Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00656

 

“Б Х”ХХК, “УББ Х”ХХК-ний

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дүгээр магадлалтай,

“Б Х”ХХК, “УББ Х”ХХК-ний нэхэмжлэлтэй

“А М”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 025 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “А М”ХХК 5 731 472 төгрөгийг Д.Ууганбаатараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Гийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Б Х”ХХК болон “УББ Х”ХХК-ний захирал Д.Ууганбаатар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А М”ХХК-ийн хүсэлт, захиалгаар “Б Х”ХХК нь 2014 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд баригдах, хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэрийн буурь цутгах, байшингийн суурь цутгах зэрэг ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсоноор 17 220 000 төгрөгийн ажлыг, “УББ Х”ХХК нь 2014 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бохирын цооног ухах, байшингийн суурь, шал цутгах, гараашийн шал, гадна талбай цутгах, явган хүний зам цутгах зэрэг ажлуудыг 6 305 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мөн хариуцагчийн захиалгаар зам талбайн 6 789 000 төгрөгийн ажлыг хийсэн боловч төлбөрийг төлөөгүй. “Б Х”ХХК, “УББ Х”ХХК-иуд нэг үүсгэн байгуулагчтай тул дээрх 2 компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэгтгэн хариуцагч “А М”ХХК-тай тооцоог нийлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 27 025 000 төгрөгийг “А М”ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул “А М”ХХК-иас нийт 27 025 000 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А М”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Б Х”ХХК болон “УББ Х”ХХК-иудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин компанийн захирал н.Ганхуяг, нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Ууганбаатар нар харилцан тохиролцож, захирал н.Ганхуягийн хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Хоёр байгууллага ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй, хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн тухай баримт байхгүй. “А М”ХХК-ийн захирал н.Ганхуяг нь Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн учраас өөрийн нутагтаа хөшөө барихаар болж, хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэрийн буурь цутгах, байшингийн суурь цутгах зэрэг ажлыг нэхэмжлэгч байгууллага өөрийн хөрөнгөөр, Баянзүрх дүүргийн нутагт баригдах барилгынхаа бохирын цооног ухах, байшингийн суурь цутгах, шал цутгах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэхээр, харилцан тохиролцож хийлгэсэн. Тус ажлууд нь компанид хамааралгүй, талууд хийж гүйцэтгэж, хоорондоо нарийн тооцоо гаргасан зүйл байхгүй. “Б Х”ХХК, “УББ Х”ХХК болон “А М”ХХК нарын хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын агуулгаас нь харахад нэхэмжлэгч нь “А М”ХХК, хариуцагч нь “УББ Х”ХХК тооцоо нийлсэн мэт харагдаж байна. Тус баримтад “Б Х”ХХК гэсэн нэр байхгүй. Иймд энэ баримтыг үндэслэж нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Нэхэмжлэлд дурдсаны дагуу “Б Х”ХХК 17 220 000 төгрөгийн ажил хийсэн. “УББ Х”ХХК 6 305 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “А М”ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Б Х”ХХК, “УББ Х”ХХК-ийн захирал ажилтай Д.Ууганбаатар, “А М”ХХК-ийн захирал ажилтай Ч.Г нар иргэнийхээ хувьд харилцан тохирч Хэнтий аймгийн Бат-ширээт суманд баригдах хөшөөний суурь цутгах, өнгөлөх, гэр байшингийн суурь цутгах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд баригдах 171 айлын орон сууцны бохирын цооног ухах, суурь шал, гадна талбай, явган хүний замыг цутгах ажлуудыг хийж гүйцэтгэх, хийж гүйцэтгэсэн ажлаа цаашид үнэлүүлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гаргуулан ажлын хөлсөндөө тухайн 171 айлын орон сууцнаас 3 өрөө орон сууц бартераар тооцуулж авахаар аман хэлцэл хийсэн. Д.Ууганбаатар нь тухайн тооцооны үлдэгдлээс хасуулахаар тохирч өөрийн автомашиндаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 949 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, засвар үйлчилгээний хөлс 69 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн. Мөн 4 731 472 төгрөгийн үнэ бүхий 2 957 17 тонн жинтэй двутавр төмрийг худалдаж авсан. Иймд нийт 5 731 472 төгрөгийг иргэн Д.Ууганбаатараас гаргуулж, “А М”ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Б Х”ХХК, “УББ Х”ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А М”ХХК нь иргэн Д.Ууганбаатартай хувь хүнийх нь хувьд гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, Д.Ууганбаатараас 5 731 472 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч “А М”ХХК-иас 9 805 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “УББ Х”ХХК-нд олгож, нэхэмжлэгч “Б Х”ХХК-ийн хариуцагч “А М”ХХК-иас 17 220 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А М”ХХК-ийн Д.Ууганбаатарт холбогдуулан гаргасан 5 731 472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А М”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 171,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “УББ Х”ХХК-нд, хариуцагч “А М”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 654 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/03732 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 805 000 гэснийг 27 025 000 гэж, 2 дах заалтын 171 830 гэснийг 293 100 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Г хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаж байна. Үүнд: 1. “А М”ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдуулан нэхэмжлэгч “Б Х”ХХК 17 220 000, “УББ Х”ХХК 9 805 000 төгрөг нийт 27 025 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг “А М”ХХК эс зөвшөөрч улмаар 5.731.472 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт энэхүү үүргийг нэхэмжлэгч “Б Х”ХХК нь шаардах эрхтэйг нотолсон баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн атлаа “Б Х”ХХК-н нэхэмжилсэн 17 220 000 төгрөгийг ханган шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Д.Ууганбаатар “Б Х”ХХК, “УББ Х”ХХК-иудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компаниудын дүрэм зэрэг баримтаар нотлогдсон, тэрээр тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаанд ажил гүйцэтгэсэн компаниудыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэсэн нь тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаанд Д.Ууганбаатар нь зөвхөн “УББ Х”ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан байхад “Б Х”ХХК-ийг бас төлөөлсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2.Нэхэмжлэгч “УББ Х” ХХК-ийн захирал Д.Ууганбаатараас ажил гүйцэтгэсний төлбөрт тооцуулахаар хүсэлт тавин харилцан тохирч “А М”ХХК-с хүлээн авсан 4 731 472 төгрөгийн үнэ бүхий двутавр төмөр, авто машины сэлбэгийн үнэ болон үйлчилгээний хөлс 1 000 000 төгрөг бүгд 5 731 472 төгрөгийн төлбөрийг тооцуулан хасуулахаар “УББ Х”ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ажил гүйцэтгэсэн төлбөр болох 27 025 000 төгрөгийн төлбөртэй холбоотойгоор ямар нэгэн төлбөр аваагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 1 000 000 төгрөгийг хасахыг хүлээн зөвшөөрснийг шүүхийн шатанд шийдэлгүй үлдээж, хэт нэг талыг барьж шудрага бус шийдвэр гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дугаар магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б Х”ХХК, “УББ Х”ХХК нь хариуцагч “А М”ХХКомпаниас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27 025 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “А М”ХХК зөвшөөрөөгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч бус, өөр этгээд буюу Д.Ууганбаатарт холбогдуулж 5 731 472 төгрөг гаргуулахаар шаардсныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд  маргааны үйл баримтыг дүгнэж, “УББ Х”ХХК болон “А М”ХХКомпанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч “А М”ХХКомпаниас 27 025 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УББ Х”ХХКомпанид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ажил гүйцэтгэх гэрээний талууд, талуудын эрх, үүрэг, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээ, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар Иргэний хуульд нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ. Талуудын тооцоо нийлсэн баримтад “А М”ХХК нь “УББ Х”ХХК-ийн өмнө 27 025 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулан захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, хоёр компанийн тамга, санхүүгийн тэмдэг дарагдсан, уг баримтаар хариуцагч үүргийг гүйцэтгэх ёстой болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авсан бол захиалагч тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байдаг тул “А М”ХХКомпани “УББ Х”ХХК-д ажлын хөлсийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс автомашины сэлбэг, засварын үнэ 1 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх ёстой болохыг тайлбартаа дурдсан, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар үүргийг харилцан тооцож болох тул хариуцагч “А М”ХХК-ийн биелүүлбэл зохих үүрэг 27 025 000 төгрөгөөс хасч тооцох боломжтой, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Харин талууд тооцоо нийлж үүргийг мөнгөн төлбөрөөр төлөхөөр тогтоосон тул төлбөрийг орон сууцаар төлөхөөр тохирсон гэх хариуцагчийн татгалзал, ...”Б Х”ХХКомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлээс 17 220 000 төгрөгний шаардлага хасагдах ёстой... гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. “А М”ХХК нь “УББ Х”ХХК болон “Б Х”ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх талаар тооцоо нийлж, “УББ Х”ХХК-ийн өмнө төлөхөөр үүрэг хүлээсэн тул “Б Х”ХХК 17 220 000 төгрөгийг шаардах эрхгүй, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, ба гэрээний талуудын үүргийг харилцан тооцох боломжтой тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :    

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201 дүгээр магадлалыг тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...27 025 000...” гэснийг “...26 025 000...” гэж, “...293 100...” гэснийг “...288 075...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 244 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА