг цохих үйлдэл хийхэд нь би гарыг нь зайлуулаад өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Гэтэл Д намайг зодох гэж байна гэж хараад тэр ахын араас боох гэж байгаад нүүрэн хэсгийг нь гараараа тагалсан. Тэр ах Д-тэй зодолдох гээд байхад нь М гүйж очоод нөгөө ахын гарыг бариад авсан. Нөгөө ахын зүүн гарт нь гар утас байсан. Би сандарсандаа газар унасан байсан гар утсыг нь авчихсан. Тэгээд нөгөө ах араас орилоод агсраад ална гээд байхаар нь айгаад машин руу зугтаасан. Тэгээд бид нар машинд сууж яваад М, О бид гурвыг гэрт хүргэж өгөөд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө М, Д бид гурав 105 дугаар сургууль дээр уулзаад бид гурав нөгөө хүнээс авсан гар утасныхаа кодыг сургууль дээр тайлах гээд чадаагүй. Тэгээд О руу би залгаад “Ж-5” маркийн гар утас форматлаж чадах уу гэж асуусан чинь чадна, гэртээ байна гэж хэлээд утсаа тасалсан. Бид гурав Билгүүнээ ахыг утсаар дуудаад Билгүүнээ ах машинтай ирээд О-ий гэрт очсон. Гар утсыг О-иар янзлуулаад ломбард орж зарах гэсэн чинь аваагүй, шууд бид нар “Тэди” ороод Д, М хоёр зарахаар ороод цагдаад баригдсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг хэн нэгэн уруу татсан асуудал байхгүй. Бид нар тохиолдлын гэнэтийн асуудлаас болсон. Д гар утасны кодыг асууж байсан. Гэхдээ зодож цохиж, өшиглөөгүй. М хоёр гарыг нь хажуу талаас нь барьсан. Д боосон. Би газар унагаж утсыг нь авсан. Хохирогчийн гар утсыг газар унах үед авсан. Халаасыг нь ухаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал),

 

18. Шүүгдэгч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 14-нд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой болсон асуудлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ хэлж мэдүүлсэн. Би машинд сууж байсан. Миний зүгээс хохирогчийн биед довтолсон цохисон асуудал байхгүй. Уг гэмт хэргийг Билгүүн хийсэн гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр тал),

-2019 оны 01 дүгээр сарын 15-нд яллагдагчаар дахин өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд зөвхөн гарыг нь барьсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...34 гүүрний хажууд Д, М, О бид дөрөв сагс тоглож байгаад оройтоод Билгүүн ахыг Д дуудсан. Тэгээд Баянхошуу руу явах чиглэлд явж байх замдаа бууж бие засаад байж байсан чинь цаана сууж байгаа нэг ах харагдсан. Энэ үед М би очоод тамхи асуучихаад ирье гэж хэлээд явсан. Хэсэг хугацааны дараа М нөгөө хүнтэй маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гараад байхаар нь Д бид хоёр яваад очсон чинь нөгөө согтуу ах байсан. Тухайн үед нөгөө согтуу ах Мыг цохих гэж оролдсон чинь М гарыг нь түлхсэн. Д гүйж очоод араас нь тэврээд нөгөө ах хоёр гараа савчаад байхаар нь гарыг нь би бариад болиулсан. Энэ үед гарнаас нь нэг гар утас унасан. Нөгөө ах гар утас хааччихсан юм бэ гээд байсан. Тухайн үед юу ч анзаарч хараагүй, М зугтаарай гээд гэр гэртээ хүргүүлсэн. Өглөө нь М нөгөө хүний гар утсыг авсныг мэдээд Д, М бид гурав Б ахыг дуудаад “Тэди” орж Д бид хоёр гар утсыг зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. Би гар утасны кодыг хохирогчоор тайлуулсан асуудал байхгүй. Миний оролцоо бол гарыг нь барьсан. Харин О машины хажууд зогсож байсан. Б машин дотор сууж байсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал),

19. Шүүгдэгч И.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 20-нд өгсөн:

“...Миний хувьд дээрх зүйл ангийг ойлгож байна. 2017 оны 12 дугаар сарын  17-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз М, О, Билгүүн, М нартай явж байгаад дээрмийн хэрэгт шалгагдаж байгаа. Би энэ хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ярьсан. Гэхдээ миний хувьд Билгүүний араас М-тай хамт очих гээд явж байтал урдаас гарч ирсэн. Ингээд бид цаашаа явсан. Би О, М, Билгүүн, М нарын хийсэн үйлдлийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар тал),

- 2019 оны 01 дүгээр сарын 15-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хийсэн үйлдэл гэвэл машинаас М, М, О бид дөрөв буугаад хохирогчийн араас очих үед таксинаас буусан ах газар унасан байхад М бид хоёр очоод М ямар ч байсан ганц хоёр удаа гараараа цохиж байх шиг байсан. Харин би нүдийг нь тагласан юм. Тухайн үед халааснаас нь М гар утсыг нь авчихсан. Харин араас М ирээд хоёр гарыг нь барьж байсан. Энэ талаар гэрчээр урд өмнө өгч байсан мэдүүлэг дээрээ хэлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой өөрийн хамаатны ах Билгүүнээгээр гэр рүүгээ дөхүүлэхээр явж байгаад 34-р гүүрний хажууд бид нар бие засах гээд зогсож байхад М нэг ахаас тамхи асуухаар явсан. Тэгтэл нөгөө ах орилоод Мтай муудалцаад байх шиг байсан. Тэр үед Мыг цохих гээд байгаа юм шиг харагдахаар нь би явж очоод нөгөө ахыг араас нь тэвэрч авахад гараа савчаад байхад М гарыг нь барьсан. Энэ үед М зугтаарай гээд зугтаад бид нар машинд суугаад явсан. Маргааш нь харин М сургууль дээр гар утасны код гаргаж чадах уу гэж асуухаар нь чадахгүй гэхэд О руу залгаад гэрт хүрээд ир гэхээр нь Б ахыг дуудаад О-ий гэрт очиж гар утасны код гаргаж аваад ломбарданд тавих гээд орох үед ломбард аваагүй болохоор нь шууд “Тэди” ороод гар утсаа М бид хоёр зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. О энэ хэрэгт холбогдолгүй. Машинд түрүүлээд сууж байсан. Миний хувьд М тэр ахтай тамхинаас болж маргаж байхаар нь би тэд нарыг өмөөрч очсон. Дээрмийн гэмт хэрэг хийнэ гэсэн бодол байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал),

 

 

Гурав. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд:

 

20. Гэрч С.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О миний төрсөн эхийн төрсөн дүүгийнх нь хүү ба, бага наснаасаа бүтэн өнчин хоцорсон, манай гэр орноор, ах дүүгийндээ орж гараад явдаг, ...хүний үгэнд оромтгой, гадуур найз нөхдийнхөө гэр орноор хонож өнжөөд яваад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал),

21. Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 5-нд өгсөн:

“...Би 2011 оноос Ижилцэцэгийн Д, Цэрэнчимэдийн М, Батбаярын М, Алтантуяагийн О нарын анги удирдсан багшаар ажиллаж байгаа багш нь байгаа юм. Ижилцэцэгийн Д нь аливаа ажилд идэвхитэй сайн оролцож чаддаг, зан байдлын хувьд их эвсэг, хичээлдээ идэвхитэй хүүхэд байгаа юм.

Цэрэнчимэдийн М-гийн хувьд эелдэг даруу, сурах арга барил сайн эзэмшсэн, ...бусадтай эвсэг, найрсаг харьцдаг хүүхэд юм.

Батбаярын Мын хувьд даруу зантай, үг дуу цөөтэй, тоондоо сайн, багаар ажиллах чадвартай, аливаа ажлыг хийхдээ бусдыг М-лан оролцдог, санаачлагатай хүүхэд байгаа юм.

Алтантуяагийн О бол 8 дугаар ангиас өөр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв рүү суралцахаар явсан. Дээрх хүүхдүүдийн ар гэрийн амьдралын хувьд бол боломжийн амьдралтай хүүхдүүд биш юм. Ээж, аавын хараа хяналт сул юм шиг санагддаг. ...Өөрийн анги төгсгөх хүүхдүүдийг ийм хэрэгт орсон явдалд маш их харамсаж байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр тал),

 

22. Шүүгдэгч Ц.Б-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгасан хуудас  (1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр тал), Төрийн банкинд данс эзэмшдэг талаарх тус албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 140-143 дугаар тал), “Капитрон банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас банк”, “Ариг банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 147-149, 152 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар тал), Ц.Б-гийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

23. Шүүгдэгч А.О-ий урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийг төгссөн тухай боловсролын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дүгээр тал), “Техник технологийн Политехник коллеж”-ийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал), “Хаан банк”, “Төрийн банк”, “Хас банк”-нд данс эзэмшдэг талаарх албан тоот (1 дүгээр хавтаст хэргийн 137-138, 140 дүгээр тал), “Капитрон банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Ариг банк”-нд данс эзэмшдэггүй талаарх албан тоотууд (1 дүгээр хавтаст хэргийн 147-148, 152 дугаар тал), А.О-ий нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

24. Шүүгдэгч Ц.М-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар тал), Нийслэлийн 105 дугаар сургуулийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн  121-123 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал), “Хаанк банк”, “Капитрон банк”, “Худалдаа хөгжлийн банк”,”Ариг банк”-нд тус тус эзэмшдэггүй талаарх албан тоотууд (1 дүгээр хавтаст хэргийн 137, 147-148, 152 дугаар тал), түүний Хас банк, Төрийн банкинд эзэмшдэг дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 139, 146 дугаар тал), МҮИС-ийн чөлөөний хуудас (2 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр тал), Ц.М-гийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

25. Шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал),Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 97-99 дүгээр тал), “Хаан банк”, “Төрийн банк”-нд данс эзэмшдэг тухай албан тоотууд, Төрийн банкны дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 137, 140, 144 дүгээр тал), “Капитрон банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас банк”, “Ариг банк”-нд данс эзэмшдэггүй талаарх албан тоотууд (1 дүгээр хавтаст хэргийн 147-149, 152 дугаар хуудас), Б.Мын нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

26. Шүүгдэгч И.Д-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал), “иргэний шинэчилсэн бүртгэлгүй, цахим үнэмлэх аваагүй” гэх Нийслэлийн улсын бүртгэлийн газрын лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал), суралцагчийн хувийн хэргийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн  135 дугаар тал), “Хаан банк”, “Төрийн банк”-нд тус тус данс эзэмшдэг талаарх албан тоотууд болон “Төрийн банк”-ны дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 137, 140, 145 дугаар тал), “Капитрон банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хас банк”, “Ариг банк”-нд данс эзэмшдэггүй талаарх албан тоотууд (1 дүгээр хавтаст хэргийн 147-149, 152 дугаар тал), И.Д-ий нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б, Ц.М, А.О, Б.М, И.Д нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Б, Ц.М, А.О, Б.М, И.Д нар нь хүч хэрэглэн довтолж, улмаар хохирогчийг зодож эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байгаа тул шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч И.Д, Б.М, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм  буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Л.Батаагаас “дээрмийн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг ба миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй. Автомашин нь Энхбаяр гэх хүний машин ба банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг, зээлээр худалдаж авсан машин, эд хөрөнгө битүүмжлэх нь хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилготой байдаг гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч И.Д-ий  өмгөөлөгч А.Очбадралаас “хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Ц.М, А.О, Б.М өмгөөлөгч Ж.Гантулгаас “миний үйлчлүүлэгч нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж оролцсон, А.О-ий хувьд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнхөө гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоогоо гар утасны код тайлсан зэргээр буруу ойлгосон байгаа боловч гэм буруу дээр маргахгүй. Харин хамжигч гэсэн үйлдэл нь эргэлзээтэй байж магадгүй гэсэн нөхцөл байдлыг шүүх харгалзах байх гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

            Шүүгдэгч Ц.М, Б.М, И.Д нар нь гэм буруугийн талаар маргахгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Харин шүүгдэгч Ц.Б нь машиндаа сууж байсан, дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй гэж шүүх хуралдаанд мэдүүлж маргасан, шүүгдэгч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй гэж маргаж байсан боловч талуудаас гэм буруугийн дүгнэлт хэлэхийн өмнөх шатанд шүүгдэгч Ц.Б, А.О нараас гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлсэн болохыг дурдав. 

 

Шүүгдэгч Ц.Б, Ц.М, А.О, Б.М, И.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хамтран оролцож 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд иргэн О.Төмөрбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор түүнд хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг зодож, “Самсунг Жи-5” маркийн гар утас, бэлэн 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- О.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 18-нд ...Баарнаас гараад замаас такси бариад гэрийнхээ эсрэг талын Хангайн 60 дугаар гудамжны зүүн үзүүрт буусан. ... таксинаас буугаад гэр рүүгээ алхаад явж байсан чинь араас хоолой боосон. Би боолгуулаад газар унасан. Тэгээд намайг газар унагаагаад хэдэн талаас өшиглөж, цохисон. ... Нэг залуу нь пизда минь утасныхаа кодоо хэл гэсэн. ...Тэдгээр залуучууд дээрээс хэдэн талаас өшиглөж цохиод байсан. ...өөрийн төрсөн дүү Отгонбаатарт хэлээд цагдаад дуудлага өгсөн. Самсунг жи 5 гар утас өмдний арын халаасанд байсан. Бэлэн 110.000 төгрөг дээрэмдэн авсан байна. ...Миний харсанаар 4 залуу байсан. Би таксины жолоочтой маргалдаагүй. Таксин дотор өөр хүн байгаагүй. Такси явсны дараа тэдгээр залуучууд араас ирсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-хохирогчоор өгсөн “...4-5 залуу байсан. ...намайг дээрэмдсэн залуучууд миний халаасыг ухсан. ...4-5-уулаа нийлээд намайг газар унагаагаад тал талаас гар утсаа өг, мөнгөө өг гээд нэхээд өшиглөсөн. Тэр үед би өөрийн гар утсаа гаргаж өгсөн. …өмдний халаасанд байсан мөнгийг хоёр нь өргөж байгаад халааснаас авчихаад гүйгээд явсан. ...Тухайн үед тал талаас өшиглөөд зодсон болохоор би тэр үед ухаан алдсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар тал.) , 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар тал),

-гэрч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 18-нд ...“Теди” худалдааны төвөөр ...сэжиг бүхий хоёр хүүхэд гар утасны үнэ судлаад, ...“Самсунг Жи 5” маркийн гар утас зарах гэж байна гэсэн. ...асуухад манай ахын гар утас, зарах гээд явж байна гэсэн. ...гар утсыг шалган, хадгалсан дугаарууд, залгасан дугаарууд руу ороход байнга залгасан нэг дугаар байсан. ...тус дугаар руу залгахад “манай ах урд шөнө бусдад зодуулж, гар утсаа дээрэмдүүлсэн” гэж ярьсан. ...хүүхдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт хүлээлгэн өгч, шалгуулахад бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдэж олж авсан гар утас байсан.  ...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал), 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал), Д-өөс гар утас хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд:

сэжигтнээр өгсөн “...Баянхошуунд байх сургууль руу Д-ий хамт очтол миний таньдагаас М, М, О нар байсан. ...өнөөх гурвыг дагуулаад Д-өө бид хоёр дээрэм хийхээр авч гарсан. ...00 цагийн орчимд Цамбагарав, Хар хорин хоёрын голын замаар нэг согтуу ах зам гарч алхаад замаас такси бариад суухаар нь араас нь дагасан. Ингээд нэгдүгээр хорооллын арын дэнж рүү такси явсан. Дагаад явж байхад нэг гудманд зогсоод өнөөх согтуу ах таксинаасаа буугаад ганцаараа гудмаар алхаад явж байхаар нь би машиндаа үлдээд О, Д, М, М дөрөв машинаас буугаад өнөөх согтуу ах руу очсон. 5-8 орчим минут болоод буцаж өнөөх дөрөв ирээд миний автомашинд суугаад гар утсыг нь авчихлаа гэж М, М хоёр хэлсэн. ...хөдлөөд явах гэтэл М энэ гар утас нь кодтой байна гээд буцаж дөрвүүлээ бууж очоод кодыг нь тайлуулчихаад ирсэн. ...Маргааш өглөө нь Теди төв дээр очоод М, Д-өө хоёр гар утсыг зарах гэж ороод цагдаад баригдаад ирсэн. ...мөнгөний хэрэг болоод бүгдээрээ л санаачилсан. ...Шаргал өнгийн самсунг жи 5 маркийн гар утас авсан байсан. Мөнгө олох л гэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал),

-Ц.Б-н яллагдагчаар өгсөн “...Миний хувьд зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал), түүний 2019 оны 01 дүгээр сарын 15-нд дахин  өгсөн“...Миний оролцоо бол машинаар авч явах үед нэг согтуу ах гудамжинд таксинаас бууж байсан. ...О, Д, М, М 4 бүгдээрээ тэр согтуу ахын гар утсыг авъя гэж яриад машинаас буусан. ...би машин барьж байсан болохоор машинтайгаа үлдээд, машинаа харж байсан юм. ...тэр 4 машинаас буугаад шууд таксинаас буусан ах руу явж байсан харагдсан. ...5-10 минутын дараа М, М, О, Д 4 ирсэн. ...гэтэл Д, М хоёр гар утас нь кодтой байна, кодыг нь асуугаад ирье гээд буусан. Хэсэг хугацааны дараа буцаж машинд суугаад явж байхдаа тэр 4 ломбард ороод гар утсаа тавьмаар байна гээд байхаар нь ломбардуудаар явсан чинь ломбард олдоогүй. ...Теди орж зарах гээд М, Д хоёр авч буугаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр тал), 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин яллагдагчаар өгсөн...” мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал),

- Шүүгдэгч А.О-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 01 дүгээр сарын 15-нд өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Миний хувьд хашааны буланд зогсож байсан. Харин М, Д, М гурав очсон. Удаачгүй гар утсыг нь авчихлаа гэж гурвуулаа ярьж байсан. ..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар тал), 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар тал),

- Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ..бид нар явж байгаад Баянхошуу явахаар 34-ийн гүүрний хойд талын дэнжийн замын хажууд явж байсан чинь зам дээр нэг согтуу ах харагдсан. ...бид дөрөв буугаад би түрүүлж очоод ахаа зүгээр үү, таньд тамхи байна уу гэхэд даварсан бацаан бэ гэж хэлээд баруун гараараа намайг цохих үйлдэл хийхэд нь би гарыг нь зайлуулсан. Д ...тэр ахын араас боох гэж байгаад нүүрэн хэсгийг нь гараараа тагалсан. Тэр ах Д-тэй зодолдох гээд байхад нь М гүйж очоод нөгөө ахын гарыг бариад авсан. Нөгөө ахын зүүн гарт нь гар утас байсан. Би сандарсандаа газар унасан байсан гар утсыг нь авчихсан. Тэгээд бид нар машинд суусан. ...бид нар Тэди ороод Д, М хоёр зарахаад ороод цагдаад баригдсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Д гар утасны кодыг асууж байсан. ...М хоёр гарыг нь хажуу талаас нь барьсан. Д боосон. Би газар унагаж утсыг нь авсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал),

-Шүүгдэгч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой болсон асуудлын талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ хэлж мэдүүлсэн байгаа. ...гэмт хэргийг Билгүүн хийсэн гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр тал), түүний яллагдагчаар дахин өгсөн“...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хувьд зөвхөн гарыг нь барьсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр тал), мөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...М нөгөө хүнтэй маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гараад байхаар нь Д бид хоёр яваад очсон чинь нөгөө согтуу ах байсан. ...Д гүйж очоод араас нь тэврээд нөгөө ах хоёр гараа савчаад байхаар нь гарыг нь би бариад болиулсан. Энэ үед гарнаас нь нэг гар утас унасан. ...Тэди орж Д бид хоёр гар утсыг зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. ...Миний оролцоо бол гарыг нь барьсан. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал),

- Шүүгдэгч И.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хийсэн үйлдэл гэвэл машинаас М, М, О бид 4 буугаад хохирогчийн араас очих үед таксинаас буусан ах газар унасан байхад М бид хоёр очоод М ямар ч байсан ганц хоёр удаа гараараа цохиж байх шиг байсан. Харин би нүдийг нь тагласан юм. Тухайн үед халааснаас нь М гар утсыг нь авчихсан. Харин араас М ирээд хоёр гарыг нь барьж байсан. Энэ талаар гэрчээр урд өмнө өгч байсан мэдүүлэг дээрээ хэлсэн. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар тал),

-2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал), болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-34 дүгээр тал), 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч О.Төмөрбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 6-9 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул тэдний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.

Тухайн хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор урьдчилсан үгсэн тохиролцож, Ц.Б-н жолоодон явсан 93-77 УНУ Приус-20 маркийн автомашинтай хотоор явж согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг хайсан, улмаар хохирогч О.Төмөрбаатарыг согтуу явж байсныг олзолж, Ц.Б энэ хүнийг дагая гэхэд нь бусад нь дэмжиж, тэд хохирогч О.Төмөрбаатарыг такси барихад нь уг машины араас дагаж явсан, хохирогчийг таксинаас буугаад явахад түүний араас А.О, Б.М, Ц.М, И.Д нар очсон байх ба Б.М нь хохирогч О.Төмөрбаатарыг удаа дараа өшиглөж зодсон, И.Д нь хохирогчийн нүдийг нь гараараа хааж дарсан, Ц.М хохирогчийн хоёр гарыг барьж өгсөн, энэ үед Б.М хохирогчийн халааснаас гар утсыг авсан, А.О хүн харж байсан, Ц.Б машиндаа тэднийг хүлээж байсан буюу гэмт хэрэг үйлдэхэд машин ашиглаж, гэмт үйлдлээ хөнгөвчилсөн зэргээр үйлдлээрээ, санаа зорилгоороо нэгдэж, хамтран оролцсон байна. Тэдний хамтран оролцоог ялгаж үзвэл шүүгдэгч Ц.Б, А.О нар нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Б.М, Ц.М, И.Д нар гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлджээ.

            Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг гарсан хугацааг шүүх зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б, А.О нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.М, Ц.М, И.Д нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаар.

Хохирогч О.Төмөрбаатар нь гар утсаа буцаан авсан байх ба, шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн Голомт банкинд эзэмшдэг 3615107473 дугаарын дансанд хохирлын 110.000 төгрөгийг шилжүүлсэн (2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр тал) болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б, А.О, И.Д, Б.М, Ц.М нар нь хохирогч О.Төмөрбаатарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 

-шүүгдэгч Ц.М, Б.М, И.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, тэдэнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг;

-шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Л.Батаа дүгнэлтдээ “Ц.Б-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, иргэн Энхбаярын автомашины битүүмжлэлийг чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;  

            Шүүгдэгч И.Д-ий өмгөөлөгч А.Очбадрал дүгнэлтдээ “Шүүгдэгч И.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сартай байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;  

            Шүүгдэгч Ц.М, А.О, Б.М нарын өмгөөлөгч Ж.Гантулга дүгнэлтдээ “Шүүгдэгч М, О, М нар нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. Хувийн байдлын хувьд А.О нь 19 нас 4 сар 7 хоногтой. Политехникийн дээд сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр суралцаж байгаа. Шүүгдэгч Мын хувьд Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурч байхад буюу хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сартай байсан. Сургуулиа төгсөөд Бүгд Найрамдах Хятад ард улсын Гуанг Ан хотын Юниверь сити их сургуулийн Барилгын зураг төслийн Архитектурын ангид тэтгэлгээр суралцаж байгаад, нэг жилийн хугацаагаар сургалтын чөлөө авсан. Шүүгдэгч М-гийн хувьд хэрэг болох үед 17 нас 5 сартай байсан. Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12-г ангид суралцаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон. Монголын Үндэсний Их Сургуулийн Эдийн засаг Бизнесийн Сургуулийн салбар сургуульд элсэн орсон ба нэг жилийн хугацаагаар сургалтын чөлөө авсан. Чөлөөтэй байх хугацаандаа “Билгүүн Монгол” ХХК-д мужааны ажил хийж байгаа. Шүүгдэгч нарын дээрх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Д нар нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэгдэж байгаагүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн нь шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ингэхдээ тэдний оролцсон оролцоогоор ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Б.М, Ц.М, И.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч И.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин өмгөөлөгч А.Очбадрал, Ж.Гантулга нараас арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн И.Д, Б.М, Ц.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” заалтыг хэрэглэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч А.О нь арван найманд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчөөс мэтгэлцэж байгаа боловч түүний иргэний бичиг баримтаар 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрсэн байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ 93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” загварын автомашин ашигласан байх ба тус тээврийн хэрэгсэл нь “Транс катилал” ХХК-ийн эзэмшилд барьцаанд бүртгэлтэй болох нь гэрч Т.Энхбаярын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Шинэбаярын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, “Транскапитал” ББСБ-ын барьцаат зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон тул тус автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Харин “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн СХ3-18-581 дугаар үнэлгээнд 93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” загварын машины зах зээлийн үнийг 11.000.000 төгрөгөөр тогтоосон тухай үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал) -г үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож тус машиныг ашигласан шүүгдэгч нараас 93-77 УНУ улсын дугаартай “Приус-20” загварын автомашины үнийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.Б-гаас 2.200.000 төгрөг, И.Д-өөс 2.200.000 төгрөг, Б.Маас 2.200.000 төгрөг, Ц.М-гаас 2.200.000 төгрөг, А.О-иас 2.200.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт  шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Тус хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон 2 хоногийг, шүүгдэгч И.Д-ий 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох үндэстэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б, Б овогт А-ийн О нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-шүүгдэгч Б овогт Б-ын М, Л овогт Ц-ийн М, Б овогт И-ийн Д нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  1 (нэг) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ял;

-шүүгдэгч Б.М, Ц.М, И.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг, шүүгдэгч И.Д-ий 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 (арав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Д нар нь хохирогч О.Төмөрбаатарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус хэрэгт битүүмжлэгдсэн “Транскапитал” ББСБ-ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй **-** УНУ улсын дугаартай “Приус-20” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар **-** УНУ улсын дугаартай “Приус-20” загварын автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ц.Б-гаас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч А.О-иас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч И.Д-өөс 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Маас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч Ц.М-гаас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт  шилжүүлсүгэй.  

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч И.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА