Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/018

 

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ                                          

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Г.Од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой цахилгаан техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг

 Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  Г.О

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд *******, ******* нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  Г.О мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим “Оргил” бааранд найз *******ийн хамт ороод нилээн хүнтэй байсан би ширээ байна уу гэж асуухад энэ ширээний хүмүүстэй шахаад суучих гэж хэлээд хоёр залуугийн ширээнд хамт суусан. Би найзтайгаа нэг пиво захиалж уугаад сууж байхад тэр хоёр залуу хотоос ирсэн гэж хэлээд танилцах болсон тэр хоёр нилээн согтуу байсан удалгүй та хоёр бид хоёрын ширээн дээрээс бос гэж хэлсэн би цаанаас нь шахаж суулгасан, найзтайгаа эндээ юм яриад сууж байя гэж хэлэхэд бид хоёрыг бос бид нар наргимаар байна гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэр хоёр хоёулаа босож нэг нь пивны шил барьж нөгөө нь зүгээр босож ирсэн далайсан тэр үед би *******ыг цааш нь түлхэхэд ахыгаа дуудна гэж хэлээд орилж хашиграад , нэг нь гарч ирээд би ахыгаа дуудсан та нарыг ална гэж чулуу шидээд байсан тэгээд цамцнаас зуураад тавихгүй байхаар нь *******ыг түлхсэн тэгтэл газар унаад чулуу авч шидээд орилоод байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 33/

            Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

            … найз *******тай уулзаж “Оргил” бааранд орж суусан, гадаа гарч тамхи татаад нойл орж бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад ширээн дээрээ очоход ширээн дээр хоёр залуу суучихсан байсан би асуухад ширээ хүрэлцэхгүй байна хамт суучих гэж хэлсэн. Би тэгээд бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн тэгж байхад манай ширээний орчмоос хүмүүс чанга яриад байсан ******* нэг танихгүй залуутай юм яриад сууж байсан би очиж асуухад юм ярьж байна бид хоёр хотоос ирсэн гэж хэлээд хажууд сууж байсан. Г.О гэх залуу нь дуугаа өндөрсөж хүний нутагт та нар ингэхгүй гэж хэлээд уурласан тэр үед Дарханбаатар бид хоёр мөрөөрөө сууж байхад та хоёр хүрч ирээд ийм зүйл ярьж болохгүй гэж эвээр тайлбарлаж хэлэх үед Г.О гэх залуу шууд хамар руу цохьсон би дундуур орж салгасан, харахад хамар цус гарчихсан байсан. Тэгтэл хамт сууж байсан хоёр залуу гарч явсан бид хоёр араас гарч та хоёр хүн зүгээр ярьж сууж байхад хүний хамар руу цохиж цус гаргачихлаа гэж хэлтэл ямар олон үгтэй банди гэж хэлээд Г.О гэх залуу миний хамар орчимд цохьсон....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 /

            Хохирогч Б.Дарханбааатарын мөрдөн байцаалтад өгсөн

            … 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой найз ******* бид хоёр “Оргил” бааранд 21 цагийн орчимд орсон нэг ширээн дээр суусан, гарч бүжиглэж байгаад ирэхэд манай ширээн дээр хоёр залуу нэмэгдэж ирсэн.Тэгээд танилцаж юм ярьсан бүжиглэж байгаад ирээд суух үед бид хоёрыг цохьсон залуу та хоёр хотынх юм байж энд хүний нутагт ирчихээд ингэж болохгүй гэж хэлээд байсан бүжгийн талбай дээр байсан хэдэн охидыг хараад булаацалдсан байх гэж би бодсон. Би Баянхонгорынх та хоёр манай ширээн дээр суучихаад эсвэл босоод явчих гэж хэлсэн чинь тэр залуу намайг хамар орчимд цохьсон цус гоожсон тэр залуучууд гараад явчихсан би араас нь гарч ирэх үед үүдэнд манай найзыг зодчихсон байсан хамар цус гарчихсан нүүр, гар шалбарчихсан байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /

            Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн

                  ... Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед “Оргил” бааранд орсон нэг ширээнд шахаж суулгасан, тэр ширээнд байсан хүнтэй танилцаж цуг суусан. ...Г.О бид хоёрыг бос гэж хэлээд дайраад байсан, Г.О эхлээд өндөр залууг эрүү орчим нь түлхсэн, би найзыгаа аваад гарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 37-38 /

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №628 дугаар шинжээчийн

1. *******ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд шарх, хамар, хацар, дээд, доод уруул, эрүү, сарвуунд зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 12/

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №627 дугаар шинжээчийн

1. *******ын биед зовхи хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн

1.*******ын биед өмнө нь 2019.10.29-ний өдрийн №627 дугаар шинжээчийн дүгнэлтэнд.. зовхи хамарт цус хуралт ...зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнээс харахад хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2019.10.27-ны өдөр учирсан байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй мөн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 39/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 48-49/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 59-61/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /хх-ийн 75/, шүүгдэгч  Г.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/, дипозит дансны хуулга /хх-ийн 68-72/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд *******, ******* нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  Г.О ... би *******ыг цааш нь түлхсэн, нэг залуу цамцнаас зуураад тавихгүй байхаар нь *******ыг түлхсэн газар унаад чулуу авч шидээд орилоод байсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 53 /

хохирогч *******ын ... Г.О гэх залуу миний хамар орчимд цохьсон би манарсан юу болж байгаагаа санахгүй байдалтай болсон.… гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/

хохирогч *******ын ... тэр залуу намайг хамар орчимд цохьсон, хамраас цус гоожсон,...манай найзыг зодчихсон байсан хамраас цус гарчихсан нүүр, гар шалбарчихсан байсан… гэх мэдүүлэг / хх-ийн 33 /

гэрч Б.Батзоргийн ... Г.О эхлээд өндөр залууг эрүү орчимд түлхсэн, би найзийгаа аваад гарсан... гэх мэдүүлэг / хх- ийн 37 /

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 628 дугаартай шинжээчийн... *******ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд шарх, хамар, хацар, дээд, доод уруул, эрүү, сарвуунд зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 12 /,

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 627 дугаартай шинжээчийн... Б. Дарханбаатарын биед өмнө нь 2019.10.29-ний өдрийн №627 дугаар шинжээчийн дүгнэлтэнд. ..зовхи хамарт цус хуралт ...зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээнээс харахад хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо,… гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 13 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.О хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

            Хэрэг учрал болсон өдөр хохирогч *******, *******, шүүгдэгч Г.О нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Г.О нь хохирогч *******, ******* нарын хамар руу цохиж, хохирогч *******т ...хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл..., хохирогч *******т... хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд шарх, хамар, хацар, дээд, доод уруул, эрүү, сарвуунд зулгаралт цус хуралт... зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Г.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 210 дугаар тогтоолоор торгох ял биелэгдсэн талаар бүртгэгдсэн байна.

Шүүгдэгч Г.О ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.О нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин хохирогч нар цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч  Г.О үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.О нь хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч  Г.О эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Од буцаан олгож шийдвэрлэв.

шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Г.О хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.О 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар *******, ******* нар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч  Г.О эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Од буцаан олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.