Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/019

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж                                            

Улсын яллагч: С.Болорзул

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,  Б.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.А зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн

... Бид нар архи ууж байхад Г.А надад ахархаад байсан, ******* ахыг боль гэхээр больчихоод байсан. Тэгээд ******* ахыг хүн дуудаад яваад өгсөн. Г.А бид 2 явган *******ынх руу очих гээд явж байхад Г.А миний шилэн хүзүү рүү гараараа алгадаж цохихоор нь би түлхсэн чинь хашаа руу мөргөөд ойчсон, босож ирээд над руу дайрахаар нь би дахиад түлхэхэд газар бөгсөөрөө сууж ойчсон. Би буцаад гудамжны үзүүр рүү гарах гээд алхахад Г.А араас чулуу шидээд байхаар нь би зогссон чинь араас ирээд бид 2 барилцаж аваад намайг цээж рүү гараараа цохихоор нь би түүнийг хавсарч унагаасан чинь толгойгоороо газар мөргөөд унасан. Г.А газар унасныхаа дараа миний 2 хөлийг бариад авсан би бас газар унасан Г.А миний дээрээс мордоод намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад бид 2 дээр доороо орж ноцолдсон, ноцолдож байхдаа миний шанаа руу 1 удаа цохьсон....гэх мэдүүлэг / хх-ийн 64/

Хохирогч Г.Аийн мөрдөн байцаалтад өгсөн

     … 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өглөө элсэнд явсан Б, ******* нарын хамт гурван шил архи уусан, тухайн үед элсэнд гурван удаа явсан сүүлийн удаа явж байхад Б.Б чи намайг анх ажилд орж байхад чи надад ахархаад байдаг байсан гэж хэлээд үг гуйгаад байсан. Тэгээд аймагт ирж ******* машинаа тавьсан тухайн үед Б.Б бид хоёр айлд очоод ирье гэж хэлээд Баянхонгор аймгийн 06 дугаар багт байх гудамжинд буусан явж байхад Б.Б надаас хэрүүл өдөөд байхаар нь чи яах гэж ингэдэг юм гэж хэлэхэд миний нүүрэнд цохиж би газар унасан, дээрээс дэвсэж юмаар цохиод байсан, би нэг чулуу авч Б.Бг цохих гэсэн боловч цохиж чадахгүй чулуугаа алдсан миний хоёр гараас барьж намайг доош харуулж байгаад гараас татаж миний гарыг мулталсан, дээрээс цохиод байсан би ухаан алдсан байсан нэг мэдэхэд хашааны үүдэн дээр сууж байсан. Манай аав гэрт оруулсан сүүлд сонсоход манай ажлын Б.******* гэдэг хүн гэрт хүргэж ирсэн гэсэн. 2020 оны 01 сард хамрын хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/  

...Миний эмчилгээний зардал болох нийтдээ 1.868.775 төгрөгийг нэхэмжлэхээр өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Үүн дээр баримтаа дутуу хараад 35.000 төгрөг дутуу хэлсэн байна. дээрх 35.000 төгрөгийг нэмэхээр 1.902.775 төгрөг болж байна. Үүнийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 /

 Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

      ... манай хашаанаас 2 хашаа өнгөрөөд Г.А нилээн согтуу гуйваад ганцаараа газар унаж босоод байхаар нь очсон чинь намайг хүргээд өг би гэртээ харья гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн. Би гэрийг нь мэддэг учраас шууд хүргэж өгсөн. Би хашааны үүдэнд очоод гэрт нь оруулах гэхэд Г.А өөрөө орчихно гээд машинаас бууж хашаа руугаа орсон.... Харанхуй байсан ба ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан. Надад ямар нэг юм хэлээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /

  Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

      ... Би гэр рүү явахдаа 1 шил архи тэр хоёрт авч өгсөн. Тэр архийг гудамжид гэрийнхээ дэргэд би Б.Б, Г.А хоёртой хувааж уусан. Тэгээд ууж байхад Г.А эхлээд том дуугараад байсан Б.Б,Г.Атай хэрүүл хийсэн, маргалдаагүй. Г.А нь тэгвэл зодолдъё гэж байсан тэгэхээр нь боль боль гэсэн ..гэх мэдүүлэг / хх-ийн 19-20/

   Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

     ...тухайн өдөр 20 цагийн орчимд гэртээ байхад Г.А хүнд зодуулсан байдалтай ирсэн. Манайх Г.Аийнхтай хамар хашаанд байдаг. Г.Аийн хүүхэд нь аав зодуулсан байна гэхээр нь би гэрт нь ороход эхнэр нь ажилтай гэртээ байхгүй байсан, Г.А нүүр нь шарх болж хавдсан цус гоожсон согтолтын байдалтай байсан,...******* гэдгийг нь тэр оройдоо дуудаж уулзахад би зодсон үнэн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13539 дугаар шинжээчийн

1. Г.Аийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, хоёр нүдний алимны салстал цус харвалт, баруун чихний дээд нугалаасанд шарх, баруун чамархай, баруун чихний дэлбэн, зүүн гарын тохойнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...гэх дүгнэлт /хх-ийн 22-23/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 60-62/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 67-70/, хохирогчийн хохирлын баримт болон гэрэл зураг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-44/, дипозит дансны хуулга /хх-ийн 52-54/ шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын 2019.12.18-ны өдрийн №2962 тоот тодорхойлолт / хх-ийн 75/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59-60/, шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80/, хохирогчийн эрүүл мэндийн холбоотой баримт /хх-ийн 83-88/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.А зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Бгийн ... Г. Алтаннаран миний дээрээс мордоод намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад бид 2 дээр доороо орж ноцолдсон, ноцолдож байхдаа миний шанаа руу 1 удаа цохьсон...гэх мэдүүлэг / хх-ийн 64-65 /

хохирогч Г.Аийн ... миний нүүрэнд цохиж би газар унасан, дээрээс дэвсэж юмаар цохиод байсан, миний хоёр гараас барьж намайг доош харуулж байгаад гараас татаж миний гарыг мулталсан, дээрээс цохиод байсан би ухаан алдсан байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 71 -72/

гэрч *******ын...харанхуй байсан ба ямар ч байсан хамраас нь цус гарсан байсан, надад ямар нэг юм хэлээгүй... гэх мэдүүлэг / хх- ийн 20-21 /

гэрч *******ийн... Би гэр рүү явахдаа 1 шил архи тэр хоёрт авч өгсөн цуг хувааж уусан,... Б.Б,Г.Атай хэрүүл хийсэн, маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19/

гэрч *******ы... Г.А нүүр нь шарх болж хавдсан цус гоожсон согтолтын байдалтай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 74/

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13539 дугаар шинжээчийн “...Г.Аийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, хоёр нүдний алимны салстал цус харвалт, баруун чихний дээд нугалаасанд шарх, баруун чамархай, баруун чихний дэлбэн, зүүн гарын тохойнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт / хх-ийн 20 -21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн готлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Г.А, шүүгдэгч Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Алтаннарагийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэгт цус хуралт, хоёр нүдний алимны салстал цус харвалт, баруун чихний дээд нугалаасанд шарх, баруун чамархай, баруун чихний дэлбэн, зүүн гарын тохойнд зулгаралт бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний дөрийн №79 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь эмчилгээний зардалд нийт 1902775 төгрөг нэхэмжилсэн боловч нийт 1869502 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.Бгоос эмчилгээний зардал 1806002 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгож, харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоолны үнэ нийт 55500 төгрөг, зарцуулсан зүйл тодорхойгүй төрийн банкийн баримт 8000 төгрөг нийт 63500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн мал эмнэлгийн газарт нярав ажилтай, сар бүр тогтмол орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Бд буцаан олгож, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Бгоос 1806002 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохирогч Г.Аийн нэхэмжлэлээс 63500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Бд буцаан олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч. БАЙГАЛМАА