Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 0221

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903013460013 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, эрэгтэй, 62 настай, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хадам аавын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гаваа овогт Далайн Г /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн , н 27 дугаар гудамжны замд Тоёота Премио маркийн  УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан ‘'Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ч.Агийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 41-25 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Ч.А, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түр зуур ухаан алдаад осол гаргасан. Биеийн байдлаас болж ийм зүйл болсон. Урьд нь ухаан алдаж байгаагүй. Тархины хүчилтөрөгч дутуу байна гэж эмч хэлсэн. 350.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Эрх хасах ялыг хэрэглэхгүй байж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1903013460013 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Бын: “2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “” зах дээр очоод Атай уулзаад мод зарахаар гэр лүүгээ Т.Приус маркийн машинд урд суудал дээр хамгаалах бүсээ зүүгээд суугаад явсан. 1 дүгээр хорооллын арын замаар уруудаад явж байтал өөдөөс урсгал сөрөөд саарал өнгийн машин давхиж ирээд шууд сууж явсан машиныг мөргөсөн. Тухайн үед манай машин зогсож байсан. Машинаас буугаад сууж байтал 103 ирээд эмнэлэг орсон. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. 5,6,7 дугаар хавирга хугарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Д.Г ах эмчилгээний бүх зардлыг гаргасан. Миний зүгээс гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.28-ны өдрийн 14168 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Б-н биед цээжний баруун 5,6,7 дугаар хавирганы хугарлууд, тархи доргилт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-43-44/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Агийн: “Ослын талаар гэрчийн мэдүүлэг дээрээ тодорхой хэлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Толгой бага зэрэг хавантай, зүүн гарын шөрмөс сунасан гэсэн. Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй. Надаас мөнгө гараагүй, жолооч гаргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.28-ны өдрийн 14167 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч.А-н биед тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөр өргөгч шөрмөсний суналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-46/,

Гэрч Ч.Агийн: “Би манай нөхөр Б.Батсайханы эзэмшлийн Т.Приус маркийн 41-25 УБҮ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд миний хажуу талын сандал дээр танил ах, хойд талын суудалд эгч Болороо сууж явсан. Гэнэт нэг саарал өнгийн машин манай машиныг чиглээд урсгал сөрөөд ирсэн. Би зогстол чанх урд талаас маш хүчтэй мөргөсөн. Машин дотор утаа үнэртээд аваарын дэрнүүд гарч ирсэн. Нөгөө машинаас настай эрэгтэй гараад ирсэн. Надад “өвөө нь ухаан алдсан байна, уучлаарай” гээд байсан. Удалгүй түргэний машин ирээд манай машинд зорчиж явсан 2 иргэнийг аваад эмнэлэг явсан. Жолооч ах бид хоёр хүлээж байгаад хэмжилт хийлгээд хойноос нь эмнэлэг явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, зам хальтиргаа байгаагүй. Хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,

Иргэний нэхэмжлэгч С.Болормаагийн: “Би Т.Приус маркийн машинд суугаад Содон хорооллын баруун замаар яваад зүүн урагшаа эргээд явж байтал урд талд сууж байсан ах “юу вэ, өмнөөс машин чиглээд яваад байна согтуу юм шиг байна, хаазаа багасга” гэж хэлж дуусаагүй байтал шууд замын хажуу хашлага даваад үсрээд гарч ирээд мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй ухаан алдсан. Нэг мэдсэн түргэн тусламжийн машин дотор сэрсэн. Зүүн доод өвдөг хавдсан. Савхан яс хугарсан, одоо бороолсон байна гэж хэлсэн. Надаас мөнгө гараагүй, жолооч гаргасан...” гэх мэдүүлэг /хх-25/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.11.28-ны өдрийн 14169 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Болормаа-н биед тархи доргилт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-48/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы: “...Машины урд хэсэг тэр чигээрээ чихэгдэж эвдэрсэн байсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-33/,

“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2019.11.25-ны өдрийн 1937 дугаар тайланд: “Үнэлгээгээр тогтоосон шууд зардлын дүн 3.865.000 төгрөг, нийт дүн 4.225.000 төгрөг” гэжээ /хх-54-58/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019.12.27-ны өдрийн 583 дугаар дүгнэлтэд: “1. “Toyota Premio” маркийн  УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Toyoya Prius” маркийн 41-25 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Ч.А нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар ослын газрын бүдүүвч зураг, үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч, жолооч нарын тайлбар зэрэгт тусгагдаагүй байх тул нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-70/,

Шүүгдэгч Д.Гийн яллагдагчаар өгсөн: “Миний хувьд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн орчим санагдаж байна. Би харихаар өөрийн Тоёота Пермио маркийн  УНҮ улсын дугаартай автомашинаа жолоодоод 34 дүгээр байрны хойд замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зорчиж явсан. Нэг мэдсэн ухаан алдаж замын хажуугийн блокон хашааг шүргээд эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Тоёота Приус маркийн автомашин мөргөлдсөн байсан. Би ганцаараа явсан. Тухайн үед гэнэт л ухаан алдаад зам тээврийн осол гаргасан байсан. Зорчигч нар гэмтэл авч түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү хүргэгдсэн. Удалгүй замын цагдаа ирж ослын газарт үзлэг хэмжилт хийгээд миний автомашиныг ачигчаар журмын хашаа руу ачуулсан. Хохирлуудыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-78-79/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/, иргэний нэхэмжлэгч Ч.Агийн “Надад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-30/, иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “4.225.000 төгрөгийн хохирлыг Д.Г бүрэн барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-86/,  нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-87/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-88/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-89/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-90/, хохирол төлсөн баримт /хх-91/, хохирлын баримтууд /хх-94-96, 98-101, 103-109/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-127-130/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч С.Болормаагийн “Миний гомдлыг бүрэн барагдуулж өгсөн тул гомдол санал байхгүй” гэх гар бичвэрийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн , н 27 дугаар гудамжны замд “Тoyota Premio” маркийн  УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Ч.Агийн жолоодон явсан “Тoyota Prius” маркийн 41-25 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.А, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөд хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.Бын “...өөдөөс урсгал сөрөөд саарал өнгийн машин давхиж ирээд шууд сууж явсан машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-16-17/, шүүх эмнэлгийн 14168 дугаар “1. Д.Б-н биед цээжний баруун 5,6,7 дугаар хавирганы хугарлууд, тархи доргилт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-43-44/, иргэний нэхэмжлэгч Ч.Агийн “…Толгой бага зэрэг хавантай, зүүн гарын шөрмөс сунасан гэсэн. Өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-29/, шүүх эмнэлгийн 14167 дугаар “1.Ч.А-н биед тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөр өргөгч шөрмөсний суналт гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-46/, иргэний нэхэмжлэгч С.Болормаагийн “...ах “юу вэ, өмнөөс машин чиглээд яваад байна согтуу юм шиг байна, хаазаа багасга” гэж хэлж дуусаагүй байтал шууд замын хажуу хашлага даваад үсрээд ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-25/, шүүх эмнэлгийн 14169 дүгээр “1.С.Болормаа-н биед тархи доргилт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-48/, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 1937 дугаар “Үнэлгээгээр тогтоосон дүн 4.225.000 төгрөг” гэх тайлан /хх-54-58/, шүүгдэгч Д.Гийн яллагдагчаар өгсөн “...Нэг мэдсэн ухаан алдаж замын хажуугийн блокон хашааг шүргээд эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Тоёота Приус маркийн автомашин мөргөлдсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-78-79/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс замын зорчих хэсгийн эсрэг урсгалд орж Ч.Агийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.А, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн, иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы тээврийн хэрэгсэлд 4.225.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч О.Батболдын хашааг шүргэж эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан болгоомжгүй үйлдлээс хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.А, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы тээврийн хэрэгсэлд 4.225.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Батболдын хашааг шүргэж эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Д.Бын “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Г ах эмчилгээний бүх зардлыг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

иргэний нэхэмжлэгч Ч.Агийн “...Одоо миний биед ямар нэгэн зовиур байхгүй. Надаас мөнгө гараагүй, жолооч талаас гаргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29/, түүний “Надад гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-30/,

иргэний нэхэмжлэгч С.Болормаагийн “Надаас мөнгө гараагүй, жолооч гаргасан...” гэх мэдүүлэг /хх-25/, түүний “Миний гомдлыг бүрэн барагдуулж өгсөн тул гомдол санал байхгүй” гэх гар бичвэр /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/,

иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “...Гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-33/,

иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы “Машинд учирсан 4.225.000 төгрөгийн хохирлыг Д.Г бүрэн барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс машинтай мөргөлдөж 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2,3-т заасныг харгалзан жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах санал оруулж байна. Шүүгдэгч нь зам тээврийн осол яагаад гарсныг мэдэхгүй байна гэдэг, эрүүл мэндийн байдлаар шалтаглаж байна гэж үзэж байна. Бусдад төлөх төлбөргүй. Хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзах ёстой...” гэж,

шүүгдэгч “Эрх хасах ялыг багасгаж өгнө үү. 750.000 төгрөгөөр торгох ял хэцүү л байна. Эрхийг минь бүү хасаач” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа ухаан алдсан гэх, улмаар өөрийн явсан чиглэлийн дагуу зорчих хэсгээс гарч айлын хашааг шүргэж гэмтээн, буцаж зорчих хэсэг рүү орж, эсрэг урсгалд өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, бусдын тээврийн хэрэгсэлд 4.225.000 төгрөгийн, эд хөрөнгө /хашаа/-д хохирол тус тус учирсан, хохирол төлөгдсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 62 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.Гийн дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /62 настай, эрүүл мэндийн байдал буюу ухаан алдсанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, юу ч санахгүй байна гэх/-ыг харгалзан улсын яллагчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах саналыг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Д.Гт оногдуулсан үндсэн ял болох тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял дээр нэмж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /өндөр насны тэтгэвэрт байдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Д.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гаваа овогт Далайн Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР