Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 601

 

Д.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1903013460013 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..........., 19........ оны .............дугаар сарын ..........-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хадам аавын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамжны замд Тоёота Премо маркийн 26-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ч.Ариунтуяагийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 41-25 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Ч.Ариунтуяа, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...............ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Гийг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт иргэний нэхэмжлэгч Батсайханд 4.225.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Болормаад эмчилгээний зардалд 850.000 төгрөг, хохирогч Д.Болдбаатарт 1.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ариунтуяад 1.800.000 төгрөг тус тус төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Миний бие 63 настай тэтгэвэрт байдаг. Хадам аав, эхнэрийн хамт амьдардаг. Гэрээсээ ганцаараа жолооч бөгөөд хөгшин настай аавыгаа эмнэлэгт үзүүлэх, хөдөө гадаа явахад би хүргэж өгдөг. Би 1979 онд анх жолооч болсон бөгөөд түүнээс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 41 жил жолоо барьж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил болон зам тээврийн осол гаргаж байгаагүй. Миний бие анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, тухайн тээврийн осол нь санамсар болгоомжгүй үйлдэгддэг зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд дурдсан надад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эрх хасах нэмэгдэл ялын санал гаргасан. Шүүгдэгч зам тээврийн осол гарах үед ямар нөхцөл байдал бий болсоныг санахгүй байсан. Ослын дараа өөрийгөө үзүүлэхэд тархины цусан хангамжийн дутагдалтай байсан нь тогтоогдсон. Д.Г нь анхан шатны шүүх хуралд мөн адил эрх хасахыг эсэргүүцэж байсан. Бусдын аюулгүй байх эрхтэй зөрчилдөж байгаа учраас эрх хасах саналыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 27 дугаар гудамжны замд Тоёота Премо маркийн 26-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ч.Ариунтуяагийн жолоодон явсан Тоёота Приус маркийн 41-25 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Ч.Ариунтуяа, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Д.Болдбаатарын “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...Тоёота Приус маркийн машинд урд суудал дээр хамгаалах бүсээ зүүгээд суугаад явсан. 1 дүгээр хорооллын арын замаар уруудаад явж байтал өөдөөс урсгал сөрөөд саарал өнгийн машин давхиж ирээд шууд сууж явсан машиныг мөргөсөн. Тухайн үед манай машин зогсож байсан. ...Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний 5, 6, 7 дугаар хавирга хугарсан. ...” /хх 16/,

иргэний нэхэмжлэгч С.Болормаагийн “...Би Тоёота Приус маркийн машинд Хангай захаас суугаад Содон хорооллын баруун замаар яваад зүүн урагшаа эргээд явж байтал урд талд сууж байсан ах “юу вэ өмнөөс машин чиглээд яваад байна, согтуу юм шиг хаазаа багасга” гэж хэлж дуусаагүй байтал шууд ирээд замын хажуу хашлага даваад үсрээд гарч ирээд мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй ухаан алдсан. ...зүүн доод өвдөг хавдсан. Эмч үзээд хөнгөн зэргийн гэмтэл гэсэн. ...” /хх 25/,

иргэний нэхэмжлэгч Ч.Ариунтуяагийн “...Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр байрны хойд замаар явж байтал гэнэт нэг саарал өнгийн машин манай машиныг чиглээд урсгал сөрөөд ирсэн. Би машинтайгаа зогстол чанх урд талаас маш хүчтэй мөргөсөн. Машин дотор утаа үнэртээд аваарын дэрнүүд гарч ирсэн. Би машинаас буухад 2 зорчигч буусан харагдсан. ...” /хх 35-36/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14168 дугаартай “...Д.Болдбаатарын биед цээжний баруун 5, 6, 7 дугаар хавирганы хугаралууд, тархи доргилт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14167 дугаартай “...Ч.Ариунтуяагийн тархи доргилт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, зүүн мөр өргөгч шөрмөсний суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14169 дугаартай “...С.Болормаагийн биед тархи доргилт, баруун мөр, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 48/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 583 дугаартай “...Тoyota Рremio маркийн 26-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Pruis маркийн 41-25 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Ч.Ариунтуяа нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл талаар ослын газрын бүдүүвч зураг, үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч, жолооч нарын тайлбар зэрэгт тусгагдаагүй байх тул нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /хх 70/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-11/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх 54-55/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3-т тус тус заасныг зөрчсөний улмаас Ч.Ариунтуяагийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Ч.Ариунтуяа, С.Болормаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Д.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нотлох баримтын хэмжээнд хохирлын төлбөрийг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Г “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Д.Г яллагдагчаар “...урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явсан бөгөөд нэг мэдсэн ухаан алдаж замын хажуугийн блокон хашааг шүргээд эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Тоёота Приус маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. ...Би тухайн үед гэнэт л ухаан алдаад ийм зам тээврийн осол гаргасан байсан. ...” /хх 79/ гэж мэдүүлсэн байх бөгөөд зам тээврийн осол гарахад шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                       М.АЛДАР

 

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ