Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 157

 

Р.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00221/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Р.Н-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч М.Д-д холбогдох

          “8.830.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Д.Д- түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд Р.Н-, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь, хариуцагч М.Д-, түүний өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Н-гаас:

Р.Н- миний бие 2016 оны намар 35 тн 320 кг лууван хурааж аваад үнэд орох хүртэл зооринд хадгалуулахаар М.Д-тай тохирч 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүний гэрийн хажууд байдаг зооринд 883 шуудай лууванг хадгалуулсан. Миний хадгалуулсан луувангийн нэг шуудайны жин 40 кг болж байсан. Зооринд хадгалуулсан хөлсөө 1 тонныг нь 50.000 төгрөгөөр тооцож байсан ч бид 1.500.000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 800.000 төгрөгөө тэр өдөртөө М.Д-д бэлнээр нь өгсөн. 883 шуудай буюу 35 тн 320 кг луувангаа камаз, шланз машинд ачиж ирээд М.Д-гийн зооринд буулгаж хураалгасан. 2017 оны 01 дүгээр сарын 30-нд зооринд ирж ногоогоо үз эвгүй үнэр гараад байна гэж хэлсэн. Бид 1 хоногийн дараа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр очиж үзэхэд зоориноос нь уур савсан маш халуун, эхүүн үнэр үнэртэж лууван муудсан байсан. Миний хадгалуулсан 883 шуудай лууван буюу 1 шуудай луувангийн үнэ зах зээл дээр 10.000 төгрөг. Иймээс 8.830.000 төгрөгийг М.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д-гаас:

2016 оны 10 дугаар сарын эхээр Р.Н-гийн нөхөртэй уулзаж  лууванг, зоориндоо 1 тн-ыг 50.000 төгрөгөөр хадгалахаар тохиролцож, 883 шуудай буюу 35 тн 320 кг лууванг зоориндоо хийлгэсэн. Хадгалах үед жижиг лууван ихтэй ялгалт хийгээгүй лууван байсан. Тэр үед би жижиг лууван хадгалалт даахгүй шүү. Шууд хураагаад ялгалт хийгээгүй байна гэж хэлж байсан. Лууван манай зоорины хойд хэсэгт хадгалагдсан. Манай зоорь нь 80 тн багтаамжтай агаар сэлгэх зориулалтын 2 ширхэг хоолойтой, стандарт хангасан, ашиглалтанд ороод 5 жил болж байгаа хэвийн температуртай зоорь юм. Урьд өмнө нь ийм асуудал болж байсангүй. 80 тн багтаамжтай зоориндоо Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2 хүний лууванг нэмж хадгалсан. Гэтэл нэг хүнийх нь лууван тухайн үед хөлдүү лууван хийсэн байсныг мэдээгүй. Лууванг хөлдүү байсныг нь сумынх нь Үүрцайх гэх хүн гэрчилж байгаа.  Би тэр хүнд лууван чинь хайрагдсан юм бишүү гэхэд зооринд ороод чийгээ татаад зүгээр болно гээд бүх луувангаа хийсэн. Улаанаа нь 360 шуудай буюу 14 400 кг лууван хийсэн. Р.Н- нь лууван хадгалуулсны төлбөр болох 1.766.000 төгрөг өгөхөөс 800.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч нэг ч удаа ирж эргэж тойроогүй, утсаа ч авдаггүй байсан. Тухайн үед намар 10 сард 1 шуудай ялгаагүй лууван 1000 төгрөгийн ханштай байсан. Хадгалахдаа стандартад тохирсон ялгасан том лууван хийгээгүй. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сар хадгалах хугацаанд хадгалалт даахгүй жижиг лууван мөн хөлдүү лууван зэргээс болж зооринд байсан бүх лууван муудсан. 12 сард маш хүйтэн байсан тул зоорийг ойр ойрхон онгойлгож, хүйтэн агаар оруулахаас болгоомжлон ойр ойрхон үзээгүй. Урьд урдын жилд ингэж хадгалаад болдог. Иймд би лууван муудсан шалтгааныг жижиг лууван, хөлдүү лууван байсан зэргээс болсон гэж үзэж байна. Р.Н-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цагаандариас:

Талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зйлийн 482.1-д заасан харилцаа үүссэн. Хадгалалтын гэрээ нь хариу төлбөртэй харилцан үүрэг хүлээх гэрээ байдаг. Р.Н- хөлс төлнө гэж тохирсон учраас М.Д-д хөлс төлөх үүрэгтэй. Ногоо хадгалж байгаа хүн хохирол гарахгүй байхад анхаарах, муудах гэмтэхээс урьдчилан сэргийлэх, лууванг бүрэн бүтэн өгөх үүргийг хүлээх ёстой. Р.Н- лууванг үнэд хүрэх хүртэл хадгалуулж бүрэн бүтэн авах зорилгоор М.Д-гийн зооринд луувангаа хадгалуулсан. Р.Н- хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн. Лууван зооринд байхдаа муудсан тул М.Д- үүргээ биелүүлээгүй байна. Зоорь бол хадгалах зориулалттай газар. Хадгалалтын гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй. Хадгалалтын хөлс, хадгалалтын хугацаа болон нөхцөлөө талууд тохирсон тул гэрээний гол нөхцөл байгуулагдсан. Бичгээр хийгээгүй гэрээний асуудлыг хуулинд тусгасан. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Р.Н- өөрт учирсан хохирол 8.830.000 төгрөгөө нэхэмжилсэн. Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.3-т хадгалуулсан эд зүйлийн шинж чанар муудвал хадгалагч хадгалуулагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл М.Д- ногоог муудсан хойно нь Р.Н-д мэдэгдсэн. Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасан. Нэхэмжлэгч хохирлоо нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохирлын талаар заасан. Р.Н- олох ёстой байсан орлогоо хохирол гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1, мөн хуулийн 428 дугаар зүйлийн 428.3-т заасны дагуу хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү. Хадгалалтын зорилго нь луувангаа муутгахгүйн тулд юм. Уг зорилгоо биелүүлэхийн тулд Р.Н- нь М.Д-д мөнгө төлсөн гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболдоос:

Нэхэмжлэгч тал шаардах эрхээ Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.3 дахь хэсэг, мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсгээр тодорхойлж байна. Иргэний хуульд гэрээ бүхэн хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ биш гадаг зарчим байдаг. Иргэний хуулийн 422 дугаар зүйл, 428 дугаар зүйлд заасан гэрээний аль нь ч талуудын хооронд байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Р.Н-, М.Даминдтай харилцан тохиролцсоны дагуу лууван хадгалуулахаар хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь гэрээ биш. Талууд хэрхэн тохиролцсон бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Дархан-Уул аймагт ийм төрлийн харилцаанд хадгалуулагч нь хадгалалтын хугацаа зааж, зоорины хөлсийг төлж, ногооны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг. Үүнийг гэрч нар гэрчилнэ. Хадгалалтын хөлс хадгалагчийн үүрэг хоёр ижил байх ёстой. Р.Н-, Д.Д- нар лууван хадгалалтын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тооцож хадгалалт хийсэн. Уг мөнгөн дүнг ажлын хөлстэй харьцуулах боломжгүй. Нэхэмжлэгч Р.Н-г Иргэний хуулийн 428 дугаар зүйл, мөн хуулийн 424 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж ногооны бүрэн бүтэн байдлыг М.Д- хариуцах ёстой гэж  үзвэл М.Д-д лууванг ялгах хөдөлмөрт нь тохирсон хөлсний талаар талуудын хоооронд тохиролцоо байх ёстой. Гэтэл Р.Н- зоорь ашиглалтын хөлс 1.500.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг өгсөн. М.Д-гийн зүгээс нэхэмжлэгч Р.Н-д 400.000 төгрөг өгнө гэсэн санал гаргаж байгаа. Үүнийг үндэслэлтэй гэж байна. Р.Н- 800.000 төгрөгийг өгсөн тул түүнд тохирсон ногооны хадгалалтын талаарх хохирлыг төлье гэсэн нь үндэслэлтэй. Төмс хүнсний ногоо хадгалах MNS 3024:1981 гэх стандарт, шар лууванг MNS 0270:1982 гэх стандарт үйлчилж байгаа. Лууванг хадгалах гэрээ байгуулагдсан гэж үзвэл уг гэрээ дээрх стандартын дагуу зоорь тохижуулагдсан. Мөн зоорь гэлтгүй лууванд хүртэл стандарт тавигдах ёстой. Анхнаасаа 883 шуудай гэж тоолж зооринд оруулсан хэдий ч стандартад нийцсэн лууван байсан эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Лууванг нийлэг бус уутанд хийж, элсэнд сууж хадгалдаг. Энэ технологийг барьж ажлаагүй. Талууд стандартад баригдаагүй байгаа нь талуудын хооронд хуульд заасан гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Талуудын дунд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Луувангийн чанар муудах эсэх асуудлыг хадгалуулагч хүлээх ёстой. Зоорины түлхүүр хадгалагчид буюу М.Д-д байсан. Гэхдээ Р.Н-д зоорины түлхүүрийг хэзээч шаардаж авах боломжтой. Лууван хадгалалтын талаар мэдэгдэх асуудлын талаар яригдах нь зүй ёсны хэрэг. М.Д- хүнээр дамжуулж лууван хадгалалтын талаар Р.Н-д хэлснийг нэхэмжлэгч хэлсэн. М.Д-гийн хувьд ногоо муудаж байгаа талаар хадгалуулагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн. Хадгалуулагчийн буруу үйл ажиллагаанаас болж ногоо муудсан гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар хариуцагч М.Д-гаас 6.805.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Н-д олгож, 2.024.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Н-гаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж  156.230 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Д-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн 6.805.500 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 123.838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Д-, өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, үнэлгээний байгууллагын үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг хэт нэг талыг баримталж үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Гэрч Эрдэнэбаатарын мэдүүлгийг огт үнэлээгүй. Яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй. Мөн гэрч Цэвэлмаагийн мэдүүлгийг үнэлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Н- хариуцагч М.Д-д холбогдуулан хадгалуулсан 20 кг лууван муудсан тул хохиролд 8.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал би лууван хадгалалтын стандартыг хариуцахгүй, муудсан лууванг намрын ханшаар нь тооцож 400.000 төгрөг өгөх саналтай байна. Луувангийн талаар хэлэхээр олон удаа залгасан Р.Н- утсаа аваагүй гэж маргасан.

Анхан шатны шүүх хариуцагч М.Д-гаас 6.805.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Н-д олгож, 2.024.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн байна.

320 кг буюу 883 шуудай лууванг үнэд орох хүртэлх хугацаагаар хариуцагч М.Д-гийн эзэмшилд шилжүүлсэн болон зооринд хадгалуулах хөлс 1.500.000 төгрөг байхаар амаар тохиролцож 800.000 төгрөг өгсөн авсан талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь намрын ургацаар хурааж авсан лууванг үнэ хүрэх хүртэл нь тусгай зориулалтын зооринд хадгалуулахаар хариуцагчтай гэрээ байгуулж, хадгалалтын хөлс тохирч урьдчилгаа төлбөр хийсэн бөгөөд зохигчдын дунд хадгаллалтын гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1-д зааснаар талууд гэрээний хугацааг тодорхой үйл явдал болох буюу луувангийн үнэ өсөх үе хүртэл гэж тогтоосон байна.

Хэргийг бүхэлд нь хянахад 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нь иргэн Бямбацогтоор дамжуулж  нэхэмжлэгчид зооринд ирж үз, эвгүй үнэр гараад байна гэж хэлүүлсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч очиж үзэхэд лууван муудсан ашиглах боломжгүй болсон байжээ.

Хариуцагч нь лууван муудсан талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэх гэж утсаар ярьж байсан гэж тайлбарладаг боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу нотлоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зах зээлийн ханшаар луувангийн үнийг тооцож хохирол гаргуулсан  байна.

Талууд гэрээгээр хадгалуулсан зүйлийн чанар муудсан асуудалд хэн хариуцлага хүлээх талаар маргаж, хариуцагчийн өмгөөлөгч талуудын дунд хадгалалтын гэрээ байгуулагдаагүй, ногооны зоорь хөлслөх гэрээ байгуулагдсан гэж маргажээ.

Хариуцагч нь ногоо хадгалах зориулалтын зоорь эзэмшдэг бөгөөд уг зоориндоо бусдын ногоог хөлсөөр хадгалдаг байжээ.

Нэхэмжлэгч нь хадгалалтын үйл ажиллагааны хөлсийг тохиролцож зооринд лууван хадгалуулсан, уг зоорь хариуцагчийн эзэмшилд байгаа нь нэхэмжлэгч хадгалуулсан ногооныхоо чанарыг шалгах, арчлах  боломж нь хязгаарлагдмал юм.

Гэрээгээр талууд хадгалуулсан зүйлийн хэвийн байдлыг хэн хариуцах талаар тохироогүй ч лууванг хариуцагч талд шилжүүлснээр хадгалалтын үүрэг үүссэн ба Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж заасны дагуу хариуцагч хохирлыг төлөх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Д.Д-, өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.840 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                       ШҮҮГЧИД                                             С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ