Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0330

 

“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу Т т.” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын ахлах байцаагч Ц.Б нарт холбогдох нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр:

“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1, 521.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-ын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/23 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож ...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“... “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ц.Б би энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/23 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн явдал болжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгохдоо “Т т” ХХК нь нэр бүхий тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн тендерийг түүний ажилтан Б.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгийн огноог 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болгож өөрчилсөн ба компанийн удирдлага Сангийн яамнаас ирүүлсэн мэдэгдлийн дараа дээрх үйлдлийг мэдсэн болохыг шалгалтаар тогтоосон гэж буруу дүгнэжээ.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр тухайн компанийг тендер шалгаруулалтад оролцохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтын огноо засварласан гэдгийг дүгнэсэн ба энэхүү зөрчлийн талаар компанийн удирдлага мэдэж байсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй. Дүгнэлтийн тухайн хэсгийн бичвэр нь зөвхөн “Т т” ХХК-ийн сонсох ажиллагааны үеэр өгсөн мэдээлэлд үндэслэсэн болно. Тухайн компанийн тендерийг хэн бэлдсэн эсэхээс үл хамааран “Т т” ХХК-ийн эрх бүхий этгээд цахим гарын үсгээрээ баталгаажуулж тендер илгээсэн тул Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн зүгээс дүгнэлт гаргах үндэслэл болсон. Харин тухайн компанийн дотоод асуудлын талаарх нөхцөл байдлыг улсын байцаагч тогтоох боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс тухайн үйлдлийг “Т т” ХХК тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн тухай удаа дараа дурдсан байхад шүүхээс энэ тухай дүгнэлгүйгээр компанийн гаргасан зөрчлийг түүний ажилтанд холбогдуулан тогтоосон мэтээр үндэслэлгүй дүгнэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тодорхойлолтын 21-ний өдөр гэснийг 29 болгон зассан нь илт худал мэдээлэл гэдэгт хамаарах эсэхийг дүгнэвэл тендер захиалагч тендерийн баримт бичигт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг авч байгаа агуулга нь тухайн тодорхойлолтыг авсан огноонд бус харин тухайн аж ахуйн нэгж бусдад өр төлбөртэй эсэхийг тогтоох явдал юм” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь тус компанийн оролцсон “ЭТ” ХХК-ийн зарласан 2020 оны ЭTT/202001121 дугаартай тендер шалгаруулалт нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан байсан бөгөөд худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй байгаа тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт”-ийн TOӨЗ 1.1-ийн 7-ийн дагуу ирүүлэх баримт бичиг нь “ШШГЕГ-ын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар/” гэж тодорхой заасан байдаг. Иймээс тухайн компани 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолтыг санаатайгаар засварлаж, тендер зарласан өдрөөс хойшхи байдлаар буюу тухайн оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болгож өөрчилсөн тухай шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой тайлбарлаж, мэтгэлцсэн байхад шүүхээс энэ талаар огтхон ч дүгнэлгүйгээр, ШШГЕГ-ын тодорхойлолтын огноог засварлах нь “илт худал” мэдээлэл гэж тооцогдох ёсгүй мэтээр хуулийг буруу тайлбарласан байна.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс тухайн компанийг аливаа шүүхийн шийдвэрээр гүйцэтгүүлэх өр төлбөртэй эсэх талаар огтхон ч дүгнээгүй бөгөөд харин тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн баримт материал нь “илт худал” мэдээлэл бүхий тендерт хамаарах эсэх талаар дүгнэлт гаргасан.

Хэрэв тендерт оролцогч төрийн эрх бүхий байгууллагын албан бичиг, тодорхойлолтын огноо, дугаарыг өөрчлөх зэргээр хуурамч баримт бичиг үйлдэн тендер шалгаруулалтад оролцох үйлдлийг дэмжиж, худал мэдээлэл бус мэтээр дүгнэдэг шүүхийн практик тогтвол Монгол Улсад худалдан авах ажиллагаанд оролцогчдод учрах чирэгдэл, төвгийг багасгах зорилгоор цахим худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нэн хүндрэлтэй нөхцөл байдал бий болох ба зайлшгүй албан бичиг, баримтын эх хувийг цаасаар ирүүлэхийг шаардлага өмнөх цаг үеийн тогтолцоонд шилжихээс өөр гарцгүй болно гэдгийг шүүх зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байна.

Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас хэзээ ч гаргаж байгаагүй огноо, дугаартай баримт бичгийг үйлдэж, улмаар эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулан тендерт ирүүлсэн нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх зайлшгүй үндэслэл бөгөөд тендерт “илт худал мэдээлэл” ирүүлнэ гэдэг нь аливаа баримт бичгийг хуурамчаар үйлдэх, огноо, дугаарыг нь засварлах зэргээр илэрдэг болохыг шүүхээс харгалзаж үзэхгүйгээр “хуурамч баримт бичиг гэж үзвэл эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой байна гэж үзлээ” гэсэн хэсэг нь аливаа хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.” гэжээ.

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г, Т.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, К.Г бид энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрээр Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4-д “Төсвийн асуудал төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлттэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах 10 хоногийн хугацаа өнгөрсний дараа Сангийн сайдаас тушаал гаргасан ба гомдол гаргах боломжтой хугацаа өнгөрсний дараа тушаал гаргаж шийдвэрлэсэн байхад Сангийн сайдын тушаалыг “хууль бус” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Сангийн сайд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас ирүүлсэн дүгнэлттэй танилцахад “Т т” ХХК нь тендер шалгаруулалтад шалгарах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтын огноог засварласан болох нь тогтоогдсон бөгөөд холбогдох этгээд нь үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалт, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж зааснаар Сангийн сайд тушаал гаргах хууль ёсны нөхцөлийг бүрдүүлсэн байсан болно.

Сангийн сайдын тушаалыг тус яамнаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “Т т” ХХК-д хүргүүлснийг тус компани 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан тухайгаа нэхэмжлэгч тодорхой дурдсан. Гэвч Сангийн сайдын тушаалтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь 30 хоногоос хэтэрсэн бөгөөд тушаалыг хүчингүй болгуулах талаар Сангийн сайдад хандаж гомдол гаргаж байгаагүй ба харин ч Сангийн сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, “ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ” 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 20/531 дугаартай албан бичгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж ирүүлснийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Энэхүү албан бичиг нь улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл Сангийн сайдын тушаалын алийг нь ч хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гаргаагүй бөгөөд зөвхөн өөр шийтгэл оногдуулах тухай хүсэлт байдаг. Энэхүү хүсэлтэд Сангийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/7500 тоот албан бичгээр хариу өгсөн нь гомдлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр биш гэдгийг шүүхэд удаа дараа тайлбарласан.

Гэтэл шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ” хэсэгт “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/7500 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн тул 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хугацаатай холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

,ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-ын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/23 дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Т т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар маргаж байна.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б-ын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/23 дугаартай дүгнэлтээр “Эрдэнэс-таван толгой” ХК-иас зарласан ЭТТ/202001121 дугаартай “Галын дохиоллын нэгдсэн систем хийлгэх, Ц хотхоны галын дохиоллын системийн баталгаажуулалт, гэрээ, галын дүгнэлт хийх” ажлын гүйцэтгэгчийг тендер шалгаруулалтад “Т т” ХХК нь оролцохдоо Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0005792 дугаартай тодорхойлолтын огноо засварласан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн “Т т” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яамны сайдад хүргүүлжээ.

Улмаар Сангийн сайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.4, хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагч, ахлах байцаагчийн саналыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар нэр бүхий 6 хуулийн этгээдийг уг бүртгэлд хамруулах жагсаалтад бүртгэсэн байх ба тус тушаалын хавсралтын 4 дэх хүснэгтэд нэхэмжлэгч “Т т” ХХК-ийг оруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж тус тус заажээ.

Харин энэ тохиолдолд хариуцагч нараас нэхэмжлэгч “Т т” ХХК нь тендерийн баримт бичигт хавсаргасан Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0005792 дугаартай тодорхойлолт нь “илт худал мэдээлэл бүхий бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай санал” гэж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэснийг анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4б/3505 албан бичгээр тус албаны цахим бүртгэлийн санд 2020 оны 04 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар “Т т” ХХК-д холбогдох гүйцэтгэх хуудас, баримт бичиг бүртгэгдээгүй байгаа талаарх лавлагааг ирүүлсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Т т” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 29 болон мөн сарын 21-ний өдрүүдэд ялгаагүй тендерийн сонгон шалгаруулалтын шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэн, хуулийн этгээдийг бусдад төлбөргүй байх шаардлагыг хангасан байх тул “...нэхэмжлэгчийг өр төлбөргүй гэсэн тодорхойлолтыг энэ тохиолдолд илтэд, илт худал мэдээлэл гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл хэдийгээр нэхэмжлэгч компанийн ажилтан Б.Т нь ажлын хариуцлага алдаж, тендер нээх хугацаанаас өмнө шинэ тодорхойлолт авалгүй өмнө авсан тодорхойлолтыг засварлан илгээснийг шүүх зөвтгөхгүй боловч тус баримт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэхтэй холбоотой санал бүхий тендер биш бөгөөд тендерт оролцогчийн эрх зүйн байдлыг худал мэдээлээгүй, тодорхойлолтын үнэн зөвийг үгүйсгэхгүй байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг “Т т” ХХК хэтрүүлсэн гэх гомдлын тухайд:

Маргаан бүхий улсын байцаагчийн актад гомдол гаргах эрхийг тодорхой тусгаагүй, хэнд, хэрхэн, ямар хугацаанд гомдол гаргахыг тусгайлан зааж өгөөгүй ба нэхэмжлэгчид Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6659 албан бичгээр маргаан бүхий актыг мэдэгдсэний дагуу “Т т” ХХК-иас Сангийн сайдад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 20/528 албан бичгээр, Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20/531 албан бичгээр маргаан бүхий актуудыг дахин хянаж үзэж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж зааснаар гаргасан нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзнэ.

Үүнд Сангийн яамны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/7500 албан бичгээр “...аливаа этгээдийн хүсэлтээр бүртгэлээс хасах бүрэн эрхгүй...” хэмээн хариу хүргүүлсэн гомдлыг хянаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр уг хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаанд хамаарахгүй, захиргааны акт үндэслэлтэй тухайд маргаж буй энгийн журмаар хянан шийдвэрлэх маргаан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын ахлах байцаагч Ц.Б, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА