Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т ХХК

 

Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын ахлах байцаагч Ц.Б,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1*1 дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Эрдэнэбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Т ХХК-иас Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1*1 дүгээр Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч компани нь ЭТТ ХХК-иас зарласан Галын дохиоллын нэгдсэн систем хийлгэх, Ц хотхоны галын дохиоллын системийн баталгаажуулалт, гэрээ, дүгнэлт хийлгэх ЭТТ/*****1121 тоот нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. ЭТТ ХХК нь манай тендерийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т зааснаар буюу тухайн тендерт хамгийн бага үнийн санал болгосон өөр компанитай гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан байдаг. Энэхүү татгалзсан шийдвэртэй нэхэмжлэгч компанийн зүгээс маргаагүй. Учир нь манай компаниас бага үнийн санал гаргасан өөр компанийг шалгарсан учраас маргаагүй. Гэтэл манай компанийн төсөл хариуцсан менежер Б.Т нь тухайн тендерийн баримт бичгийг бүрдүүлэн илгээсэн байдаг. Гэтэл Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг гаргаж, Т ХХК-ийг Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай саналыг Сангийн сайдад хүргүүлсэн байдаг. Сангийн сайд нь тухайн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд манай компанийг Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн. Тухайн үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэсэн үндэслэлээр бүртгэсэн гэж хариуцагч хариу тайлбартаа дурдсан. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын ахлах байцаагчийн УБ/** дугаартай дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг баримтлаагүй. Зөвхөн ерөнхий заалт буюу мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.5 дахь заалтыг баримталсан. Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлд бүртгэх 3 үндэслэл байдаг. Энэ үндэслэл дээрх хуулийн 14.1.4, 14.1.5, 14.1.6, 14.1.7-д заасан байдаг бөгөөд яг аль үндэслэлээр манай компанид холбогдуулан дүгнэлт гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн төрийн үйл ажиллагааны зарчмуудыг зөрчсөн акт гарсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 10 хоногийн дотор ерөнхий улсын байцаагч буюу Төрийн нарийн бичгийн даргад гомдол гаргаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргах, 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасан. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлтэд хаана, хэнд, хэрхэн, ямар хугацаанд гомдол гаргахыг тодорхой заагаагүй. Мөн хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан дүгнэлт гаргасан нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн 2 шаардлагыг хангаагүй байна. Бичгээр гарах захиргааны актын шинжийг хангаагүй, үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн, хууль зүйн үндэслэл нь тодорхой бус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд 1*1 дүгээр Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалыг гаргасан. Тэгэхээр хууль бус дүгнэлтийг үндэслээд бүртгээд байгаа Сангийн сайдын тушаал нь маань хууль бус учраас хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.

 

Хоёр. Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Компанийн захирал У.Бтай 2, 3 удаа уулзсан. Маш олон хүнээр дамжуулан яах уу гэдэг зөвлөмжийг авсан байдаг. Гэтэл гэнэт л хар жагсаалтад орсон мэтээр ярьж болохгүй. Хуулийн дагуу шалгаж үзэхэд тодорхойлолтыг засварлаж илгээсэн байсан. Зорилго нь тендерт шалгах гэсэн ойлгомжтой асуудал байгаа. Хэрэв тодорхойлолтыг засварлаагүй байсан бол тендерт шалгарахгүй гэдгээ мэдэж байсан. Цахим гарын үсэг авч байгаа тохиолдолд компанийн эрх бүхий этгээд цахим гарын үсгийг ашиглаж тендерээ илгээнэ гэдгийг баталгаажуулж цаашид энэ нь манай компанийг бүрэн илэрхийлнэ гээд гэрээ байгуулан олгодог. Төрийн худалдан авах ажиллагааны газарт өгсөн албан хүсэлтийн дагуу бүртгээд тендерт оролцогчийг бүртгэж аваад явж байгаа. Удирдлагууд нь мэдээгүй ажилтны буруутай үйлдлээс болж ийм нөхцөл үүссэн гэж үзэж байгаа бол би өөрөө шийдвэр гаргах боломжгүй. Огт мэдээгүй байж байгаад ийм зүйл болсон гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Би байгаа нотлох баримтыг өөрчлөх боломж байхгүй. Миний шийдвэртэй холбоотой бүх боломжуудыг тайлбарласан. Цахим системээр дамжуулан жилд 23 мянган тендер сонгон шалгаруулалтад 60 гаруй мянган тендерийг илгээсэн байдаг. Энэ дотроос илэрсэн зөрчлүүд энэ компанитай ижил агуулгатай үйлдлүүд байдаг. Тус компанийн гаргасан ухамсарт үйлдэл нь хязгаарлахаас өөр аргагүйд хүрч байгаа. Энэ үйлдлийг таслан зогсоох үүднээс дүгнэлтээ гаргасан гэв.

 

Гурав. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийг хязгаарлаж байна гэж маргаж байна. Гэтэл нэхэмжлэгч компани бусад оролцогч нарынхаа тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан үйлдлийг гаргасан болохоор улсын байцаагч холбогдох дүгнэлтийг гаргасан. Энэ тендерт сонгон шалгаруулалтад бүгд цахим системээр оролцож байгаа. Цар тахлын үед ч компаниуд тендерээ илгээж болдог систем бий болсон. Үүнийг хөгжүүлэхэд хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллагын зүгээс тодорхой шаардлагыг тавих ёстой. Үнэн зөв баримт ирүүлэхийг шаардана. Өөрсдөө үнэн зөвөө мэдэж байгаа бол өмнөх дугаараа засаж болно гэдэг байдлаар хандвал тендерт хууль ёсны итгэл үнэмшилтэйгээр оролцох этгээд байхгүй болно. Гэрээ байгуулах эрх олгох захиалагч ч олдохгүй болно. Тендерт баримтаа ирүүлж байгаа бол үнэн зөв гэж захиалагчийн зүгээс итгэх боломжтой байхын тулд жижиг гэлтгүй сонирхолыгч баримт үйлдэхгүй байх ёстой. Хэрэв хуурамчаар үйлдэж байгаа бол энэ нь илт худал баримт бичиг гэж үзнэ. Сангийн яамны зүгээс тухайн баримт бичгийн огноо, дугаарыг өөрчлөөгүй байсан бол тухайн тендерээс захиалагч шууд татгалзах үндэслэлтэй тийм баримт бичгүүдийг хуурамч гэж ойлгож байгаа. Огноо, дугаарын асуудлаар худал мэдээлэл бүхий тендер ирүүлдэг. Огноо, дугаараас шалтгаалж тендерээс хасагддаг. Шүүхийн шийдвэрээр төлөгдөх өр төлбөртэй, татварын байгууллага буюу хуульд зааснаар төлөх өр төлбөртэй байвал шаардлага хангахгүй болдог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн зохицуулалт байдаг. Үүнтэй холбоотой нөхцөлүүдээ хангуулахаар оролцогч нар ихэнх тохиолдолд хуурамч баримт бичиг бүрдүүлдэг. Мэдээллийн зөрүүтэй, техникийн алдаа гэж үзэх зөрчлүүд байдаг. Үүнийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэх боломжгүй гэж үздэг. Сангийн яамны зүгээс нэхэмжлэгч компанийг онцлон хийгээгүй үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй. Өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа.

 

Захиалагч байгууллага шүүхийн шийдвэр байгууллагаас үнэлгээний явцад лавлагаа тодруулга авсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ойролцоо хугацааны лавлагаа тодорхойлолтууд ирдэг бөгөөд дугаарын хувьд зөрүү үүсдэг. Иймд шалгуулсан байдаг. Энэ үндэслэлээр тендерээс татгалзаж байгаа. Тендер хууль ёсны байсан юм байна гэж үзээд үнийн санал чинь өндөр байна гээд татгалзсан зүйл биш. Тэгэхээр үнийн саналаар хасагдсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлаад шийдвэрлэсэн байна. Аль үндэслэлээр тендерт оролцох эрхийг хязгаарлах болсон гэдгийг ойлгохгүй байна тайлбарлаад байгаа. Би сүүлд шүүхэд өгсөн хариу тайлбартаа худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас хяналт шалгалтын ажил эхлүүлэхтэй холбоотой мэдэгдлийн хуулбарыг хүргүүлсэн. Үүнд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэн эсэхийг шалгаж, гарсан дүгнэлт шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах, санал оруулах зорилгоор хяналт шалгалт хийж гэж зорилгыг маш тодорхой зааж өсгөн. Сонсох ажиллагааны мэдэгдэлд заах ёстой, мэдэгдэх ёстой бүх хууль зүйн үр дагавар, мэдээллийг хүргэсэн мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг өгснөөс хойш өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, гарч болох үр дагаврын талаар гомдол гаргах эсэхээ шийдвэрлэх ёстой. Шаардлагатай бол хууль зүйн туслалцаа авахыг хэн ч хориглоогүй. Сонсох ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй. Улсын байцаагч хөндлөнгийн хараат бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Улсын байцаагч хэн нэгэнд хуульд зааснаар илүүгээр миний дүгнэлттэй холбоотойгоор ингэж гомдлоо гаргаарай гэж хэлбэл хуульд заасан хариуцлага хүлээх асуудал яригдана. Ямар үндэслэлээр шалгалт явагдаж, шийдвэр гарч байгааг тайлбарлахаас илүү боломж байхгүй. Нэхэмжлэгч компанийн захирал өмнөх шүүх хуралдаанд худалдан авах ажиллагааны улсын байцаагчтай холбогдсон гэж хэлж байсан гэв.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлтийг, Сангийн сайдын 2020 оны 10 дугаар 6-ны өдрийн 1*1 дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж өөрчлөн тодруулжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

 

ЭТТ ХК-иас зарласан ЭТТ/*****1121 дугаартай Галын дохиоллын нэгдсэн систем хийлгэх, Ц хотхоны галын дохиоллын системийн баталгаажуулалт, гэрээ, галын дүгнэлт хийх ажлын гүйцэтгэгчийг тендер шалгаруулалтад Т ХХК нь оролцохдоо Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0005792 дугаартай тодорхойлолтыг хүргүүлсэн байна.

 

ЭТТ ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13/1214 дугаартай албан бичгийг Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Т ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй талаарх дээрх 0005792 дугаар тодорхойлолтын талаар лавлагаа хүсч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 04/1497 дугаартай албан бичгээр Т ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 0005792 дугаар тодорхойлолтын он, сар, өдрийг засварлаж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болгон өөрчилсөн байна гэсэн лавлагааг ЭТТ ХК-д хүргүүлсэн байна.

 

Үүний дагуу "ЭТТ ХК 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тендерээс татгалзсан тухай 07/1294 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлснийг үзвэл тендерийн материалыг хянаад Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 04/1497 тоот албан бичгийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33.2.2-д техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох гэж заасны дагуу танай тендерээс татгалзсан болохыг мэдэгдэв гэжээ.

 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б нь ЭТТ ХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07/1296 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдан авах ажиллагааны хяналтын улсын ерөнхий байцаагчийн 2020 оны У/17 тоот удирдамжийн дагуу Т ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт зөрчсөн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргажээ.

 

Уг дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтын огноог засварласан болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг үндэслэн Т ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яамны сайдад хүргүүлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ... компаний ажилтны хариуцлаггүй байдлаас үүдсэн зөрчил гарсан, албан бичгийн огноо завсарласныг илт худал мэдээлэл гэж үзэхгүй... гэж маргажээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, бол 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлэхээр, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.4-д улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулах бөгөөд дүгнэлтийг шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулан нэг хувийг түүнд өгнө, 7.1-т Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох этгээд түүний хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж заажээ.

 

Мөн дээрх дүрмийн 1.2-д Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгохоор заасан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн бичгээр гаргах захиргааны актын тавигдах шаардлагыг улсын ахлах байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлт хангаагүй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ...шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлан маргаж байна.

 

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 7.1-т Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох этгээд түүний хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахаар зохицуулсан байх боловч улсын ахлах байцаагч бичгээр гаргасан дүгнэлтдээ хэзээ хэнд гомдол гаргахыг зааж өгөөгүйгээс нэхэмжлэгч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу Худалдан авах ажиллагааны хяналтын улсын ерөнхий байцаагч С.Н*******ын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан тухай 6-1/6659 дугаартай мэдэгдлийн хүлээн авч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сангийн сайдад, 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлт гаргаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/7500 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн тул 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хугацаатай холбогдуулан гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг... гэсэн заалтыг тухайн нөхцөл байдалд холбогдуулан үзвэл Улсын ахлах байцаагч дүгнэлт гаргах шалгалтын явцад ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтын огноог тус компанийн ажилтан Б.Т******* нь ажлын хариуцлага алдаж, тендер нээх хугацаанаас өмнө шинэ тодорхойлолт авч амжаагүй тул өмнө авсан байсан тодорхойлолтыг захиалагчаас тавьсан шаардлагыг хангахын тул засварлан илгээсэн. Компанийн удирдлага Сангийн яамнаас ирүүлсэн мэдэгдлийн дараа дээрх үйлдлийг мэдсэн болохыг шалгалтаар тогтоожээ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4б/3505 дугаартай албан бичиг болон шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тодорхойлолт олгосон нэгдсэн бүртгэлээс үзвэл ... тус албаны цахим сангийн бүртгэлд 2020 оны 4 дүгээр сараас мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Т ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичиг бүртгэгдээгүй, харин 2020 оны 4 дүгээр сарын 21-ний бүртгэлийн 159 дүгээрт 5792 дугаартай тодорхойлолт олгогдсон байна.

 

Дээрх баримтуудаас үзвэл Т ХХК шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй тодорхойлолтын 21-ний өдөр гэснийг 29 болгон зассан нь илт худал мэдээлэл гэдэгт хамаарах эсэхийг дүгнэвэл тендер захиалагч тендерийн баримт бичигт Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй эсэх тодорхойлолтыг авч байгаа агуулга нь тухайн тодорхойлолтыг авсан огноо-д бус харин тухайн аж ахуйн нэгж бусдад өр төлбөртэй эсэхийг тогтоох явдал юм.

 

Нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтын огноог зассан үйлдлийг зөвтгөх боломжгүй ч шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртэй атлаа өр төлбөргүй гэж эрх бүхий байгууллагын тодорхойлолтын агуулгыг илт худал, хуурамч мэдээллээр сольсон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон, тогтоох боломжтой, харин хуурамч бичиг баримт гэж үзвэл эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл илт худал мэдээлэл гэдгийг тодорхойлсон тодорхойлолт байхгүй бөгөөд харин нэхэмжлэгчийг өр төлбөргүй гэсэн тодорхойлолтыг энэ тохиолдолд илтэд, илт, худал мэдээлэл гэж үзэх боломжгүй, үүнээс үүдэн тухайн компанийн тендерт оролцох эрхийг гурван жилийн хугацаагаар хязгаарласан улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

 

 

 

Харин Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай 1*1 дүгээр тушаалын тухайд: Сангийн сайд Т ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулж, худалдан авах ажиллагааны цахим системд олон нийтэд нээлттэй байршуулахыг тушаахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ, 52 дугаар зүйлийн 52.1.14-д 52.1.14.энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-д заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу мөн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч, ахлах байцаагчдын саналыг үндэслэн гаргажээ.

 

Шүүхээс Сангийн сайдын 1*1 дүгээр тушаалын үндэслэл болгосон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаар дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж үзэж байгаа тул Сангийн сайдын дээрх тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1, 521.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УБ/** дугаартай дүгнэлт, Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1*1 дугаартай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ