Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 969

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Ц.А

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ц.А (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0130 0000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Г.М, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ЧБ0000000, урьд

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А овогт Г.М нь:

- 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... тоот хашаанд байрлах иргэн Б.Г-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, савхин хүрэм, савхин куртик, хараа нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 458.550 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн ... тоотод оршин суух иргэн Б.Г-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхоор орж орон байранд нэвтэрч 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02, 56),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-10, 57-64),

3. Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 53),

4. Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний орой ажлаас тарах цаг болоод байж байхад манай хадам аав Б танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Сонгинхайрхан дүүргийн .. хороо Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод байх байшиндаа очсон. Байшинд очоод хартал Цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Үзлэг хийчхээд явсны дараа гэртээ орж алдагдсан эд зүйлээ гаргасан. Тэр өдөр Гагнуурын аппарат, 2 савхин куртик, 2 цүнх, 1 шил архи алдагдсан байсан. Хулгай орсон газар нь байшингийн урд тал зүүн талын вакум цонх түлхэж орсон байсан.

- 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед хадам аав Б над руу дахиад залгаж хулгай орсон юм шиг байна. Цонх онгорхой байна гэсэн тэгээд дахиад гэртээ очтол модны шар өнгийн хятад хөрөө алга  байсан... 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Гагнуурын аппарат улаан өнгийн 220 вольт 6 метрийн утастай, Савхин хүрэм хар өнгийн хуучин хэрэглэж байсан, савхин куртик бас хэрэглэж байсан, 1 шил 0.33 граммын “Арвай” нэртэй архи, Nike гэсэн улаан спортын цүнх байсан...2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шар өнгийн түрдэг цахилгаан модны хөрөө алдагдсан байсан...эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19, 76-77),

5. Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байж байтал 17 цаг 40 минутад манай аав Б над руу утсаар залгаад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ирээд үзсэн чинь цонхны түлхэж онгойлгоод байшин дотроос гагнуурын аппарат хоёр савхин куртик nike гэсэн бичигтэй цүнх авсан байсан. ...улаан өнгийн гагнуурын аппарат 220 вольтын уг аппаратыг 2017 онд...150.000 төгрөгөөр авсан. 1 савхин куртик 2016 оны 150.000 төгрөгөөр авсан. Савхин куртикийг нь 2014 онд 200.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22, 26-27, 78,79)

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охиныхоо хүүхдийг унаанд суулгаж өгөх гээд гэрээс гараад хойд талын байшинг хартал цонх нь онгорхой байж байсан. Тэгээд би байшинд орж хартал эд зүйл нь ундуй сундуй, цүнхтэй зүйлийг асгаад хаясан байсан...гагнуурын 220 вольтын аппаратыг 2017 онд 150.000 төгрөг, Савхин хүрэм 2017 онд авч байсан, Савхин куртик 2016 онд 200.000 төгрөгөөр хийлж байсан. Хараа архи 8550 төгрөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 28-29, 80-83),

7. Шүүгдэгч Г.М-н мөрдөн байцаалтад:

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн 00-00 тоот гэртээ 3 хүүхдийн хамт амарч байсан юм. Тухайн үед тавилгын компанид ажилд орохоор ярьчихсан байсан. тухайн компаниас над руу залгаад ажил эхлэх арай болоогүй байна гэж хэлсэн. Надад мөнгөний хэрэг ир гараад би айлаас хулгай хийхээр шийдсэн юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо .. дүгээр гудамжинд явж байтал тоосгон байшинтай ногоон өнгийн хашаа байсан. тухайн хашаа руу шагайж үзэхэд хүнгүй харагдсан тэгээд би хашааг нь давж ороод байшингийнх нь урд талын вакум цонхны салхивчийг түлхэж дотогш орсон.

Тухайн байшин дотроос эмэгтэй, эрэгтэй хүний савхин куртик, улаан өнгийн гагнуурын аппарат, хадагт боочихсон архи байхаар нь аваад цонхоор нь буцаж гарч явсан. Тухайн айлаас хулгайлсан савхин куртикийг “Нарантуул Олон Улсын Худалдааны төв дээр аваачиж хоёуланг нь нийлүүлж 40.000 төгрөгөөр зарсан....үүдэн дээр байрлах багаж эд хогшил зардаг хүмүүст гагнуурын аппаратыг 45.000 төгрөгөөр зарчихсан...би 3 хүүхдийн хамт гэртээ амьдардаг юм. Манай  гэрч идэж уух юмгүй болоод мөнгөний хэрэг гараад хулгай хийхээр шийдсэн юм...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Би тухайн орсон айл руугаа маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахиж орж цахилгаан хөрөөг хулгайлсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49,),

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо зээлийн .. тоот айл руу орохдоо үүдний амбаарт нь байсан цахилгаан хөрөөг авч гарч чадаагүй. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дахиж тухайн айл руу очиход бас хүн байхгүй байсан. Тэгээд мөн байшингийн вакум цонхыг түлхэн орж гэрийнх нь үүдний амбаарт байсан цахилгаан гар хөрөөг авч амбаарынх нь хаалгаар гарч явсан. Тухайн айлаас хулгайлсан цахилгаан гар хөрөөг Хархорин зах дээр аваачиж танихгүй хүнд 25.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын ... дугаар дүгнэлт

“...2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд  MN0000000 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г овогтой М-н баруун гарын чигчий хурууны хээнүүдтэй тохирч байх тул мэдээллийг дүгнэлтэд хавсаргав...” гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 101-105),

9. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай тайланд “...Гагнуурын аппаратыг...150.000 төгрөг, Савхин хүрмийг 100.000 төгрөг...Савхин куртикийг 200.000 төгрөг, архи...8550 төгрөгөөр...буюу нийт 458.550 төгрөг, ...цахилгаан гар хөрөө 80.000 төгрөг гэх хохирлын үнэлгээний тайлан...” гэх баримт (хавтаст хэргийн 39-40, 96-97),

10. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (хавтаст хэргийн 45-46, 110-11), эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 182), 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 190-191),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 120, 119), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 142-152), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 128, 133, 135-138), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 121, 124-126, 131), зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч А овогт Г.М нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хоро, Зээлийн ... тоот хашаанд 2019 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаа мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.Г-н хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтэрч, гагнуурын аппарат, савхин хүрэм, савхин куртик, “Хараа” архи, цахилгаан хөрөө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 538.550 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний орой ...Сонгинхайрхан дүүргийн .. хороо Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод байх байшиндаа очсон. ...Тэр өдөр Гагнуурын аппарат, 2 савхин куртик, 2 цүнх, 1 шил архи алдагдсан байсан ...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн ...дахиад гэртээ очтол модны шар өнгийн хятад хөрөө алга  байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19, 76-77),

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охиныхоо хүүхдийг унаанд суулгаж өгөх гээд гэрээс гараад хойд талын байшинг хартал цонх нь онгорхой байж байсан. Тэгээд би байшинд орж хартал эд зүйл нь ундуй сундуй, цүнхтэй зүйлийг асгаад хаясан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 28-29, 80-83),

- Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтад:

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо .. дүгээр гудамжинд явж байтал тоосгон байшинтай ногоон өнгийн хашаа байсан. ...давж ороод байшингийнх нь урд талын вакум цонхны салхивчийг түлхэж дотогш орсон. ...байшин дотроос эмэгтэй, эрэгтэй хүний савхин куртик, улаан өнгийн гагнуурын аппарат, хадагт боочихсон архи байхаар нь аваад цонхоор нь буцаж гарч явсан. ...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахиж орж цахилгаан хөрөөг хулгайлсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49,),

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо зээлийн 9-25 тоот айл руу орохдоо үүдний амбаарт нь байсан цахилгаан хөрөөг авч гарч чадаагүй. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дахиж тухайн айл руу очиход бас хүн байхгүй байсан. Тэгээд мөн байшингийн вакум цонхыг түлхэн орж гэрийнх нь үүдний амбаарт байсан цахилгаан гар хөрөөг авч амбаарынх нь хаалгаар гарч явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын ... дугаар дүгнэлт “...2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд  MN00000000 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г овогтой М-н баруун гарын чигчий хурууны хээнүүдтэй тохирч байх тул мэдээллийг дүгнэлтэд хавсаргав...” гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 101-105),

- “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай тайланд “...Гагнуурын аппаратыг...150.000 төгрөг, Савхин хүрмийг 100.000 төгрөг...Савхин куртикийг 200.000 төгрөг, архи...8550 төгрөгөөр...буюу нийт 458.550 төгрөг, ...цахилгаан гар хөрөө 80.000 төгрөг гэх хохирлын үнэлгээний тайлан...” гэх баримт (хавтаст хэргийн 39-40, 96-97) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Г.М-н дээрх 2 үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуульд зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой, ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсон болно.

Энэ гэмт хэргийг улмаас хохирогч Б.Г-д 538.550 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулаагүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс шүүгдэгч Г.М-с Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн иймд гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй...манай үйлчлүүлэгч нь тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар доогуур ял шийтгэл оногдуулж гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.М нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс (хавтаст хэргийн 190-191) 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 13 (арван гурав) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн 1908 0130 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Г.М нь нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.М-г 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 13 (арван гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ээс 538.550 (таван зуун гучин найман мянга таван зуун тавин) төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М-н эдлэх ялыг 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ