Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 01502

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 07 өдөр                   Дугаар 142/ШШ2016/01502                          Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн,  44 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 11 дүгээр гудамжны 51 тоотод оршин суух  Боржигон овгийн Дондовын Наранцэцэгийн /регистрийн дугаар ЧБ72011609/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Мянгат түмэт” авто засварын газарт холбогдох 1 323 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Наранцэцэг, гэрч Д.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Наранцэцэг миний бие 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17-22 ОРО улсын дугаартай Гранд марк 2 загварын авто машинаа Мянгат Түмэт авто засварын газартай аман гэрээгээр ярьж тохиролцсоны үндсэн дээр засуулахаар болсон. Өөрсдөө манай хашаанд ирж үзээд үнэ мөнгөө ярилцаж тохиролцоод болно, засаад өгнө, машиныг чинь сайхан болгоод өгнө бид нар танайх шиг 3-4 машин зассан гэхээр нь итгээд урьдчилгаа 300 000 төгрөг өгөөд машинаа өгөөд явуулсан. Баярын өмнө гаргаж өгнө гэж тохиролцсон. Туслах ажиллуулдаг, цалин мөнгийг нь өгдөг 300 000 төгрөг авдаг гэхээр нь тэр мөнгийг нь өгсөн. Засварт өгөөд 7 хонож байхад нь машинаа үзэхээр очиход ямар ч засвар хийгдээгүй байсан. Би та нар манай машинд ямар ч засвар хийгээгүй байна, яагаад хийгээгүй юм бэ, хэзээ хийх юм бэ гэж асуухад бид нар завгүй байна, гэр орондоо засвар хийж байна, манайд хүн амьтан ирэх гээд байна, ер нь хугацаанд нь л гаргаж өгнө. Хугацаа нь болоогүй байхад ирчихээд олон юм ярилаа, засвар хийлгэж байгаа хүнийхээ сэтгэл санааг өөр болголоо ч гэх шиг ах нь гээд байгаа тэр засварчин залуу загнасан. Маргаашнаас танай машиныг засна гэсэн. Би анхнаасаа энэ машин зарагдах машин шүү эгчдээ сайхан засаад өгөөрэй гэж хэлсэн. Санаа зоволтгүй машиныг чинь сайхан болгож өгнө л гэсэн. Маргааш нөгөөдөр нь очиж үзсэн яг л хэвээрээ байсан. Заримдаа цоожтой байж байдаг. Би бүүр аргаа бараад та нар засвар хийх болоогүй юу гэж хүртэл асуусан. Засвар хийгдэлгүй 10 орчим хоносон. Тийм гэр орондоо ажил ихтэй амжихгүй чадахгүй гэдгээ хэлсэн бол би өөр засварын газарт машинаа өгч болох л байсан. Өөрсдөө чадна гэж авчихаад засвар хийхгүй манайхаас өөр машиныг засаад л байж байдаг байсан. Юм хэлээд шаардлага тавихаар дандаа өөдөөс хүн загнадаг, хэрүүл хийдэг. Ингээд машинаа авахаар очиход урд гупер дээр байрлах улсын дугаар боодог хэсгийг засч янзлаагүй тэр хэвээр нь будсан, 2 толины сэвийг дарж засаагүй будсан, жолооч талын хаалганы 2 ч газрыг сэвийг нь дараагүй будсан байсан. Намайг машинаа тойрч хараад сэвийг нь дараагүй газрыг хэлэхээр маажиж малтаж үзлээ, юун сүртэй юм гэж загнасан. Би 1 000 000 төгрөгөөр засвар хийлгэсэн юмаа шалгаж авах нь миний зөв биз дээ. Энэ урд гупер их муухай байна. Үүнийг янзлаад өгчих гэхэд чадахгүй танай машинтай зууралдах цаг зав алга баярын дараа ир гэж уурлацгаасан. Энэ машиныг баярын дараа хот руу явуулна гэж хэлсэн ч авч хэлэлцээгүй. Тэгвэл чадахгүй шүүх цагдаагаараа яваад заргалд гээд загнаад байсан. Миний хувьд маш их гомдолтой байна.

....Иймд би засварын нийт хөлс 1 000 000 төгрөгний 50 хувь болох 500 000 төгрөгийг Мянгат Түмэт авто засварын газраас нэхэмжилж байна. Мөн энэ хугацаанд гаргасан зардал чирэгдэл, хүүхдийн маань ажлыг алдуулсан зардал цаг хугацаа гэм мэт бүх хохирлоо гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Мянгат түмэт авто засварын газарт өөрийн Гранд марк2 загварын ОРО 17-22 улсын дугаартай авто машинаа засуулахаар өгсөн юм. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр засвараас авсан боловч шаардлага хангаагүй засвар хийсэн байсан. Засвар хийсэн газрын хүмүүстэйгээ ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ засварын хөлс болох 1 000 000 төгрөгний 50 хувь болох 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа. Одоо гарсан зардал болох шинжээчийн зардал 88 000 төгрөг, компьютер оношлогоо хийлгэсэн 15 000 төгрөг, үнэлгээний газрын дүгнэлт 135 000 төгрөг, 1 ширхэг их гэрэл 45 000 төгрөг, нийт 283 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.              

Нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “Мянгат Түмэт авто засварын газарт засварын хөлсөнд 1 000 000 төгрөг өгсөн бөгөөд тус засварын газар нь миний машиныг бүрэн засварлаж өгөөгүйн улмаас дахин өөр засварын газарт 1 505 000 төгрөгөөр засварлуулах шаардлагатай болоод байна. Одоогийн байдлаар 783 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа ба үүн дээр 540 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 323 000 төгрөгийг нэхэмжилж байна, /үүнд засварын хөлсний зардал 1 000 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардал 88 000 төгрөг, үнэлгээний зардал 135 000 төгрөг, машин дотор байсан их грэл хагалсан байсан 45 000 төгрөг, оношоор орсон зардал 15 000 төгрөг, өмгөөлөгчөөс 2 удаа зөвлөгөө авч хүсэлт, нэхэмжлэл бичүүлэхэд өгсөн зардал 40 000 төгрөг нийт 1 323 000 төгрөг болж байгаа болно/” гэжээ.  

Хариуцагч “Мянгат түмэт” авто засварын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Тогоохүүгийн Мянганбаяр нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Нарангийн 23-12 тоотод аав, ээж эхнэр хүүхдийн хамт амьдардаг. “Мянгат түмэт” авто засвраны газрыг 3 дахь жилдээ ажиллуулж байна. Манай засварын газар чанартай үйлчилгээгээрээ Эрдэнэт хотдоо дээгүүрт ордог. Тйим ч учраас сая Орхон аймгийн Засварчдын холбоо, Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар цол тэмдэгээр шагнагдсан. Энэ Наранцэцэг гэдэг хүний хувьд 2016 оны 07 дугаар сарын 08-нд нөхрийнхөө хамт ирж биднийг дагуулж явж хашаандаа байсан машинаа үзүүлсэн. Машины хувьд гупер, копуд, 2 кярла, дотор папель, лонжром, амартизаторын суурь эвдрэлтэй байсан. Машин өөрөөрөө явах боломжгүй байсан. гупер, копуд, 2 кярла  урд панель нь солих буюу шинээр авч тавих шаардлагатай байсан. Гупер 600 000 төгрөг, копуд 250 000 төгрөг, 2 кярла 300 000 төгрөг, урд панель 120 000 төгрөг, нийт 1 270 000 төгрөг. Энэ 2 хүн мөнгө багатай хямд хийж өгөөч гэж гуйгаад байсан учир зөвхөн копудыг нь л энэ 2 хүнээр авхуулж бусдыг нь манайх засаж сэлбэж өгсөн. Урд нь энэ машин маш хүчтэй мөргөлдөж дутуу янзлагдаж, энд тэнд нь цоолж хүчээр тааруулж эд ангиудыг нь боосон байсан. Ингээд бид ярилцаж байгаад копудаа авч өгөөд 650 000 төгрөгөнд тохирсон. Хэрвэ бид ингэж өгөөмөр хандаагүй бол энэ хүмүүс маш өндөр үнээр дор хаяж 1 000 000 төгрөгөөр засулах ажил байсан. Бид үнээ тохироод баярын өмнө гаргаж өгөхөөр тхоиролцсон боловч машинаа авчирч өгөлгүй 7 хоносон.  Баяр болох гээд ажил ихтэй байсан, машинаа 7 хоногийн дараа авч ирэхэд нь бид засварын бүтэн 3 машинтай байсан. Ингээд эхний 7 хоногт эхний машинуудыг засварлаад гар хүрч чадаагүй ба 8 дахь хоногоос нь засварлаж эхэлсэн. Энэ хүн хугацаандаа ирсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Бид ачаалал их байсан тул ажлынхаа хажуугаар хийж байсан. Гажааг нь гаргаад гагнуур хийж эд ангиудыг нь эвлүүлж боож байхад нөхөртэйгээ ирээд гоё болж байна, өмнөхөөсөө гоё болсон байна, эгч нь ерөөсөө бүтэн будуулья гэж хэлээд үнэ тохиролцсон. Бүтэн будгийг бид 600 000 -700 000 төгрөгөөр хийдэг бол за баяр болох гэж байгаа юм байна та надад 350 000 төгрөг нэмээд өгчихөөрэй, энэ мөнгөнөөс чинь би материалыг авья гэж тохиролцсон. Ингээд 2 удаа мөргөлдсөн машиныг гоё боломжтой засварласан гэж бодож байгаа. Тухайн үед өөрсдөө ч машинаа маш гоё болсон байна гэж тойрч гүйгээд байсан. Гэтэл засварчин маань номер боодог хэсэгт жижигхэн сэв үлдээчихсэн байсан. Үүнээс болж асуудал үүссэн, сая шинээр будаг хийсэн болохоор одоо засах боломжгүй баярын дараа та хүрээд ир, энэ жаахан сэвийг нь засаад бас өнгөлж өгье гэсэн, өнгөлгөөг будаг хийснээс  дор хаяж 72 цагийн дараа хийнэ гэж хэлэхэд загнаад элдэв дээдээр хэлээд эхэлсэн.  Манай нэг засварчинтай муудалцсан. Хүмүүс сэтгэлээсээ хийгээд янзлаад өгч байхад бидний ээж шиг хүн маш муухай авир гаргаад нөхөр нь болиоч гэж байхад үг хэлүүлэхгүй хашигчиж байсан. Хуульч та энэ хүнээс засвар хийхээс өмнөх машины зургийг үзсэн байхаа. Сэнс гэрэл, радиатор, нүүр, хамгаалалтын төмөр зэрэг биднээс хамааралгүй зүйлсийг өөрсдөө худалдаж авсан. Энэ бидэнд хамаагүй. Харин копудыг замаск хийвэл амархан ховхорч унадаг учраас солиулсан. Бусад эд ангийг бид өөрсдөө засварлаж ихээхэн мөнгө хэмнүүлсэн. Гупер, кярла, панель худалдаж авахад дор хаяж сая орчим төгрөг болох байлаа. Гэвч энэ эгч биднийг ойлгохгүй байгаад би харамсаж байна. Тэр жижиг асуудлыг хэлээд л засуулчих юман дээр ингэж асуудал болгож байдаг, аваад ирвэл бид хэзээ ч засаж өгөхөд бэлэн л байгаа. Өмнө нь засвар хийхдээ дутуу хийж өөр эд ангиийг хүчээр эвлүүлсэн байсныг энэ хүн өөрөө мэдэж байгаа.  Манай засварчинд би та нарыг заавал чадна аа гэж хэлээд явсан байсан. Шүүхэд өгсөн шалтгаан нь машин биш хэрэлдэж муудалцсандаа ингэж байгаа юм та нарыг чадна аа яахыг хараарай гэж байснаа л хийж байх шиг байна. Миний хувьд гомдолтой байна. Бидний өөрийн гараар засварласан эд ангийг үнэлбэл 1 000 000 төгрөг, засварын үйлчилгээ 700 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг болж байгаа, би энэ хүнээс 1 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Мянгат түмэт авто засварын газар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Энэ хүний машин нь өөрөө явах боломжгүй ачигдаж ирсэн. Өмнө нь нэг удаа мөргөлдөж тэр засвар нь дуту хийгдэж эд ангиудыг нь өөр өөр газар цоолж тогтоосон байсныг би хуучин боолтны нүхэнд нь боож өгсөн. Засвар хийхээс өмнөх зураг болон дараагийн зургийг хавсаргав бид энэ машины кузовт засвар хийсэн болохоос доторхи эд ангийг мэдэхгүй. Мөн энэ машины 2 кярла гупер, дээд доод панель, 2 лонжром зэрэг нь солих шаардлагатай байсан ч би энэ хүмүүсийг хайрлаад бүгдийг би өөрөө засварласан. Эдгээрийн үнэлгээ худалдаж авсан бол энэ хүнээс 800 000-900 000 орчим төгрөг гарах байсан” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч “Мянгат түмэт” авто засварын газраас 1 323 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчилж хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Мянгат түмэт авто засварын газарт өөрийн Гранд марк 2 загварын ОРО 17-22 улсын дугаартай авто машинаа засуулахаар өгсөн юм. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр засвараас авсан боловч шаардлага хангаагүй засвар хийсэн байсан. Иймд Мянгат Түмэт авто засварын газраас засварын хөлсөнд өгсөн 1 000 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардал 88 000 төгрөг, үнэлгээний зардал 135 000 төгрөг, машин дотор байсан их гэрэл хагалсан байсан 45 000 төгрөг, оношоор орсон зардал 15 000 төгрөг, өмгөөлөгчөөс 2 удаа зөвлөгөө авч хүсэлт, нэхэмжлэл бичүүлэхэд өгсөн зардал 40 000 төгрөг нийт 1 323 000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Энэ хүний машин нь өөрөө явах боломжгүй ачигдаж ирсэн. Өмнө нь нэг удаа мөргөлдөж тэр засвар нь дутуу хийгдэж эд ангиудыг нь өөр өөр газар цоолж тогтоосон байсныг би хуучин боолтны нүхэнд нь боож өгсөн. Бид энэ машины кузовт засвар хийсэн болохоос доторхи эд ангийг мэдэхгүй. Мөн энэ машины 2 кярла гупер, дээд доод панель, 2 лонжром зэрэг нь солих шаардлагатай байсан ч би энэ хүмүүсийг хайрлаад бүгдийг би өөрөө засварласан. 2 удаа мөргөлдсөн машиныг гоё боломжтой засварласан гэж бодож байгаа. Бидний өөрийн гараар засварласан эд ангийг үнэлбэл 1 000 000 төгрөг, засварын үйлчилгээ 700 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг болж байгаа, би энэ хүнээс 1 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Д.Наранцэцэг нь 2016 оны 07 дугаар сард ОРО 17-22 улсын дугаартай Гранд марк 2 маркын автомашинаа засуулахаар “Мянгат түмэт” авто засварын газар ачуулан хүргэж өгч ажлын хөлсний урьдчилгаа 300 000 төгрөг, эвдэрсэн эд анги, сэлбэгийн хамт өгсөн, “Мянгат түмэт” авто засварын газар машиныг хүлээн авч өөрийн болон захиалагчийн ирүүлсэн сэлбэгээр машиныг засаж үр дүнг хүлээлгэн өгч хэлэлцэн тохирсон үнийг авсан нөхцөл байдлыг дүгнэвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “...машин дотор байсан 45 000 төгрөгийн үнэтэй их гэрэлийг хагалсан байсан учраас хариуцагчаас нэхэмжилнэ” гэсэн шаардлага гаргасан учраас гэм хорын хохирол гэж үзэж хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагчаас их гэрэлийн үнэ 45 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 278 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй: 352.2.1.гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; 352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; 352.2.3.доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах гэж заасан.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ОРО 17-22 улсын дугаартай Гранд марк 2 маркын автомашины эвдрэлийг бүрэн засварласан эсэхийг тогтоолгохоор Авто тээврийн үндэсний төвийн оношлогч инженерийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээч 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот дүгнэлтэндээ “...урд буфер засварлах, урд хөндөл дээд доод буландаа гулзайсан засварлах, баруун урд их гэрлийн бэхэлгээ хагарсан засварлах, баруун хойд гэрэл хагархай солих, урд тэнхлэгийн хажуу гулсалтыг жолооны механизм явах ангийн оношилгоотой хамтатган тусгай зогсоол, стэнд ба шалгалтын жолоодлого хийлгүүлэн гүйцэтгэхэд стандарт нь 5мм байхаас 5.3 мм байна” гэж, дээрхи дүгнэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК эвдэрсэн эд анги, сэлбэгийн зах зээлийн үнэлгээг 1 505 000 төгрөг гэж тодорхойлсон.

        Хэдийгээр шинжээч нар ОРО 17 22 улсын дугаартай Гранд марк 2 маркын автомашинд эвдрэл байгааг, эд анги, сэлбэгийн зах зээлийн үнэлгээг 1 505 000 төгрөг гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд шинжээчийн дүгнэлтийг баримтлан хохирол гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

         Ажил гүйцэтгэгч Мянгат түмэт авто засварын газар бага зэргийн доголдол байгааг хүлээн зөвшөөрч автомашинаа буцааж авч ирэхийг санал болгосон боловч нэхэмжлэгч дахин шинээр ажил гүйцэтгүүлээгүй.

        Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Мянгат түмэт авто засварын газар машиныг дахин засаж өгөөгүй учир би өөр авто засварын газраар эдний дутуу хийсэн засварыг дахин хийлгэсэн.Ингээд машинаа хот руу явуулж заруулсан” гэж тайлбарласан боловч өөр засварын газраар засуулсан, түүнтэй холбоотой зардал гарсан талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн сэлбэг болон өөрийн материалаар автомашиныг засаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч автомашинаа засуулаад жолоодож явсан тухайд талууд маргадаггүй.Бага зэргийн ажлын доголдол тухайлбал автомашины дугаар байрладаг / номер боодог / хэсгийн ард талд жижиг сэв үлдээсэн, мөн хэсэг газарт лак урссан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаач энэ нь нэхэмжлэгч бүхэлд нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзлээ.

             Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 45 000 төгрөгийн үнэтэй гэрэлийг хагалаагүй гэж хариуцагч маргаагүй учраас хариуцагчаас уг гэрэлийн үнийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

             Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа шинжээчийн дүгнэлтийн зардал, үнэлгээний хөлс төлсөн зардал, оношлогоо хийлгэсэн зардал, өмгөөлөгчид төлсөн хөлс нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Т.Мянганбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 640  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Мянгат түмэт” авто засварын газраас 45 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 278 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 640 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Р.ҮҮРИЙНТУЯА

                                         

        ШҮҮГЧИД                                        Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                            

                                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ