Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0259

 

А.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу А.Б-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр:

“...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сонгуулийн хороонд холбогдох “аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /Алдархаан сум/ дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий иргэн А.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Б давж заалдах гомдолдоо:

“...Нэгдүгээрт: нэхэмжлэгчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд: Миний бие Завхан аймгийн Алдархаан суманд ажиллаж амьдардаг бөгөөд тэр бүр аймгийн төвд ирээд байдаггүй. Завхан аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн хорооны тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхийн ажлаар олон удаа Завхан аймгийн Алдархаан сумаас дуудагдаж байсан тул итгэмжлэлээр Б.А-ийг захиргааны нэхэмжлэлтэй хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах болсон.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2020 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Завхан аймгийн Алдархаан сумаас хамт өрсөлдсөн Ю.Д-ийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн хэргийн шүүх хуралдаан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж оролцогчийн хүсэлтээр нэмэлт нотлох баримт шаардлагатай гэх зүйлээр шүүх хуралдаан 14 хоногоор завсарласан.

Уг шүүх хуралдаанд хохирогчоор миний бие өөрийн биеэр оролцсон. Энэхүү шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцон мэтгэлцэж өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсан ба өөрийн гаргасан нэхэмжлэлийнхээ шүүх хуралдаанд өөрөө биечлэн орж, зөрчигдсөн эрхээ хамгаалах, хариуцагч, гуравдагч этгээдээс асуулт асуух, тайлбарлах, мэтгэлцэх нь надад олгогдсон эрх юм байна гэж ойлгосон учир би Б.А-д олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, тэр тухайгаа шүүхэд бичгээр буюу цахимаар хүргүүлсэн. Ингээд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт болох шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоор болсон.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд Алдархаан сумаас очиж орох бэлтгэл ажлаа базааж байхад миний биеийн байдал муудаж шээс их өтгөн үнэртэй гарч, даралт 157 гарсан, нүд бүрэлзэн толгой өвдөж, мөн нуруу янгинаж өвдөн тасарчих гээд байсан тул сумынхаа эмчид үзүүлтэл таны бөөр үрэвсэлтэй байгаа юм уу наад нуруу өвдөх чинь бөөртэй холбоотой байх, нарийн шинжилгээ өг, даралтаа багасгах арга хэмжээ ав хэдэн хоног гэрээрээ эмчилгээ хийлгэ гээд эм болон акт бичиж өгсөн болно.

Шүүх хуралдаанд Алдархаан сумаас очих боломжгүй болсон ба шүүхээс шүүгчийн туслах нь залгаад хуралдаандаа ирж байна уу гэхэд миний нуруу өвдөөд, даралт ихдээд байна гэдгээ хэлсэн.

Гэтэл миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан “шүүх хуралдааныг надгүйгээр шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлт”-ийг гаргаагүй байхад, тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай нөхцөл байдал үүссэн, тэрийгээ шүүхэд амаар мэдүүлсэн байхад миний нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч надгүйгээр шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэгч шүүхэд өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалах, мэтгэлцэх, асуулт тавих үндсэн эрхийг маань хязгаарлаж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэхэмжлэлд дурьдсан асуудлыг тодруулах зорилгоор гаргасан гэрч асуулгах хүсэлтүүдийг удаа дараа хүлээн аваагүй тухайд:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан ба шүүгч хүлээн аваагүй. Үүнд: А.Б миний бие Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, нэмэлт тайлбартай холбогдуулан дараахь хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

Сонгогчдын саналыг татах зорилгоор Улаанбаатараас нэгдсэн зохион байгуулалттай сонгогч тээвэрлэсэн талаар:

Ю.Д болон Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас Өгөөмөр багт нэр дэвшигч Б нар 2020 оны орон нутгийн сонгуульд зохион байгуулалттайгаар өөр өөрсдийн нэр дэвшсэн багаас тухайн багийн албан ёсны харьяалалтай боловч Улаанбаатар хотод оршин суудаг болон сурч байгаа Санал өгөх боломжтой иргэд, оюутнуудын судалгааг гаргаж, чат групп нээх, утсаар холбогдох гэх мэт арга ашиглан 45 хүний суудалтай зорчигч тээврийн автобусыг хөлслөн авч Улаанбаатар хотын саппороо үйлчилгээний төвөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн үед Алдархаан сумын харьяалалтай сонгогчдыг үнэ төлбөргүй тээвэрлэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны буюу сонгуулийн санал хураалтын өдрийн 13 цагийн үед Завхан аймгийн Улиастай сум орохоос 5 км-ийн өмнө хээр буулгаж, улмаар урьдчилан бэлтгэсэн Завхан аймгийн Алдархаан сумын Бүх багийг төлөөлж 1-3 суудлын автомашинаар тосон авч мөн үнэ төлбөргүй тээвэрлэн замд нь гэр бүлийнхэнтэй нь уулзуулалгүй, Улиастай сумын төвд буулгалгүй шууд Алдархаан сумын МАН-ын байранд авчран Ю.Д тэргүүтэй нэр дэвшигчид тосон авч, гарын идээ, хоол, цайгаар цайлж та нарыг үнэгүй авчирсан юм чинь саналаа хэнд өгөхөө мэдэж байгаа байлгүй, тэгж ингэж өг, болж өгвөл саналаа манайд өгсөн байдлаа баталгаажуулж, зургийг нь гар утсандаа авахыг үүрэгдсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сонгуулийн өдөр үнэгүй тээвэрлэсэн сонгогчдоо Улиастайд бүртгэн авч, буцааж үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатар оруулсан байна.

н.П-тай цуг явсан 8 оюутныг хоол цайгаар цайлуулсан хэн хэн байсан эсэхийг тогтоох, хээр буулгаж нэгдсэн журмаар суудлын машинаар зөөвөрлөсөн эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх сонгогчдын санал татах зорилгоор болон дараах үйлдэл үйл ажиллагааг явуулах хориглоно.” 47.1.1-д “мөнгө эд зүйл тараах бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх (Хот хоорондын ирэх буцах тээврийн хөлс)” гэх хуулиар хориглосон үйлдлүүдийг хориглосон.

Дээрх оюутнуудаас Ө.Б, Б.Б нарын батламжийн зургийг нотлох баримтаар хавсарган өгөв. Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сум, Завхан аймгийн Улиастай сумаас Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын байр, Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын байрнаас Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн сонгуулийн байр хүртэл үнэ төлбөргүй тээвэрлэгдэн ирсэн доорхи сонгогч нараас дараах асуултаар гэрчээр асууж өгнө үү.

Жич: Энэ нь улс төрийн нам, нэр дэвшигч нараас ирэх шахалт их байгаа нь илтэд байгаа тул зөвхөн өргөсөн тангарагаа биелүүлж зөвхөн хууль захирагдан шийдвэр гаргаж өгнө үү.

Гуравдугаарт: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн, түүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тухайд:

Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссэн тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх доорх хүсэлтийг гаргасан.

Миний бие Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алдархаан сумаас МАН-аас нэр дэвшигч Ю.Д нь сонгуулийн хууль тогтоомж зөрчиж Алдархаан сумын иргэдийг хотоос нэгдсэн зохион байгуулалттай үнэ төлбөргүй тээвэрлэн Улиастай суманд буулгаж, тэр газраасаа Алдархаан сумын бүх баг руу урьдчилан бэлтгэсэн суудлын автомашинуудаар баг баг руу нь үнэ төлбөргүй тээвэрлэн санал өгүүлсэн талаар гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газарт гаргасан ба энэ гомдлоор зөрчлийн хэрэг нээж уг зөрчлийн хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гуравдагч этгээд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байна.

Миний нэхэмжлэл болон уг зөрчлийн хэрэг нь сонгогчдыг үнэ төлбөргүй тээвэрлэсэн гэх өөр хоорондоо хамааралтай, зөрчлийн хэргийг шийдвэрлэж байж уг хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар уг зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэтэл миний нэхэмжлэлтэй хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү ... гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 онд батлагдсан ба харин Зөрчлийн тухай хууль нь 2017 онд батлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж байхад Зөрчлийн тухай хууль гэж Монгол Улсад байгаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ. Уг зүйлийн 65.1.3-д “Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй ...” гэж заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж заасан ба 65 дугаар зүйлийн 65.1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй ...” нөхцөл байдал үүссэн байхад уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй.

Өөрөөр хэлбэл Ю.Дд холбогдох сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болж 14 хоногоор завсарласан байхад Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Ю.Д-д холбогдох сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн гэх зөрчлийн хэрэг шийдвэрлэгдээгүй, түүнд холбогдох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна ...” гэж дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх бүрэн боломжтой байхад хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Б “Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолын Монгол ардын намаас нэр дэвшигч Ю.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг /Алдархаан сум/ дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг харьцуулан үнэлж, захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх талаар дүгнэн хэргийг шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий шийдвэр хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулахад шаардагдах нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Тодруулбал энэ тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал ...аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 47.1.1-д “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх”, 47.1.2-т “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх” гэж тус тус заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар дээрх нөхцөл байдлыг зөвхөн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг нэг мөр ойлгох тул энэ талаар тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Хэрэгт авагдсан Завхан аймаг дахь цагдаагийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 38/30 албан бичигт Завхан аймаг дахь цагдаагийн газарт Ю.Д-д холбогдох зөрчлийн хэргүүд үүссэн ба Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/07 зэрэг албан бичгээс үзвэл Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрог, Алдархаан суманд нэр дэвшиж өрсөлдсөн Ю.Д-д холбогдох зөрчлийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаарх лавлагаа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 43 дугаар захирамжууд тус тус хэрэгт авагдсан байна.

Мөн тухайн зөрчлийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь уг А.Б-ы нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт хамааралтай хэмээн нэхэмжлэгчээс тайлбарласаар байхад анхан шатны шүүх энэ “...Ю.Д-д холбогдох сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн гэх зөрчлийн хэрэг шийдвэрлэгдээгүй, түүнд холбогдох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэв нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий гуравдагч этгээд Ю.Д-гийн Улаанбаатар хотоос сонгогчдыг үнэ төлбөргүй авчирсан, ивээн тэтгэсэн талаарх зөрчлийн хэрэг шалгагдаж байгаа тохиолдолд эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэж, зөрчил гаргасан эсэхийг тогтоосон талаарх нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага, нөхцлийг нэг мөр тодруулах шаардлагатай.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч А.Б-д шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг мөн сарын 09-ний өдөр мэдэгдсэн байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар нэхэмжлэгчээс оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар хүсэлт ирүүлээгүй бөгөөд тухайн үед шүүхэд шүүх хуралдаанд оролцож чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарласан байхад нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эрхээр хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан,   хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА