Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00260

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2017/00213 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

130.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Сүхцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь “Б” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ Вектор-410 үр тарианы комбайн 1 ширгэхийг нийлүүлэхээр ХАА-н техник худалдах, худалдах авах гэрээ, батлан даалтын гэрээ хийсэн. Худалдан авагч барааны төлбөрөөс урьдчилгаа болгон 50.000.000  төгрөгийн  гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор, үлдэгдэл төлбөрөөс 75.000.000 төгрөгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө худалдагчийн дансанд шилжүүлнэ гэж гэрээнд заасан. Худалдан авагч нь гэрээний 4.1, 4.2, 4.3 дахь заалтуудыг зөрчсөн тул хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлөх ёстой. Батлан даагч Ё.Довчинсүрэн нь тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг үл маргах журмаар барагдуулах ёстой. Иймд гэрээний дагуу төлөх ёстой 110.000.000 төгрөг,  алданги 20.460.000 төгрөг, нийт 130.460.000 төгрөгийг “Б” ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн захирал Ё.Довчинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “А” ХХК-иас ОХУ-д үйлдвэрлэгдсэн Вектор-410 маркийн үр тарианы комбайн нэг ширгэхийг 250.000.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн. Урьдчилгаанд 50.000.000 төгрөг, мөн ургац хураасны дараа 20.000.000 төгрөг, 2016 онд 70.000.000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл 110.000.000 төгрөгийг төлөх нь үнэн. Гэвч комбайн худалдан авсан 2015 онд улс орон даяар ган гачиг болсноос ургац хураалт, тариа будааны болц муу байсан. Иймээс 2016 онд төлөх ёстой байсан мөнгийг төлж чадаагүй хүндрэлд орсон. Үлдэгдэл 110.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгана. Байгалийн гамшиг, ган гачиг, мөндрөөс шалтгаалж хойшлогдсон учир дээрх нөхцлийг харгалзан үзэж алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2017/00213 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 120.230.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 759.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810.250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2017/00213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч Баяннайман ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.960 /долоон зуун тавин долоон мянга есөн зуун жаран/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн сум дундын Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.09-ний өдрийн 21 тоот магадлалыг эс зөвшөөрч байна.

Хариуцагч 2015 оны намар нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж Сүхбаатар аймаг дахь өөрийн адуунаас хурдан удмын 10.000.000 төгрөгийн үнэ дуудсан үрээгээ нэхэмжлэгчид бэлэглэснийг хүлээн авснаа нэхэмжлэгч няцаагаагүй. Иргэний хуулийн 202-р зүйлд “Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар”, 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэжээ. Гэтэл 2015 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ган /бороо ороогүй/, 7дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тасралтгүй усан бороо орж тарианы ургацын болц оройтож, улмаар 10 дугаар сарын эхээр цас орж тариаг дарсан зэрэг цаг агаарын хүнд нөхцөлд нийт хураан авахаар төлөвлөсөн ургацынхаа 80 гаруй хувийг алдахад хүргэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээч томилно” гэжээ. Иймд гэрээний 8.1 “Давагдашгүй хүчин зүйл”-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэн дээрх байгалийн давагдашгүй хүчин зүйлийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байна. Шинжээчээр Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2015 оны 6, 7, 8, 9, 10-р саруудын цаг агаарын мэдээг хавсралтад буй солбицлоор гаргуулах гэсэн хүсэлтийг Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх миний гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна.

Иймд дээрх үндэслэлийг анхааран үзэж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч “А” ХХК нь 250.000.000 төгрөгийн үнэ бүхий Вектор-410 үр тарианы комбайныг нийлүүлэх, хариуцагч “Б” ХХК нь төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ний дотор хугацаа хэтэрсэн хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцжээ /хэргийн 11-14 дүгээр тал/.

Худалдан авагч эд зүйлийг хүлээн авсан боловч 110.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан  худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзал, түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн тайлбар гаргасан боловч  татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үлдэгдэл төлбөр 110.000.000 төгрөг, алданги 10.230.000 төгрөг нийт 120.230.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа зохигчдын хооронд үүссэн харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй байна.

Хариуцагч татгалзлаа нотлоогүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2017/00213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...262 дугаар зүйлийн 262.1...” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 757.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ