Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 13

 

   

Д.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1502 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М.т” авто засварын газарт холбогдох

“1.323.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Т.Мянганбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Н миний бие 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17-22 ОРО улсын дугаартай Гранд марк 2 загварын авто машинаа М.т авто засварын газартай аман гэрээгээр ярьж тохиролцсоны үндсэн дээр засуулахаар болсон. Өөрсдөө манай хашаанд ирж үзээд үнэ мөнгөө ярилцаж тохиролцоод болно, засаад өгнө, машиныг чинь сайхан болгоод өгнө бид нар танайх шиг 3-4 машин зассан гэхээр нь итгээд урьдчилгаа 300 000 төгрөг өгөөд машинаа өгөөд явуулсан. Засварт өгөөд 7 хонож байхад нь машинаа үзэхээр очиход ямар ч засвар хийгдээгүй байсан. Засвар хийгдэлгүй 10 орчим хоносон. Ингээд машинаа авахаар очиход урд гупер дээр байрлах улсын дугаар боодог хэсгийг засч янзлаагүй тэр хэвээр нь будсан, 2 толины сэвийг дарж засаагүй будсан, жолооч талын хаалганы 2 ч газрыг сэвийг нь дараагүй будсан байсан. Иймд би засварын нийт хөлс 1 000 000 төгрөгний 50 хувь болох 500 000 төгрөгийг М.т авто засварын газраас нэхэмжилж байна гэжээ.

Д.Н нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Засварын хөлс болох 1 000 000 төгрөгний 50 хувь болох 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа. Одоо гарсан зардал болох шинжээчийн зардал 88 000 төгрөг, компьютер оношлогоо хийлгэсэн 15 000 төгрөг, үнэлгээний газрын дүгнэлт 135 000 төгрөг, 1 ширхэг их гэрэл 45 000 төгрөг, нийт 283 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “М.т авто засварын газарт засварын хөлсөнд 1 000 000 төгрөг өгсөн бөгөөд тус засварын газар нь миний машиныг бүрэн засварлаж өгөөгүйн улмаас дахин өөр засварын газарт 1 505 000 төгрөгөөр засварлуулах шаардлагатай болоод байна. Одоогийн байдлаар 783 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа ба үүн дээр 540 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 323 000 төгрөгийг нэхэмжилж байна, /үүнд засварын хөлсний зардал 1 000 000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн зардал 88 000 төгрөг, үнэлгээний зардал 135 000 төгрөг, машин дотор байсан их грэл хагалсан байсан 45 000 төгрөг, оношоор орсон зардал 15 000 төгрөг, өмгөөлөгчөөс 2 удаа зөвлөгөө авч хүсэлт, нэхэмжлэл бичүүлэхэд өгсөн зардал 40 000 төгрөг нийт 1 323 000 төгрөг болж байгаа болно/” гэжээ.

Хариуцагч “М.т” авто засварын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н гэдэг хүний хувьд 2016 оны 07 дугаар сарын 08-нд нөхрийнхөө хамт ирж биднийг дагуулж явж хашаандаа байсан машинаа үзүүлсэн. Машины хувьд гупер, копуд, 2 кярла, дотор папель, лонжром, амартизаторын суурь эвдрэлтэй байсан. Машин өөрөөрөө явах боломжгүй байсан. гупер, копуд, 2 кярла  урд панель нь солих буюу шинээр авч тавих шаардлагатай байсан. Гупер 600 000 төгрөг, копуд 250 000 төгрөг, 2 кярла 300 000 төгрөг, урд панель 120 000 төгрөг, нийт 1 270 000 төгрөг. Энэ 2 хүн мөнгө багатай хямд хийж өгөөч гэж гуйгаад байсан учир зөвхөн копудыг нь л энэ 2 хүнээр авхуулж бусдыг нь манайх засаж сэлбэж өгсөн. Урд нь энэ машин маш хүчтэй мөргөлдөж дутуу янзлагдаж, энд тэнд нь цоолж хүчээр тааруулж эд ангиудыг нь боосон байсан. Ингээд бид ярилцаж байгаад копудаа авч өгөөд 650 000 төгрөгөнд тохирсон. Хэрвээ бид ингэж өгөөмөр хандаагүй бол энэ хүмүүс маш өндөр үнээр дор хаяж 1 000 000 төгрөгөөр засуулах ажил байсан. Бид үнээ тохироод баярын өмнө гаргаж өгөхөөр тхоиролцсон боловч машинаа авчирч өгөлгүй 7 хоносон. Баяр болох гээд ажил ихтэй байсан, машинаа 7 хоногийн дараа авч ирэхэд нь бид засварын бүтэн 3 машинтай байсан. Гажааг нь гаргаад гагнуур хийж эд ангиудыг нь эвлүүлж боож байхад нөхөртэйгээ ирээд гоё болж байна, өмнөхөөсөө гоё болсон байна, эгч нь ерөөсөө бүтэн будуулья гэж хэлээд үнэ тохиролцсон. Бүтэн будгийг бид 600 000 -700 000 төгрөгөөр хийдэг бол за баяр болох гэж байгаа юм байна та надад 350 000 төгрөг нэмээд өгчихөөрэй, энэ мөнгөнөөс чинь би материалыг авья гэж тохиролцсон. Ингээд 2 удаа мөргөлдсөн машиныг гоё боломжтой засварласан гэж бодож байгаа. Тухайн үед өөрсдөө ч машинаа маш гоё болсон байна гэж тойрч гүйгээд байсан. Гэтэл засварчин маань номер боодог хэсэгт жижигхэн сэв үлдээчихсэн байсан. Үүнээс болж асуудал үүссэн, сая шинээр будаг хийсэн болохоор одоо засах боломжгүй баярын дараа та хүрээд ир, энэ жаахан сэвийг нь засаад бас өнгөлж өгье гэсэн, өнгөлгөөг будаг хийснээс дор хаяж 72 цагийн дараа хийнэ гэж хэлэхэд загнаад элдэв дээдээр хэлээд эхэлсэн. Миний хувьд гомдолтой байна. Бидний өөрийн гараар засварласан эд ангийг үнэлбэл 1 000 000 төгрөг, засварын үйлчилгээ 700 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг болж байгаа, би энэ хүнээс 1 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1502 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “М.т” авто засварын газраас 45 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 278 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 640 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасангүй, нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул гомдол гаргалаа. Анхан шатны шүүх нэхэмжлэгч хариуцагч нарьн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Тийм, би өөрийнхөө тээврийн хэрэгслийг засаж янзлуулахаар Мянгат түмт автозасварын газарт хүлээлгэж өгсөн. Анх урьдчилгаанд засварын хөлс гээд 300.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 700.000 төгрөгийг машинаа авахад хүлээлгэж өгсөн юм. Гэвч энэ үлдэгдэл мөнгийг өгөхгүй машинаа хүлээж авахад хэлсэн боловч загнаж, дарамтлаад байхаар өгөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Учир нь би машинаа хүлээж авахдаа дутуу засаж янзалсан байна, би энэ машиныг бусдад зарж борлуулна ийм эвдэрхий хэвээр нь буцааж авмааргүй байна одоо баяр болох гэж байгаа юм чинь засварын хөлсөө гүйцээгээд өгчих гээд байсан болно. Би энэ үгэнд нь итгээд баярын дараа ирж уулзахад та нар ямар ядаргаатай улс вэ? дахиж янзалж өгч чадахгүй гэсээр гэрийн гаднаасаа хөөсөн юм. Тэгээд би өөр засварын газарт засуулсан юм. Шүүх үзэхдээ гэрээнээсээ татгалзсан гэх үндэслэл болохгүй байна гэжээ. 2016.10.04-ний өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ямар гэмтлүүд байгаа тухай, дутуу янзалсан эд ангиудыг засварлах талаар тодорхой бичиж дүгнэлт гаргасан байхад шүүх шинжээчийн дүгнэлтэнд үнэлэлт хийсэнгүй нэг талыг баримталж шийвэрлэсэн. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад хуульд заасан хугацаандаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа бичиж өгөөгүй ба энэ хугацаа өнгөрөөд 2 сарын дараа надад тайлбарыг танилцуулсан болно. Үүгээр юуг тайлбарлаж байгаа вэ гэвэл миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнэсэнгүй. Учир нь гэрч Д.Эрдэнэбилэг нь тухайн үед юу болсон талаар буюу машиныг наадмын дараа авчирч янзлуул, одоо чадахгүй гэдгийг хүртэл гэрчилж хэлсэн юм. Тийм болохоор автомашины үлдэгдэл үнийг төлөөд баярын дараа дахин янзлуулахаар ирсэн боловч янзалж өгөөгүйн улмаас өөр засварын газарт очсон тухайг хүртэл хэлж гэрчилж хэлсэн байдаг. Ийм байхад тээврийн хэрэгслийг дахиж янзлуулаагүй байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээр дахин хэргийг шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Н нь засварын хөлсний үнээс 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шаардлагаа нэмэгдүүлж шинжээчийн зардал 88.000 төгрөг, оношлогооны үнэ -15000 төгрөг, машины их гэрэл 1 буюу 45.000 төгрөг, үнэлгээний газрын дүгнэлтийн хөлс-135.000 төгрөг, дахин засварлахад 540000 төгрөг гаргасан тул нийт 1.323.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч автомашины зарим хэсэг сайн будагдаагүй тул хэд хоногийн дараа дахин будаг хийлгэж засуулаарай гэж хэлэхэд зөвшөөрөөгүй, машины эвдрэл гэмтлийг сэлбэж зассан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хариуцагч автомашины их гэрэлийг хагалж эд хөрөнгөнд хохирол учруулсан гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас автомашины их гэрэл 1 ширхэг буюу 45.000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, үлдэх 1.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн 17-22 ОРО дугаартай, Гранд Марк-2 маркын автомашины гупер, копуд, 2 керла, дотор папель, лонжром амартизаторын суурь эвдрэлтэй, эдгээр эд ангийг засаж сэлбэхэд 1.250.000 төгрөг зарцуулагдах  боловч талууд дээрх эд ангийг сэлбэж засах ажлын хөлсийг 650.000 төгрөг, машиныг будахад ажлын хөлс 600.000-700.000 төгрөг боловч 350.000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож хариуцагчид засварын хөлс 1.000.000 төгрөг өгсөн, нэхэмжлэгчээр машины эд анги копудыг өөрийнх нь зардлаар авахуулсан, автомашины гэмтлийг сэлбэж зассан болох нь техникийн болон машины гэмтэл болон хохиролын талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна. 

 Нэхэмжлэгч Д.Наранцэцэцэг хариуцагчийг автомашин засч өгөхдөө машины урд гупер дээр байрлах улсын дугаар боодог хэсэг, 2 толины болон жолооч талын хаалганы 2 ч газрын сэвийг нь дараагүй будсан гэсэн үндэслэлээр ажлын хөлсний 50 хувь буюу 500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өөрөөр хэлбэл автомашиныг засч будахдаа чанарын доголдол гаргасанг үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Д.Н Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д ”гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх;” гэж заасны дагуу уг доголдлыг хариуцагчаас арилгуулахаар шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч Д.Н автомашины дээрх доголдлыг арилгах талаар хариуцагч ямар нэг арга хэмжээ аваагүй, доголдлыг арилгуулахаар хугацаа тогтоосон болохоо нотолж чадаагүй, машиныг дахин будсан эсэх нь тодорхойгүй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байх тул Иргэний  хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэж заасны дагуу хариуцагчийн ажлын хөлсөнд тооцож авсан 1.000.000 төгрөгийг 50 хувиар бууруулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Д.Н хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай “... түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч улмаар техникийн болон машины эвдрэл гэмтэл болох хохирлыг тогтоох тухай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Н хэрэгт авагдсан шинжээчийн “...автомашины лонжероныг бүрэн засварлаагүйгээс дахин засахад   .... нийт 1.505.000 төгрөгийн зардал гарахаар тооцогдоно” гэх дүгнэлтийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, доголдлыг арилгахад 540.000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч уг доголдлыг арилгахад хэдий хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй, зардалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, автомашины дахин засахад авсан эд ангийг Да хүрээ техникийн захын 2 дугаар павилонаас авсан /хх-ийн 22 дугаар тал/ гэх боловч хэнээс хэн худалдаж авсан болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаадлага хангаагүй байх тул шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж улмаар нэхэмжлэлийн шаардлагаас 1.278.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг буруу гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Т.Мянганбаяр нь автомашины их гэрэлийг хагалаагүй болохоо нотолж чадаагүй тул шүүх хариуцагчаас 45.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээлгэн өгч улмаар хариуцагч хариу тайлбараа 9 дүгээр сарын 16 ны дотор  ирүүлэх үүрэг хүлээсэн ба энэ хугацааны дотор буюу 9 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэгч Д.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхийнхээ дагуу шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байх тул шүүх хариуцагчийг хугацаандаа тайлбар ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэслэл байхгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад хуульд заасан хугацаандаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа бичиж өгөөгүй ба энэ хугацаа өнгөрөөд 2 сарын дараа надад тайлбарыг танилцуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээр дахин хэргийг шийдвэрлүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Нийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.640 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ