Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00380

 

Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэр,

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар магадлалтай,

                                                                                                                                   

            Р-ийн нэхэмжлэлтэй,

            М-д холбогдох

            8.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р , түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч М , түүний өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч Р-ийн нэхэмжлэлд: Миний бие 2016 оны намар 35 тн 320 кг лууван хурааж аваад үнэд орох хүртэл зооринд хадгалуулахаар М тай тохирч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний гэрийн хажууд байдаг зооринд 883 шуудай лууванг хадгалуулсан. Миний хадгалуулсан луувангийн нэг шуудай нь 40 кг болж байсан. Зооринд хадгалуулсан хөлсөө 1 тонныг нь 50.000 төгрөгөөр тооцож байсан ч бид 1.500.000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 800.000 төгрөгөө тэр өдөртөө М-д бэлнээр нь өгсөн. 883 шуудай буюу 35 тн 320 кг луувангаа камаз, шланз машинд ачиж ирээд М гийн зооринд буулгаж хураалгасан. 2017 оны 01 дүгээр сарын 30-нд зооринд ирж ногоогоо үз эвгүй үнэр гараад байна гэж хэлсэн. Бид 1 хоногийн дараа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр очиж үзэхэд зоориноос нь уур савсан маш халуун, эхүүн үнэр үнэртэж лууван муудсан байсан. Миний хадгалуулсан 883 шуудай лууван буюу 1 шуудай луувангийн үнэ зах зээл дээр 10.000 төгрөг. Иймээс 8.830.000 төгрөгийг М аас гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч М гийн хариу тайлбарт: 2016 оны 10 дугаар сарын эхээр Р-ийн нөхөртэй уулзаж лууванг зоориндоо 1 тн-ыг 50.000 төгрөгөөр хадгалахаар тохиролцож, 883 шуудай буюу 35 тн 320 кг лууванг зоориндоо хийлгэсэн. Хадгалах үед жижиг лууван ихтэй ялгалт хийгээгүй лууван байсан. Тэр үед би жижиг лууван хадгалалт даахгүй шүү. Шууд хураагаад ялгалт хийгээгүй байна гэж хэлж байсан. Лууван манай зоорины хойд хэсэгт хадгалагдсан. Манай зоорь нь 80 тн багтаамжтай агаар сэлгэх зориулалтын 2 ширхэг хоолойтой, стандарт хангасан, ашиглалтад ороод 5 жил болж байгаа хэвийн температуртай зоорь юм. Урьд өмнө нь ийм асуудал болж байсангүй. 80 тн багтаамжтай зоориндоо Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2 хүний лууванг нэмж хадгалсан. Гэтэл нэг хүнийх нь лууван тухайн үед хөлдүү лууван хийсэн байсныг мэдээгүй. Лууванг хөлдүү байсныг нь сумынх нь н.Үүрцайх гэх хүн гэрчилж байгаа. Би тэр хүнд лууван чинь хайрагдсан юм бишүү гэхэд зооринд ороод чийгээ татаад зүгээр болно гээд бүх луувангаа хийсэн. н.Улаанаа нь 360 шуудай буюу 14.400 кг лууван хийсэн. Р лууван хадгалуулсны төлбөр болох 1.766.000 төгрөг өгөхөөс 800.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч нэг ч удаа ирж эргэж тойроогүй, утсаа ч авдаггүй байсан. Тухайн үед намар 10 сард 1 шуудай ялгаагүй лууван 1000 төгрөгийн ханштай байсан. Хадгалахдаа стандартад тохирсон ялгасан том лууван хийгээгүй. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сар хадгалах хугацаанд хадгалалт даахгүй жижиг лууван мөн хөлдүү лууван зэргээс болж зооринд байсан бүх лууван муудсан. 12 сард маш хүйтэн байсан тул зоорийг ойр ойрхон онгойлгож, хүйтэн агаар оруулахаас болгоомжлон ойр ойрхон үзээгүй. Урьд урдын жилд ингэж хадгалаад болдог. Иймд би лууван муудсан шалтгааныг жижиг лууван, хөлдүү лууван байсан зэргээс болсон гэж үзэж байна. Р-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарийн тайлбарт: Талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зйлийн 482.1-д заасан харилцаа үүссэн. Хадгалалтын гэрээ нь хариу төлбөртэй харилцан үүрэг хүлээх гэрээ байдаг. Р  хөлс төлнө гэж тохирсон учраас М-д хөлс төлөх үүрэгтэй. Ногоо хадгалж байгаа хүн хохирол гаргахгүй байхад анхаарах, муудах гэмтэхээс урьдчилан сэргийлэх, лууванг бүрэн бүтэн өгөх үүргийг хүлээх ёстой. Р  лууванг үнэд хүрэх хүртэл хадгалуулж бүрэн бүтэн авах зорилгоор М гийн зооринд луувангаа хадгалуулсан. Р хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Лууван зооринд байхдаа муудсан тул М  үүргээ биелүүлээгүй байна. Зоорь бол хадгалах зориулалттай газар. Хадгалалтын гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй. Хадгалалтын хөлс, хадгалалтын хугацаа болон нөхцөлөө талууд тохирсон тул гэрээний гол нөхцөл байгуулагдсан. Бичгээр хийгээгүй гэрээний асуудлыг хуулинд тусгасан. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Р өөрт учирсан хохирол 8.830.000 төгрөгөө нэхэмжилсэн. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.3-т хадгалуулсан эд зүйлийн шинж чанар муудвал хадгалагч хадгалуулагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл М  ногоог муудсан хойно нь Р д мэдэгдсэн. Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасан. Нэхэмжлэгч хохирлоо нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохирлын талаар заасан. Р  олох ёстой байсан орлогоо хохирол гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1, мөн хуулийн 428 дугаар зүйлийн 428.3-т заасны дагуу хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү. Хадгалалтын зорилго нь луувангаа муутгахгүйн тулд юм. Уг зорилгоо биелүүлэхийн тулд Р нь М-д мөнгө төлсөн гэжээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдын тайлбарт: Нэхэмжлэгч тал шаардах эрхээ Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.3 дахь хэсэг, мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсгээр тодорхойлж байна. Иргэний хуульд гэрээ бүхэн хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ биш гэдэг зарчим байдаг. Иргэний хуулийн 422 дугаар зүйл, 428 дугаар зүйлд заасан гэрээний аль нь ч талуудын хооронд байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Р, М-тай харилцан тохиролцсоны дагуу лууван хадгалуулахаар хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь гэрээ биш. Талууд хэрхэн тохиролцсон бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Дархан-Уул аймагт ийм төрлийн харилцаанд хадгалуулагч нь хадгалалтын хугацаа зааж, зоорины хөлсийг төлж, ногооны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. Үүнийг гэрч нар гэрчилнэ. Хадгалалтын хөлс хадгалагчийн үүрэг хоёр ижил байх ёстой. Р , М нар лууван хадгалалтын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тооцож хадгалалт хийсэн. Уг мөнгөн дүнг ажлын хөлстэй харьцуулах боломжгүй. Нэхэмжлэгч Р г Иргэний хуулийн 428 дугаар зүйл, мөн хуулийн 424 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж ногооны бүрэн бүтэн байдлыг М  хариуцах ёстой гэж үзвэл М-д лууванг ялгах хөдөлмөрт нь тохирсон хөлсний талаар талуудын хооронд тохиролцоо байх ёстой. Гэтэл Р  зоорь ашиглалтын хөлс 1.500.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг өгсөн. М гийн зүгээс нэхэмжлэгч Р д 400.000 төгрөг өгнө гэсэн санал гаргаж байгаа. Үүнийг үндэслэлтэй гэж байна. Р  800.000 төгрөгийг өгсөн тул түүнд тохирсон ногооны хадгалалтын талаарх хохирлыг төлье гэсэн нь үндэслэлтэй. Төмс хүнсний ногоо хадгалах MNS 3024:1981 гэх стандарт, шар лууванг MNS 0270:1982 гэх стандарт үйлчилж байгаа. Лууванг хадгалах гэрээ байгуулагдсан гэж үзвэл уг гэрээ дээрх стандартын дагуу зоорь тохижуулагдсан. Мөн зоорь гэлтгүй лууванд хүртэл стандарт тавигдах ёстой. Анхнаасаа 883 шуудай гэж тоолж зооринд оруулсан хэдий ч стандартад нийцсэн лууван байсан эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Лууванг нийлэг бус уутанд хийж, элсэнд сууж хадгалдаг. Энэ технологийг барьж ажиллаагүй. Талууд стандартад баригдаагүй байгаа нь талуудын хооронд хуульд заасан гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Талуудын дунд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Луувангийн чанар муудах эсэх асуудлыг хадгалуулагч хүлээх ёстой. Зоорины түлхүүр хадгалагчид буюу М-д байсан. Гэхдээ Р  зоорины түлхүүрийг хэзээ ч шаардаж авах боломжтой. Лууван хадгалалтын талаар мэдэгдэх асуудлын талаар яригдах нь зүй ёсны хэрэг. М  хүнээр дамжуулж лууван хадгалалтын талаар Р д хэлснийг нэхэмжлэгч хэлсэн. М гийн хувьд ногоо муудаж байгаа талаар хадгалуулагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Хадгалуулагчийн буруу үйл ажиллагаанаас болж ногоо муудсан гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч М гаас 6.805.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р д олгож, 2.024.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р гаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 156.230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч М гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн 6.805.500 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 123.838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р д олгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар магадлалаар: Хариуцагч М , өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Хариуцагч болон түүний өмгөөлөгч Б.Содболд нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 950 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

         1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухай. Анхан болон давж заалдах шатны шүүх маргалдагч талуудын хооронд үүссэн харилцааг ИХ-ийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д дэх заалтыг хэрэглэж талуудын хооронд Хадгалалтын гэрээ үүссэн хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хуулийн тус заалт нь талуудын хооронд үүссэн хадгалалтын харилцааг гэрээний түвшинд буюу байх ёстой түвшинд зохицуулсан тодорхой урьдчилсан нөхцөл шаардсан хуулийн заалт юм. Хуулийн тус заалтаас гадна хүнсний ногоо, шар лууванд тавигдах болон түүнийг хадгалахад баримтлах стандарт болох Төмс, хүнсний ногоог хадгалах МNS 3024:1981 стандарт, Шар лууван техникийн шаардлага МNS 0270:1982 зэрэг стандартын дагуу шаардлага хангасан төмс, хүнсний ногоо, шар лууванг тодорхой горимын дагуу хадгалах, улмаар тус харилцаа нь ИХ-ийн 422 дугаар зүйлд заасан Хадгалалтын гэрээний үндсэн зохицуулалтын хүрээнд зохицуулагдах гэрээний эрх зүйн харилцаа болох учиртай. Гэтэл бодит байдал дээр буюу Р , М  нарын хооронд дээрх стандартууд мөрдөгдөөгүй, гэрээний бус тохиролцооны шинжтэй буюу гэрээний шаардлага хангахгүй хэлцлийн харицаа үүссэн байгааг шүүх анхаарч үзээгүй. Дархан, Сэлэнгийн буюу газар тариалангийн бүс нутагт намар хүнсний ногооны хураалтын үед маргалдагч талууд болох Р , М  нарын хооронд төдийгүй бусад ногоочид болон зоорины эздийн хооронд стандарт бус ногоо хадгалуулах энэ төрлийн харилцаа нийтлэг үүсдэг бөгөөд эдгээр харилцаа нь хуулийн болон стандартын шаардлага хангасан гэрээний эрх зүйн харилцаа гэхээсээ илүүтэйгээр хууль болон стандартыг зөрчсөн талуудын хоорондын тохиролцооны үндсэн дээр тулгуурласан хэлцлийн шинжтэй харилцаа үүсдэг болохыг хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгааг анхаарах нь зүйтэй. Үүнээс үүдэн Иргэний эрх зүйн алтан зарчим болох гэрээ бүхэн хэлцэл байдаг, хэлцэл бүхэн гэрээ байдаггүй гэх зарчим нэхэмжлэгч Р , хариуцагч М  нарын хооронд үйлчлэх учиртай гэж үзэж байна. Хэрвээ анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн талуудын хооронд ИХ-ийн 422 дугаар зүйлд заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл хадгалуулагч буюу нэхэмжлэгч Р-ийн хадгалуулж буй лууван нь Шар лууван техникийн шаардлага МNS 0270:1982 стандартыг 10 хувь хангасан байх шаардлагатай төдийгүй стандарт хангасан шар лууванг М-д хүлээлгэн өгсөн байх, хадгалагч буюу хариуцагч М  стандартын шаардлага хангасан шар лууванг албан ёсоор хүлээж аваад, Төмс, хүнсний ногоог хадгалах МNS 3024:1981 стандарын дагуу тус стандартыг мөрдлөг болгон горимын дагуу хадгалсан байх урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд талуудын хооронд ИХ-ийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх боломж бүрдэх юм. Мөн хадгалуулсан ногооны бүрэн бүтэн байдал, арчилгаа /ялгалт/ цэвэрлэгээг хийх үүргийг М  100 хувь хүлээсэн гэж үзэх юм бол хадгалалтын хөлс нь тухайн хөдөлмөр буюу үйлчилгээтэй нь дүйцсэн байх учиртай гэтэл 1.500.000 төгрөгний хөлсөөр 883 шуудай лууванг 6 сарын турш арчилж, хамгаалах үүргийг хүлээсэн гэж үзэх нь боломжгүй гэдэг нь тодорхой байна. Энэ бүхнээс үзэхэд талуудын хооронд ИХ-ийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх ИХ-ийн 422, 424 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглээд зогсохгүй тус хуулийн заалтуудыг төсөөтэй харилцаанд буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

             2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг бүхэлд нь зөрчсөн. Анхан шатны шүүх дээр тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр хэд хэдэн гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг шүүх хангаж гэрчүүдээс мэдүүлэг авсан боловч, харицагчийн хүсэлтээр мэдүүлэг авсан гэрч н.Эрдэнэбаатар, н.Цэвэлмаа, н.Бямбацогт нарын мэдүүлгийг огт үнэлээгүй, шийдвэр магадлалдаа тус гэрчүүдийн мэдүүлгийг ямар шалтгаанаар үнэлээгүй тухайгаа үндэслэл бүхий тайлбар хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Хэрвээ шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хуулийн дагуу үнэлсэн бол талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж улмаар харицагч М , Р д лууван муудаж байгаа тухай нэн даруй мэдэгдэх арга хэмжээг авч байсан тухай үндэслэл бүхий дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан. Р-ийн гар утас руу 2016 оны 11 сараас хойш 2017.01.30-ны өдрийг хүртэл залгасан боловч холбогдохгүй, холбогдох боломжтой байсан ч утсаа авдаггүй байсан учир арга буюу нөхрийнх нь ажлын газрын хүнээр дамжуулж хэл хүргүүлсэн тухай гэрч н.Бямбацогтын мэдүүлэгт, зооринд хадгалуулсан ногооныхоо арчилгаа, цэвэрлэгээг ногоочин буюу хадгалуулагч бүрэн хариуцдаг тухай гэрч н.Эрдэнэбаатарын мэдүүлэг, Р-ийн хадгалуулсан луувангийн чанар байдал, талуудын хоорондын анхны тохиролцооны тухай гэрч н.Цэвэлмаагийн мэдүүлгэнд тодорхой дурьдагдсан байдаг боловч шүүх үндэслэлгүйгээр гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй болно. Мөн луувангийн үнэ буюу хохирлын хэмжээг тодорхойлохдоо шүүх шинжээчийн дүгнэлтийг хэт нэг талыг барьж өндөр үнэлгээгээр тооцож хохирлын хэмжээг тогтоосонд гомдолтой байна. Хэрвээ талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэж хариуцагч М г лууван муудаж байгаа тухай Р д мэдэгдэх үүргээ ИХ-ийн 224 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж хохирлыг төлөх ёстой гэж үзэж байгаа бол энэ тухай хангалттай нотлох баримт байх учиртай. М гийн зүгээс Р д өөрийнх нь гар утасны дугаар болох 9937-3137, түүний нөхрийн дугаар болох 9900-2177 дугаар луу удаа дараа залгаж байсан ба Мобиком компанийн техникийн нөхцөл байдлаас болоод тус дугаар луу залгаж байсан жагсаалт гарч ирээгүй ч М  2016 оны 11 сараас хойш 2017.01.30-ны өдрийг хүртэл залгасан боловч холбогдохгүй, холбогдох боломжтой байсан ч утсаа авдаггүй байсан тухай тайлбарыг нэхэмжлэгч Р  хүлээн зөвшөөрч байхад шүүх М г мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.06-ны өдрийн 950 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.30-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.              

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

             Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд 320 кг буюу 883 шуудай лууванг үнэд орох хүртэлх хугацаагаар хариуцагч М гийн эзэмшлийн зооринд хадгалуулсан ба хадгалуулах хөлс 1,500,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 800,000 төгрөг төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

          Зохигчид луувангийн чанар муудсан асуудалд хэн хариуцлага хүлээх талаар маргасан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч талуудын дунд хадгалалтын гэрээ байгуулагдаагүй, ногооны зоорь хөлслөх гэрээ байгуулагдсан, лууванг хадгалах явцын арчилгааг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарласан байна.

           Нэхэмжлэгч нь намрын ургацаар хурааж авсан лууванг үнэ хүрэх хүртэл нь тусгай зориулалтын зооринд хадгалуулахаар хариуцагчтай тохиролцож, хадгалалтын хөлс тохирч урьдчилгаа төлбөрийг төлсөн бөгөөд зохигчдын дунд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн тухай анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д нийцжээ.

         Хариуцагч нь ногоо хадгалах зориулалтын зоорь эзэмшдэг, бусдын ногоог хариу төлбөртэйгөөр хадгалдаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нь хадгалалтын хөлсийг тохиролцож зооринд лууванг хадгалуулсан, уг зоорь хариуцагчийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгч хадгалуулсан ногооныхоо чанарыг шалгах, арчлах боломж нь хязгаарлагдмал байх тул луувангийн чанар муудсан явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

          Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Бямбацогтоор дамжуулж  “...зооринд ирж луувангаа үз, эвгүй үнэр гараад байна” гэж нэхэмжлэгчид хэлүүлсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч үзэхэд лууван муудсан, ашиглах боломжгүй болсон байсан гэжээ. Хариуцагч нь лууван муудсан талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэх гэж утсаар ярьж байсан тухай тайлбараа нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн байна.

           Талууд хадгалуулсан зүйлийн хэвийн байдлыг хэн хариуцах талаар тусгайлан тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул лууванг хариуцагч талд шилжүүлснээр хадгалалтын үүрэг үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө”  гэж заасны дагуу хариуцагч хохирлыг төлөх үндэслэлтэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

            Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 883 шуудай луувангийн үнийг 7,505,500 төгрөг гэж үнэлсэн ба үүнээс үлдэгдэл төлбөр 700,000 төгрөгийг хасч, 6,805,500 төгрөгийг хариуцагч М гаас гаргуулан нэхэмжлэгч Р д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хадгалалтын гэрээний зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч М гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 123.840 /нэг зуун хорин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН