Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 17

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Г.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

            Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Г.О гаргасан давж заалдах гомдлоор Г.О холбогдох эрүүгийн 1914007410424 дүгээр хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.О, 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 9 дүгээр сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд Б.Дарханбаатар, О.Одбаяр нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Г.О хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Дарханбаатар, О.Одбаяр нар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч  Г.О эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.О буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хурлаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн билээ.

Шүүхээс намайг “хувьд ногдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй” гэж үзэж уг ялыг оногдуулсан. Би “Гарьд системс” ХХК-д ажил эрхэлдэг юм. Шүүх хурлаар орохдоо удирдлагадаа мэдэгдэхийг хүсээгүй учир хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлсэн.

Мөн миний бие 1 настайгаас 3 насны хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдүүдээ асардаг. Миний хөдөлмөрөөр манай ам бүл амьдардаг. Би компанидаа ажиллахаас гадна хувиараа цахилгааны ажил хийж гэрийн орлогоо нэмэгдүүлдэг юм. Хэрэв албадан ажил хийх юм бол би компанидаа ажиллах боломжгүй болох юм. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж албадан ажил хийх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Шүүгдэгч Г.О нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувийн компанид ажил эрхэлдэг болон ар гэр, ахуй амьдралын аргагүй байдал зэргийг харгалзан анхан штаны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөнгөн торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Г.Оюун-Эрдэний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Эрүүгийн 1914007410424 дугаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 10 дугаар сарын 26-наас 2019 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Оргил” бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Дарханбаатар, О.Одбаяр нарын хамар руу цохиж хохирогч Б.Дарханбаатарт “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл ...” , хохирогч О.Одбаярт “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн сарвуунд шарх, хамар, хацар, дээд, доод уруул, эрүү сарвуунд зулгаралт цус хуралт... зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд ...” буюу Б.Дарханбаатар, О.Одбаяр нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь 1914007410424 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хохирогч О.Одбаяр, Б.Дарханбаатар нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 628, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 653 тоот нэмэлт дүгнэлтүүд, Б.Дарханбаатарын биед томографийн шинжилгээ хийж  хамрын хажуу хана 1,6х 2.5 см орчим өргөн хэсэгт дотогш цөмөрсөн хугаралттай, хамрын таславч зүүн тийш мурийлттай талаар бичсэн “МED TRAUMA HOSPITAL” эмнэлгийн эмчийн дүгнэлт, гэрч Б.Батзоригийн мэдүүлэг гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба дээрх нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.О2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгч  Г.О үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хоёр хүний биед учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан шүүгдэгч Г.Оюун-Эрдэний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Г.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.