Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

                               

 

Ц.Б, А.О, Б.М,

Ц.М,  И.Днарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.М,

шүүгдэгч А.О-ний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч И.Д-ий өмгөөлөгч А.Очбадрал, 

шүүгдэгч Ц.М, А.О, Б.М нарын өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, Б.М, А.О, шүүгдэгч И.Дөлгөөний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч А.Очирвааний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Ц.М, А.О, Б.М нарын өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б, А.О, Б.М, Ц.М,  И.Днарт холбогдох эрүүгийн 1708029151027 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...................

 

Ц.Б, А.О, Б.М, Ц.М,  И.Днар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хамтран оролцож 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд иргэн О.Төмөрбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг зодож, "Самсунг Жи-5" маркийн гар утас болон бэлэн 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Б, А.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ,

И.Дөлгөөн, Б.М, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М,  И.Д нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М,  И.Д нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М, Ц.М, И.Днарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Днарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг, шүүгдэгч И.Дөлгөөний 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 (арав) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, шүүгдэгч Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Днар нь хохирогч О.Төмөрбаатарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус хэрэгт битүүмжлэгдсэн "Транскапитал" ББСБ-ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй 93-77 УНУ улсын дугаартай "Приус-20" загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар
93-77 УНУ улсын дугаартай "Приус-20" загварын автомашины үнэ болох 11.000.000
төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ц.Бгаас 2.200.000 (хоёр сая хоёр зуун
мянга) төгрөг, шүүгдэгч А.Очирвааниас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг,
шүүгдэгч И.Дөлгөөнөөс 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч
Б.Маас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг, шүүгдэгч Ц.Мгаас
2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт
шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч
И.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч
Ц.Б, А.О, Б.М, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга
хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.Д-ний өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангий 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн шүүгдэгч И.Дөлгөөнд 1 жил 10 сар хорих ял оноосон шүүхийн уг шийдвэрийг хүндэтгэж байгаа болно. Шүүгдэгч И.Днь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу болон зүйлчлэл, үйлдсэн гэмт хэргийн талаар маргадаггүй. Шүүгдэгч И.Днь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 болон 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалтай байдаг. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүй дээрх гэмт хэргийг үйлдсэн болно. И.Днь хувийн байдлын хувьд урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн 1 дүгээр курст сурдаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан зэрэг хувийн байдалтай байна. Шүүх энэрэнгүй байх зарчмыг үндэслэн өсвөр насандаа нэг нэгнийхээ буруу нөлөөнд автан дарвиж дээрх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч И.Дөлгөөнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ялын доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.М, А.О, Б.М нарын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.М, Б.М, А.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Ц.М, Б.М нарт 1 жил 10 сар, шүүгдэгч А.Од 1 жил 9 сар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт “...Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, ингэхдээ тэдний оролцсон оролцоогоор ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна” гэжээ. Шүүгдэгч Ц.М, Б.М нар гэмт хэрэг үйлдэх үедээ насны хувьд 17 нас 5 сартай, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар тогтоогддог ба тэдний гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан болохыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээ туйлын тодорхой заавал дагаж мөрдөх, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэм хэмжээ харьцангүй тодорхой энэ заалтыг шүүгдэгч нарын хувийн байдал болон хэргийн бусад байдлыг харгалзан үзэж, шүүх хэрэглэж болохыг заасан хэм хэмжээ юм. Шүүгдэгч Ц.М, Б.М нарын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэсэн дүгнэлтийг би анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М, Б.М нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулаагүй байна. Шүүгдэгч А.Од анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв тогтвортой мэдүүлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэл оногдуулаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М, Б.М, А.О нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн хэм хэмжээг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримт, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Ц.М, Б.М, А.О нарт шүүхээс оногдуулсан ялыг өөрчлөх, хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч А.О-ий өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүх хянан хэлэлцээд Боржигон овогт Алтантуяагийн Очирваанийг ... бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3,1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцон шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 93-77 УНУ улсын дугаартай приус-20 загварын автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж нэр бүхий 5 холбогдогчоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр таслан шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.О урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэгт анх удаа холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн гэм бурууг бүрэн хэмжээгээр ухамсарлан ойлгосон, гэмт хэргийн улмаас төлөх ёстой төлбөрөө нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгт хэрхэн оролцсон нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, А.Од оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Ц.Бд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар 93-77 УНУ улсын дугаартай Приус-20 загварын автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ц.Бгаас 2.200.000 төгрөг, бусад 4 шүүгдэгч нараас тус тус 2.200.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр заасан. Ц.Б нь анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 110.000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн. Улсын яллагч Ц.Бд 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэх гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, тэдний оролцсон оролцоогоор ялгамжтай оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах" гэж заасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйпийн 1 дэх хэсгийн 1.4-т  зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгслийг хэрхэн ашигласан бэ гэдэг асуудал яригдана. Тухайн тээврийн хэрэгслийг унаад замын хөдөлгөөнд оролцсон уу, эсхүл тухайн тээврийн хэрэгслээр хохирогчийг авч явсан юм уу гэх зүйл яригдах ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 110.000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй байхад дахин шүүгдэгч нараас 2.200.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож байгаа нь тухайн хүмүүсийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна. Шүүгдэгч нарын ар гэрийнхэний хувьд маш их хүндрэлтэй тусаж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан зэрэг байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, шүүгдэгч нараас 2.200.000 төгрөг гаргуулахаар заасан заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М би анхан шатны шүүхээс бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэрэгт 1 жил 10 сарын хорих ял шийтгэгдэж, цагдан хоригдож байна. Миний бие хэрэг үйлдэх үедээ дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж байсан, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эцэг Батбаяр тахир дутуугийн группт байдаг хөгжлийн бэрхшээлтэй, эх Дариймаа нарын хамт ам бүл гуравуулаа амьдарч байсан. Би мөрдөн байцаагчид хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж байсан. Би БНХАУ-ын Гуанг Ан мужийн Техник технологийн сургуулиас жилийн чөлөө авч хятад хэлний бэлтгэлд сурч байсан. Миний үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд би үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж, гэмт үйлдэлдээ чин санаасаа гэмшиж Билгүүн Монгол ХХК-д мужаанаар ажиллаж байсан. Монгол Улсын хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халдвал хуулийн хариуцлага хэрхэн оногдуулдаг талаар би 1 сар 20 хоногийн хугацаанд маш их ойлгож мэдлээ. Надад анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, цаашид сурч боловсрох, мэргэжил эзэмших, зөв хүн болж төлөвшихөд минь боломж олгон, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. ...” гэжээ.

                                                                                                               

Шүүгдэгч А.О давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.О намайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Мөн шүүхийн тогтоолын дагуу шүүгдэгч тус бүрээс гэмт хэрэг үйлдэж байхдаа унаж явсан 93-77 УНУ улсын дугаартай "Приус-20" загварын автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.О миний бие өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, буруутай үйлдэл хийснээ гүнээ ухамсарлан ойлгож байна. Шүүхийн тогтоолоор цагдан хоригдсоноос хойш маш олон зүйлийг эрэгцүүлэн бодож, ухамсарлаж ойлголоо. Би гэмт хэргийн улмаас хохирогчид эрүүл мэнд, сэтгэл санаа, материаллаг хохирол учруулсанаа ухамсарлан ойлгож байгаа учир хохирогчоос энэ давж заалдах гомдлоороо дамжуулан уучлалт гуйж байна. Би өнчин ч гэсэн миний ах, эгч намайг сайн хүн болоосой гэж асрамжийн газар өгөлгүй өөрсдөө 20 ч хүрээгүй мөртлөө авч хүмүүжүүлсэн. Намайг юугаар ч дутаагаагүй, сургууль соёлд ороход бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн. Гэтэл би энэ хорвоод миний төлөө зүтгэж байсан эгч, ахынхаа ач тусыг ийм байдлаар хариулсандаа ихэд шаналж, хохирогч болон өөрийн ах, эгч, найз нөхөд, багш нараасаа дахин дахин уучлал гуйж хийсэн үйлдлээ ухамсарлан, цаашдын амьдрал, хүмүүжил төлөвшлөөрөө харуулна гэдгээ амлаж байна. Миний бие Политехникийн Дээд сургуульд цахилгааны инженерын мэргэжлээр суралцаж байсан. Ял эдэлж дууссаны дараа уг сургуулиа төгсөх зорилго тавьж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд миний хувийн байдал, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлан ойлгосон, дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй гэх миний амлалт болон шүүхийн тогтоолоор төлөх ёстой төлбөрөө барагдуулан 2.200.000 төгрөгийг улсын орлогод оруулсан зэргийг харгалзан ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.

 

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах  гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Ц.Б, А.О, Б.М, Ц.М,  И.Днар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, хамтран оролцож 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60 дугаар гудамжинд иргэн О.Төмөрбаатарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, улмаар түүнийг зодож, "Самсунг Жи-5" маркийн гар утас болон бэлэн 110.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

О.Төмөрбаатарын гэрчээр өгсөн “...таксинаас буугаад гэр рүүгээ алхаад  явж  байсан   чинь араас хоолой боосон. Би боолгуулаад газар унасан. Тэгээд намайг газар унагаагаад хэдэн талаас өшиглөж, цохисон. Би өмсөж явсан куртикнийхээ юүдэнг толгойдоо өмсөөд нүүрээ хоёр гараараа хамгаалаад атрилдаад хэвтсэн. Тэгэхэд хэдэн талаас өшиглөж цохисон. Нэг залуу нь пизда минь утасныхаа кодоо хэл гэхээр нь би хэлэхгүй бол алуулах юм байна гэж бодоод утасныхаа кодыг хэлсэн. Тэдгээр залуучууд дээрээс хэдэн талаас өшиглөж цохиод байсан. Би нэг мэдсэн чинь ухаан алдсан байсан. Ингээд нэг сэрсэн чинь би гэрийнхээ урагшаа байдаг төмөр гүүрний доор сэрсэн. Тэгээд би газраас босоод гэр рүүгээ харьсан. ...Самсунг жи 5 гар утас өмдний арын халаасанд байсан. Бэлэн 110.000 төгрөг дээрэмдэн авсан байна. ...” /1-р хх 17-18/,

хохирогчоор өгсөн “...Ямар ч байсан 4-5 залуу байсан. ...Өөр ямар нэгэн хүн миний халаасыг ухсан асуудал байхгүй. 4-5-уулаа нийлээд намайг газар унагаагаад тал талаас гар утсаа өг, мөнгөө өг гээд нэхээд өшиглөсөн. Тэр үед би өөрийн гар утсаа гаргаж өгсөн. Мөн өмдний халаасанд байсан мөнгийг хоёр нь өргөж байгаад халааснаас авчихаад гүйгээд явсан. ...Тухайн үед тал талаас өшиглөөд зодсон болохоор би ухаан алдсан. Цагдаагийн байгууллагад ирээд гар утсаа бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Харин 110.000 төгрөгөө аваагүй. Энэ мөнгийг нэхэмжилж байна. ...” /1-р хх 159-160/,

Ц.Бгийн сэжигтнээр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 17-ны орой дүү Дөлгөөн надад би Өргөө дээр байна хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. ... заалны цаг нь дуусахаар нь өнөөх гурвыг дагуулаад Дөлгөөнөө бид хоёр дээрэм хийхээр авч гарсан. Ингээд бид хороолол, өргөө, саппоро, Модны хоёр орчим согтуу хүн харж явж байгаад хүн байгаагүй учир 00 цагийн үед Цамбагарав, Хар хорин хоёрын голын замаар нэг согтуу ах зам гарч алхаад замаас такси бариад суухаар нь араас нь дагасан. Ингээд нэгдүгээр хорооллын арын дэнж рүү такси явсан. Дагаад явж байхад нэг гудманд зогсоод өнөөх согтуу ах таксинаасаа буугаад ганцаараа гудмаар алхаад явж байхаар нь би машиндаа үлдээд Очирваань, Дөлгөөн, Манлай, Мөнхбаяр дөрөв машинаас өөрсдөө буугаад өнөөх согтуу ах руу очсон. Ингээд 5-8 минут болоод буцаж өнөөх дөрөв ирээд миний автомашинд суугаад гар утсыг нь авчихлаа гэж Манлай, Мөнхбаяр хоёр хэлсэн. Ингээд хөдлөөд явах гэтэл Мөнхбаяр энэ гар утас нь кодтой байна гээд буцаж дөрвүүлээ бууж очоод кодыг нь тайлуулчихаад ирсэн. ...Маргааш өглөө нь Теди төв дээр очоод Манлай, Дөлгөөнөө хоёр гар утсыг зарах гэж ороод цагдаад баригдаад ирсэн. Бид нарт бүгдээрэнд нь л мөнгөний хэрэг болоод бүгдээрээ л санаачилсан. ..." /1-р хх 45-46/,

А.Очирвааний яллагдагчаар өгсөн “...Манлай намайг 112 буудал дээр хүрээд ир гээд утсаар дуудаад байхаар нь 112 дугаар автобусны буудал дээр буугаад Мөнхбаяртай уулзах гэсэн чинь Дөлгөөн, Манлай, Мөнхбаяр, Билгүүн дөрөв хар приустэй зогсож байсан. Тэгээд бид тав машинд сууж байтал Билгүүнээ утас зараад өгчих гээд "Жи-5" маркийн шаргал өнгийн гадаргуутай утас гаргаж ирээд үзүүлсэн. Бид нар гар утсаа аваад Билгүүний приустэй тавуулаа Мобиком орж гар утсыг нь Манлай, Дөлгөөн хоёр зарах гэж явж байгаад цагдаагийн байгууллагад баригдаад энэ асуудал үүссэн. ...Энэ гэмт хэргийг үйлдэхэд айлган сүрдүүлж, татан оролцуулсан асуудал байхгүй. Би өөрөө сайн дураараа явсан. ...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1-р хх 216-217/,

Б.Мын яллагдагчаар өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дөлгөөн, Манлай, Очирваань бид дөрвийг хүргэж өгөх гээд Билгүүндалай ах машинтай ирсэн. Бид нар явж байгаад Баянхошуу явахаар 34-ийн гүүрний хойд талын дэнжийн замын хажууд явж байсан чинь зам дээр нэг согтуу ах харагдсан. ...би түрүүлж очоод ахаа зүгээр үү, таньд тамхи байна уу гэхэд даварсан бацаан бэ гэж хэлээд баруун гараараа намайг цохих үйлдэл хийхэд нь би гарыг нь зайлуулаад өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Гэтэл Дөлгөөн намайг зодох гэж байна гэж хараад тэр ахын араас боох гэж байгаад нүүрэн хэсгийг нь гараараа тагалсан. Тэр ах Дөлгөөнтэй зодолдох гээд байхад нь Манлай гүйж очоод нөгөө ахын гарыг бариад авсан. Нөгөө ахын зүүн гарт нь гар утас байсан. Би сандарсандаа газар унасан байсан гар утсыг нь авчихсан. ...гар утсыг ломбард орж зарах гэсэн чинь аваагүй, шууд бид нар Тэди ороод Дөлгөөн, Манлай хоёр зарахаар ороод цагдаад баригдсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /2-р хх 104/,

Ц.Мгийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Тухайн үед нөгөө согтуу ах Мөнхбаярыг цохих гэж оролдсон чинь Мөнхбаяр гарыг нь түлхсэн. Дөлгөөн гүйж очоод араас нь тэврээд нөгөө ах хоёр гараа савчаад байхаар нь гарыг нь би бариад болиулсан. Энэ үед гарнаас нь нэг гар утас унасан. Нөгөө ах гар утас хааччихсан юм бэ гээд байсан. Тухайн үед юу ч анзаарч хараагүй, Мөнхбаяр зугтаарай гээд гэр гэртээ хүргүүлсэн. Өглөө нь Мөнхбаяр нөгөө хүний гар утсыг авсныг мэдээд Дөлгөөн, Мөнхбаяр бид гурав Билгүүндалай ахыг дуудаад Тэди орж Дөлгөөн бид хоёр гар утсыг зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. ...” /2-р хх 102/,

 

И.Дөлгөөний яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хийсэн үйлдэл гэвэл машинаас Мөнхбаяр, Манлай, Очирваань бид дөрөв буугаад хохирогчийн араас очих үед таксинаас буусан ах газар унасан байхад Мөнхбаяр бид хоёр очоод Мөнхбаяр ямар ч байсан ганц хоёр удаа гараараа цохиж байх шиг байсан. Харин би нүдийг нь тагласан юм. Тухайн үед халааснаас нь Мөнхбаяр гар утсыг нь авчихсан. Харин араас Манлай ирээд хоёр гарыг нь барьж байсан. ...” /2-р хх 77/ гэх мэдүүлгүүд,

 

Хамгаалалтын газрын тусгай хамгаалалтын хэлтсийн 3 дугаар тасгийн
хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Мөнхбатын 2017 оны 12 дугаар сарын 18-ны
өдрийн “...Сонор-3 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тэди худалдааны төвийн орчим
эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад сэжиг бүхий 5 иргэнийг шалгахад ...Оюунгэрэлийн
Төмөрбаатарын /ЧЙ82102711/ Самсунг Жи-5 маркийн гар утсыг ...Ц.Б
/УП96101479/, ...И.Д/УП00261475/, ...Ц.М /УШ00271738/, ...Б.М
/УП00272555/, А.О /ТА99110313/ нар бүлэглэн дээрэмдэж, гар утсыг зарах гэж
явсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгч
ажилласан...” тухай илтгэх хуудас /1-р хх 13/,

 

"Дамно" ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн СХЗ-18-06 дугаартай үнэлгээнд хохирогч О.Төмөрбаатарын “Самсунг Жи 5” маркийн гар утасны үнийг 398.000  төгрөгөөр тогтоосон тайлан /2-р хх 14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн Боржигон овогт Цэцэгмаагийн Билгүүндалай, Боржигон овогт Алтантуяагийн Очирваань нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Мөнхбаяр, Лхагвасүрэн жанжин овогт Цэрэнчимэдийн Манлай, Боржигин овогт Ижилцэцэгийн Дөлгөөн нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, ингэхдээ тэдний оролцсон оролцоогоор ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна” гэж дүгнээд ял шийтгэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.


            Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.М, Ц.М, И.Днарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж...” шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч И.Дөлгөөн, Б.М, Ц.М, А.О нар нь шүүхээс хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн байсан байна. Тэднийг оюун санаа, бие бялдрын хувьд өсвөр насын шүүгдэгч гэж үзэхээр баримт хэрэгт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлд заасныг журамлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Ц.Б, А.О, Б.М, Ц.М, И.Днар нь бусдад хүч хэрэглэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ “Транс капитал" ХХК-ний өмчлөлийн 93-77 УНУ улсын дугаартай хар өнгийн "Приус-20" загварын автомашиныг хэрхэн ашигласан талаар хэргийг үйл баримтад дурдаж ирүүлээгүй байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “...Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ 93-77 УНУ улсын дугаартай "Приус-20" загварын автомашин ашигласан...” гэж дүгнээд шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар “...автомашины үнэ болох 11.000.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ц.Бгаас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч А.Очирвааниас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч И.Дөлгөөнөөс 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Б.Маас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг, шүүгдэгч Ц.Мгаас 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлж...” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгов.

 

Иймд шүүгдэгч Ц.М, Б.М, А.О, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал, Г.Оюунцэцэг, Ж.Гантулга, Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаас  “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг ...” хүссэн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ц.М, Б.М, А.О, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Гантулга нарын давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгнө үү...” гэж хүссэн гомдлын хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

“...Шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ял;

-шүүгдэгч Б.М, Ц.М, И.Днарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг  

“...Шүүгдэгч Ц.Б, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Б.М, Ц.М, И.Днарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М, Б.М, А.О, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Гантулга нарын давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгнө үү...” гэж хүссэн гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хаан банкны Драгон тооцооны төвөөс 100200900941 тоот дансанд шилжүүлсэн 2.200.000 төгрөгийг Боржигон овогт Алтанхуягийн Очирваань /РД: ТА99110313/-д буцаан олгосугай.  

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                                Л.ДАРЬСҮРЭН

                                                                                         

                       ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ