Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 213

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Агротрак ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүхцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баян найман ХХК-ийн захирал Ё.Довчинсүрэнд холбогдох

130460000 төгрөгийг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Сүхцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Агротрак ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүхцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Агротрак ХХК нь Баян найман ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Ростсельмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн, шинэ Вектор-410 үр тарианы комбайн 1 ширхэгийг нийлүүлэх ХАА-н техник худалдах, худалдах авах гэрээ, батлан даалтын гэрээ хийсэн юм. Худалдан авагч барааны төлбөрөөс урьдчилгаа болгон 50000000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 2 хоногийн дотор, барааны үлдэгдэл төлбөрөөс 75000000 төгрөгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө худалдагчийн дансанд шилжүүлнэ гэж гэрээнд заасан байгаа. Худалдан авагч нь гэрээний 4.1, 4.2, 4.3 дахь заалтуудыг зөрчсөн хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх алданги худалдагчид төлөх ёстой. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д зааснаар Баян найман ХХК-ийн гэрээний батлан даагч иргэн Ё.Довчинсүрэн нь тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохиролыг үл маргах журмаар барагдуулах ёстой. Иймд гэрээний дагуу төлөх ёстой 110000000 төгрөг болон алданги 20460000 төгрөгийг Баян найман ХХК болон баталгаа гаргагч иргэн Ё.Довчинсүрэнгээр төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Сүхцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баяннайман ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Оросын холбооны улсын Ростельмаш үйлдвэрт үйлдвэрлсэн шинэ Вектор-410 комбайныг нийлүүлэх Хөдөө аж ауйн худалдах худалдан авах гэрээгээр хүлээлгэн өгсөн. Энэ нь комбайн хүлээлгэн өгсөн актаар батлагдаж байгаа. Мөн давхар Баяннайман ХХК-ийн захирал Ё.Довчинсүрэнтэй батлан даалтын гэрээ байгуулсан. Уг гэрээнд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх заалтын дагуу тухайн компани гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирлыг үл маргах журмаар биелүүлэх үүрэгтэй. Манай компани Баяннайман ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учраас хариуцагч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Манайх хөдөө аж ахуйн техник нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа болохоос банк бус санхүүгийн байгууллага, мөнгө хүүлэгч байгууллага биш. Өнөөгийн зах зээлийн байдлаас шалтгаалж энэ компани эдийн засгийн хүнд байдалд орж байгаа бол манайх ч эдийн засгийн хүндрэлтэй байдалд давхар орж байна. Батлан даалтын гэрээний заалтуудыг хараад Ё.Довчинсүрэнг гэрээний үүргээ биелүүлэхэд оролцуулах ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Довчинсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Агротрак ХХК-иас ОХУ-д үйлдвэрлэгдсэн Вектор-410 маркийн үр тарианы комбайн нэг ширхэгийг 250000000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн. Урьдчилгаанд 50000000 төгрөг, мөн ургац хураасны дараа 20000000 төгрөг, 2016 онд 70000000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл 110000000 төгрөгийг төлөх нь үнэн. Гэвч комбайн худалдан авсан 2015 онд Улс орон даяар ургац хураалт муу, тариа будааны болц муу, ган гачиг болсон билээ. Иймээс 2016 онд төлөх ёстой байсан мөнгийг төлж чадаагүй хүндрэлд орсон юм. Үлдэгдэл 110000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгана. Алданги тооцож байгаа журмаа эргэн харахад мөнгөн дүнгээ багасгаж өгнө үү. Бид төлөх ёстой гэдгээ ухамсарлаж байгаа боловч байгалийн гамшиг, ган гачиг, мөндөрөөс шалтгаалж хойшлогдсон учир та бүгд дээр бичигдсэн үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын эдийн засгийн хувьд байгаль цаг уураас бүрэн хамааралтай. Ган болж, усан бороо, ургацыг цасдарсан гэдэг асуудал зөвхөн хариуцагчид болдог асуудал биш. Монгол орон даяар болдог асуудал. Энэ компанийн хувьд тариагаа даруулсан. Нэхэмжлэгч талд төлбөрөө төлөхийн тулд өөр компанид комбайнаа хөлсөөр ажиллаж 20000000 төгрөгийг төлсөн. Хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөх эрмэлзэл байсан. Нэхэмжлэгч талтай байнгын харилцаатай байдаг. Хэдийгээр гэрээнд зааснаар шүүх шийдвэрээ гаргах боловч шүүгчийн дотоод итгэл байх ёстой байх. Хариуцагчийн зүгээс юу хэлэх гээд байна вэ? гэхээр дотоодын үйлдвэрийг дэмжих ёстой, тариалангийн үйл ажиллагаагаа эхлэх гээд ажилчдаа цуглуулсан байгаа бөгөөд төлбөрөө төлж барагдуулна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бидний зүгээс Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр очоод энэ жилийн цаг уурын байдлын талаарх мэдээлэл ямар байх вэ? гэдгийг судалсан. Тэгэхээр гэрээнд заасан зүйлүүд хуульд заасны дагуу явдагдсан, нотариатаар баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэрээ маань давагдашгүй хүчин зүйлийг тусгаж хийсэн газар тариалангийн онцгой байдлыг харгалзсан боловч ургац алдвал, цасанд дарагдвал гэсэн байдлуудыг тусгаагүй тулгаж хийсэн гэрээ болоод байна. Давагдашгүй хүчин зүйлд ургац цасанд дарагдвал, үер, гал түймэрийн аюул болвол тооцож болох юм. Харин Монгол улсын хувьд террорист халдлага, зэвсэгт мөргөлдөөн болохгүй. Ургац оройтож 08 дугаар сард ургасныг нэхэмжлэгч мэдэж байгаа. Оройтсон болцоо 10 дугаар сард хураах гэтэл цас дарсан. Цас дарсан тохиолдолд цас хайлсны дараа хавар нь хүртэл ургацаа хураадаг. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг шүүгч анхааралдаа авахыг хүсэж байна. Гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар бичгээр мэдэгдэх ёстой байсан гэж хэллээ. Нэхэмжлэгч хариуцагч нар бичгийн бусаар байнга хоорондоо харилцаж, уулзаж байсан. Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан боловч хариуцагч талаас төлбөрт 70000000 төгрөг төлсөн байгаа. Нийт төлбөрийн 60 гаруй хувь төлөгдсөн байна. Хариуцагч төлбөрөөс зайлсхийх, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх гэсэн увайгүй оролдлого гаргаж байгаагүй. Давагдашгүй хүчин зүйл болсон гэдэг нь төлбөрөөс зайлсхийх үйлдэл биш. Хариуцагчийн зүгээс үлдсэн төлбөрийг төлнө гэдэг гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Агротрак ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Сүхцэрэн нь Баян найман ХХК-ийн захирал Ё.Довчинсүрэнд холбогдуулан 130460000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талууд 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 тоот ХАА-н техник Худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баян найман ХХК нь Вектор-410 үр тарианы комбайныг Агротрак ХХК-аас шилжүүлэн авсан болох нь талуудын байгуулсан гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Механизм хүлээлгэн өгсөн акт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ХАА-н техник Худалдах худалдан авах гэрээ гэсэн нэршилтэй боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа учир Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлд хариуцагчаар гэрээний нэг тал болох Баян найман ХХК, баталгааны гэрээгээр үүрэг хүлээсэн иргэн Ё.Довчинсүрэн нарыг дурдсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ХАА-н техник Худалдах худалдан авах гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн шаардах эрх гээд, Баян найман ХХК-аас нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн.

Хариуцагч тал нь ХАА-н техник Худалдах худалдан авах гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулах болно гэж заасанд давагдашгүй хүчний нөлөөнд хамаарах нөхцөл байдал үүссэн буюу ган гачиг, усан бороо, цасны улмаас нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсанаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан боловч хариуцагч тал холбогдох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, ХАА-н техник Худалдах худалдан авах гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан Гэрээний үүргээ биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай гэрээний талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ гэсэн гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байх тул давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн талаар шүүх хэлэлцээгүй болно.

Нэхэмжлэгчээс гэрээний үүргийн биелэгдээгүй үлдэгдэл 110000000 төгрөг, гэрээнд заасан алданги 20460000 төгрөг, нийт 130460000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Гэрээний үүргийн үлдэгдэл 110000000 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо, алданги 20460000 төгрөгийг төлөхгүй тухай тайлбараа хариуцагч тал гаргасан. Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0,3%-тай тэнцэх алдангийг төлөхөөр заасан байгаа ба алдангийг төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар гэрээнд заасан хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртлэх нийт 32 хоногт тооцон хариуцагч талаар төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үлдэгдэл төлбөр болох 110000000 төгрөгийн 32 хоногт тооцогдох алданги нь 10230000 төгрөг болж байх ба зээлээр худалдах худалдан авах гэрээний биелэгдээгүй үүрэг, гэрээнд заасан алданги нийт 120230000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 759100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 810250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баян найман ХХК-иас 120230000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Агротрак ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 759100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 810250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА