Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 16

 

С.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00376/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Гарсу овогт Сүхбатын А-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдох  

          “Орон сууцны талбайн зөрүү 5.469.500 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3.537.105 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.  

Нэхэмжлэгч С.А-аас:

“Минж проперти” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар баримт гэрээ байгуулж, 49,47 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг авсан. Гэвч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийгэхэд 4,13 мкв талбай дутуу байсан. “Минж проперти” ХХК-иас зөрүү мөнгөө шаардахад удирдлага байхгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй, өнөөдрийг хүрч байна. Тиймээс “Минж проперти” ХХК-иас 5.369.000 төгрөг, талбай хэмжилтийн үнэ 89.000 төгөрөг, нотариатаар баталгаажуулсны үнэ 11.500 төгрөг нийт 5.469.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс:

Орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцны талбай зөрүүтэй байдал байхгүй. Талбайн хэмжилтийг зөрүүтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Минж проперти” ХХК-иас сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Парк таун хотхоны 49 дүгээр байрны 911 тоот 49,47 мкв талбай бүхий байрыг худалдан авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохироё, “Минж проперти” ХХК болон иргэн С.А- нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн С.А- нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот Орон сууц худалдах-худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хуваарын дагуу төлөх төлбөрийг 55 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 3,537103 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганцэцэгээс:

Захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг улсын комисс хүлээн авснаас хойш 1 сарын дотор “Минж проперти” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй гэтэл. Улсын комисс нь тус 49 дүгээр байрыг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Энэ нь гэрээний хавсралт 1-д зааснаар үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууц 100 хувь ашиглалтад орсны дараа 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр хүлээн авахаар тохирсон боловч “Минж проперти” ХХК нь хугацаа 12 хоногоор хожимдуулж 05 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогддог.

Тэгэхээр гэрээний 4.7-д зааснаар 1 сарын дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн С.А- үлдэгдэл 70 хувийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа дуусдаг. Гэрээний 3.7-д ...төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд ...захиалагчийг гэрээний үүргээ биелүүлэгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй. Энэ нь захиалагчид олгосон боломжит хугацаа буюу 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 15 хоног гэж үзэхэд 06 сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлөх тул хугацаандаа буюу 06 дугаар сарын 24-ний өдөр төлсөн нь баримтаар тогтоогддог. Иймд алданги 3,537,105 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Минж проперти” ХХК-иас нийт 5,469,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.А-ад олгож, хариуцагч “Минж проперти” ХХК-ийн нэхэмжлэгч С.А-ад холбогдуулан гаргасан 3,537,105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,500 төгрөг, хариуцагч Минж проперти ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,544 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Минж проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 102,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

Баригдаж дуусаагүй барилгын хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай ойлголт байхгүй. Ийм тохиолдолд гэрээний талуудын хэрэглэсэн нэр үл хамааран худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заалтыг хэрэглэхдээ хуулинд заасан үндэслэл буюу ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхээр байна гэж тайлбарласан мөртлөө 343 дугаар зүйлийн 343.4-т заасныг авч хэрэглээгүй нь хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан гэх үндэслэлтэй.

Учир нь уг орон сууц нь нэг бүрийн шинжээр бус төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө. “Гега гранд ХХК нь дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтэнд хавсаргагдсан гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар нь хуулийн шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байх шаардлагыг хангаагүй хуулийн хүчин төгөлдөр бус нотлох баримтыг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэлж, хуулийг ноцтой зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

 Иймд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүх  зохигчдын хооронд  үүссэн  харилцааг  зөв  тодорхойлж  чадаагүйгээс  маргааныг  зохицуулсан хуулийг  буруу хэрэглэсэн алдаа гаргасан нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх  хуулийн  шаардлагад  нийцээгүй байна.

            Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан  давж  заалдсан гомдлыг  хангах хууль  эрх зүйн  үндэслэлтэй гэж  үзлээ.

           Нэхэмжлэгч С.А- хариуцагч  “Минж  проперти” ХХК-д  холбогдуулан  “орон сууцны талбайн үнийн зөрүү  5.369.000  төгрөг, хэмжилтийн хөлс 89.000 төгрөг, нотариатын зардал 11.500 төгрөг, нийт 5.469.500  гаргуулах  шаардлага  гаргасныг, хариуцагч талбайн зөрүүтэй байдал нь  далд доголдол биш, талуудын  хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн  нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж маргаснаас  гадна С.А-аас   гэрээний  6.2-н  дагуу   мөнгө шилжүүлэх  үүргээ  55 хоног хэтрүүлсэн алданги  3.537.103  төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулж, Дархан сумын  14 дүгээр баг,  2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байршилтай  201 дүгээр байрны  2 дугаар орц, 9 давхар  911 тоот,  3 өрөө  49.47 мкв  талбай  бүхий  орон сууцыг  64.311.000 төгрөгөөр  тооцож, үнийн дүнгийн  30 хувь буюу  19.293.300  төгрөгийг  2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  урьдчилан төлж,  үлдэх  70 хувь буюу 45.017.700 төгрөгийг  2014  оны  05 дугаар сарын  01-ний өдөр \байрны түлхүүр  хүлээн авахад\   төлөхөөр  харилцан   тохиролцсон. \хх-3 дугаар тал\

            Тус орон  сууцны зориулалт бүхий  барилга байгууламжийг  ANEE 06\13 дугаартай  зураг төслөөр  2013  оны 5 сараас барьж эхлэн  2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  барьж  дууссанаар Барилга байгууламжийг ашиглалтанд  оруулах улсын комиссын  2014\09  тоот акт 2015 оны 5 дугаар  сарын 13-ны өдөр  гарчээ.

            С.А- нь  орон сууцны  талбайн  хэмжилт  хийлгэх хүсэлтийг  “Гега Гранд” ХХК-д  2015 оны 3 дугаар сарын 15-ны  өдөр гаргаснаар тус  байгууллага  хэмжилт хийж, дүгнэлт  гаргасан  байх ба  уг дүгнэлтэд   “Орон сууцны  барилгын доторх  сууцны  талбай  тооцох аргачлал “MNS 6058:2009  стандартын  дагуу  хэмжилтийг  зохих  зааврын дагуу хийж нийт талбайн хэмжээ  45.34 мкв гарсныг мэргэжлийн баг  баталгаажуулав” гэснийг  үндэслэн  орон сууцны талбайн хэмжээ  49.47  байхаас  45.34  байх тул  талбайн  хэмжээний дутуу    4.13 мкв-ийн  үнийн зөрүү    гаргуулахыг  хүссэн.

            Шүүх  “...талуудын  тохиролцоо,  тодорхой цаг хугацааны дотор гэрээний зүйлийг шинээр бий болгож, байгаа үйл явц, тийнхүү бий болгосон үр дүнг захиалагчийн өмчлөлд  шилжүүлэн өгч байгаа  зэргээс энэхүү гэрээ нь ажил  гүйцэтгэх гэрээний  шинжийг агуулж байна. ...Иргэний  хуулийн  353 дугаар зүйлийн  353.2-т “Гэрээнд  заасан  тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг  биет байдлын доголдолгүй гэнэ” гэж  заасан бөгөөд   ... 4.13 мкв дутуу байгаа нь   ажлын  үр дүн  биет байдлын  доголдолтой  байсан  гэж  үзэх үндэслэлтэй  гэж   дүгнэн  Иргэний  хуулийн  343 дугаар зүйлийн 343.1, 352  дугаар зүйлийн  352.2.3,  353 дугаар  зүйлийн  353.2-т  заасныг баримтлан нэхэмжлэлийг  хангаж   шийдвэрлэсэн байна.

Зохигчдын дунд байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г үндэслэж   тэдний хооронд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан  гэж  үзэж  болох боловч   шууд  ийм  дүгнэлт  хийх нь  бодит  үйл баримттай  тохирохгүй юм.

            “Минж проперти”  ХХК  өмнө нь  бэлэн  болсон  зураг төслийн  дагуу 170 айлын  орон сууцны барилга  барих  ажлыг  эхлүүлж, явц  дунд  бусдад  хэсэгчлэн худалдаж  ингэхдээ  үнийг 30-70 хувиар хувааж төлөх, төлбөрийг бүрэн төлсний дараа  өмчлөл  худалдан  авагчид  шилжихээр  тохиролцсон байна. \ гэрээний 3.9 дэх хэсэг\  

            Худалдах-худалдан авах гэдэг нь  худалдагч нь гэрээний  зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг  худалдан авагчийн өмчлөлд  шилжүүлэх, худалдан авагч нь  тэдгээрийг  хүлээн авч, тохиролцсон  үнийг  төлөхтэй холбогдсон  эрх,  үүргийг  үүсгэх, өөрчлөх, дуусгавар  болгох зорилгоор  хүсэл  зоригоо илэрхийлсэн  иргэн,  хуулийн  этгээдийн  хэлцлийг хэлдэг  учиртай  бөгөөд  эд хөрөнгө  шилжих,  эрх шилжих, өмчлөл  шилжих  гэсэн  санаа болно.

            Тэгвэл  ажил гүйцэтгэх гэрээгээр  ажил  гүйцэтгэгч тал  захиалагчийн,  эсхүл  өөрийн  материалаар  гэрээнд  заасан ажлыг  гүйцэтгэх,  харин захиалагч ажлын  гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч,  хөлс  төлөх  үүрэг хүлээдэг  болно.

            Иймд  зохигчдын  хооронд  Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1-д  заасан  худалдах-худалдан авах гэрээний  харилцаа  үүссэн, С.А-  болон  “Минж  проперти” ХХК-ийг гэрээ  зөрчсөнтэй холбоотой  нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн  шаардлага  гаргасныг хуулийн  үндэслэлтэй гэж  үзнэ.

            Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь  гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө  буюу биет байдлын доголдолгүй   хөрөнгийг  худалдан авагчийн өмчлөлд  шилжүүлэх  үүрэг хүлээдэг.

            Нэхэмжлэгчийн хүлээн авсан 3 өрөө  орон сууц нь  гэрээнд заасан  49.47 м.кв хэмжээтэй бус харин 45.34 м.кв байсан нь  тогтоогдож  байх тул  худалдан авагчийн өмчлөлд  биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх  үүргээ худалдагч биелүүлээгүй байна.

            Энэ нь  эд  хөрөнгийн  доголдлын  талаар худалдан авагчид  шаардах эрх  бий   болгох юм.

            Тухайлбал: эд хөрөнгийг худалдагч  дутуу  шилжүүлсэн бол  эд  хөрөнгийн үнэд  төлсөн  дүнгээс  дутуу  хэсэгт  ноогдох  хэмжээний  үнийг  буцаан  төлөхийг  Иргэний хуулийн 254 дүгээр  зүйлийн  254.4-т  зааснаар  шаардана,

            Эд  хөрөнгө  хүлээж авах  үедээ уг  эд  хөрөнгийн  доголдлын талаар мэдсэн буюу  мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан  бол худалдагч нь дээрхийн  дагуу  шаардлага  гаргах  эрхээ  алдана гэх   хуулийн  255 дугаар  зүйлийн  255.1.1 дэх хэсгийн  зохицуулалт  бий  бөгөөд  анхан  шатны  шүүхийн  шийдвэрийг давж  заалдах  шатны  шүүхээс  энэ  үндэслэлүүдээр  буруутгаж   байгааг  дурдах нь  зүйтэй.

            Талуудын  гэрээнд  баталгаат  хугацаа  тогтоогоогүй  байх тул эд хөрөнгө  өмчлөх  эрхийг  шилжүүлэн  авснаас  хойш зургаан сарын дотор  доголдлыг илрүүлсэн  худалдан авагч  нь Иргэний  хуулийн  254 дүгээр  зүйлийн  254.1-д  заасан  шаардлагын аль нэгийг гаргах  эрхтэй бөгөөд  С.А-  өмчлөх эрхээ 2014  оны  6  сард  шилжүүлэн  авсан  учир  2014 оны  12 дугаар сарын  дотор   эд хөрөнгийн доголдолтой холбоотой  гомдлыг  гаргах  байжээ.  Гэтэл эд хөрөнгийн доголдлын талаарх гомдлыг  10  сарын  дараа   гаргасныг  хүлээн авч   нэхэмжлэлийг  хангах  нь  хуульд  нийцэхгүй  байна.

            Иймд анхан шатны  шүүхийн  шийдвэрийг  зөвтгөн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  “шүүх  зохигчдын  хооронд  үүссэн харилцааг  ажил  гүйцэтгэх гэрээ гэж  үзэж хууль буруу хэрэглэсэн“  гэх  давж  заалдсан гомдлыг   хангах нь  зүйтэй гэж  дүгнэлээ.

            Хариуцагч  “Минж  проперти”  ХХК   худалдан авагч  нь  гэрээгээр  тохирсон  орон сууцны үнэ төлөх  үүргээ  55  хоног хэтрүүлсэн  алданги  3.537.105  төгрөг   гаргуулахаар  сөрөг нэхэмжлэлийн  шаардлага гаргасан боловч  шаардлагын  үндэслэл  тодорхойгүй, түүнийг  нотолсон  баримтыг  хуульд  заасан  журмын  дагуу  шүүхэд   ирүүлээгүй  тул  уг  сөрөг нэхэмжлэлийг  хүлээн авч  хангаж  шийдвэрлэх боломжгүй  шүүхээс  сөрөг  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэсэн нь  зөв  байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн  167.1-4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож,

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д  зааснаар нэхэмжлэгч С.А-аас хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдуулан  5.469.000  төгрөг  гаргуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан  “Минж проперти”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан “Минж проперти” ХХК улсын тэмдэгтийн хураамжид  102.462  төгрөг  төлснийг төрийн сангийн  орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ            

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ